Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 699

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00699

 

 

 

Т.М.КХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00273 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.М.КХХК-ийн хариуцагч М.ГХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 4 125 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэндэнханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.ГХХК болон Т.М.КХХК нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан АГГ-18/007 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Т.М.КХХК нь захиалагч М.ГХХК-ийн сурталчилгааг өөрийн эрхлэн гаргадаг Форбес Монголиа сэтгүүлийн 2018 оны 04 дүгээр сарын болон 09 дүгээр сарын дугааруудад тус тус нийтэлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Гэсэн хэдий ч захиалагч нь 2018 оны 09 дүгээр сарын дугаарт түүний сурталчилгааг нийтэлснийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Захиалагч нь гэрээний 6.2.2-д заасан ажлын гүйцэтгэлийг хугацаанд нь дүгнэх үүргээ биелүүлээгүй тул захиалагчийг ажлыг хүлээн авсанд тооцно. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А-18/077 тоот болон 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А-19/017 тоот албан бичгээр гэрээний 5.3-д заасан ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг яаралтай төлж барагдуулах тухай мэдэгдсэн. Иймд М.ГХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2.750.000 төгрөг, гэрээний 5.4-д заасан алдангид 1.375.000 төгрөг, нийт 4.125.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулсанд маргахгүй, 2018 оны 4-р сарын огноотой сэтгүүл 2018 оны 6 дугаар сарын 11-нд хэвлэгдэн гарснаар гүйцэтгэлийн акт үйлдэж байсан. Ажил гүйцэтгэх гэрээ нь 2018-05-31-ний өдөр байгуулсан бөгөөд тухайн үед 2018 оны 4 дүгээр сарын дугаар гараагүй, 4-р сарын дугаарт захиалагчийн реклам хэвлэгдэн гарахаар тохирсон. Гэрээ байгуулах үед л сэтгүүлийн дугаар 2-3 сараас ухарч гарч байсан гэдгийг хариуцагч мэдэж байсан. Тухайн үед амаар харилцаж байсан бөгөөд 2018-12-25-нд сэтгүүлийн дугаарыг албан бичгийн хамт захиалагчид илгээсэн тул ажил хүлээн авсанд тооцож төлбөр төлөх мэдэгдэл явуулаад хариуцагч компаниас хариу ирүүлээгүй тул шүүхэд хандсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өөрийн борлуулдаг Nescafe-г 2018 онд борлуулах маркетингийн хөтөлбөр боловсруулан Улаанбаатар хотын сурталчилгааны самбарууд болон нэхэмжлэгч компаний эрхлэн гаргадаг Форбес сэтгүүлд 4 дүгээр сарын болон 9 дүгээр сарын дугаарт сурталчилгааг байршуулах ажлыг зохион байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх 18/007 дугаар гэрээ байгуулан түүний хавсралтаар гүйцэтгэх ажлын хуваарийг гаргасан. Тухайн хуваарийн дагуу 2019 оны 9-р сарын хэвлэлд сурталчилгааг байршуулах, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 5-р сарын 31-ний өдрөөс 2018 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал 5 сарын хугацаатай гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээт ажлын 50 хувийг 2018 оны 9 дүгээр сард хийж дуусгах үүрэгтэй байсан болов ч тухайн үүргээ гүйцэтгээгүй, гэрээний хугацаа дуусгавар болсны дараа 2018 оны 12 дугаар сард сурталчилгааг нийтэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний 5.3-д захиалагч нь гүйцэтгэгчийн нэхэмжлэл, ажлын гүйцэтгэсэн актыг үндэслэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 50 хувь буюу 2.750.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний дотор гүйцэтгэгчийн худалдаа хөгжлийн банкин дахь 499201432 дугаарын данс руу шилжүүлнэ гэсэн үүргийг М.ГХХК нь хүлээсэн. Мөн гэрээний 8.1-д энэхүү гэрээний хугацаа дуусгавар болсон бол гэрээг дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцсон байна. Ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд биелүүлэхийг нэхэмжлэгчээс шаардсан болов ч үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 354.1.1 дэх зааснаар ажил гүйцэтгэгч Т.М.КХХК нь гэрээнд заасан ажлын 2018 оны 09 дүгээр сард гүйцэтгэх үүргээ зөрчсөн. Үүний улмаас ажил гүйцэтгэх гэрээний 5.3 дахь хэсэгт заасан үүргээ хариуцагч нь хэрэгжүүлэх боломжгүй болсон. Иймд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний хугацаа дуусгавар болсны дараа ажлыг гүйцэтгэсэн буюу ажил гүйцэтгэх гэрээг дүгнэснээр төлбөр төлөгдөхөөр талууд гэрээгээр тохирсон тул ажил дүгнэж акт үйлдээгүй, захиалга өгсөн манай компаний хувьд маркетингийн хөтөлбөрийн ач холбогдол дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйлийн 350.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.ГХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл, алдангид нийт 4.125.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.М.КХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М.КХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх 2018 оны 9 дүгээр сарын сэтгүүлд нийтлэгдсэн ажлыг хүлээлцсэн болон гэрээний хугацаа сунгагдсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна, захиалагч 2018 оны 9 дүгээр сарын ажлын үр дүнг хүлээж аваагүй байхад нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч буюу хариуцагчаас шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний тохиролцоо, гэрээний дагуу гүйцэтгэж байгаа ажлын онцлогыг бүрэн харгалзаж үзээгүй байна. Учир нь тус гэрээний хувьд ажлын үр дүн гэдэгт захиалагчийн сурталчилгааг Форбес Монголиа сэтгүүлийн дугаарт нийтэлснийг ойлгох бөгөөд гүйцэтгэгч үүргээ биелүүлсэн гэж үзэх бүрэн боломжтой юм. Түүнчлэн шүүхийн шийдвэрт гэрээгээр тохирсон ажил гүйцэтгэх, уг гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, талууд акт үйлдсэнээр хэлэлцэн тохирсон хөлс төлөх нь уг гэрээний талуудын тохиролцоо байхад гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 1 сар 25 хоногийн дараа сэтгүүлийн дугаарт сурталчилгаа нийтлэгдсэн байдал нь хөлс төлөх үүрэгтэй гэж шүүх гэрээний эрх чөлөөг зөрчих эрхгүй гэж үзсэн нь гэрээгээр тохирсон талуудын тохиролцоог бүхэлд нь авч үзээгүй байна. Учир нь гэрээний хугацаа болон ажил гүйцэтгэх хугацааг талууд гэрээний заалтаар тусд нь зохицуулсан, өөрөөр хэлбэл гэрээний үргэлжлэх хугацаа 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, ажил гүйцэтгэхээр тогтоосон хугацаа нь сэтгүүлийн 4 болон 9 дүгээр сарын сэтгүүлийн дугааруудад байхаар талууд тохиролцсон. Түүнчлэн сэтгүүлийн дугаар хоцролтой буюу сэтгүүлийн 2018 оны 4 дүгээр сарын дугаарт сурталчилгаа нийтлэх ажлыг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр тохиролцож байсан нь талууд сэтгүүлийн дугаар хоцролттой гарах асуудлын талаар ойлголттой байсныг харуулж байна. Тиймээс гэрээний хугацаанд ажлыг багтаан гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхийг талууд урьдчилан мэдэж байсан гэж үзэх бүрэн боломжтой юм. Шүүхээс талуудын гэрээний эрх чөлөөг зөрчихгүй гэж дүгнэхдээ хэт нэг талыг барьсан, талуудын байгуулсан гэрээний заалтыг бүхэлд нь дүгнээгүйгээс гэрээг дуусгавар болсон ч талууд гэрээнд заасан үүргээ бүрэн чиелүүлээгүй тохиолдолд гэрээг дуусгавар болоогүй гэж дүгнэх боломжтой юм. Гэтэл шүүхээс гэрээний хугацаа дууссан, нэмэлт гэрээ байгуулаагүй гэсэн нэг талын нөхцөлийг үнэлсний улмаас нэхэмжлэгчийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээнд заасан төлбөрийг шаардах эрхийг үгүйсгэж байна. Мөн шүүхийн шийдвэрт уг үзлэгээр хариуцагч байгууллагын ажилтнаас 2018 оны 10 дугаар сарын 18-нд сэтгүүлд нийтлэгдэх сурталчилгааг ирүүлсэн байх боловч гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө ажил гүйцэтгэгчид захиалагч талаар материалыг өгсөн болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь нотлох баримтын хэргийн ач холбогдол бүхий нөхцлийг харгалзан үзээгүй байна. Учир нь тус үзлэгээр тогтоогдсон үйл явдал буюу захиалагчаас сэтгүүлийн 2018 оны 9 дүгээр сарын дугаарт байршуулах сурталчилгааны материалыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр илгээсэн нь захиалагчийн сурталчилгаагаа байршуулах хүсэл зориг нь хэвээр байсныг нь нотолдог. Захиалагч сэтгүүлийн 2018 оны 9 дүгээр сарын дугаарыг 10 дугаар сард багтаан хэвлэгдэхгүй болохыг мэдэж байсан боловч цахим шуудангаар ирүүлсэн хүсэлтээ цуцлах, татгалзах тухай мэдэгдлийг гүйцэтгэгчид ирүүлээгүй тул гүйцэтгэгчээс гэрээний хугацаа дууссан хэдий ч гэрээний үүргээ биелүүлж, холбогдох гэрээний төлбөрөө шаардсан. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00273 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Т.М.КХХК нь хариуцагч М.ГХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 750 000 төгрөг, алданги 1 375 000 төгрөг, нийт 4 125 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Т.М.КХХК нь FORBES MONGOLIA сэтгүүлийн 2018 оны 4 дүгээр сар болон 9 дүгээр сарын дугаарт хариуцагчийн зар сурталчилгааг нийтлэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ зэргээр тогтоогдсон. /хх-ийн 5-7 дугаар тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.

Талууд ажлын эхний хэсэг болох 4 дүгээр сарын дугаарт хариуцагч компанийн бараа бүтээгдэхүүний сурталчилгаа нийтлэгдсэн үйл баримтын хувьд маргаагүй, харин 9 дүгээр сарын дугаарт нийтлэвэл зохих ажлын хугацааг хэтрүүлсэн эсэх талаар маргажээ.

Хариуцагч байгууллагаас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 9 дүгээр сарын сэтгүүлд нийтлүүлэх сурталчилгааны материалыг ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон. /хх-52-54/ Талуудын хоорондын гэрээний 6.2.1-д захиалагч нь сэтгүүл хэвлэгдэхээс 14 хоногийн өмнө эцсийн байдлаар зар сурталчилгаа, нийтлэлийн эхийг хүлээлгэн өгөх үүрэгтэй байх тухай заасан, мөн гэрэний хугацаа 10 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар заасан боловч гэрээний хугацаа дуусах хугацаа болон захиалагч ажлын даалгавар, материалыг ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн хугацааг харьцуулан үзэхэд захиалагч тал гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгэхэд сурталчилгааны материалыг хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн байна. Энэ нөхцөл байдал нь гүйцэтгэгч тал хугацаандаа ажлыг гүйцэтгээгүй зөрчил гаргахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл,ажил гүйцэтгэгчийн хувьд ажлаа гүйцэтгэхэд шаардагдах нөхцөл нь нөгөө талаас нийтлэгдэх сурталчилгааны материалыг ирүүлсэн байх явдал юм. Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай нөхцөл бүрдүүлэх хүртэл үүргээ гүйцэтгэхгүй байх эрхтэй.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэжээ.

Нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс хойш сэтгүүлд сурталчилгааг хэвлэн нийтэлсэн болох нь хэрэгт авагдсан 2018/09 сар №51 сэтгүүлээр нотлогдож байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2018 оны 10 сарын 31-ний өдрөөр дуусах учир нэхэмжлэгч энэ хугацаанд багтаан ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч хариуцагчийн зүгээс материалыг өгсөн байдал зэргээс үзэхэд хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ажлын үр дүн гарсан учир хариуцагч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хөлс төлөх үүрэгтэй.

Нөгөө талаар Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. Гэтэл гүйцэтгэгч 2018 оны 9 сарын дугаарт сурталчилгааг нийтлэх үүргээ биелүүлээгүй байхад хуульд заасан дээрх эрхээ хэрэгжүүлээгүй төдийгүй, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сурталчилгааны материалыг ирүүлж, гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэх хүсэл зоригоо илэрхийлжээ. Эдгээрээс үзэхэд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно.

Харин нэхэмжлэгч Т.М.КХХК нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сурталчилгааг хэвлэлд нийтлээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохоо нотолж чадаагүй. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран анз авах эрхээ алдана гэж заасан тул нэхэмжлэгч компани нь нөгөө талаас алданги авах эрхээ алдсан гэж үзнэ.

Иймээс эдгээр нөхцөл байдлыг харьцуулан дүгнэж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан алдангид шаардсан 1 375 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00273 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйлийн 350.1, 228 дугаар зүйлийн 228.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.ГХХК-аас 2 750 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.М.КХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 375 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, 58 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Б.НАРМАНДАХ