| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/04138/И |
| Дугаар | 183/ШШ2024/03104 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/03104
2024 оны 07 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/03104 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, * дугаар хэсэг, Сөүл роял каунти, *** дугаар байр, *** тоотод оршин суух, Б*** овогт Б***** Б******* /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Б.Б******* би 20** оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А******* ХХК (РД:********)-ийн хувьцаа эзэмшигч Д.О*******, Х.Ү******* нартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан тус компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 34 хувь буюу 68 ширхэг хувьцааг худалдан авч, 20** оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. А******* ХХК нь 20** оноос 20** оныг хүртэл 4 жилийн хугацаанд нэг ч удаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулаагүй, мөн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, тухайн тайлангийн жилд хийгдсэн сонирхлын болон их хэмжээний зөрчилтэй хэлцлийн талаарх холбогдох мэдээлэл, баримт бичгүүдийг гаргаж өгөхгүй, Компанийн тухай хуулийн 34.1.1, 59.4, 60.1 дэх хэсэгт тус тус заасан хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах үүргээ зөрчсөн. Иймд нэхэмжлэгч Б.Б******* нь А******* ХХК-ийн 34 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд компаниас Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг даалгах, тухайн хурлаар Компанийн 20**, 20**, 20**, 20** болон 20** оны санхүү болон үйл ажиллагааны жилийн тайланг тус тус тайлагнаж хэлэлцэх, мөн тухайн жилүүдэд хийгдсэн сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцлийн талаарх холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах, мөн жилүүдэд аудитын шалгалт хийлгэхийг шаардаж байгаа юм. Ийнхүү Компанийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн тул шаардлага хүргүүлэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хаягаар (Улаанбаатар, ******* дүүрэг, * дүгээр хороо, Бага тойруу, Жуулчны гудамж **, Барилгачдын талбай, М*****, * дүгээр давхар, *** тоот) шуудан хүргүүлэхэд тус хаягтаа байхгүй, өөр компани үйл ажиллагаа явуулж байсан. Мөн ********* гэх утсаар гүйцэтгэх захирал Э.Б*******тай холбогдоход ... Шуудангаар ирсэн бичгийг өөрөө очиж авна гэсэн боловч эргэн залгаж ... Би энэ компанид ажиллахаа больсон гэх мэдээлэл өгч төөрөгдүүлсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дахь хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэн хувьцаа эзэмшигчийн хуульд заасан эрхээ шүүхийн журмаар хэрэгжүүлэхэд тус компанийн болон гүйцэтгэх захирлын оршин байгаа хаягийг тодорхойлох шаардлагатай байгаа тул хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А******* ХХК /РД:*********/, түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Эрдэнэбатын Б******* /РД:**********/ нарыг эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А******* ХХК нь ******* дүүрэг, * дүгээр хороо, Бага тойруу, Жуулчны гудамж ***, Барилгачдын талбай, М*******, * дүгээр давхар, *** тоот хаягт байдаггүй гэх Чингэлтэй дүүргийн * дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. (хх.9)
Иймд А******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А******* ХХК /РД:*********/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А******* ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД