Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 742

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00742

 

 

Н.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/00313 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Нийн хариуцагч Л.А, Э.У нарт холбогдуулан Э.У, Л.А нарын хооронд байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Э.У, Л.А нараас 14 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Мах импекс ХХК-ийн ажилчдын нэгдүгээр дан байрны 16 тоот нэг өрөө байрыг 2002 оны 07 дугаар сард худалдаж авч 08 дугаар сараас эхлэн нөхөр н.Хүрэлбаатар бид 2 амьдарсан. Хариуцагч Л.А манайд орж ирээд байраа зарах уу гэж асуухад н.Хүрэлбаатар бид 2 зарахгүй ээ гэж хэлээд гаргасан. 2006 оны 11 дүгээр сард би байраа эргэхээр очиход Л.А надад хаалга тайлж өгсөн бөгөөд манай нөхөр н.Хүрэлбаатараас уг байрыг 800 000 төгрөгөөр худалдаж авсан гэхэд нь байрны гэрчилгээ надад байдаг бөгөөд би байраа зарахгүй, н.Хүрэлбаатартай тооцоогоо хийгээрэй гэж хэлээд явсан. 2007 оны 10 дугаар сараас эхлэн манай байрныхан Бүргэд констракшн ХХК-тай гэрээ байгуулж, газарт орсон. 2007 оны 10 дугаар сараас эхлэн манай нөхөр н.Хүрэлбаатар миний ажил дээр ирж байрны гэрчилгээг өг гэж байнга дарамталдаг байсан. 2007 оны 12 дугаар сард худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурснаа би санахгүй байгаа. Тухайн үеийн биеийн байдлаасаа болж дарамт шахалтанд орж худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа хариуцагч надад 300 000 төгрөг өгсөн. Дараа нь би Сонгинохайрхан дүүргийн газрын албан дээр очиход уг байрыг Э.У гэх хүнд зарсан байна гэж хэлсэн. Хариуцагч Л.Атай гэрээ байгуулахдаа ямар ч мөнгө аваагүй байж худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Л.А нь н.Хүрэлбаатарыг архи уудгаар, намайг өвчтэй байснаар далимдуулж, байрыг маань авсан. Би Э.Утай ямар ч гэрээ байгуулаагүй. Миний байрыг Бүргэд констракшн ХХК-д өндөр үнээр арилжиж, оронд нь шинэ байр авсан. хэрэв энэ гэрээг байгуулаагүй бол би байраа Бүргэд констракшн ХХК-д өндөр үнээр арилжиж, оронд нь 15 м.кв талбайтай, 14 450 төгрөгийн үнэтэй орон сууцтай болох боломжтой байсан. Иймд миний олох ёстой байсан орлого буюу Л.Агийн үндэслэлгүй олж авсан 14 450 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Л.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би охин нөхрийн хамт 2005 оноос Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1 дан байранд амьдарч байгаад 15 м.кв 1 өрөөг худалдаж авахаар сураглаж байхад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Мах импекс ХХК-ийн ажилчдын нэгдүгээр дан байранд 2-3 зарах байр байсан. Хүрэлбаатар, Нарангэрэл хоёр мөнгөний хэрэг байна, манай байрыг аваач гэсэн. Тэгээд орон сууцны үнийг 1 000 000 төгрөг гэж тохиролцож, 12 дугаар сарын 03-ны өдөр манай охин Э.У, Н.Н нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. Би нэхэмжлэгч Н.Нтэй нэр шилжүүлэх гэж уулздаг байсныг Н.Н намайг дарамталдаг байсан гэж тайлбарлаж байна. Н.Н нь БНСАУ-руу явах гэж байгаа тул бэлэглэлийн гэрээ байгуулахыг надад санал болгосон. Би уг саналыг зөвшөөрөөгүй учраас худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь намайг уг байрыг луйвардаж авсан мэтээр гүтгэж байна. Нотариатч дээр гэрээ хийх гэж Н.Н өөрөө очсон. Н.Н өөрөө худалдах, худалдан авах гэрээнд гарын үсгээ зурсан. Н.Н одоо энэ байрнаас ашиг олох боломжтой болсныг мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Иймээс Н.Нтэй мөнгө, төгрөгийн зөрүү өгнө гэж тохирсон зүйл байхгүй тул 14 450 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Э.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2005 оноос эцэг эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1 дан байранд амьдардаг байсан. Миний ээж Л.А нь Хүрэлбаатар, Нарангэрэл нараас 1 дан байрны 16 тоот 1 өрөөг 1 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд Н.Н бид хоёр худалдах худалдан авах гэрээг хууль ёсны дагуу хийж, байрыг өөрийн нээр шилжүүлэн авч, ордер миний нэр дээр гарсан. 2012 онд уг дан байр газарт орж, иргэн компани хоорондын гэрээг хууль ёсны өмчлөгч миний нэр дээр хийгдэж, 2015 онд байр ашиглалтанд ороход уг орон сууцны ордер хууль ёсны өмчлөгч миний нэр дээр баталгаажсан. Иймд асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Нийн хариуцагч Л.А, Э.У нараас 14 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 28 550 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 230 200 төгрөг, нийт 328 950 төгрөгөөс 230 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 98 750 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрт "...Н.Н нь...Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед сэтгэцийн хувьд түр сааталд орсон, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй байсан гэх тайлбар нь Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн шинжээчийн ...767 дугаартай дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Л.А нь гэрээг байгуулахдаа Н.Нийг хууран мэхэлж хийсэн, тэрээр уг хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүи болгох үндэслэлтэй..." гэжээ. Гэтэл шүүх хуралдааны мэтгэлцээнд Н.Н нь "...2007 оны 11-р сарын 29-ний өдөр эд хөрөнгийн өмчлѳх эрхийг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн газарт мэдүүлэг өгсөн.2007 оны 12-р сарын 3-ны өдөр Э.У гэдэг хүний нэр дээр шилжсэн байсан, гэрчилгээ гараагүй байхад Орон сууц худалдах гэрээнд гарын үсэг зурсныг хожим мэдсэн..." гэж тайлбарласан байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг Сэтгэцийн эрүүл мэндийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Н.Н шүүхэд сэтгэцийн хувьд сааталд орсон, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй, сэтгэцийн өвчтэй байсан гэж тайлбар гаргаагүй бөгөөд уг гэрээнд гарын үсэг зурахдаа гэрчилгээ шинэчлэгдэж гарна гэж ойлгож гарын үсэг зурсан гэсэн тайлбарт шүүх дүгнэлт хийгээгүй болно. Сэтгэцийн хувьд сааталд орсон, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй, сэтгэцийн өвчтэй байсан нь хууль зүйн өөр ойлголт бөгөөд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр энэ байдлыг тодорхойлдог бол ноцтой төөрөгдлийн улмаас хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх дүгнэлт хийх замаар тодорхойлдог. Иргэний хуулийн 58-р зүйлд ". .хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн,...хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн..." бол ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзэн шүүх хүчин төгөлдөр бусд тооцохоор хуульчилжээ. Тухайн үед Н.Н нь гэрчилгээ шинэчлэгдэж гарахтай холбоотой гэрээн дээр гарын үсэг зурсан гэж удаа дараа тайлбарласан нь орон сууцаа худалдаж байна гэж ойлгоогүй харин гэрчилгээ шинээр гарна гэж ойлгон хэлцэл хийх эрх буюу орон сууцаа худалдах эрхийнхээ талаар төөрөлдсөн байхаар байна. Учир нь тухайн үед өөрийнхөө нэрээр бүртгүүлэхээр мэдүүлэг бөглөж Улсын бүртгэлийн газарт материал бүрдүүлж өгсөн талаарх нотлох баримт байгаа бөгөөд тэр материалын дагуу гэрчилгээ өөрийнх нь нэр дээр гарна гэж ойлгон худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан нь хуулийи дээрхи зохицуулалтад хамаарч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч тухайн маргаанд хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Л.А, Э.У нарт холбогдуулан 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, тэднийг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 87 дугаар байр, С-95 тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, орон сууцны зөрүү мөнгө болох бодит хохирол, гэрээ байгуулах үеийн ханшаар тооцон 14 250 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Н.Н, Э.У нарын хооронд 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Н.Н нь СХД-ийн 19 дүгээр хороо, Мах импекс ХК-ийн ажилчдын 1 дүгээр байрны 163 тоот, 15 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч Э.У нь орон сууцны үнэд 1 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /Хх-17, 36/

Талуудын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Н.Н нь өөрийн насанд хүрээгүй 2 хүүхэд болох Х.Номин-Эрдэнэ, Х.Нарантуул нарын өмнөөс буюу тэдний хууль ёсны асран хамгаалагчийн хувьд уг гэрээг байгуулсан байна.

Дээрх худалдах, худалдан авах гэрээний зүйл болох СХД-ийн 19 дүгээр хороо, Мах импекс ХК-ийн ажилчдын 1 дүгээр байрны 163 тоот, 15 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Мах импекс ХК-ийн гүйцэтгэх захирлын 2004 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 045 тоот тушаалаар Н.Нийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж, түүнд 2005 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон /1хх-84-85/, Нийслэлийн өмч хувьчлах товчооны 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Н.Нд 517 500 төгрөгөөр хувьчлахаар шийдвэрлэсний дагуу 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Н.Н/ХВ72041766/, Х.Номин-Эрдэнэ /УП94111928/, Х.Нарантуул /УП00260402/ нарт орон сууцны 0107505 дугаартай гэрчилгээг олгосон,/1хх-88-89/ 2007 оны 11 сарын 29-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019520 дугаарт бүртгэсэн,/1хх-89,101/ үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч Н.Нтэй хийсэн Орон сууц худалдах, худалдан авах тухай хэлцлийн үндсэн дээр хариуцагч Э.Уын өмчлөлд шилжсэн /хх-91,92/ үйл баримт мөн хавтаст хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

 Нэхэмжлэгч нь дээрх орон сууцны өмчлөх эрх хариуцагч Э.Уд шилжсэн буюу 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн үед чихний сонсгол алдагдсан байсан, өвчний улмаас өөрийн хийж байгаа үйлдлээ ойлгохгүй, дарамт шахалтад орж ямар гэрээ байгуулж байгаагаа мэдэхгүй гарын үсэг зурсан гэж тайлбарласан нь нотлогдохгүй байна. Тодруулбал, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 767 дугаар Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт-эд ... эрх зүйн чадамжтай буюу аливаа юмны учир шалтгаан ач холбогдлыг ойлгож дүгнэлт хийх чадвартай гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Н.Нийг 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа эрх зүйн чадамжгүй, хийж буй үйлдлийнхээ агуулга, үр дагаварыг ойлгох чадваргүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. /2хх-32-35/ Өөрөөр хэлбэл, хэлцэл хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэлгүй учир нэхэмжлэгч Н.Нийг хариуцагч Э.Утай худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ өөрийн хийж буй үйлдлийн учир холбогдлыг ойлгох болон өөрийгөө удирдах чадваргүй байсан, улмаар дарамт шахалтад орсны улмаас гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй.

Мөн нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурж хэлцэл хийхдээ өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж байгаа хэмээн андуурч, төөрөгдсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тайлбарлаж, давж заалдах гомдолд энэ үндэслэлийг заасан байх бөгөөд тэрээр Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт уг эрхээ 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлж бүртгүүлсэн,/2хх-113-114,120/ үүний дараа 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Э.Утай хэлцэл хийжээ. /2хх-124/ Нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан, худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан цаг хугацаа өөр байхаас гадна тухайн үед үйлдсэн бичиг баримтууд агуулгын хувьд адилгүй учир андуурсан, төөрөгдсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Дээрхээс дүгнэхэд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй тул Н.Нийг худалдах худалдан авах гэрээ хийхдээ эндүүрч, төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хангах боломжгүй юм.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцэл гэж үзэх үндэслэл зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн, нэхэмжлэгчийн нэрлэн зааж буй хэргийн баримтууд болох гэрч Д.Цолмонгийн ... гэрээ хийгдсэн бол хоёр тал хоёулаа байсан байх ёстой, хуулийн шаардлага хангасан гэрээг гэрчилдэг, ... гэрээний талуудыг танихгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй тохиолдолд гэрээг гэрчилдэггүй, бичиг баримт дутуу үед гэрээг гэрчилдэггүй, хууль бус гэрээг гэрчилж байгаагүй... гэх мэдүүлэг, шинжээчийн 767 дугаар дүгнэлт, нэхэмжлэгч Н.Нийн Ачтан элит клиникийн эмнэлэгийн карт, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтуудаар тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй үнэн зөв талаас нь харьцуулан үнэлсэн байх бөгөөд хуульд заасан журмыг зөрчөөгүй болно.

Харин шүүх нэхэмжлэгч Н.Н нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, бодит хохиролд 14 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг хэрэглэсэн, мөн нэхэмжлэлийн нэг шаардлагыг эцэслэн шийдвэрлээгүй нь буруу байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/00313 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Н.Нийн 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Э.У, Л.А нараас 14 250 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД  С.ЭНХТӨР

 

Б.НАРМАНДАХ