Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2024/02728

 

 

 

 

 

 

 

2024 05 21

101/ШШ2024/02728

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ө******* овогт Ц*******ийн У******* *******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* Б******* Г******* *******-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,116,000 төгрөг, барааны үнэ 4,391,000 төгрөг, нийт 7,507,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.У******* нь хариуцагч Б.Г*******тэй 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаанд зээлдүүлсэн. Зээлийн төлбөрийг Ц.У*******ын ХАС банкны тоот данснаас Б.Г*******ийн тоот данс руу 2021 оны 11 дүгээр 02-ны өдөр шилжүүлж, гэрээг бичгээр хийн нотариатаар баталгаажуулсан байна. Гэрээний хугацаа дуусах үед хүүг өгч үндсэн төлбөрийг төлөх боломжгүй гэсэн хариуцагч талын хүсэлтээр 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 3 сараар гэрээний хугацааг сунгасан.

Мөн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сарын 10 хувийн хүүтэйгээр 10 сарын хугацаанд зээлдүүлж, зээлийн гэрээг бичгээр хийн нотариатаар баталгаажуулж зээлийн төлбөрийг Ц.У*******ын ХАС банкны тоот данснаас Б.Г*******ийн тоот данс руу 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Тэгээд энэхүү зээлээ сарын дотор бүрэн төлж дуусгахаар амаар тохиролцсон. Үүний дагуу 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 5,500,000 төгрөгийг төгсөн. Үүнээс 4,000,000 төгрөгийн зээлийг бүрэн хааж, 4,000,000 төгрөгийн зээлээс 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хүүнд тооцон 200,000 төгрөгийг тооцон нийт 5,500,000-4,200,000=1,300,000 үлдсэн.

Үүнийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3 сая төгрөгөөс дараах байдлаар хассан. Дээрх 3 сая төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 02-нд бүрэн төлөх байсан бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 40 хоног хугацаа хэтэрсэн тул хоногийн 15,000 төгрөг буюу гэрээнд заасан алдангид 600,000 төгрөгийг 1,300,000 төгрөгөөс хасч /1,300,000-600,000=700,000/ үлдэгдэл 700,000 төгрөгийг үндсэн зээл болох 3,000,000 төгрөгөөс /3,000,000-700,000=2,300,000/ хасч үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийг 2,300,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл гэж тооцон 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 71 хоног хугацаа хэтэрсэн гэж үзэн хоногийн 11,500 төгрөг нийт 816,000 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлтэй байна.

Мөн Б.Г******* нь нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 27-нд зарж борлуулж өгөх зорилгоор 5,080,000 төгрөгийн барааг авч үүний дагуу 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлэх үед 4,391,000 төгрөгийг төлөх болж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэвч энэхүү барааны үнийг одоог хүртэл төлөөгүй байна.

Иймд Б.Г*******ээс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3 сая төгрөгийн Зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн төлбөр 2,300,000 төгрөг гэрээнд заасан алдангийн төлбөр 816,000 төгрөгийн хамт 3,116,000 төгрөг, барааны үнэ 4,391,000 төгрөг нийтдээ 7,507,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний ард хийгдсэн гарын үсэг миний гарын үсэг биш гэж хариуцагч маргаж байгаа боловч Б.Г******* гарын үсгээ зурахдаа, нэрээ бичдэг юм байна. Нэрээ бичсэн бичиг нь Б.Г******* гэдэг нь харагддаг. Б.Г******* нь зээлийн хүү болон бусад төлбөр төлсөн талаар маргадаггүй. Шүүх, шинжилгээний дүгнэлтээр Б.Г******* гэж бичсэн нь таарч байгааг анхаарч үзнэ үү. Барааны үнэ гаргуулах нэхэмжлэл дээр хариуцагч тодорхой тайлбар гаргаагүй. Дүүгээрээ өгч явуулсан Ц.У******* хүлээж аваагүй гэх зүйл ярьдаг. Мөн өмнөх шүүх хурал хойшлох үед бараагаа бараагаараа өгөх саналыг тавьж байсан. Энэ нөхцөл байдал бараан дээр маргахгүй байна гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь дэмжиж байна... гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн иргэнээс авсан 3,000,000; 4,000,000 төгрөгийн зээлийн хүүг гэрээнд заасан цаг тухайд нь хоног хугацаа хэтрэхгүй төлж байсан бөгөөд 3,000,000 төгрөгт нь хүү болох 1,800,000 төгрөг, 4,000,000 төгрөгийн хүү болох 1,200,000 төгрөгийг гэрээнд заасан үүргийн дагуу нийт 3,000,000 төгрөгийг зөвхөн хүүнд төлсөн.

2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч тооцоо нийлж, эхний 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээний ард бичсэн гарын үсэг нь миний гарын үсэг биш тул шинжээч томилуулна. 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ц.У*******тай өөрийн биеэр уулзахдаа 5,500,000 төгрөгийг төлчихвөл бэлэн мөнгөний тооцоог дуусгавар болгоё гэж ярилцаж тохиролцсон бөгөөд ярилцсан ёсоороо 6 дугаар сарын 11-нд төрсөн дүү болох Б.Ганзаяагаар Хаан банкны дансаар зээл хаав гэсэн утгатай 5,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл иргэн Ц.У******* нь шунахайн сэдлээр буюу мөнгө хүүлэгчийн нарийн зальтай аргаар надад өш хонзон санаж, хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр алданги нэрээр залилан мөнгөн нэхэж байна. 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр уулзахдаа наад санхүүгийн асар том хүндрэл гарлаа. Надад тус болоочээ гээд тухайн үед 5,500,000 төгрөг төлье гэж тохирсон... гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.У*******аас Б.М*******д олгосон 2022.08.18 итгэмжлэл, зээлдүүлэгч Ц.У*******, зээлдэгч Б.Г******* нарын хооронд байгуулагдсан 2021.11.02-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний хуулбар, Б.Г*******ийн оршин суух хаягийн лавлагаа 2021.11.02, Б.Г*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа 2021.11.02, Ц.У*******ын эзэмшдэг ХАС банк дахь дугаар дансны 2021.11.02 өдрийн хуулга, зээлдүүлэгч Ц.У*******, зээлдэгч Б.Г******* нарын хооронд байгуулагдсан 2022.02.26-ны өдрийн ЗГ202203 дугаартай зээлийн гэрээний хуулбар, регистрийн дугаартай Б.Г******* миний бие 2022.02.26-ны өдөр Хас банкны данс руу сарын 10 хувиар 4 сая төгрөгийг зээлж авах хүсэлтэй байна Б.Г******* 2022.02.26-нд гэх хөх өнгийн балаар гараар бичсэн бичвэр, Ц.У*******ын эзэмшдэг ХАС банк дахь дугаар дансны 2022.02.26 өдрийн хуулга, тэмдэглэлийн дэвтэр дээрх бичвэрийг өнгөтөөр хувилсан хуулбар 3 хуудас, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн 2023.03.15№28з4-3/966 дугаартай эрэн сурвалжлалтыг зогсоох тухай албан бичиг, тэмдэглэлийн дэвтэрт хөх өнгийн балаар бичсэн 3 хуудас тэмдэглэл;

 

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: хариу тайлбар, эзэмшигч тодорхойгүй, эх хувь бус дансны хуулга, хариуцагч Б.Г******* болон өмгөөлөгч Д.Сар******* нарын хооронд байгуулагдсан 2023.11.15-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэмэлт дэлг*******үй хариу тайлбар, зээлдүүлэгч Ц.У*******, зээлдэгч Б.Г******* нарын хооронд байгуулагдсан 2021.11.02-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний эх хувь, Баттөмөр Г******* эзэмшдэг Хаан банк дахь дугаар дансны 2021.12.01-2022.01.26-ны өдрийн хуулга, Б.Г******* эд хөрөнгө бүртгэлгүй тухай 2023.12.05-ны өдрийн дугаартай Улсын бүртгэлийн лавлагаа, Хариуцагчийн өмгөөлөгч Д.Сар******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзах тухай хүсэлт;

 

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, бүрдүүлсэн баримтууд: хариуцагчид шүүх хурлын тов мэдэгдэхээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргад хүргүүлсэн тус шүүхийн 2023.10.19№4894 албан бичиг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2023.10.19№1554 тодорхойлолт, хариуцагчид шүүх хурлын тов мэдэгдхээр Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргад хүргүүлсэн тус шүүхийн 2023.10.24№4970 албан бичиг, Шүүх шинжилгээний ерөнхий газын 2024.01.26-ны өдрийн 13/679 албан бичиг, Шинжилгээний материал бүрдүүлэх зөвлөмж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024.02.23№539 дүгнэлт, зээлдүүлэгч Ц.У*******, зээлдэгч Б.Г******* нарын хооронд байгуулагдсан 2021.11.02-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний эх хувь /ар талдаа хөх өнгийн балаар бичсэн Зээлийн гэрээний сунгалт гарчигтай 2022.02.03 (дарж бичсэн огноо засвартай) огноотой, 2021.11.02 өдөр байгуулсан 202119 тоот гэрээний 3,0 сая төгрөгийн зээлийн хугацааг 2022.02.02-ноос 2022.05.02 өдөр хүртэл 3 сараар сунгав. Зээлийн хүү сарын 10 хувь, гэрээний бусад нөхцөл хэвээр. Зээлдүүлэгч Ц.У******* II/3, зээлдэгч Б.Г******* гэх бичвэртэй/, зээлдүүлэгч Ц.У*******, зээлдэгч Б.Г******* нарын хооронд байгуулагдсан 2022.02.26-ны өдрийн ЗГ202203 дугаартай зээлийн гэрээний эх хувь, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээчид хүргүүлсэн загвар баримтууд: У ХХК болон Б.Г******* нарын хооронд байгуулагдсан Ажлын байр түрээслэх гэрээ, З ломбард зээлийн гэрээ, Гарын үсгийн хэв, Н ХХК болон Б.Г******* нарын хооронд байгуулагдсан 2020.07.31-ний өдрийн 2020/071 дугаартай Худалдааны зуучлагчийн гэрээ, Ю Л М ХХК-ийн төлбөрийн баримт, Б.Ганчмэгийн гар бичвэр;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ц.У******* нь хариуцагч Б.Г*******т холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт 3,116,000 төгрөг, барааны үнэ 4,391,000 төгрөг, нийт 7,507,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан.

4. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч хүрэлцэн ирээгүй ба түүний өмгөөлөгч Д.Сар******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, шүүх хуралдаанд оролцохоос татгалзаж гарсан.

5. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, түүний өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж, шүүх хуралдааны танхимаас гарсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т. Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг баримтлан, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

6. Талууд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр , 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ202203 дугаартай зээлийн гэрээ тус тус байгуулсан байх ба дугаартай гэрээгээр 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, ЗГ202203 дугаартай гэрээгээр 4,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай тус тус зээлдүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ202203 дугаартай зээлийн гэрээний үүрэг 2022 оны 6 дугаар сарын 11-нд гүйцэтгэгдэж дууссан хэмээн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дугаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардсан.

7. Зээлдүүлэгч Ц.У*******, зээлдэгч Б.Г******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа болон эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрөө төлөөгүй хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр талууд тохиролцсон байна.

8. Нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөгийг хүлээн авагч Хаан банк Г******* дугаартай дансанд, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөгийг хүлээн авагч Баттөмөр Г******* дугаартай дансанд хүлээн авагч Зээл олгов утгаар тус тус шилжүүлсэн байна.

9. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний ар талд хөх өнгийн балаар Зээлийн гэрээний сунгалт гарчигтай 2022.02.03 (дарж бичсэн огноо засвартай) огноотой, 2021.11.02 өдөр байгуулсан 202119 тоот гэрээний 3,0 сая төгрөгийн зээлийн хугацааг 2022.02.02-ноос 2022.05.02 өдөр хүртэл 3 сараар сунгав. Зээлийн хүү сарын 10 хувь, гэрээний бусад нөхцөл хэвээр. Зээлдүүлэгч Ц.У******* II/3, зээлдэгч Б.Г******* хэмээн бичсэнийг хариуцагч эс зөвшөөрч марган, шинжээч томилуулах хүсэлт гаргаж мэтгэлцсэн.

10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 539 дүгээр дүгнэлтээр 2021.11.02 гэсэн огноотой дугаартай зээлийн гэрээ гэсэн баримтын ар талд цэнхэр өнгийн бичих хэрэгслээр бичигдсэн гар бичвэр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Г*******ийн гэх гар бичвэрийн туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэхгүй. 2022.02.26 гэсэн огноотой ЗГ202203 дугаартай Зээлийн гэрээ гэсэн баримтын зээлдэгч гэсэн хэсэгт цэнхэр өнгийн бичих хэрэгслээр зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Г*******ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна хэмээн дүгнэсэн.

11. Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний ар талд хөх өнгийн балаар бичигдсэн бичвэрийг эс зөвшөөрч буй татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй тул уг гэрээний зүйл заалтууд, гэрээнд бичигдсэн нөхцөлийг бодитой гэж үзнэ.

12. Дээрх хоёр гэрээний дагуу нийт 7,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлдэгч зээлийг авсан, 2022 оны 6 дугаар сард 5,500,000 төгрөгийг зээлдэгч төлснийг зээлдүүлэгч хүлээн авсан гэх үйл баримтын талаар зохигч талууд хэн аль нь тайлбарласан.

13. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Г*******ийн төлсөн 5,500,000 төгрөгөөс 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ202203 дугаар зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 4,200,000 төгрөгийн үүргийг дуусгавар болгож, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар Зээлийн гэрээний төлбөрийг 2022 оны 5 дугаар сарын 02-нд бүрэн төлөх байсан, 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 40 хоног хугацаа хэтэрсэн тул хоногийн 15,000 төгрөг буюу гэрээнд заасан алдангид 600,000 төгрөгийг 1,300,000 төгрөгөөс хасч үлдэгдэл 700,000 төгрөгийг үндсэн зээл болох 3,000,000 төгрөгөөс хасаж үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийг 2,300,000 төгрөг хэмээн тооцож, 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 71 хоног хугацаа хэтэрсэн гэж үзэн хоногийн 11,500 төгрөг нийт 816,000 төгрөгийн алданги гаргуулна хэмээн шаардсан.

14. Хариуцагч Б.Г******* нь зээлийн хүүг тогтмол, цаг тухайд нь төлдөг байсан хэмээн тайлбар гаргасан ба дугаар дансанд 2022 оны 01 дүгээр сарын 02-нд 300,000 төгрөгийг ганаа, 2022 оны 02 дугаар сарын 01-нд 300,000 төгрөг /гүйлгээний утга уншигдахгүй/, 2022 оны 3 дугаар сарын 03-нд 300,000 төгрөгийг ganaa утгаар, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 300,000 төгрөгийг ganaa утгаар, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөгийг ganaa утгаар, дугаар дансанд 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 400,000 төгрөгийг ganaa утгаар, 2022 оны 4 дүгээр сарын 27-нд 400,000 төгрөгийг ganaa утгаар, 2022 оны 5 дугаар сарын 26-нд 400,000 төгрөгийг ganaa утгаар тус тус шилжүүлсэн тухай өөрийн эзэмшдэг Хаан банк дахь дугаар дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан.

15. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ202203 дугаар зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 4,200,000 төгрөгийн үүргийг дуусгавар болгож, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар Зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг 2,300,000 төгрөг хэмээн тооцож, 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 71 хоног хугацаа хэтэрсэн гэж үзэн хоногийн 11,500 төгрөг нийт 816,000 төгрөгийн алданги гаргуулна хэмээн шаардсаныг хариуцагч үгүйсгэж нотлоогүй.

16. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн шаардсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,300,000 төгрөг, алданги 816,000 төгрөг, нийт 3,116,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

17. Барааны үлдэгдэл төлбөр 4,391,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд, хариуцагч нь зарж борлуулж өгөх зорилгоор нэхэмжлэгчээс 5,080,000 төгрөгийн барааг авч үүний дагуу 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлэх үед 4,391,000 төгрөгийг төлөх болж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан хэмээн нэхэмжлэгч тайлбарласан.

18. Хавтаст хэргийн 68-70 дугаар талд авагдсан тэмдэглэлийн дэвтэрт хөх өнгийн балаар бичсэн 3 хуудас тэмдэглэлээс үзэхэд, Ц.У*******, Б.Г******* нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан байх ба түрүүчийн бүртгэлийн барааны тооцоо дуусан, маргаангүй болохыг тэмдэглэж, сүүлийн 4,391,000 төгрөгийн тооцоог 6 дугаар сард төлж дуусгахаар тохиролцож, Б.Г******* гарын үсэг зурсан байна.

19. Уг тооцоо нийлж, төлбөр барагдуулах хэлцлийг хариуцагч үгүйсгэж мэтгэлцээгүй, нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бодитой гэж үзнэ.

20. Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж заасантай нийцэж байх тул хариуцагчаас 4,391,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

21. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. 58 дугаар зүйлийн 58.1.Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно. гэж заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,485 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 135,062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 60,423 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 135,062 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Г*******ээс 7,507,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.У*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,485 төгрөгийн 135,062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г*******ээс 135,062 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 60,423 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.У*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА