| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00311/и |
| Дугаар | 152/ШШ2024/00286 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 152/ШШ2024/00286
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улааном сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар ........., Т ургийн овогт Ц-ийн Л-гийн,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, Маршал таун .... дугаар байрны ... тоотод байрлах, регистрийн дугаар: ..., Т ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “гэрээнд үүрэг гүйцэтгэх газрыг тусгайлан заасан бол түүнтэй холбогдсон нэхэмжлэлийг уг гэрээг биелүүлвэл зохих газрын шүүхэд гаргаж болно” гэж заасныг баримтлан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Ц.Л би Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр хуучин мал эмнэлгийн хашаанд 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т ХХК-ийн Г.Э-тай орон сууц захилгын гэрээ хийсэн билээ. Тэрбээр орон сууцны барилгыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгнө гэж гэрээнд заасан ба урьдчилгаа төлбөр болох 50,000,000 төгрөгийг өөрийн хувийн дансанд хийлгэж авсан юм. Г.Э гэрээний үүргээ зөрчиж орон сууц бариагүй бөгөөд би түүнээс 50,000,000 төгрөгөө удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Г.Э-аас 50,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т ХХК-ий захирал Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Л-гийн гаргасан нэхэмжлэлтэй өөрийн биеэр танилцсан болно. Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, Залуучууд гудамж 155 тоот хаягт хэрэгжих байсан орон сууцны урьдчилсан захиалгын гэрээг Т ХХК-ийн захирал Г.Э надтай хийсэн. Нэхэмжлэлийн шаардлага болох 50,000,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Л, түүний өмгөөлөгч Д.Бунжаа шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Л-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Э-д холбогдох 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүхэд хариу тайлбар гаргасан байна. Хариуцагч Г.Э нь нэхэмжлэгч Ц.Л-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дээрх 50,000,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Л нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 50,000,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Л-гийн урьдчилгаа төлбөр 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаа хариуцагч Т ХХК-ийн захирал Г.Э илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Т ХХК-ийн Г.Э нэхэмжлэгч Ц.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Т ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийн тал хувь болох 203,975 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 203,975 төгрөг, хариуцагч Т ХХК-аас 203,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Л-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Л-гийн худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хариуцагч Т ХХК-ийн захирал Г.Э хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 203,975 төгрөг, хариуцагч Т ХХК-аас 203,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Л-д олгож, 203,975 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ