| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/07638/И |
| Дугаар | 101/ШШ2024/02475 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2024/02475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч З.Баярмаа, шүүгч Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ******* хаягт байрлах Албан журмын даатгагчдын холбооТББ *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ***** хаягт оршин суух бүртгэлтэй, ******* овогт Б*******ын Лх******* /регистрийн дугаар: *******/-т холбогдох,
Жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх гэрээний үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, иргэдийн төлөөлөгч О.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Албан журмын даатгагчдын холбоо нь Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгалгүй, даатгалын гэрээний хугацаа нь дууссан этгээд даатгалын тохиолдол гаргавал түүний учруулсан хохирлыг барагдуулж, буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх үүрэгтэй байгууллага юм.
Б*******ын Лх******* нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын замд ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж, иргэн Э Н жолоодож явсан улсын дугаартай автомашиныг мөргөж 2,443,800 төгрөгийн хохирол учруулжээ.
Тухайн үед Б.Лх******* нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хугацаа нь дууссан байсан тул Албан журмын даатгагчдын холбоо Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хохирогч Э.Н хохирлыг барагдуулсан.
Албан журмын даатгагчдын холбоо Б.Лх*******той 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дугаар "Жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх гэрээ" байгуулсан. Жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх гэрээний 1 дүгээр хавсралтаар батлагдсан буцаан төлөх хугацаа 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дууссан бөгөөд үлдэгдэл 1,500,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 213 дугаар тогтоолоор батлагдсан "Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам"-ын 5 дугаар зүйлийн 5.1.3 "жолоочийн даатгалын тухай хуулийн 20.2-т заасны дагуу олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх, шаардлагатай бол шүүхэд нэхэмжлэл гаргах", Жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4 "Үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 3 ба түүнээс дээш сарын хугацаа хэтэрсэн эсхүл гэрээний хугацаа дуусахад үүрэг гүйцэтгэгч нь үүргээ бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж үүргийн гүйцэтгэлийн хангуулах" гэж тус тус заасны дагуу гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Лх******* нь нэхэмжлэгч байгууллагатай гэрээ байгуулсан. Гарын үсгээ зурсан, буцаан төлөх хугацаа нь дууссан. Энэ хүн өөрийн үүргээ мэдэж байгаа гэж бодож байна. Б.Лх*******ыг төлөх ёстой гэж бодож байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс Л.Цэндсүрэнд олгосон 2022.11.14№02/297 итгэмжлэл, Албан журмын даатгагчдын холбооТББ-ын хулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э Насанбуянд нөхөн төлбөр олгох тухай Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирлын 2022.02.09-ний өдрийн 02/12 дугаартай тушаал, Албан журмын даатгагчдын холбоо болон Б.Лх******* нарын хооронд 2022.02.10-ны өдөр байгуулагдсан дугаартай Жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх гэрээ, Б.Лх******* 2022.01.16-ны өдрөөс эхлэн ачигчаар, 800,000 төгрөгийн цалинтай ажилладаг тухай ХХК-ийн 2022.01.27№44 тодорхойлолт, Б.Лх******* Баянзүрх дүүргийн ***** тоот хаягт оршин суудаг тухай Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2022.01.27№240 тодорхойлолт, Насанбуян Эрдэнэ эзэмшдэг дугаартай дансанд 2022.02.14-ний өдөр 2,443,800 төгрөг шилжүүлсэн тухай Албан журмын даатгагчдын холбооны эзэмшдэг Төрийн банк дахь дугаартай дансны 2022.02.14-ний өдрийн депозит дансны хуулга, Албан журмын даатгагчдын холбооноос Л.Б*******т олгосон 2024.04.19№01/82 дугаартай итгэмжлэл,
Хариуцагч хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй.
Шүүхээс хийсэн ажиллагааны баримтууд: хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2023.02.03№101/ШЗ2023/03799 захирамж, Хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх тухай тус шүүхийн 2024.04.26№1937, 2024.05.01№1937, 2024.05.01№1938, албан бичиг, Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын 2024.05.07№399 албан бичиг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2024.04.29№272 тодорхойлолт;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Нэхэмжлэгч Албан журмын даатгагчдын холбооТББ нь хариуцагч Б.Лх*******т холбогдуулан, Жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх гэрээний үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
- Б.Лх******* нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын замд ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж, иргэн Э Н жолоодож явсан улсын дугаартай автомашиныг мөргөж 2,443,800 төгрөгийн хохирол учруулсан,
- Тухайн үед Б.Лх******* нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хугацаа нь дууссан байсан тул Албан журмын даатгагчдын холбоо Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хохирогч Э.Н хохирлыг барагдуулсан.
- Албан журмын даатгагчдын холбоо Б.Лх*******той 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дугаар "Жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх гэрээ" байгуулсан. Жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх гэрээний 1 дүгээр хавсралтаар батлагдсан буцаан төлөх хугацаа 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дууссан бөгөөд үлдэгдэл 1,500,000 төгрөгийг төлж барагдуулаагүй гэв.
3. Хариуцагч нь 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэгтэй танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй.
4. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
5. Дээр дурдсан үндэслэлүүдээр, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
6. Шүүх, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг товлож, зохигч талуудад зар хүргүүлэхэд хариуцагч нь шүүхэд мэдэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ***** хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг хорооны Засаг дарга тодорхойлсон.
7. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар хуралдааны тогтоолоор ****** хаяг нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороонд харъяалагддаг болсон байх ба тус шүүхийн 2024.05.01№1973 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны Засаг даргад шүүх хуралдааны тов хүргүүлэхэд хариуцагч Б.Лх******* тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүйг тус хорооны Засаг дарга 2024.05.07№399 дүгээр албан бичгээр тодорхойлсон.
8. Гэвч хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ийнхүү идэвхигүй оролцсон нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тухайлан заасан журмын дагуу хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
9. Тайлбарлавал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. гэж заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно. гэж тус тус заасныг баримтлан, хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэх ажиллагааг хийсэн болно.
10. Дээр дурдсанаар, хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэх ажиллагааг шүүх хийж гүйцэтгэсэн, хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
11. Б*******ын Лх******* нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын замд ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн зам тээврийн осол гаргасантай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч дээрх зам тээврийн ослын улмаас хохирсон гэх иргэн Э Н жолоодож явсан улсын дугаартай автомашинд учирсан хохирол 2,443,800 төгрөгийг төлж барагдуулах тухай гэрээг /хх7-8/ Албан журмын даатгагчдын холбоо болон Б.Лх******* нар байгуулжээ.
12. Нэхэмжлэгч Албан журмын даатгагчдын холбоо нь Эрдэнийн Насанбуянгийн эзэмшдэг дугаартай дансанд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2,443,800 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Албан журмын даатгагчдын холбооны эзэмшдэг Төрийн банк дахь дугаартай дансны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн депозит дансны хуулгаар /хх11/ тогтоогдож байна.
13. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх гэрээ-нээс үзэхэд, Б*******ын Лх******* нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас иргэн Э Н жолоодож явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,443,800 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 443,800 төгрөгөөр, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сар бүрийн 15-ны өдөр тус тус 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд тохиролцжээ.
14. Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
15. Хариуцагч Б.Лхгава-Очир нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд хандаж, үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч үгүйсгэж мэтгэлцээгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
16. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зам тээврийн осолд хариуцагч гэм буруутай байдлыг үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Шүүгч дор дурдсан хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтад заасан хэрэг, эрх зүйн маргааныг дангаар хянан шийдвэрлэнэ: 82.1.1.-д Иргэний хуулийн 8.1.1; 8.1.3; 8.1.4; 8.1.6-8.1.8 дахь заалт, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.-д Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ. гэж тус тус заасныг баримтлан, хэргийг шүүх бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж үзэв.
17. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.О******* нь Б.Лх******* нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлж төлбөр төлөх ёстой хэмээн дүгнэсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Лх*******оос 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Албан журмын даатгагчдын холбоо ТББ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын төсвийн
орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лх*******оос улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Албан журмын даатгагчдын холбооТББ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА, З.БАЯРМАА, Ц.ЦЭРЭНДУЛАМ