Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2024/00325

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

Нэхэмжлэгч: ******** нэхэмжлэлтэй

Хариуцагч: *********  холбогдох,

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу төлөх 3,819,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ********* төлөөлж, Говь-Алтай аймгийн ****** газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/601 дугаартай захирамжаар Говь-Алтай аймгийн ***** багийн иргэн *****ын цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаалгах шийдвэр гарсан байна. Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй гэж заажээ. Мөн Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Цэргийн дүйцүүлэх алба нь биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хэлбэртэй байна, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаасан мөнгөн төлбөрийн 50 хувийг улсын, үлдэх 50 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулна гэж хуульчилсан байна. Гэтэл иргэн ****р нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрөөс 3,819,298 /гурван сая найман зуун арван есөн мянга хоёр зуун ерэн найман/ төгрөгийг төлөөгүй буюу үлдэгдэлтэй байна. Монгол улсын батлан хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Батлан хамгаалах үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад оршино хэмээн заасан. Аймгийн цэргийн штабаас ирүүлсэн хүсэлтийн хавсралтад дурдсан иргэн ****** нь цэргийн албаны мөнгөн төлбөрөө төлөөгүй үйлдэл нь үндсэн хуульд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй төдийгүй батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгөн төлбөр төлөгдөөгүй нь төр нийтийн ашиг сонирхлыг хөндөж байх тул Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол гаргана гэж заасны дагуу тус аймгийн прокурорын газраас нэхэмжлэл гаргав. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар прокурор нь дээр дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Говь-Алтай аймгийн Засаг дарга 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/601 дугаартай захирамжаар Говь-Алтай аймгийн***** багийн иргэн ****-аас цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 3,819,298 (гурван сая найман зуун арван есөн мянга хоёр зуун ерөн найман) төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн 100050000983 (Говь-Алтай аймгийн цэргийн дүйцүүлэх албаны данс)-нд төвлөрүүлэх, Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл чөлөөлөгдөхөөр хуульчилсан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч ***** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймгийн ***** төлөөлж, Говь-Алтай аймгийн **** газрын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу төлөх 3,819,298 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн ***** төлөөлөн Говь-Алтай аймгийн ****** газрын гаргасан нэхэмжлэлтэй, ****** холбогдох цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 3,819,298 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн ...цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу төлөх 3,819,298 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 3,819,298 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 76,059 төгрөгийн тал хувь 38,029.5 төгрөгийг хариуцагч *****-аас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн ***** төлөөлөн Говь-Алтай аймгийн ***** газрын гаргасан нэхэмжлэлтэй, ***** овгийн *****ийн ******т холбогдох цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 3,819,298 /гурван сая найман зуун арван есөн мянга хоёр зуун ерэн найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 31-ний 3,819,298 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 3,819,298 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 76,059 төгрөгийн тал хувь 38,029.5 төгрөгийг хариуцагч ****-аас гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ