Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 201/МА2020/00014

 

С.Мийн нэхэмжлэлтэй хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 138/ШШ2020/00217 дугаар шийдвэртэй, С.Мийн нэхэмжлэлтэй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 515 483 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг прокурор Д.Нямдэлэгийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 4 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1987 онд Ч.Г-тай гэр бүл болж, 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Нөхөр Ч.Г нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын дулааны станцад монтёроор, миний бие борлуулалтын байцаагчаар ажиллаж байсан. 1995 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус сумын уурын зууханд иргэн Батболд нь шатсан байдалтай олдсон хэрэг гарсан. Уг хэрэгт хэдэн хүнийг сэжиглэн шалгахдаа манай нөхөр Гыг шалгасан. Сумын конторт 4 хоног тогтоол шийдвэргүй хорихдоо гарыг нь халаалтын шугамын трубанаас гавлан хэрэг хүлээлгэх гэж дарамталж байсан. Орсон гарсан цагдаа нараар Гыг элэгдүүлж, хөл гуя уруу нь өшиглүүлж алуурчин гэж дарамталж эхэлсэн. Нөхөр маань хилс хэрэгт гүтгэгдэж байгаадаа маш их айж сэтгэл санааны цочролд орсон байсан. Нөхөр маань аймгийн цагдан хорих газарт 80 хоног хоригдож, Улаанбаатар хот руу ачигдан Ганц худаг гэх газарт 15 хоног хоригдсон. 1995 оны 02 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар татагдан хоригдож байхдаа маш их зодуулж дарамтлуулж байсан талаараа нөхөр маань ярьдаг байсан. 1995 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод хоригдож байгаад батлан даалтанд гарахдаа бүх бие нь шарх, сорви болж хавдсан, арьс нь язарч идээ, буглаа болж газар гишгэж чадахгүй болсон байсан. Улаанбаатар хотод 2 сарын хугацаанд дуудсан цагт нь үг дуугүй очдог, биеэ өвдөж байгаагаа ч хэлэх эрхгүй байсан. Хохирогчийн эхнэр У-ийн гомдлоор би хүртэл 3 хоног хоригдож, 2 сар гаруй хугацаанд байцаагдсан. Би энэ хугацаанд ажлаасаа чөлөө авч нөхрөө асарч байсан бөгөөд сүүлдээ ажлаасаа халагдсан. Хэдийгээр орон тоо, бүтцийн өөрчлөлт хийсэн боловч ажлаа хэвийн хийж байсан бол нөхөр маань ажлын байрандаа хэвээр үлдэх байсан. Энэ хэргээс болж би ажилгүй болж, орлогогүй болсон. Мөн энэ хэргийн талаар сонссон Г-ын 80 настай аав нь цочролд орж, ухаан алдаж, 2 хоногийн дараа нас барсан. Нөхрийг маань аавынх нь ажил явдалд ч очуулаагүй. Нутгийн хүмүүс Г-аас зайгаа барьж, Б-ын аав ээж, ах дүү нар нь Г-ыг элдвээр хэлж, тааралдсан газраа зодох явдал ч гарч байсан. Тухайн үед 5 настай байсан хүүхэд маань аав Э-ийн аавыг алсан юм уу гээд цэцэрлэгтээ явахаа больсон. Бид аргагүйн эрхэнд олон жил амьдарсан нутгаа сольж Дашбалбар сум уруу шилжсэн. Шүүхийн гадаа хүртэл талийгаачийн дүүд нь зодуулж байсан. Миний нөхөр Г нь мөрдөн байцаах газарт хоригдож байхдаа элэг, хэвлийдээ өшиглүүлж гэмтэн түүнийгээ эмчлүүлж чадалгүй олон жил явж байгаад элэгний хорт хавдраар нас барсан. Шоронд элэг рүүгээ цохиулдаг байснаас элэгний өвчин нь даамжирч хорт хавдраар нас барах шалтгаан болсон байх гэж би боддог. Тухайн хэргийг үйлдсэн хэрэгтэн нь олдсон боловч нөхөр маань хэрэгт холбогдолгүй гэдгээ сонсож амжаагүй нас барсан. Миний нөхөр Г нь 15 жил гадуурхагдан доромжлуулж сэтгэл санааны хувьд хүнд нөхцөлд байж байгаад 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нас барсан. Манай гэр бүл ч гэсэн сэтгэл санааны шаналалыг хамт амсаж өдийг хүрсэн. Энэ хэргийг сонсоод хадам аав минь хүүгээ хүн алчихлаа гэж бодон ухаан алдаж, удалгүй нас барсанд нөхөр маань маш их шаналж явдаг байсан. 2010 онд энэ хэргийн холбогдогч нь тогтоогдож хэрэг нь шийдэгдсэн байхад бидэнд мэдэгдээгүй. 2016 онд прокурорын газарт хүсэлт гарган сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татагдсан бусдыг бүлэглэн хоолойг нь боож алаад уурын зууханд хийж шатаасан гэх аймшигт жигшүүрт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон. Хүн алсан алуурчин ялаас чөлөөлөгдчихөөд байхад 6 жилийн дараа хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан. Мөн батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон. Нөхөр маань 21 жилийн дараа цагаатгагдсан. 21 жил хилс хэрэгт сэжиглэгдэн ял сонсож явсан. Гаас гадна эхнэр хүүхэд нь, төрөл төрөгсөд нь дээрх дарамт, сэтгэлийн шаналалыг амссан. Цагдаа, прокурорын байгууллагын хэт нэг талыг барьсан, баримт нотолгоогүй хардлага сэжиглэлтээс болж манай гэр бүл бүх амьдрал, эрүүл мэндээрээ хохирсон учир хуулийн дагуу төрөөс хохирлоо нэхэмжилсэн. Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцох хэцүү боловч талийгаачийн болон гэр бүлийнхээ сэтгэл санааны хохирлыг 500 000 000 төгрөгөөр үнэлсэн. Мөн өмгөөлөгчийн хөлсөнд 15000 төгрөг төлсөн. Би имфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин 15 468 500 төгрөг нэхэмжилсэн боловч 10 057 618 төгрөгийн цалин орлоготой байх боломжтой гэсэн тооцооллыг гаргасан. 1995 оны цалингийн тодорхойлолт гарч ирээгүй тул 1994 оны сүүлийн 3 сарын дундаж цалингаар тооцож 1 сарын цалинг 36 165 төгрөгөөр тооцсон. Бид нас барах хүртлээ ядаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авах ёстой байсан гэж үзэж 10 057 618 төгрөг гэж тооцсон. Иймд нийт 510 072 618 төгрөгийг Засгийн газрын тусгай хөрөнгөөс гаргуулж өгнө үү ” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1995 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвд байрлах уурын зууханд тус сумын иргэн Ч.Б шатаж нас барсан байдалтай олдсон хэрэгт аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, тухайн үед хэргийн газарт байсан Ч.Гыг хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдуулан шалгасан байна. Хэд хэдэн хүнийг хэрэгт холбогдуулж шалгасан боловч уг хэргийг үйлдсэн нь тогтоогдоогүй байдаг. Хэрэг үйлдсэн этгээд нь олон жилийн дараа баригдаж шүүхээр шийдүүлсэн байна. Нэхэмжлэгч сэтгэл санааны хохирол болох эдийн бус хохиролд 500 000 000 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байдаг. Эдийн бус гэм хорыг ямар аргачлалаар хэрхэн тооцож мөнгөн хэлбэрээр барагдуулахыг нарийвчлан тооцсон хуулийн зохицуулалт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ нэмэлт, өөрчлөлтөөр хохирол нэхэмжлэх эрх нь зөвхөн цагдан хоригдсоны улмаас эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд үүсэхээр байгаа. Энэ өөрчлөлтөөс өмнө гадагш явахгүй баталгаа авах болон хувийн батлан даалт авах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол хохирол нэхэмжлэх эрх үүсэхээр хуулийн зохицуулалттай байсан. Хуулийн өөрчлөлтөөр хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь нөхөр Ч.Гыг цагдан хоригдсоноос хойш талийгаачийг нас барах хүртэлх хугацааны цалин, хөлсийг нэхэмжилсэн байна. Уг хэрэгт сэжигтнээр татагдаагүй байсан бол ажил төрлөө хэвийн явуулж байх байсан гэж тайлбарлаж байна. Тухайн хэрэг 1995 оны 02 дугаар сард гарсан бөгөөд 1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн өмч хувьчлалын комиссын шийдвэрээр Дулааны цахилгаан станцын даргын тушаал гарч талийгаач Ч.Гыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгасан байдаг. 1995 оны 11 дүгээр сард зарим ажилчдыг ажилд эгүүлэн авсан тушаал гарсан боловч Ч.Гыг ажилд нь буцааж аваагүй байна. Иймээс 1995 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн харилцааг ажил олгогч дуусгавар болгосон байх тул нас барах хүртэл хугацааны ажилгүй байсан цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Төрийг төлөөлж Дорнод аймгийн Прокурорын газрын туслах прокурор Д.Нямдэлэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй байдаг. 1995 оны 04 дүгээр сард Ч.Гыг ямар үндэслэлээр ажлаас халсан бэ гэдгийг анхаарч үзэх ёстой. Тухайн эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдсанаас болж ажлаас халагдсан зүйл байхгүй. Өмч хувьчлалтай холбоотойгоор ажилчид ажлаас халагдсан байдаг. Ч.Гын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бөгөөд дахин ажилд аваагүй байдаг. 1995 оны 11 дүгээр сард ажилчдыг буцаан ажилд нь авсан гэж хэлж байгаа ч Ч.Г нь тухайн үед цагдан хоригдоогүй байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Тухайн үед ажилд нь буцаж томилоогүй талаар гомдол гаргаагүй байдаг. Иймд цалин нэхэмжлэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Сэтгэл санааны хохиролд 500 000 000 төгрөг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирлоо нотолж чадаж байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Цагдан хоригдсон хоногийн тухайд маргах зүйл байхгүй. Цагдан хоригдсон хоногийн мөнгийг нэхэмжилж байгаа юм уу, эсхүл тухайн хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Тухайн хэрэг 1995 онд гарсан бөгөөд Ч.Г нь 2011 онд нас барсан. Цагдан хоригдох хугацаанд авсан ямар гэмтлийн улмаас Ч.Г нь 15 жилийн дараа элэгний хорт хавдраар нас барсан бэ гэдгийг нотлох зүйл хэргийн материалд байхгүй байна. Нэхэмжлэгч тал тайлбартаа дурдаж байгаа болохоос биш тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна. Сэтгэл санааны хувьд ямар байдлаар хохирсныг нотлох баримтууд өнөөдрийн байдлаар хангалтгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй бөгөөд өмгөөллийн хөлстэй холбоотой тодорхой хэсгийг л хангах боломжтой гэж үзэж байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 138/ШШ2020/00217 дугаар шийдвэрээр:  Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөцийн сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 10 089 008 /арван сая наян есөн мянга найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 499 983 610 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.9-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

Прокурор Д.Нямдэлэг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “Нэхэмжлэгчийн нөхөр Ч.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасан онц хүнд гэмт хэрэгт холбогдон сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдаж, улмаар 21 жилийн хугацаанд сэжигтэн яллагдагчаар тооцогдсон, 77 хоног цагдан хоригдсон, 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 21 жил бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан зэргийг харгалзан сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөгийг гаргуулан талийгаач Ч.Гын гэр бүл С.Мт олгох нь зүйтэй” гэж дүгнэн 10 000 000 төгрөгийг гаргуулан С.Мт олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр Ч.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасан онд хүнд гэмт хэрэгт холбогдон сэжигтэн яллагдагчаар татагдан улмаар 21 жилийн хугацаанд сэжигтэн яллагдагчаар тооцогдсон, 77 хоног цагдан хоригдсон, 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 21 жил бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан болох нь иргэний хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй талаар, мөн хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй талаар заасан байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 230.3 дахь хэсэгт хохирогчийн эдийн бус гэм хорыг арилгуулах шаардах эрхийн талаар хуульчилсан байна. Гэвч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байх бөгөөд эдийн бус гэм хорыг хэр хэмжээгээр, хэрхэн тооцож, хэрхэн гаргуулах талаар хуульд тусгайлан заагаагүй тул Ч.Гт учирсан гэх сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан тайлбартаа: “... Прокурор нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэсэн эдийн бус гэм хорыг хир хэмжээгээр, хэрхэн тооцож, хэрхэн гаргуулах талаар хуульд тусгайлан заасан зохицуулалт байхгүй, сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх талаар хуульд тусгайлан заагаагүй учир ... сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэжээ. Энэхүү тайлбарыг прокурор Д.Нямдэлэг гуравдагч этгээдийн төлөөлөгч О нар анхан шатны шүүхэд гаргаж байсан ч шүүхээс Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.4 дүгээр зүйлд заасан үндэслэлийг тодорхой дурдаж “тусгайлан заасан зохицуулалт байхгүй” гэж хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлд заасан үндсэн зарчимд нийцэхгүй, гэдэг талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн нэхэмжлэгчийн хохирсон байдал, сэтгэл санааны хор уршиг, гэр бүлээрээ хохирсон нөхцөл байдлыг дурдан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх заалтыг төсөөтэй хэрэглэж хохирлыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Уг хохирлыг төр хариуцах талаар тусгайлан хуульчилсан. Засгийн газрын нөөцийн сангаас гаргадаг. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, хууль хэрэглээний асуудлыг авч үзэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд эд хөрөнгийн хохирлыг нэр заан тодорхойлсон. Мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 6 дахь заалтад “эд хөрөнгийн үнийг, түүний нөхөн төлүүлэх шийдвэр гарах үеийн үнэлгээгээр тодорхойлно” гэсэн заалт орсон байгаа нь 2002 оны Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас онцлогтой болсон. Тиймээс аваагүй цалин хөлс эд хөрөнгийн хохиролд тооцогдож буй учир цалин хөлсний өөрчлөлтийг харгалзах, одоогийн хөдөлмөрийн хөлстэй жишиж тооцох, инфляцитай харьцуулж хохирсон иргэний хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна. Үүнийг анхаарч хянаж үзэхийг хүсэж байна. Прокурорын гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

                                       ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 515 483 500 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.М нь Ч.Г-тай 1988 оны 02 сарын 02-ны өдөр хууль ёсны гэр бүл болж, гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн ба нөхөр Ч.Г нь 2011 оны 12 сарын 21-ний өдөр нас барсан байна. /хх-ийн 7,8 дахь талууд/

Дорнод аймгийн Цагдаагийн газар нь нэхэмжлэгчийн нөхөр Ч.Гыг 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтэн, яллагдагчаар татаж, 1995.02.07-ны өдөр Дорнод аймгийн Эрээнцавын уурын зууханд “бусдыг шатааж алсан гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд мөрдөн байцаалтаас оргон зайлж, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болзошгүй байх” гэсэн үндэслэлээр 1995 оны 02 сарын 27-ны өдрөөс 1995 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Г-ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Дорнод аймгийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/33 дугаартай “Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Ө.Г-гт холбогдох хэргээс Ч.Гт холбогдох “бусадтай бүлэглэн 1995 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвд байрлах уурын зуухны байшинд тус сумын иргэн Ч.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний хоолойг нь боож алаад уурын зууханд хийж шатаасан гэх хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ч.Гт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 11-15, 42-45, 46-47 дахь талууд/

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж тус шүүх үзэв.

1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д заасныг зөв хэрэглэж, хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 15000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Харин шүүх Ч.Гын аваагүй цалин хөлс гаргуулах шаардлагын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн атлаа түүнийг ажлаас чөлөөлсөн Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын даргын 1995 оны 04 сарын 12-ны өдрийн 59 дугаар тушаалыг үндэслэн 1995 оны 02 сарын 27-ны өдрөөс 1995 оны 04 сарын 12-ны өдөр хүртэл гэж ажилгүй байсан хугацааг тооцсон нь буруу байна.

Ч.Г нь 1995 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх-ийн 11-15 дахь талууд/

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь  ажил хөдөлмөр эрхлэх эрхийг шууд хязгаарлаж байгаа учраас Ч.Гын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан хугацааны буюу 1995 оны 02 сарын 27-ны өдрөөс 1995 оны 05 сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны аваагүй цалин хөлсийг гаргуулах үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч С.М нь Ч.Гын аваагүй байсан цалин хөлсийг 1995 оны 01 сараас 2011 оны 12 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд тооцож гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр татаж, бусдын хувийн батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авсан үйл баримт нь ажил хөдөлмөр эрхлэх эрхийг шууд хязгаарлаагүй учраас дээрх хугацааны цалин хөлсийг хууль бус ажиллагааны улмаас цалин хөлс авч чадаагүй гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

Иймд Ч.Г нь 1995 оны 02 сарын 27-ны өдрөөс 1995 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл нийт 77 хоног буюу ажлын 54 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааны цалин хөлсийг тухайн үед авч байсан цалингийн дундажаар тооцож, нэг өдрийн цалин 1682 төгрөгийг 54 хоногт үржүүлэн нийт 90828 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

2. Сэтгэл санааны хохирлын нэхэмжлэл гаргах эрх нь нэхэмжлэгч С.Мийн хувьд хуулиар баталгаажаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 7-д “Тухайн хүн нас барсан тохиолдолд эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эрх нь түүний өв залгамжлагчид, зогсоосон тэтгэвэр, тэтгэмж нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх бүхий гэр бүлийн гишүүнд тогтоосон журмын дагуу шилжинэ.” гэж заасан. Энэ зохицуулалтын дагуу эд хөрөнгийн хохирлыг мөн хуулийн 45.3 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх эрх нь хуулиар баталгаажсан байна. Энэхүү эрхийн үндсэн дээр С.М нь Ч.Гын аваагүй цалин хөлс, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэрэг нь эд хөрөнгийн хохиролд хамаарч байх тул эдгээрийг нэхэмжлэх эрхтэй байна. Энэ заалт нь нэг талаар эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах С.Мийн эрхийг баталгаажуулсан, нөгөө талаар зөвхөн эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг өв залгамжлагчид шилжих эрхийг баталгаажуулснаараа бусад хохирлыг нөхөн төлүүлэх эрх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд заасан сэтгэл санааны хохирлын үр дагаврыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхийг өв залгамжлагчид /С.Мт/ олгоогүй байна.

Иймд энэхүү үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокурор нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 138/ШШ2020/00217 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.3 дугаар зүйлийн 1.1, 1.6-д заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 105 828 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 509 966 790 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Л.НАРАНБАЯР

                              ШҮҮГЧИД                                Ж.ДОЛГОРМАА

                                                                                З.ЭНХЦЭЦЭГ