Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 183/шш2024/03160

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар183/ШШ2024/03160

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хаан банк цамхагт байрлах, Хаан банк ХК/РД:00000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЛХ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЛХ эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь Зээлдэгч ЛХ нь Хаан Банк" ХК-ийн БГ Бичил тооцооны төвтэй 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/201807091304802 тоот зээлийн гэрээ байгуулж 2,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул банк гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин сууж буй хаягаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2023/13187 дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЛХ хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон ургийн Нэргүйн Лхагвасүрэн /ЧА87042704/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болно. гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2023/13187 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн Н.Мөнгөнзулд олгосон итгэмжлэл, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/201807091304802 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээл буцаан төлөх хуваарь, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 201807091304802 дугаартай барьцааны гэрээний хуулбар, Хаан банкны гүйлгээний баримтын хуулбар, ЛХийн Хаан банкинд гаргасан хүсэлтийн хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, ЛХийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зээлдэгчтэй биечлэн газар дээр нь уулзсан тэмдэглэлийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хүсэлт гаргагч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЛХ эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

3. Хавтаст хэрэгт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2023/13187 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/201807091304802 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээл буцаан төлөх хуваарь, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 201807091304802 дугаартай барьцааны гэрээний хуулбар зэргээс үзвэл ЛХ нь Хаан банк ХК-иас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд ЛХ хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

 

Улмаар хариуцагч ЛХ нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонтын 30-19 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2023/13187 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Хаан банк ХК хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ЛХ эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

ЛХийн оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонтын 30-19 тоот хаягт оршин сууж байсан бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 85250024 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЛХ /00000//-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч ЛХ эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ