Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1017

 

Т.О-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00868 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.О-ийн нэхэмжлэлтэй,

2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Г.Далайхүүг 2006 онд үрчилж авсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Т.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны 3 дугаар сард Т.Ганбаттай гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн. Тухайн үед хүү Г.Далайхүү нь дөнгөж 2 нас хүрч байсан ба төрүүлсэн ээж нь ой гарантай байхад нь хүүгээ аав дээр нь орхиод салж явсан байсан. Энэ үеэс эхлэн миний бие хүү Г.Далайхүүг өөр дээрээ авч өсгөж, хүмүүжүүлсэн. Тухайн үед бид хүүхдээ өөсдийн нэр дээрээ авч бичиг баримтыг нь хөөцөлдөж авах гэсэн боловч төрүүлсэн эх нь олдоогүй, холбоо чадаагүй. Ингээд өнгөрсөн зун буюу 2019 онд Б.Бадамзултай уулзаж, хүүг үрчлүүлэх зөвшөөрөл бичиг хийлгэж авсан. Иймд миний бие хүү Г.Далайхүүг 2 настай байхад нь буюу 2006 онд үрчилж авсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.8 дахь хэсэгт заасныг баримтлан 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Г.Далайхүүг 2006 онд үрчилж авсныг тогтоолгохыг хүссэн Т.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат адавж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа "хүү Далайхүүг 2006 онд буюу 2 настайд нь үрчлэн авч өсгөж хүмүүжүүлсэн болохыг тогтоож өгнө үү" гэж хүссэн бөгөөд энэ тухай хорооны засаг даргын тодорхойлолт хорооны архивт байх өрхийн бүртгэлийн дэвтрийн 2006 оны хуулбар, хөршүүдийн гаргаж өгсөн тодорхойлолт, хэсгийн ахлагчийн тодорхойлолт, төрүүлсэн эх Б.Бадамзулын гаргасан хүсэлт тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар баталгаажуулагдсан байдаг. Тухайлбал хорооны архивт хадглагдаж байгаа 2006 оны өрхийн бүртгэлийн дэвтэрт Т.Ганбат, Т.О-, Г.Далайхүү нар бүртгэгдсэн байгааг, төрүүлсэн эх Б.Бадамзул нь гаргасан тайлбартаа хүү Далайхүүг 2005 онд 1 ой 5 сартай байхад нь аав Т.Ганбатын асрамжид үлдээгээд салж явсан гэх, хэсгийн ахлагч Ж.Жавзмаагийн Т.Ганбат, Т.О- нар нь 2005 онд гэр бүл болж миний хариуцсан гудамжинд амьдарч эхэлсэн энэ үед хүү Г.Далайхүү нь 2 нас хүрч байсан, хүүг Т.О- өгсөж хүмүүжүүлсэн гэх зэрэг тодорхойлолт, баримтуудаар нотлогддог. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг ач холбогдол бүхий талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Хүүхдийн эрхийн 1989 оны Конвенцын 21 дүгээр зүйлд заасныг жишээ татсан боловч төрүүлсэн эх Б.Бадамзул нь үрчлүүлэх зөвшөөрлөө тодорхой мэдээлэлтэй өгснийг... хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй. Нэхэмжлэгч нь үрчлэлтийн хүчин төгөлдөр болсон эсэх талаар маргаагүй, харин анх хэдий үеэс, хэдэн насанд нь үрчлэн авч өсгөж хүмүүжүүлсэн талаар буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор оршин суугаа газрынхаа харъяа шүүхэд хүсэлт гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.3, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа боловч анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна  өөр хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт, шаардлагын үндэслэлээ 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Г.Далайхүүг 2006 онд буюу 2 настайд нь үрчлэн авсан болохыг тогтоолгоно гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болно.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, шаардлагыг бүрэн тодруулаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.8 дах хэсэгт заасан журам зөрчигдсөн эсэх талаар гомдол, хүсэлт гаргаагүй байхад уг хуулийг хэрэглэсэн нь буруу байна.

Мөн нэхэмжлэгч нь иргэн Б.Алтанцол, Ц.Авидцэрэн, Т.Ганбат, Ж.Жавзмаа нарын бичгээр гаргасан тодорхойлолтуудыг шүүхэд гаргасан бөгөөд эдгээр иргэдийн гэрчилж тодорхойлсон баримт нь гэрчийн мэдүүлэг биш байхад тэдгээрийг гэрчээр оролцуулах эсэхийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөх, эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдсон эсэхэд хамааруулан дүгнэх боломжгүй байна.  /хх 9, 10, 18, 19/

Түүнчлэн, шүүх  бичмэл нотлох баримт болох талаас нь хэрхэн үнэлж, дүгнэсэн нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шүүх хөршүүдийн тодорхойлолтууд болон нотлох баримтыг бодитой харьцуулж дүгнээгүй...” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан болно.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00868 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН      

                                                          ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР    

                                                                                                            Н.БАТЗОРИГ