Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/37

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                Шүүгдэгч *******ын өмгөөлөгч П.Дониддолгор

                                Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******ын гаргасан давж заалдсан гомдлоор *******, О.Хадбаатар, Т.Батзориг нарт  холбогдох эрүүгийн 2026002430049 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                    

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Лувсандорж овогт *******,

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хөхөө овогт *******,

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Цэдэн овогт *******.

 

1. ******* нь тээврийн хэрэгсэл ашиглан О.Хадбаатартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цохиот 3 дугаар багийн нутаг “Хавцгай” гэх газраас иргэн Т.Баянмөнхийн өмчлөлийн 8 тооны адуу буюу бусдын олон тооны малыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 5600000/ таван сая зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

 

*******тай бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Баянтөхөм 3 дугаар багийн нутаг “Дэвшийн Ар” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 6 тооны адуу буюу бусдын олон тооны малыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 5500000/ таван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

 

2. ******* нь Т.Батзоригтой бүлэглэн, машин механизм ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цохиот 3 дугаар багийн нутаг “Хавцгай” гэх газраас иргэн Т.Баянмөнхийн өмчлөлийн 8 тооны адуу буюу бусдын олон тооны малыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 5600000/ таван сая зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

 

3. ******* нь Т.Батзоригтой бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Баянтөхөм 3 дугаар багийн нутаг “Дэвшийн ар” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 6 тооны адуу буюу бусдын олон тооны малыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 5500000/ таван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос *******, О.Хадбаатар, Т.Батзориг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.     

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Лувсандорж овогт *******, Хөхөө овогт *******, Цэдэн овогт ******* нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Батзоригийг хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар, О.Хадбаатар, ******* нарыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Батзориг, О.Хадбаатар, ******* нарын тус тус цагдан хоригдсон 6 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Т.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг хоёр жил таван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч *******, О.Хадбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Батзоригийг хоёр жил таван сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дэвсгэрээс явахыг, О.Хадбаатарыг хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг, *******ыг хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар Т.Батзоригт оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, О.Хадбаатарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Т.Батзоригийн эзэмшлийн 100000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй “Мустанг-5” маркын мотоцикль, шүүгдэгч *******ын эзэмшлийн 500000 төгрөгийн үнэлгээ бүхийн улсын дугааргүй Даюун маркын мотоциклийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхээр, Т.Батзориг, О.Хадбаатар нар нь хохирогч Т.Баянмөнхөд 5600000 төгрөгийг, Т.Батзориг, ******* нар нь хохирогч *******т 5500000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн, бичиг баримтгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн адууны шир 2 ширхгийг устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Монгол санхүү бүртгэл” ХХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 180000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, “Монгол санхүү бүртгэл” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 180000 төгрөгийн нэхэмжлэлээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батзориг, О.Хадбаатар, ******* нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батзориг, О.Хадбаатар, ******* нарыг шүүх хуралдааны танхимаас суллан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Би гэмт хэрэгт холбогдож шалгагдах үед Өвөрхангай аймгийн Богд суманд оршин сууж байсан бөгөөд 2021 оны 08 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багт шилжиж ирсэн ба ээж, дүү нарын хамт амьдардаг, ажил хийж гэр бүлээ тэжээдэг хөдөлмөрийн чадвартай ганц өрхийн гишүүн нь юм. Өвөрхангай аймгийн Богд суманд ажлын байр олдохгүй байсан тул Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд шилжиж ирж Цагдаагийн газрын хойно баригдаж буй барилгад ажилд орсон. Анхан шатны шүүхээс надад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Өршөөлийн хуульд заасны дагуу оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосон шийдвэр гаргасан. Манай гэр Арвайхээр суманд нүүж ирсэн, Арвайхээр суманд ажилд орсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт өөрчлөлт оруулж “Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс” гэснийг “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс” болгож өөрчилж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ******* нь анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнөхөн Арвайхээрт шилжиж ирсэн байдаг ч шүүх хуралдаанд биеийн байцаалт дээрээ Богд суманд оршин суудаг гэж мэдүүлсэн. Одоо Арвайхээр суманд амьдардаг тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолын зохих заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

******* нь тээврийн хэрэгсэл ашиглан О.Хадбаатартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цохиот 3 дугаар багийн нутаг “Хавцгай” гэх газраас иргэн Т.Баянмөнхийн өмчлөлийн 8 тооны адуу буюу бусдын олон тооны малыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 5600000/ таван сая зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан, мөн *******тай бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Баянтөхөм 3 дугаар багийн нутаг “Дэвшийн Ар” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 6 тооны адуу буюу бусдын олон тооны малыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 5500000/ таван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

******* нь Т.Батзоригтой бүлэглэн, машин механизм ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цохиот 3 дугаар багийн нутаг “Хавцгай” гэх газраас иргэн Т.Баянмөнхийн өмчлөлийн 8 тооны адуу буюу бусдын олон тооны малыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 5600000/ таван сая зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

******* нь Т.Батзоригтой бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Баянтөхөм 3 дугаар багийн нутаг “Дэвшийн ар” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 6 тооны адуу буюу бусдын олон тооны малыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 5500000/ таван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч хохирогч Т.Баянмөнх, *******, гэрч Т.Бат-Эрдэнэ, Д.Тогтохдорж, Ц.Тунгалаг, Н.Баасансүрэн, Н.Төгсбаяр, Д.Бат-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/60 дугаартай үнэлгээний тайлан, Монгол санхүү бүртгэл ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/30, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/36, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/02, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/03 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд, таньж оруулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгч Т.Батзориг, О.Хадбаатар, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд зэрэг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Т.Батзориг, О.Хадбаатар, ******* нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүхэд ...манай гэр Богд сумаас Арвайхээр суманд нүүж ирсэн, Арвайхээр суманд ажилд орсон тул зорчих эрх хязгаарлах ялыг Арвайхээр сумын нутаг дэвсгэрт эдлүүлж өгөхийг хүссэн гомдлыг гаргажээ.

 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 267 тоот тодорхойлолтоор шүүгдэгч ******* нь  Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд оршин суудаг нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, “Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс” гэснийг “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс” гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

6 дахь заалтын *******ыг хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух “Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс” гэснийг “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс” гэж өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.