Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 119/2017/0035/з |
Дугаар | 382 |
Огноо | 2018-10-10 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 382
Д.Э-н нэхэмжлэлтэй,
Орхон аймгийн Газрын харилцаа,
барилга, хот байгуулалтын газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Х.Батсүрэн,
Б.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,
Нэхэмжлэлийн шаардлага: “Э-О” ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, 18430433856942 нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хамтран эзэмшигчээс “Э-О” ХХК-ийг хасч, гэрчилгээг Д.Э-н нэр дээр гаргахыг даалгах тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0324 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-н “Э-О” ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, 18430433856942 нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хамтран эзэмшигчээс “Э-О” ХХК-ийг хасч, гэрчилгээг Д.Э-н нэр дээр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0324 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, өмгөөлөгч М.Г нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шуух хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Газрын тухай хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад орших бөгөөд Д.Э-н эзэмшиж буй газарт хамтран эзэмшигчээр “Э-О" ХХК-ийг нэмж “Э-О” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмших эрх олгож буй хариуцагчийн үйлдэл нь Газрын тухай хуулиар зохицуулагдах харилцаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ магадлалын хянах хэсэгт “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан болон Газрын тухай хуулийн “газар эзэмшүүлэх, ашиглуулах” гэсэн тавдугаар бүлэг нь энэ тохиолдолд хамааралгүй байна. Тавдугаар бүлэг нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас анх газар эзэмших тухай хүсэлтийг хэрхэн гаргаж, түүнийг захиргааны байгууллага хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан хуулийн зохицуулалт болно.
4. Түүнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан “газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх” тухай зохицуулалт энэ тохиолдолд мөн хамааралгүй” гэсэн нь Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал давж заалдах шатны шүүх “Э-О” ХХК- ийг хамтран эзэмшигчээр бүртгэж буй хариуцагчийн үйлдлийг зөвтгөх зорилгоор Газрын тухай хуулийг тухайн харилцаанд хамааралгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн. Угтаа шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслэж, тухайн харилцааг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээ буюу Газрын тухай хуулийг Үндсэн хуулийн үзэл баримтлал тухайн хуулийн зорилгод нийцүүлэн тайлбарлах замаар хэрэглэж шийдвэр гаргах үүрэгтэй.
5. Гэтэл давж заалдах шатны шүүхээс уг үүргээ умартан тухайн харилцаа нь Газрын тухай хуулиар зохицуулагдаагүй харилцаа байна хэмээн дүгнэж, яг ямар эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй талаар дүгнэлт хийгээгүй нь магадлал үндэслэлгүй гархад хүргэсэн байна.
6. Нөгөө талаас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь “Э-О” ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэхдээ Газрын тухай хуульд заасан журмыг баримтлаагүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан “хууль дээдлэх” зарчим улмаар Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх тусгай заримыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл байгааг анхаарч үзсэнгүй.
7. Магадлалын хянах хэсэгт “Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарлаж байгаачлан “Э-О” ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэвэл “эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөнө" харин тухайн компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцааг эзэмшигч, захирал, иргэн В.Г-г бүртгэвэл эрх нь зөрчигдөхгүй гэж дүгнэх боломжгүй....” гэсэн нь нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч бидний яриагүй зүйлийг зохиож худал бичсэн байна.
8. Хавтаст хэргийн 49 дэх талд хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн “Э- О" ХХК-ийн албан бланк бүхий хамтран эзэмшигчээр бүртгүүлэх тухай хүсэлт байх ба уг хүсэлт нь “Э-О” ХХК-иас Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандан гаргасан хүсэлт гэж шууд үзэх боломжгүй. Учир нь дээрх хүсэлтэд гүйцэтгэх захирал Д.Б гэх хүн гарын үсэг зурсан ба компанийн тамга тэмдэг дарагдаагүйгээс гадна Д.Б гэдэг хүн “Э-О” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаагүй болох нь хуулийн этгээдийн лавлагаанаас тодорхой байдаг. Гэтэл энэхүү нотлох баримтад ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй.
9. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
11. Нэхэмжлэгч Д.Э нь Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар 600 мкв газар эзэмших эрхтэй болсон бөгөөд Газрын алба нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд “Э-О” ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн байна. Нэхэмжлэгчээс захиргааны байгууллагын энэхүү бүртгэл хийсэн үйлдлийг эс зөвшөөрч, “газар эзэмших эрхэд үндэслэлгүй халдсан, Засаг даргын шийдвэр гараагүй байхад газар эзэмших эрх хэн нэгэнд үүсэхгүй” гэж, хариуцагчаас “шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэл хийсэн, газар шилжүүлээгүй учир Засаг даргын захирамж гарахгүй” гэж тус тус маргажээ.
12. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдэд аймгийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших эрх үүсдэг байна. Гэтэл энэ тохиолдолд “Э-О” ХХК-д газар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын шийдвэр гараагүй байхад нэгэнт бусдад эрх үүссэн газар эзэмших эрх дээр буюу эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчийг нэмж бүртгэснээр бодит байдалд гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүсч байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.
13. Мөн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрх нь хуульд заасан нөхцөл журмын дагуу үүсэх буюу Газрын тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших хүсэлт гаргаж, энэ дагуу захиргааны байгууллага судлан үзэж, улмаар Засаг даргын шийдвэр гарч, газар эзэмших гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгогдсноор үүсэх учиртай. Тухайн тохиолдолд “шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэсэн” гэж хариуцагчаас тайлбарлаж байгаа боловч шүүхийн шийдвэрээр хариуцагч Газрын албанд бүртгэл хийх үүрэг хүлээлгээгүй, зөвхөн талуудын тохиролцоог баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон байна.
14. Хэрэв дээрх байдлаар аливаа этгээдэд газар эзэмших эрх үүсэх бол энэ байдал нь Газрын тухай хуулийн үндсэн зарчим, тухайлбал иргэн бүр адил журмаар газар эзэмших эрх үүсэх, газар эзэмшүүлэх эсэхийг захиргааны байгууллага шийдвэрлэх, газар эзэмших, ашиглахад тэгш байдал, шударга ёсыг хангах, газар төрийн хяналт хамгаалалтад байх зарчимд нийцэхгүй юм.
15. Анхан шатны шүүхээс “Газрын тухай хуульд газрыг хамтран эзэмшүүлэх тухай тодорхой зохицуулалт байхгүй, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 10.12-т зааснаас ... дүгнэхэд бүртгэл нь илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь газар эзэмших ерөнхий зарчимд нийцээгүй, холбогдох журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
16. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 10.12-т заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээний арын нүүрэнд хамтран эзэмшигчийг бүртгэх” заалт нь Газрын тухай хуульд зааснаар Засаг даргын захирамж гарсан тохиолдолд хэрэгжих учиртай бөгөөд түүнээс биш эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр өөр бусад этгээдэд газар хамтран эзэмших эрхийг олгох агуулгагүй юм.
17. Давж заалдах шатны шүүхээс “талуудын хүсэлт, шүүхийн шийдвэрийн дагуу хамтран эзэмшигч нэмэгдсэн, хамтран эзэмших хэлбэр байж болохгүй гэсэн хориглосон зохицуулалт байхгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь Газрын тухай хуулийн дээрх зарчим, үзэл баримлалд нийцэхгүй байна.
18. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Эвлэрлийн гэрээнд “Д.Э-н эзэмшлийн 600 мкв талбайтай орон сууцны зориулалтын газар дээр хамтран эзэмшигчээр В.Г-г бүртгүүлэх” гэж Д.Э, В.Г нар тохиролцсноор газар эзэмших эрх үүсэхгүй, харин хуульд заасан журмын дагуу үүсэх учиртай, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
19. Хамтран эзэмшигчээр бүртгүүлэх тухай хүсэлтийг гуравдагч этгээдээс 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр захиргааны байгууллагад гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд “хамтран эзэмших бүртгэлийг 2015 онд хийсэн байх” гэж тайлбарласнаас үзэхэд уг бүртгэлийг 2015 онд үйлдсэн гэж үзэхээр байна. Иймд, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, дахь хэсэгт зааснаар Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй байхад хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь өөрт эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.
20. Хариуцагчийн “нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчингүй болсон” тухай тайлбар нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралгүй, энэ маргаанаар зөвхөн “хамтран эзэмшигч нэмж бүртгэсэн” үйл баримтыг хэлэлцэж байгаа тул шүүх зөвхөн захиргааны актын үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийв.
21. Гуравдагч этгээдийн “захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлсэн” гэх тайлбарын тухайд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 987 дугаар Шүүгчийн захирамжаар “газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн болохоос “газар хамтран эзэмшигчээр нэмэх” үйл баримтыг хэлэлцээгүй, маргааны үйл баримт нь энэ хэргийн үйл баримтаас өөр байх тул тухайн шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэл хийгдсэн гэж үзэхгүй.
22. Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс авсан мөнгөө буцааж өгөөгүй” гэх асуудал нь маргаан бүхий бүртгэлтэй хамааралгүй, иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал байна.
23. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0324 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 18430433856942 нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээнд “Э-О” ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хамтран эзэмшигчээс “Э-О” ХХК-ийг хасч, гэрчилгээг Д.Э-н нэр дээр олгохыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ