Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 0723

 

                                                            “Т у” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                              захиргааны хэргийн тухай

 

           Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0591 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т у” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0591 дүгээр шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3, 19.5-д заасныг тус тус баримтлан “Т у” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Т у” ХХК-д NE-026407 дугаар өргөдлийн дагуу L-48-106 дугаар планшетийн кодтой, Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумын нутагт байрлах “Хад овоо” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн “санал” авахаар Дундговь аймгийн Засаг даргад мэдэгдэл явуулахад тус аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр саналаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн. Үүний дараа Дундговь аймгийн Засаг дарга өөрийнх нь дэмжихгүй саналтай нь холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дэмжсэн санал өгсөн байдаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 2/494 дүгээр албан бичгийг шүүхэд ирүүлсэн. Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дэмжсэн саналыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагч байгууллага нотлох баримтаар шүүхэд гаргаж өсгөн, тус хайгуулын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байхад шүүх уг саналыг хариуцагч байгууллагад ирээгүй, өмнөх саналыг хуулийн хүчин төгөлдөр санал гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтаас үзэхэд Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар тогтоолоор нэр бүхий газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсныг бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтийг хариуцагч байгууллагад явуулсан байдаг бөгөөд үүний хариуд Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний 05 дугаар тогтоолын дагуу орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийг кадастрын системд бүртгэсэн гэж мэдэгдсэн байдаг. Гэтэл үүний өмнөх өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч “Т у” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Дундговь аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл явуулсан байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл тухайн үед хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх үндэслэлгүй гэж үзэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн орон нутгаас санал авахаар шийдвэрлэсэн мөртлөө одоо Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Энэхүү маргааны хувьд Дундговь аймгийн Засаг дарга өөрийнх нь дэмжихгүй саналтай нь холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дэмжсэн санал өгсөн байдаг бөгөөд үүнийг Засаг даргаас алдаагаа зассан захиргааны акт гаргасан гэж дүгнэх боломжтой. Нэгэнт Засаг дарга дэмжсэн санал өгсөн учраас нэхэмжлэгчийн хувьд цаашид Засаг даргын саналтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй юм.

Түүнчлэн нэгэнт аймгийн Засаг дарга нь дахин захиргааны акт гаргаж дэмжсэн санал ирүүлсэн тохиолдолд уг санал буюу өөрийн захиргааны байгууллагын захиргааны актыг хууль зүйн үндэслэлийг хариуцагч болох захиргааны байгууллага хянаж үзэх эрхгүй гэж үзэж байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явц нь хэд хэдэн үе шатаас бүрдсэн буюу хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход 1. Өргөдөл гаргах, 2. Өргөдлийг хянаж үзэх, 3. Орон нутагт мэдэгдэх, 4. Өргөдлийг шийдвэрлэх гэсэн үе шаттай бөгөөд тухайн үе шатанд хэрэглэгдэх тодорхой хуулийн зохицуулалттай байдаг. Хариуцагч хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаж үзэх үе шатанд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан 5 шийдвэрийн аль нэгийг сонгож гаргадаг. Тухайн үед хариуцагч захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасан шийдвэрийг гаргах үндэслэл байхгүй гэж үзээд 19.2.2-т заасны дагуу шийдвэр гаргаад Дундговь аймгийн Засаг дарга руу мэдэгдэл явуулсан. Гэтэл Дундговь аймгийн Засаг даргаас санал ирсний дараа орон нутаг руу мэдэгдэл явуулахаас өмнө буюу өргөдлийг хянаж үзэх үе шатанд хэрэглэгдэх зохицуулалт болох Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д зааснаар татгалзсан хариу өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 591 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

“Т у” ХХК нь Дундговь аймгийн Гурвансайхан суманд байрлах “Хад овоо” нэртэй 3986 гектар талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөдлийн Х20150928791 дүгээрт бүртгэн, өргөдлийг хянан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр санал авахаар Дундговь аймгийн Засаг даргад 6/7777 дугаар албан бичгийг хүргүүлсний дагуу аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн байна.

Дундговь аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Ханын хэц, Цагаан суварга, Дэлхийн хад орчмын 279021.46 га газрыг, Загийн ус орчмын 507997.69 га газрыг, Бан дохио орчмын 2687.09 га газрыг, Ханангийн хяр, Хатуу уул орчмын 47554.43 га газрыг тус тус байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хадгалах зорилгоор ой, амьтан, ургамал, усны нөөц болон байгаль, түүхийн дурсгалт газар хэмээн үзэж 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хамгаалалтад авч шийдвэрлэсэн байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу дээрх орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг бүртгүүлэхээр Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2/229 дүгээр албан бичгийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлжээ.

Дундговь аймгийн Гурвансайхан суманд байрлах “Хад овоо” нэртэй 3986 гектар талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлийг “Т у” ХХК-д олгохыг Дундговь аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дэмжсэн байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 295 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч компанийн кадастрын хэлтэст гаргасан өргөдлийн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцалтай гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 19.2.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх”, 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэж тус тус заасан ба нэхэмжлэгчийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргасны дараа хүсэлтэд дурдсан талбайн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд “Т у” ХХК нь өргөдөл гаргах үед энэ талаар мэдэх боломжгүй байжээ.

“Т у” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2/01 дүгээр албан бичгээр хариуцагч байгууллагад “...Ашигт малтмалын газраас тус талбайн хэсэг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан тухай бидэнд мэдээлсэн юм. Тиймээс манай талбайг орон нутгийн тусгай хамгаалалттай хэсгийг хасаад үлдсэн хэсгийг бидэнд олгож өгнө үү” хэмээн орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцаагүй хэсэгт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэгэнт түрүүлж гаргасан өргөдлийн талбайн зарим хэсгийг сүүлд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх тул орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл олгох боломжтой байтал олголгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус байхад анхан шатны шүүх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 он 295 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.  

Хэрэгт авагдсан /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/ Тойм зургаас үзвэл тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Дундговь аймгийн Гурвансайхан болон Өлзийт сумын нутаг дэвсгэрийг хамарч байх бөгөөд тусгай зөвшөөрөл хүссэн талбайн дийлэнх хэсэг байрлах Гурвансайхан сум уг газрыг тусгай хэрэгцээнд аваагүй, аймгийн Засаг дарга тухайн сумаас аливаа санал аваагүй атлаа дэмжихгүй гэх санал ирүүлснийг хариуцагч тодруулах боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу тухайн талбай байрших Гурвансайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй болох нь тогтоогдож байна.  

Дундговь аймгийн Засаг дарга тус аймгийн Гурвансайхан суманд байрлах “Хад овоо” нэртэй 3986 гектар талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлийг “Т у” ХХК-д олгох боломжгүй гэж 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр өгсөн “дэмжихгүй” гэх  саналаа 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дэмжих гэж өөрчилсөн нь Засаг даргаас өмнөх шийдвэрээ зассан захиргааны акт гаргасан гэж дүгнэх боломжтой байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй юм.

Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, “Т у” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2 дах хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0591 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.3, 19.2.5, 19.5-д заасныг тус тус баримтлан “Т у” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, “Т у” ХХК-д NE-026407 дугаар өргөдлийн дагуу L-48-106 дугаар планшетийн кодтой, Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумдын нутагт байрлах “Хад овоо” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                              ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

                             ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ

                            ШҮҮГЧ                                                                  Ц.САЙХАНТУЯА