Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/01809

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр Дугаар  183/ШШ2024/01809 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, ******* хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* хороолол, байр, 71 тоот хаягт байрлах ХХК /РД:/-д холбогдох,

 

16 903 225 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан 16 903 225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, цэнтр, 5 давхар, тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг ХХК-тай нэхэмжлэгч 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах хариуцагчийн байршилд очиж хүнд машин механизм буюу индүүгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж гэрээний харилцаа 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хоорондоо гэрээ байгуулснаас хойш нийт 28 хоног ажил гүйцэтгэсэн бөгөөд энэ нь 07 дугаар сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгчийн оператор болон нөгөө талын талбай инженер нарын гарын үсгийг зуруулж, баталгаажуулж авсан. Ажлын тэмдэглэл хуудас нь хэрэгт нотлох баримтаар авагдсанаар энэ өдөр нь нотлогддог. Нийт 28 хоног ажилласан ажлын хөлс болох 14 903 225 төгрөг, гэрээнд заасны дагуу нэг талын тээврийн хөлсийг захиалагч нь нэг талын хөлсийг, нөгөө талын хөлсийг гүйцэтгэгч нь даахаар зохицуулсан учраас нэг талын тээврийн хөлс болох 2 000 000 төгрөг, нийт 16 903 225 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Ах талуудын хооронд гэрээний харилцаа үүссэнээс хойш зөрчил үүсээд дахиж төлбөр мөнгөө төлж барагдуулах боломжийг нь олгоод бичиг өгч, зурвас бичээд, ажилтан руу нь утасдаад ямар нэгэн байдлаар нэг ч төгрөгийн урьдчилгаа төлбөр авч чадаагүй учраас удаа дараа мэдэгдсэний үндсэн дээр гүйцэтгэгч тал болох нэхэмжлэгч Б.******* нь гэрээг цуцалсан мэдэгдлээ хүргүүлээд, ажлын талбайгаас техникээ 08 дугаар сарын 02-ны өдөр авсан. Нэхэмжлэгчийн зүгээс нийт гэрээний үнийн дүн болох сард 16 500 000 төгрөгийн төлбөр тооцоотой ажиллахаар амралтын өдөр байхгүйгээр гэрээ байгуулсныг үзэхэд 16 500 000 төгрөгөө 31 хоногт хуваагаад, түүнийгээ 28 хоногт үржүүлэхэд 14 903 225 төгрөг гардаг. Мөн дээрээс нь нэмээд тээврийн зардал болох 2 000 000 төгрөгийг нэмж тооцсон гэв.

 

2. Хариуцагч ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай Б.******* нь ХХК-д холбогдуулан 16 903 225 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь иргэн Б.*******той 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр авто тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж гүйцэтгэгч тал 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажлын талбай дээр очсон. Ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 2.3-т наряд өгч ажил эхэлснээр ажил гүйцэтгэх хугацаа тоологдож эхэлнэ гэж заасан. Гэрээний дагуу ажлын 5 хоногт багтаан урьдчилгаа төлбөр болох 3 000 000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлэх байсан боловч улсын баяр наадмын бүх нийтийн амралтын өдрүүд таарч 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажил эхэлсэн. Бид шилжүүлгийн алдаанаас болж төлбөрийг шилжүүлэх боломжгүй байсан. 2023 оны 07 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд бороотой байсны улмаас сул зогсолт хийсэн. Гэрээний 5.2-т зааснаар цаг агаарын гэнэтийн нөхцөл байдлын улмаас сул зогсолт үүссэн тохиолдолд тухайн өдрийн сул зогсолтын төлбөр тооцогдохгүй болно гэж заасан. Б.******* нь гэрээний ерөнхий нөхцөлийн 7.3.6-д зааснаар гэрээ цуцлах тухай хүсэлтийг нөгөө талдаа 14 хоногийн өмнө мэдэгдэх ба гэрээг цуцлах хүсэлтийг хүлээн авч тэмдэглэл үйлдсэнээр эсвэл мэдэгдэлд хариу өгөх ердийн боломжит хугацаа буюу ажлын 14 өнгөрснөөр гэрээг цуцлагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчиж, захиалагч талд гэрээ цуцлах мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн хэр нь гүйцэтгэгч тал техникээ ажлын талбайгаас татаж авсан. Үүнээс болж захиалагч тал болох ХХК ажлаа үргэлжлүүлэх боломжгүйд хүрч их хэмжээний хохирол учирсан. Гэрээний тусгай нөхцөлийн 8.1-д зааснаар тээврийн зардлын нэг талыг захиалагч тал хариуцахаар заасан тул тээврийн зардалд нэхэмжилсэн 2 000 000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид компанид учирсан хохирлоо гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: 2023.09.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.07.04-ний өдрийн Авто тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэтгүүлэх тухай гэрээ, 2023.08.08-ны өдрийн дугаар итгэмжлэл, , Б.******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, төслийн талбайд ажилласан техникүүдийн мот/цаг. Рейс. Ажилласан цаг. Шатахуун авсан бүртгэлийн хуудас, 2023.08.02-ны өдрийн ХХК-ийн иргэн Б.*******ид хүргүүлсэн мэдэгдэл, фото зураг, 2023.08.02-ны өдрийн Б.*******ийн гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, Б.*******ийн дансны хуулга, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагааг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-15, 44 тал/

 

4. Хариуцагчаас: 2023.11.14-ний өдрийн итгэмжлэл, гийн иргэний үнэмлэхийн хуулбарыг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 23- 25 тал/

 

5. Хавтаст хэргийн 11-14 дүгээр талд авагдсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан 16 903 225 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Талуудын хооронд 2023.07.04-ний өдөр байгуулагдсан байгуулагдсан авто тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2023.07.0-ний өдрөөс 2023.07.31-ний өдөр хүртэл 28 хоног ажилласан. Уг гэрээгээр нэг сарын хөлсийг 16 500 000 төгрөг байхаар тохиролцсон тул 28 хоногийн төлбөрт 16 903 225 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2023.07.04-ний өдрөөс 2023.07.31-ний хооронд 28 хоногийн хугацаанд ажилласан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд техник талбайд 2023.07.10-ны өдөр ирж, 17-ны өдөр ажиллаж эхэлсэн. 2023.07.20,21,22-ны өдрүд бороотой байсан тул ажиллаагүй. Мөн гэрээ болон хуульд заасан гэрээ цуцлах заалтыг зөрчиж 2023.08.02-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж шууд техникээ татан авсны улмаас манай компанид их хэмжээний хохирол учирсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Зохигч 2023.07.04-ний өдөр авто тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаар бүхий Зам индүүдэгчээр захиалагчийн заасан талбайд тухайн техникийн тусламжтайгаар хийж гүйцэтгэх ажлыг мэргэжлийн түвшинд, аюул осолгүй гүйцэтгэх, захиалагч нь гүйцэтгэгч талын гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан, гэрээгээр заасан ажлын хөлсийг тооцон төлөхөөр харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 4-7 тал/

 

4.2 Автотээврийн тээврийн үндэсний төвийн 2024.04.24-ний өдрийн тодорхойлолтоор улсын дугаартай маркийн моделийн арлын дугаартай шар өнгийн тээврийн хэрэгсэл нь 2023.07.04-ний өдөр Б.*******ийн өмчлөлд бүртгэгдсэн болохыг тодорхойлсон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 44 тал/

 

4.3 Б.*******ийн эзэмшлийн Хаан банкин дахь дугаарын данснаас 2023.07.04-ний өдөр тээвэр гэх утгатай 2 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн, /хх 15 тал/

 

4.4 Хэргийн 11-14 дүгээр талд авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр үнэлээгүй.

 

5. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний төлбөр төлөгдөөгүй зэрэгт маргаангүй, харин машин механизмын ажилласан хугацаа, нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь хуульд нийцсэн эсэхэд маргаантай.

 

6. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөхийг шаардахгүй гагцхүү гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал болох ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээдэг.

 

Зохигчдийн хооронд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан авто тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн маркийн улсын дугаар бүхий зам индүүдэгчээр жолоочийн хамт захиалагчийн заасан талбайд тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нэг сарын 16 500 000 төгрөгийн хөлс төлөхөөр, гэрээний хугацааг тухайн техник ажлын талбайд ажиллаж эхэлсэн өдрөөс дуусах хүртэл байхаар тус тус тохиролцсон, хэсэг хугацаанд гэрээ хэрэгжсэн үйл баримт тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллах гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнээд гэрээний 3.1-д ...ажлын цагийн үргэлжлэх хугацаа 12 цаг байна... гэж, 4.1-д гүйцэтгэгч нь сард 2 өдөр буюу ажлын 22 цагийн засвар үйлчилгээний зөвшөөрөгдсөн цагтай... гэж заасныг харгалзан 23.07.04-ний өдрөөс 2023.07.31-ний өдрийг дуустал 27 хоногийн ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулах шаардах эрхтэй гэж дүгнээд 14 370 966 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэв. /16 500 000:31 хоног*532 258 төгрөг, нийт 14 370 966 төгрөг/

 

Түүнчлэн, гэрээний тусгай нөхцлийн 8.1-д нэг талын тээвэр захиалагч тал хариуцана гэж, 9.2-т гүйцэтгэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд гэрээний 8.1-д заасан зардлыг захиалагчид буцаан төлнө. Захиалагчийн буруутай үйлдлийн улмаас гэрээ цуцалсан тохиолдолд энэхүү заалт хамаарахгүй байхаар тохиролцсон байх ба хэргийн баримтаар нэхэмжлэгч 2023.07.04-ний өдөр тээврийн хөлс 2 000 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон тул 2 000 000 төгрөгийг мөн шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

7. Хариуцагчийн татгалзлын тухайд, хариуцагч маргаан бүхий техник нь 2023.07.17-ны өдөр талбайд ажиллаж эхэлснээс 2023 оны 7 дугаар сарын 20,21,22-ны өдрүүдэд бороо орсны улмаас сул зогссон, гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалсны улмаас хохирол учирсан, гэрээний 8.1-д тээвэрлэлтийн зардлыг нэхэмжлэгч хариуцахаар тохиролцсон тул тээврийн хөлс 2 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй зэргээр маргасан боловч хариуцагчийн татгалзал бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

 

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ бичгийн баримтаар нотлох үүрэгтэй байхаар зохицуулсан.

 

Хэргийн баримтаас үзэхэд 2023.11.25-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг тайлбарлаж, 2024.03.01-ний өдөр, 2024.04.03-ний өдөр тус тус хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

Иймд хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий хүсэлтийг гаргах боломжит хугацаа байсан боловч бичгийн баримт ирүүлээгүй, татгалзлаа нотлох эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Нөгөө талаас, гэрээний 1.2-т ... Техник ажлын талбай дээр очсоноор гэрээний урьдчилгаа 3 000 000 төгрөгийг ажлын 5 хоногт багтаан гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж заасан байна.

 

Хэргийн баримтаар хариуцагч уг төлбөрийг төлсөн болох нь нотлогдоогүй бөгөөд хариуцагчийн ирүүлсэн бичгийн тайлбарт ....шилжүүлгийн алдаа гарч төлбөрийг шилжүүлэх боломжгүй болсон... гэж дурдсанаас үзэхэд гэрээний урьчдилгааг шилжүүлэх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангахаар шийдвэрлэлээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэж гарын үсгээр баталгаажуулсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг дурдсан хүсэлт, баримтыг ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч ХХК /РД:/-иас 16 370 966 /арван зургаан сая гурван зуун далан мянга есөн зуун жаран зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД:*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 532 259 /таван зуун гучин хоёр мянга хоёр зуун тавин есөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 239 805 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ