Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2019/0067

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Д.У*******ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын Д.У*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Гашуунсухайт дахь гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор /цалин/-г хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У******* нь шүүхэд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтдээ: Д.У******* миний бие Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын Д.У*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Гашуунсухайт дахь гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор /цалин/-г хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..., 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй., мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заажээ.

Гаалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ Д.У******* нь татгалзаж буйгаа шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзсанаас гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын Д.У*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Гашуунсухайт дахь гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор /цалин/-г хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Д.У*******ийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН