Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1016

 

“ТШЕ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00841 дугаартай шийдвэртэй, нэхэмжлэгч “ТШЕ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С-84” СӨХ-д  холбогдох

1 953 552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ч.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч “ТШЕ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Т.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ОСНАА-н “ТШЕ” ХХК нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 84/б байрны орон сууцны ашиглалт засвар, үйчилгээ болон нийтийн эзэмшлийн орц, гараашийн дулаан, цэвэр бохир ус, шугамын засвар үйчилгээг хийж “С-84” СӨХ-той хамтран ажиллаж байна. Манай байгууллага нь “УБДТС” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, УСУГазар зэрэг газруудад гэрээтэй ажилладаг ба заасан хугацааны дагуу нэхэмжлэлээр ирүүлсэн төлбөрүүдийг төлөх үүрэгтэй. Энэ нь нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд гарч буй зардалд хамааралтай тул сар бүрийн 20-ны дотор төлдөг. Энэ өдрөөс хойш алданги хүлээдэг тул төлбөрөө цаг хугацаанд нь төлөх талаар утсаар болон албан мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан. О.Батсайхан гэх хүн өмнө нь СӨХ-ны даргаар ажиллаж байх хугацаандаа ашиглалтын төлбөрийг төлөөгүй. Манай тал удаа дараа албан бичиг өгч, шаардаж байсан. Ч.Дэлгэрсайхан гэх хүн СӨХ-ны захирлын ажлыг авч байгаа талаар мэдсэний дараа Ч.Дэлгэрсайхантай би өөрөө очиж уулзаж СӨХ манайд өртэй байгаа тул шүүхэд хандсан талаараа хэлэхэд ойлголцоогүй. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд өгч, энэ хугацаанд СӨХ-ны дарга өөрчлөгдсөн тул 9 дүгээр сарын 10-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Тухайн байрны нийтийн эзэмшлийн талбайг 266 м.кв-аар тооцож батлагдсан тарифийн дагуу төлбөрийг авдаг, барилгын зурагт талбайн хэмжээг тусгасан байдаг. Бид хариуцагч талтай бичгээр гэрээ байгуулаагүй боловч үйлчилгээ үзүүлж, ус дулаанаар хангадаг нь үнэн. Иймд хариуцагч “С-84” СӨХ-оос 2017 оны 11 сараас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны орцны халаалт 1.615.152 төгрөг, төлбөрт үйлчилгээ 310.400 төгрөг, баримтын үнэ 3.000 төгрөг, нотариатын төлбөр 25.000 төгрөг, нийт 1.953.552 төгрөгийг манай байгууллагад гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С-84” СӨХ шүүхэд болон төлөөлөгч Ч.Дэлгэрсайхан шүүх хуралдаанд хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 84б байрны 32 оршин суугч нар өөрийн өмчийг хамгаалахаар нэгдэн “С-84” Сууц өмчлөгчдийн холбоо байгуулан, цөөн айл өрхтэй учир 2017 оноос эхлэн “Мөнххаан” СӨХ-г хариуцдаг О.Батсайханыг гүйцэтгэх захирлаар томилсон. О.Батсайханыг ажиллаж байх хугацаандаа орон сууцны ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээ хийдэггүй, хог хаягдал ачдаггүй зэрэг ажлаа хангалтгүй хийж байсан гэсэн шалтгаанаар 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нийт оршин суугчид хурал хийж, СӨХ-ны гүйцэтгэх захирал О.Батсайханыг ажлаас чөлөөлөн оршин суугч дундаас томилох санал гарч Ч.Дэлгэрсайхан намайг гүйцэтгэх захирлаар сонгох шийдвэр гарсан. Энэхүү ажлаа өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд СӨХ-ны үйл ажиллагааг хэвийн авч явахын тулд Удирдах зөвлөл шийдвэрээр О.Батсайханыг ажлаас чөлөөлж, 2019 оны 9 дүгээр сараас эхлэн Ч.Дэлгэрсайхан намайг гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулсаар ирсэн. Намайг СӨХ-ны ажлыг хүлээж авах үед эвлэрүүлэн зуучлалаас над руу ярьсан, тэр үед би ажлаа бүрэн хүлээж аваагүй, гэрчилгээн дээр миний нэр ороогүй байсан. Би хувийн байдлаар шийдвэр гаргадаггүй, оршин суугчдын саналыг тусгадаг. Миний бие ажил хүлээн авснаас хойш 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №11 тоот албан бичгээр 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс өмнөх төлбөр тооцоог О.Батсайхан хариуцах тухай, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №12 тоот албан бичгээр ажил үйлчилгээгээ сайжруулах хүсэлт хүргүүлж манай байр 6 давхраас дээш халуун, хүйтэн ус очихгүй байгаа тухай тус тус албан бичиг явуулсан. “ТШЕ” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19/148 тоот албан бичгээр байрны нийтийн эзэмшил халаалтын төлбөр болох 1.995.916 төгрөг нэхэмжилсэн бичгийн дагуу “С-84” СӨХ-оос албан бичгээр 4 удаа хариу өгсөн. Мөн нэхэмжлэгч байгууллага дундын өмчлөлийн хэдэн м.кв талбайг ямар үнээр бодож төлбөр нэхэмжилж байгаа талаар тодруулахаар 10 дугаар сарын 30-ны өдөр бичиг өгсөн. Нэхэмжлэгч тал хариу ирүүлээгүй. Иймээс миний бие ажил хүлээж авснаас хойших хугацааны төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэлд дурдсан ямар төлбөрт үйлчилгээ үзүүлсэн талаар мэдэхгүй байна. Өмнөх дарга О.Батсайханы надад хүлээлгэж өгсөн санхүүгийн тооцоо баримтууд дотор танай контортой тооцоо нийлсэн акт баримт байхгүй, иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 216.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “С-84” СӨХ-оос 1.953.552 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ТШЕ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46.210 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “С-84” СӨХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өр төлбөрийг О.Батсайхан нь өөрөө "Шинэ тохилог ертөнц" ХХК-д 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулна гэж албан ёсоор бичиг бичиж өгсөн байдаг ба энэ үед манай СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Лхагва биечлэн байлцсан. Тиймээс энэ төлбөрийг СӨХ хариуцах ёсгүй, иргэн О.Батсайханаас нэхэж авах ёстойг "Шинэ тохилог ертөнц" ХХК болон түүний захирал Т.Отгонбаяр нь сайн мэдэж байгаа, хариуцагч нь манай СӨХ биш өрийг шилжүүлэн хариуцахаар болсон О.Батсайхан юм. Орон сууцны контор ажлаа хангалтгүй хийж айл өрхийг ус дулааны доголдол үүсгэсэн мөн үнэ тариф зөрүүтэй. СӨХ-тэй албан ёсны гэрээгүй байхад гэрээтэй эсэх асуудыг тодруулаагүй бөгөөд талуудын дунд яг ямар гэрээ байгуулагдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадалгүй Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 болон 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн. Манай 84б байрны хойно шинээр баригдсан барилгад үндэслэлгүйгээр манай шугамаас биднээс асууж хэлэлгүй ус дулаан өгч манай байрны ус дулааныг доголдох хэмжээнд хүргэсэн "Шинэ тохилог ертөнц"ХХК-ийн инженер гэх н.Бямбадорж нь байрны доор үезэл засвар үйлчилгээ хийнэ гэж Манай СӨХ-өөс 2.500.000 төг авсан боловч ямар нэг ажил үйлчилгээ хийгээгүй энэ байдлыг СӨХ-ны удирдлага солигдох үед мэдэж тухайн байгууллагад энэ талаар тодруулсан гэтэл байгууллагын захирал Т.Отгонбаяр энэ мөнгө авсныг мэдээгүй гэх ба инженер н.Бямбадорж нь байгууллагын удирдлагад мэдэгдээгүй мөнгө авч хэрэглэсэн байх магадлалтай ба энэ талаар хууль хяналтын байгууллагад өгч шалгуулж байгаа энэ хэрэг бүрэн шийдэгдээгүй байгаа болно. Дээрхи хэргийн талаар "Шинэ тохилог ертөнц"ХХК-ийн захирал Т.Отгонбаяр нь өөрөө мэдсээр байж инженертээ арга хэмжээ авахгүйгээр ажлаас халсан мөн анхан шатны шүүх хурал дээр уулзах үедээ би мэдээгүй хуулийн байгууллагаар шалгуулъя гэж байсан дараа шүүхийн шийдвэр гарсны дараа СӨХ-н захирал Ч.Дэлгэрсайхантай утсаар холбогдон чи ажил авснаас хойших мөнгөө л төлчих тэрнээс өмнөх шүүхэд нэхэмжилсэн мөнгөө би өөрийн инженер байсан Бямбадоржоос олж авна гэж ярьсан байдаг. Орон сууц нийтийн аж ахуйн газар болон бусад орон сууцны ашиглалт хариуцсан байгууллага таван давхраас дээш дундын халаалтын мөнгө авдаг гэтэл үндэслэлгүй мөнгө нэхсэн мөн төлбөрт үйлчилгээ нь зах зээлийн үнээс өндөр тогтоосон гэх мэт олон шалтгаан нөхцөл байгаа учир иргэд оршин суугч бид нар хурал хийж ярилцаж үзээд дээрх байгууллагаас нэхэмжилсэн мөнгийг төлөх бүрэн үндэслэл байхгүй тул төлөхөөс татгалзаж байгаа болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “ТШЕ” ХХК нь хариуцагч “С-84” СӨХ-нд холбогдуулан орцны халаалтын зардал 1.615.152 төгрөг, төлбөрт үйлчилгээ 310.400 төгрөг, баримтын үнэ 3.000 төгрөг, нотариатын төлбөр 25.000 төгрөг, нийт 1.953.552 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “ТШЕ” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон  тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 84б байрыг дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулдаг, хариуцагч  “С-84” СӨХ нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 84б байрны оршин суугчдын хурлын тогтоолоор  үйл ажиллагаа явуулдаг байна. /хх-ийн 5-6, 69/ 

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дах хэсэгт тус тус зааснаар 84б байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар  байрны орцны 266 м.кв талбайн 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хугацааны  дулааны төлбөр 1.615.152 төгрөгийг, төлбөрт үйлчилгээний хөлс 310.400 төгрөгийг хариуцагч “С-84” СӨХ нь мэргэжлийн байгууллага болох нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэх, төлбөр тооцооны баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 29-30/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд бичгээр гэрээ хийгдээгүй боловч дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын зардал 25.000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцох үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс засвар үйлчилгээ хийгээгүй, нийлүүлсэн дулаан доголдолтой байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нэхэмжлэгчид гомдлын шаардлага гаргаж байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 Мөн өмнө ажиллаж байсан захирлын үед үүссэн өр төлбөрийг хариуцахгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч СӨХ-ны гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн нь уг байрны дундын өмчлөлийн зүйл болох орцны дулааны төлбөр, төлбөрт үйлчилгээний хөлсийг төлөх үүргээс хариуцагч СӨХ-г чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Орон сууцны контор ажлаа хангалтгүй хийсэн, иргэн Бямбадоржтой холбоотой асуудал, 84б байрны шугамнаас өөр барилгад дулаан өгсөн, ус дулааны доголдол үүсгэсэн эсэх зэрэг нь энэ хэргийн маргааны зүйл биш тул хариуцагчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00841 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 210 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.  

       

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН      

                                                          ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР    

                                                                                                            Н.БАТЗОРИГ