| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04826/И |
| Дугаар | 183/шш2024/03159 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 183/шш2024/03159
| 2024 оны 07 сарын 30 өдөр | Дугаар183/ШШ2024/03159 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0-р хороо, -р хороолол, С.Шаравын гудамж, 4-р байр, 00 тоотод оршин суух Дээд чоно овогт АБ /-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч АБ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А Г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч АБ нь Миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл 2024 оны 3-р сарын 24-нд гаргасан боловч тус шүүхээс хариуцагч Г Баянзүрх дүүргийн 32-р хороо, Алтан өлгийн 7-76 тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анх миний бие гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Гийн хаягаар гаргасан боловч хариуцагч Г.Гантуяа нь тус хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр тус шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрэн сурвалжлах шаардлага гарсан юм. Ингээд эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарч уг шийдвэрээр түүний хаягийг Төв аймгийн цагдаагийн газраас олж тогтоож хариу өгсөн бөгөөд уг хаягаар нь миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлалын хуралд хариуцагч Г.Гантуяа ирсэн болно. Гэвч дараагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц болох шүүхийн шатанд нэхэмжлэл гаргаж шүүхийн мэдэгдэх хуудас, шүүхийн дуудсанаар ирээгүй. Хариуцагч Гийн одоо байгаа хаяг нь Баянзүрх дүүргийн 00-р хороо, Алтан-өлгийн 7-76 тоотод түр оршин сууж байгаа гэх цагдаагийн газрын тодорхойлолттой, мөн Улаанбаатар хот Ремакс хөрөнгө зуучлалын ХХК-д бичиг хэргийн ажилтай, утас 88196339 дугаараар холбогддог болно. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай, хариуцагч Гийн хаа байгаа нь тодорхойгүй мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2024/14817 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, иргэн Б.Даваахүүд олгосон итгэмжлэл, Төв аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 47/04-279 дугаартай албан бичиг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч АБ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
3. Хавтаст хэрэгт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2024/14817 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээс үзвэл Г.Гантуяа нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.
Улмаар хариуцагч Г.Гантуяа нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Баянзүрх дүүрэг, 32-р хороо, Алтан Өлгийн 7-76 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2024/14817 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан АБийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гийн оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Баянзүрх дүүрэг, 32-р хороо, Алтан Өлгийн 7-76 тоот хаягт байрлаж байсан, 88196339 дугаараар холбогддог байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 99143915 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ