Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 133/ШШ2024/00337

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг, 34-р байр “************” ХХК-нд холбогдох

Говь-Алтай аймгийн ********* сумын ********** багийн *********** 107-р байрны 2-р орцны 4 давхарын 2 өрөө 61метр квадрат орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ********* тогтоолгох, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг ********* нэр дээр шилжүүлж өгөхийг “Мөрөн-Алтай” ХХК-нд даалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн төлөөлөгч **********/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн ******** сумын ********* багийн *********** 107-р байрны 2-р орцны 4 давхарын 2 өрөө 61метр квадрат орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* тогтоолгох, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг ******** нэр дээр шилжүүлж өгөхийг “Мөрөн-Алтай” ХХК-нд даалгах” тухай

2. Нэхэмжлэгч ********** нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: *********** нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын ******* багт мал маллаж амьдардаг. ******** нь орон сууц авах гэж Солонго хороололд баригдсан байранд орон сууц асууж очоод ********* уулзахад одоо ********** хороололд шинээр баригдах 50 айлын орон сууцанд 50 хувь урьдчилгаа өгөөд М2-ыг 1,750,000 төгрөгөөр бодож орж болно гэсний дагуу орон сууц захиалгаар барих гэрээ байгуулан 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөг өгөөд 2022 оны 4-р улиралд багтаан ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулсан. Уг орон сууц нь гэрээнд заасан хугацаандаа ашиглалтанд ороогүй, 2024 оны 5 сард баригдаж дууссан айлууд орж байна гэж дуулаад хөдөөнөөс орж ирээд үлдэгдэл тооцоогоо дуусгасан. Ингээд орон сууцандаа орьё үл хөдлөхийн гэрчилгээгээ шилжүүлж авья гэхэд мкв үнийг нэмээд байр хүлээлгэх өгөхгүй байгаа тул Говь-Алтай аймаг ******** сум ***** баг ********107 дугаар байр 2-р орц 4 давхарын 2 өрөө 61 м2 орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ********тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг ********* нэр дээр шилжүүлж өгөхийг *********** ХХК-д даалгаж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ********* нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ******** сумын ********* багт мал маллаж амьдардаг. Тухайн орон сууцыг захиалаад захиалгын гэрээ хийсэн. **********гуайтай уулзахад 50 хувийн урьдчилгаа өгвөл метр квадратыг нь 1,750,000 төгрөгөөр бодож оруулна гэсний дагуу 50 сая төгрөгийг ******** гуайн данс руу шилжүүлж гэрээ байгуулсан. 2022 оны 05 дугаар сарын 24-нд 20 сая төгрөгийг ********* гээд ******* гуайн дансанд 5, 5 сая төгрөгөөр нь 4 хувааж нэг өдөр шилжүүлсэн. Дараа нь 06 дугаар сарын 01-нд дахиад ********* дугаартай ********** гуайн дансанд Даваа жимс гээд ********** гэсэн утгатайгаар 20 сая төгрөг шилжүүлээд, 06 дугаар сарын 22-нд 10 сая төгрөг шилжүүлснээр нийт 50 сая төгрөгийн урьдчилгаа өгч гэрээ байгуулсан. Ингэж гэрээ байгуулахдаа Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Энэ гэрээний эх хувийг нь шүүхэд хавсаргаж өгсөн байгаа. Нотлох баримт шинжлэн судлуулахдаа шинжлэн судлуулна. 50 сая төгрөгийн урьдчилгаа өгсөн дээр 2 тал ямар нэгэн маргаан байхгүй. ******** гуайн зүгээс энэ хүн 50 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд гэрээ хийгээд байр захиалсан нь үнэн гэсэн тайлбар ирүүлсэн байгаа. Мөнгө шилжүүлсэн баримтууд нь хавтаст хэргийн материалд байгаа учраас 50 сая төгрөг дээр ямар нэгэн гэрээ байхгүй байгаа. Тухайн гэрээг 2022 оны 06 дугаар сарын 01-нд гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар энэ байрыг 2023 оны 04 дүгээр улиралдаа багтаагаад ашиглалтад оруулна гэж гэрээ байгуулж байсан. Байр ашиглалтад оруулаад барилга баригдаж дуусахад үлдэгдэл 50 хувиа өгөхөөр тохиролцоод гэрээ байгуулсан. Ингээд 2023 онд тухайн байр маань ашиглалтад орж баригдаж дуусахгүй байж байгаад 2024 оны 05 сард тухайн байр ашиглалтад ороод эхнээсээ айлууд нь орж байгаа гэдэг сураг сонсоод хөдөөнөөс орж ирээд дахиад үлдэгдэл тооцоогоо хийсэн. Ингэхдээ 2024 оны 05 дугаар сарын 17-нд ирээд 40 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2024 оны 06 дугаар сарын 07-нд үлдэгдэл 16,750,000 төгрөг гээд 56,750,000 төгрөг, нийт гэрээнд заасныхаа дагуу байрны үнэ 106,750,000 төгрөгийг *********** гуайн дансанд бүрэн шилжүүлж дуусгасан. Тэгээд байрандаа оръё, байрныхаа түлхүүрийг хүлээж авъя, өөрийнхөө нэр дээр шилжүүлье гэхэд 2024 онд байрны ханш 2,200,000 болсон. Тийм учраас зөрүү мөнгө төлж байж байрны түлхүүр өгнө гэсэн тул шүүхэд хандсан. Иймд анх байгуулсан гэрээнийхээ дагуу байрныхаа үнийг төлж барагдуулсан учраас Говь-Алтай аймгийн ******** сум, *********** баг, *********** 107 дугаар байрны 2 дугаар орц 4 давхрын 2 өрөө буюу 42 тоот 61м2 орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ********** тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг *********** нэр дээр шилжүүлж өгөхийг *********** ХХК-д даалгах тухай гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг бүрэн дэмжиж байна гэжээ.

3. Хариуцагчийн төлөөлөгч *********** хариу тайлбарын агуулга: Манай ************* ХХК нь Говь-Алтай аймгийн ****** сумын ****** багийн ******* 2022 оны 05 сараас 50 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн. ********* нь 2022 оны 06 сарын 01-нд 61м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,750,000 төгрөгөөр нийт 106,750,000 төгрөгөөр захиалан урьдчилгаа 50,000,000 төгрөгийг өгч гэрээ байгуулан 2023 онд үлдэгдэл төлбөр болох 56,750,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж дуусгахаар захиалсан. Гэвч ********* нь 2023 онд хэд хэдэн удаа утсаар ярих болон мессеж бичин үлдэгдэл төлбөрөө барагдуулахыг сануулсан боловч ямар ч төлбөр төлөөгүй. Иймд манай компани гэрээнд заасны дагуу үлдэгдэл м.кв-ын үнийг байр ашиглалтанд орох үеийн м.кв үнэ болох 1 м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр бодож төлбөрөө дуусгахыг шаардсан болно гэжээ.

6. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Орон сууц захиалгаар барих гэрээ

- ********* депозит дансны дэлгэрэнгүй хуулга

- Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар

-Төрийн банкны шилжүүлгийн баримтын хуулбарууд

- Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт

7. Хариуцагч нараас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Орон сууц захиалгаар барих гэрээ

- ******** депозит дансны дэлгэрэнгүй хуулга

- Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар

-Төрийн банкны шилжүүлгийн баримтын хуулбарууд

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч*********** нь хариуцагч “*********” ХХК-нд холбогдуулан “Говь-Алтай аймгийн ******** сумын ********* багийн ********** 107-р байрны 2-р орцны 4 давхарын 2 өрөө 61метр квадрат орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ********** тогтоолгох, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг ********** нэр дээр шилжүүлж өгөхийг “*********” ХХК-нд даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******** ХХК-тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, урьдчилгаа 50,000,000 төгрөгийг төлсөн. 2024 оны 5 сард үлдэгдэл тооцоогоо дуусгасан. Ингээд орон сууцандаа орьё үл хөдлөхийн гэрчилгээгээ шилжүүлж авья гэхэд мкв үнийг нэмээд байр хүлээлгэх өгөхгүй байгаа тул Говь-Алтай аймаг ****** сум ***** баг ********* 107 дугаар байр 2-р орц 4 давхарын 2 өрөө 61 м2 орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******** тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг *********** нэр дээр шилжүүлж өгөхийг ********* ХХК-д даалгаж ... гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч нь татгалзалын үндэслэлээ “...********* нь 2022 оны 06 сарын 01-нд 61м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,750,000 төгрөгөөр нийт 106,750,000 төгрөгөөр захиалан урьдчилгаа 50,000,000 төгрөгийг өгч гэрээ байгуулан 2023 онд үлдэгдэл төлбөр болох 56,750,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж дуусгахаар захиалсан. Гэвч ******** нь 2023 онд хэд хэдэн удаа утсаар ярих болон мессеж бичин үлдэгдэл төлбөрөө барагдуулахыг сануулсан боловч ямар ч төлбөр төлөөгүй. Иймд манай компани гэрээнд заасны дагуу үлдэгдэл м.кв-ын үнийг байр ашиглалтанд орох үеийн м.кв үнэ болох 1 м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр бодож төлбөрөө дуусгахыг шаардсан болно...” гэж маргаж байна.

5. Талуудын хооронд бий болсон үйл баримт, тохиролцоонд хууль зүйн дүгнэлт хийхэд хариуцагч “********” ХХК нь Говь-Алтай аймгийн ******** сумын **** багийн ********* 2022 оны 05 сараас 50 айлын орон сууцыг барьж байх явцад нэхэмжлэгч ********** нь Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн ********** 107-р байрны 2-р орцны 4 давхарын 2 өрөө 61метр квадрат орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг захиалсан болох нь талуудын тайлбар болон орон сууц захиалгаар барих гэрээгээр тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээг бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд талуудын хооронд үүссэн анхдагч харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Тодруулбал талуудын хооронд хэлцэл хийж байгаа нь бий болоогүй хөрөнгийг урьдчилгаа төлөх байдлаар буюу тодорхой хэсгийг захиалагчийн хөрөнгөөр барьж тодорхой үр дүн бий болгох зорилготой хэлцэл хийгдсэн байгаа шинжээрээ ажил гүйцэтгэх гэрээ юм. Иргэний хуулийн гэрээний тусгай зохицуулалтад ажил гүйцэтгэх гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдаагүй боловч талууд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгаар барих гэрээг бичгээр байгуулжээ.

6. Улмаар хариуцагч нь 2023 онд үлдсэн төлбөрөө төлөх ёстой гэж гэрээ байгуулсан ба хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул барилга ашиглалтанд орох үеийн  м.кв үнэ болох 1 м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр бодож төлбөрөө дуусгахыг шаардсан нь маргааны зүйл болж байна.

7. Нэг талаас “*******” ХХК, нөгөө талаас ******* нар нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгаар барих гэрээг байгуулжээ. Энэ гэрээгээр гүйцэтгэгч нь Говь-Алтай аймгийн *********** сумын ********* багийн ********, 2-р орцны 4 давхарын 2 өрөө 61мкв талбайтай орон сууцыг ашиглалтад оруулахаар, захиалагч нь нэг мкв үнэ 1.7500.000 төгрөг, нийт 106,750,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Хэргийн баримтаар орон сууцны үнийг мкв 1,750,000 төгрөгөөр тооцож бүрэн төлсөн болох нь “******” ХХК болон ********* нарын тайлбар болон орон сууц захиалгаар барих гэрээний төлбөр төлөх хуваарьт нэхэмжлэгч ******** нь урьдчилгаа 50,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлсөн гэж тусгасан, төрийн банкны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар ********* тоот дансруу 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт, Хаан банкны 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн ********** тоот дансруу 16,750,000 төгрөгийг шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдсон. Түүнчлэн хариуцагч “*********” ХХК-ийн зүгээс 106,750,000 төгрөгийг төлсөнд маргаагүй байна.

Мөн Говь-Алтай аймгийн ******** сумын ********* багийн ********* барих орон сууцыг 2023 онд ашиглалтанд оруулахаар байсан ч 2024 оны 05 дугаар сард ашиглалтанд оруулсанд талууд маргаагүй.

Талуудын хооронд үүргийн хэлцэл хийгдэж нэхэмжлэгч гэрээнд заасан үнийг бүрэн төлснөөр үүргийн хэлцэл биелэсэн. Харин хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тухайлбал орон сууцыг ******** шилжүүлж өгөөгүй болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан, нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлж үнийг төлсөн гэж үзсэн тул тэрээр шаардах эрхтэй байна.

8. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч “***********” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ анхдагч байдлаар хийгдсэн, ажлын тодорхой хэсгийг урьдчилгаа төлбөр авч буюу захиалагчийн хөрөнгөөр гүйцэтгэхээр тохирч гүйцэтгэсэн байгаагаас Говь-Алтай аймгийн ********* сумын ********** багийн Солонго хороолол, 2-р орцны 4 давхарын 2 өрөө 61мкв талбайтай орон сууцанд захиалагч буюу энэ хэргийн нэхэмжлэгч ****** мөнгөн хөрөнгө шингэж түүний өмч болсон байна.

9. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцааны явцад өмчлөл үүссэн гэж үзэхээр байна.

10. Орон сууц захиалгаар барих гэрээний 3.3-т гүйцэтгэгч нь захиалагчийг орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай гүйцэтгэгчийн зүгээс бүрдүүлбэл зохих бичиг баримтыг захиалагч орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд өгөх үүрэг хүлээнэ” гэж заажээ.

11. Хуулийн дээрх заалтуудын дагуу нэхэмжлэгч ******* хариуцагч “**********” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Говь-Алтай аймгийн ********* сумын ******** багийн ********* 107-р байрны 2-р орцны 4 давхарын 2 өрөө 61метр квадрат орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ********* тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг ********* нэр дээр шилжүүлж өгөхийг “Мөрөн-Алтай” ХХК-нд даалгах” хуульзүйн үндэслэлтэй.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “********” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******** олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* овгийн ****** “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Солонго хороолол 107-р байрны 2-р орцны 4 давхарын 2 өрөө 61метр квадрат орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг ******** нэр дээр шилжүүлж өгөхийг “**********” ХХК-нд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*********” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******** олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Н.ОЮУНБИЛЭГ