| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04776/И |
| Дугаар | 183/шш2024/03157 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 183/шш2024/03157
| 2024 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 183/ШШ2024/03157 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 16-р хороо, Буянт-Ухаа, Наадамчдын зам гудамж 717-р байр 62 тоотод оршин суух, Наянбаатарын Б/-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч, Н.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь Н.Б миний бие автомашин борлуулдаг, худалддаг "БХ ны гүйцэтгэх захирал А.Г BMW XDrive sport X1 4WD 1990 сс маркийн хар өнгийн, 130000 км гүйлттэй автомашиныг 36,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож 2022 оны 03-р сарын 18-ны өдөр гэрээ байгуулж Гийн Хаан банкны 5003358003 тоот дансанд урьдчилгаа болгож 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. 2022 оны 5-р сарын 26-ны өдөр гэрээний дагуу гааль дээр захиалсан машинаа авах гэтэл 4 хаалга нь хонхорхой, асахгүй, урд буфер нь зурагдсан, дээр доороо сэвтэж эвдэрсэн, хөгжмийн дэлгэц хагархай, лүүк болон явах эд ангид дуу чимээ ихтэй байсан учир Н.Б миний бие автомашиныг хүлээж аваагүй болно. А.Г гаалиас автомашинаа аваад засаж янзлаад хүлээлгэж өгөхөөр тохиролцож гаалиас автомашинаа гаргаж авахын тулд мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд үлдэгдэл болох 19,000,000 төгрөгийг 2022 оны 5-р сарын 28 ны өдөр Хаан банкны 5431181592 тоот "Бизхаус" нэртэй дансанд шилжүүлэн авсан болно. Автомашиныг бүрэн засварлаж дууссан гэж хэлсний дагуу 2022 оны 6-р дугаар сарын 03-ны өдөр Нарны замын "Доктор авто засвар"-ын газраас автомашинаа авахаар очтол автомашиныг огт засаж янзлаагүй байдалтай байсан ба улсын оношилгоонд оруулах гэтэл тэнцээгүй тул энэхүү автомашиныг авахаас татгалзаж Гээс 36,000,000 төгрөгөө буцааж авъя гэхэд зөвшөөрч 2022 оны 12 сараас эхлэн 2023 оны 7 сар хүртэл хугацаанд, нийт 32,000,000 төгрөгийг төлж барагдуулаад байна. Иймд талуудын хооронд хийсэн худалдах худалдан авах гэрээнд заасны дагуу худалдан авагчид автомашиныг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх ёстой байтал гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж үлдэгдэл болох 4,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Гийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн Э.Содбаярт олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2024/11243 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, фото зураг, Голомт банкны 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн мемориалын баримтын хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Н.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
3. Хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2024/11243 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаас үзвэл А.Г хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.
Улмаар хариуцагч А.Г нь нэхэмжлэгчийн тодорхойлсон Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 21-р байр, 32 тоот хаягт оршин суудаггүй болох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2024/11243 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Н.Бын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гийн оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 21-р байр, 32 тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 94016262 80466262 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ