Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2016/0294

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа би, М.Б*******ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б******* нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:

...танай шүүхэд хэрэг хянан шийдвэрлэж байх хугацаанд нэхэмжлэгч М.Б******* миний газар эзэмших хүсэлтийг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба хүлээн авч, бусдын эзэмшил газартай давхцалгүй, ямар нэгэн маргаангүй гэж үзэн газар эзэмших эрхийг олгосон болно.

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б******* нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамжийн Ж.М*******, П.Э*******, Д.Б*******, 2007 оны 07 дугаар захирамжийн Д.Б*******, А.Б*******, С.М******* нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч М.Б******* нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч М.Б*******д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан М.Б*******ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч М.Б******* нь ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамжийн Ж.М*******, П.Э*******, Д.Б*******, 2007 оны 07 дугаар захирамжийн Д.Б*******, А.Б*******, С.М******* нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Нэхэмжлэгч М.Б******* улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА