| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00394/И |
| Дугаар | 133/ШШ2024/00339 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 133/ШШ2024/00339
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: **************** нэхэмжлэлтэй
мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ихэс багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ************ нь ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт тус аймгийн ******* сумд мал маллаж амьдардаг. ********* нь 1985 онд Дарив сумын 8-н жилийн сургуулийг төгсөөд, 1986 онд цэргийн албанд татагдаж цэрэгт явж ирээд аав ээжийн хамт мал маллаж байгаад 1992 оны 08сарын 30-ний өдөр ******** гэр бүл болж одоог хүртэл мал маллаж амьдарч байгаа. ******* нь өндөр насны тэтгэвэрт гарах гээд Говь-Алтай аймгийн архиваас мал маллаж байсан талаар лавлагаа авахад 1993 оны баримт архивт байхгүй байсан тул 1994 оны мал тооллогын баримтаас 1993 оны ******* малын тоог үндэслэн лавлагаа гаргуулсан байгаа. Нийгмийн даатгалаас 1993 онд мал маллаж байсан талаар шүүхээр тогтоолгож ирүүл гэсэн тул шүүхэд хандаж байгаа юм. гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Оршин суугаа хаягийн бүртгэл/****/
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 335 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ****** 1994 мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ********** нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ихэс багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.
Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. *********** нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ихэс багт мал маллаж байсан болох нь:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 335 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Дарви сумын Ихэс багийн малчин, өрхийн тэргүүлэгч ******** мал маллаж байсан хугацаа 1992, 1994 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.
-Нэхэмжлэгч ******** 1994 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.
Тус архивын лавлагаанд мөн Дарви сумын 1993 оны малын А данс шилжиж ирээгүй тул ******** лавлагаа олгох боломжгүй болно гэжээ.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ************ 1993 оны малын А данс архивт байхгүй боловч 1994 оны малын А дансанд 1993 оны жилийн эцсийн тооллогоор байсан мал гээд бүгд 300, тэмээ-2, адуу-6, үхэр-8, хонь-235, ямаа-49 гэж бүртгэгдэн тоологдож байсан болох нь нотлогдож байна.
6. Иймд ********* 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ихэс багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********* 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ихэс багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ