Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 366

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан

-улсын яллагч Г.Энхмаа

-хохирогч, шүүгдэгч Б.Мөнхзул, Ш.Эрдэнсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Торгууд овгийн Баатарын Мөнхзул, Мод овгийн Шаандарын Эрдэнэсүх нарт холбогдох эрүүгийн 1734002800128 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1985 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Эвсэг сайхан ХХК-нд засварчин ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 17-16 тоотод оршин суух ял шийтгэлгүй Торгууд овгийн Баатарын Мөнхзул РД/РХ:85022417/

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1979 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт оршин суух урьд ял шийтгэлгүй  Мод овгийн Шаандарын Эрдэнэсүх РД/ФБ:79050408/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/ Шүүгдэгч Б.Мөнхзул, Ш.Эрдэнэсүх нар нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч хохирогч Б.Мөнхзул шүүхийн хэлэлцүүлэгт: Хэрэг гарах өдөр Эрдэнэсүх надруу залгаад гэртээ харьцгаая гэхээр нь би ахындаа хононо гэтэл намайг гараад ир ярих юм байна гэсэн. Тэгээд бид хоёр гадаа гарч маргалдаад Эрдэнэсүх  надруу чулуу барьж дайраад байхаар нь буцаж гүйгээд ахынхруугаа орох гэтэл араас татхаар нь хашаа руу татаж хоолойг нь шахаж байгаад гарт нь байсан чулууг авах гээд зодолдсон. Миний толгой овойж, нүд хөхөрсөн. Эрдэнэсүхэд гомдол саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч хохирогч Ш.Эрдэнэсүх шүүхийн хэлэлцүүлэгт: Мөнхзулыг би ахынд нь байхад гараад ир гэж дуудсан. Тэгээд гэрийн гадаа маргалдаад яахав гээд гудамжинд гарсан. Мөнхзул харихгүй гээд буцаад гүйхээр нь би явуулахгүй гэсэндээ араас нь зууралдаад зодолдсон. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч хохирогч Б.Мөнхзулын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр миний цалин 700.000 төгрөг орсон. Эхнэр Эрдэнэсүхийг архи уучхана гэж бодоод тэр мөнгийг өөрийнхөө ХААН банкны дансанд хийгээд эргээд авах гэтэл миний дансыг хаалгасан байсан. Намайг ахындаа хоол идээд сууж байтал эхнэр орж ирээд намайг гэртээ харъя гэсэн. Би хоолоо идэж дуусаад гэртээ харья гэтэл үгүй гээд намайг гэр орноосоо зугтлаа гээд хэрүүл өдөж эхэлсэн. Тэгээд бид хоёрын дунд хэрүүл зодоон болоод Эрдэнэсүх чулуу барьж миний толгой руу цохисон. Би чулууг нь гараас нь салгах гээд гарыг нь мушгиж, хашаанд шахаж хоолойг нь боож байгаад  чулууг нь гараас нь салгасан. Эрдэнэсүх намайг хэл амаар доромжилж нүүрлүү гараараа цохитол хамраас цус гарсан. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 29-33/,

 

Шүүгдэгч хохирогч Ш.Эрдэнэсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би Мөнхзултай уулзахаар түүний ахын гэрт очсон. Тэгээд би Мөнхзулд гэртээ харья гэтэл гэрт очиж яадаг юм бэ чамд мөнгө өгөх албатай юу  гээд нүүрлүү нулимсан. Тэгээд миний чихрүү гараараа цохисон. Дараа нь газраас чулуу авч эгэмрүү цохисон, дараа нь тэр чулуугаараа гарлуу хальт цохисон.  Намайг хашаанд тулган цамцаар хүзүү боосон. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 22-26 хуудас/,

 

Гэрч Ш.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Мөнхзул Эрдэнсүхийг заамдаад хашаанд тулгачихсан зогсож байснаа намайг харчхаад ахынхаа хашаа руу гүйгээд орчихсон. Дараа нь би Эрдэнэсүхийн хамтаар Мөнх-Эрдэнийн ахынхруу ортол Эрдэнэсүх гараараа Мөнхзулын хамар баруун нүд орчимд нь 1 удаа цохиж авсан. Тэгээд Мөнхзулын хамраас цус гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,

 

Гэрч А.Нарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Мөнхзулыг гаднаас орж ирээд байж байтал нь араас нь Эрдэнэсүх орж ирээд Мөнхзулруу гар утас шидээд түүний нүүрлүү буюу хамар, баруун нүд орчимд нь 1 удаа цохиход хамраас нь цус гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,

 

Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: Мөнхзулыг гаднаас орж ирээд байж байтал нь араас нь Эрдэнэсүх орж ирээд Мөнхзулруу гар утас шидээд түүний нүүрлүү буюу хамар, баруун нүд орчимд нь 1 удаа цохиход хамраас нь цус гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 515 тоот дүгнэлт /хх-ийн 43 хуудас/,

Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 516 тоот дүгнэлт /хх-ийн 45 хуудас/,

Шүүгдэгч Б.Мөнхзулын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуудас/,

Шүүгдэгч Ш.Эрдэнэсүхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Мөнхзул, Ш.Эрдэнэсүх нар нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч хохирогч Б.Мөнхзул, Ш.Эрдэнэсүх, гэрч Ш.Мөнхтуяа, гэрч А.Нарантуяа, гэрч Б.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон № 515, 516 тоот дүгнэлтүүд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхзул, Ш.Эрдэнэсүх нарын үйлдэлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч хохирогч Б.Мөнхзул, Ш.Эрдэнэсүх нар харилцан бие биедээ санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

 

            Шүүгдэгч Б.Мөнхзул, Ш.Эрдэнэсүх нарын анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд байдлыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцов.

 

            Шүүгдэгч Б.Мөнхзул, Ш.Эрдэнэсүх нарын хөрөнгийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг шүүхээс Б.Мөнхзулыг торгох ялыг 03 сарын, Ш.Эрдэнэсүхийг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхзулын эзэмшлийн Субару Форестер маркийн 24-00 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.Мөнхзулын эзэмшлийн 32 инчийн Тошиба брендийн зурагт 1ш, Акира маркийн будаа агшаагч 1 ширхэг тус бүрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг шүүгдэгч Б.Мөнхзул, Ш.Эрдэнэсүх нар нь хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Шүүгдэгч Торгууд овгийн Баатарын Мөнхзул, Мод овгийн Шаандарын Эрдэнэсүх нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхзул, Ш.Эрдэнэсүх нарыг 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Мөнхзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.0000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч Ш.Эрдэнэсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.0000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхзул, Ш.Эрдэнэсүх нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Мөнхзулын эзэмшлийн Субару Форестер маркийн 24-00 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.Мөнхзулын эзэмшлийн 32 инчийн Тошиба брендийн зурагт 1ш, Акира маркийн будаа агшаагч 1 ширхэг тус бүрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Мөнхзул, Ш.Эрдэнэсүх нар нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхзул, Ш.Эрдэнэсүх нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мөнхзул, Ш.Эрдэнэсүх нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.МӨНХТУЯА