Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2016/0288

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.О*******, нэхэмжлэгч А.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагч Хууль зүйн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р*******, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******, гэрч А.А, иргэдийн төлөөлөгч С.О******* нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар иргэн А.Э*******ын нэхэмжлэлтэй, Хууль зүйн сайд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Э******* шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд хандан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дээрх тогтоол нь хүчингүй болсон байх тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзаж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нь иргэн А.Э*******ын Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам-ын зарим зүйл заалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Хууль зүйн сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Э******* нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд дээрх шаардлагыг шүүх хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1509 дүгээр захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг хариуцагчаар татан оролцуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.

Шүүх А.Э*******ын нэхэмжлэлтэй, Хууль зүйн сайд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоол гарсантай холбогдуулан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн байх бөгөөд энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41 дүгээр зүйлийн 41.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасантай нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 43 дугаар зүйлийн 43.4-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгч А.Э******* болон түүний өмгөөлөгч Б.Г******* нарт тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э******* нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

ШҮҮГЧИД Ц.САЙХАНТУЯА

О.ОЮУНГЭРЭЛ