Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/41

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

               Прокурор Б.Эрдэнэбаяр

               Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Гандөш

               Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2127000080031 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                   

 

Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг “Бургат” гэх газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Тайжийнхан овогтой Хэнмэдхэвийн Болд /РД.ЙБ75080111/.

 

Монгол улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Тайж овогтой ******* /*******/.

 

******* нь 2020 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн “Бугат” гэх газрын ойд 22 ширхэг нойтон шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ******* улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1 847 499 төгрөгний шууд хохирол учруулсан,

 

******* нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр *******ын зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 22 ширхэг нойтон шинэс модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрээс Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр ******* улсын дугаартай Пронтер маркын автомашинаар тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Тайжийнхан овогтой Хэнмэдхэвийн Болдыг зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн, шүүгдэгч Тайж овогтой *******г зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2127000080031 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******оос ойн санд учруулсан хохирол 5 542 497 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхдээ ажигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1 500 00 төгрөг, *******гийн гэмт хэрэг үйлэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1 000 000 төгрөгийг, хууль бусаар бэлтгэсэн 110 000 төгрөгийн үнэлгээ бүхий 22 ширхэг нойтон шинэс модыг тус тус гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 -т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч X. Болд, А. Аюушцэрэн нарыг зөвшөөрлөгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шийтгэх тогтоолыг 2021 оны 08 сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүгдэгч X. Болд, А. Аюушцэрэн нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон байхад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь хууль бус болжээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хамруулан шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зохицуулсан. Гэтэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д энэ хуулийн 7.1-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагчийг хамруулахаар заасан байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолын 2 дах заалтыг эс зөвшөөрч зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Б.Эрдэнэбаяр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэх гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заасан.  Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх ямар нэгэн тайлбаргүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг шалган тодруулсан, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Шүүгдэгч X.Болд, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогдсон ба анхан шатны шүүхээс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тэдэнд холбогдох хэргийг өршөөж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-т мөн хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн этгээдэд холбогдох хэргийг өршөөж хэрэгсэхгүй болгохоор, шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамаарч байгаа ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор хуульчилсан байхад анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2127000080031 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.