Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2024/00340

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ************ нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ныг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн Галуут бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие ****** өдөр төрсөн. Одоо ******** настай. Би 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн Галуут бригадад илгээлт аван малчнаар ажиллаж эхэлсэн. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл аймгийн архивт 1988 оны Сүхбаатарын зам нэгдлийн баримт ирээгүй, тухайн үед бичигдэж байсан хөдөлмөрийн дэвтэр, МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх зэргийг нэрний зөрчлийн асуудлаар баримт болгон шүүхэд хандсан боловч нотлох баримт хангалтгүйн улмаас хэрэгсэхгүй болгосон тул ажилласан жилийг ахин шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ныг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 252 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт *********** 1986-1987 онуудын цалин хөлсний цэс,

- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 133/ШШ2023/00214 дугаартай шийдвэр

- Диплом, Баярын бичиг/*********/

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

- Тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ********** нь 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ныг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн Галуут бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

3. Нэхэмжлэгч *********** нь 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ныг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн Галуут бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 252 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Тайшир сумын Галуут бригадад малчин байсан ************ нь 1986 оны 08-12, 1987 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлжээ.

Уг архивын лавлагааны эх сурвалж нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут бригадад малчин байсан *********** 1986-1987 оны цалин хөлсний цэсний нотлох баримтаар батлагдаж байна.

- Говь-Алтай аймгийн Тайшир сумын Намын үүр, ҮЭ-ийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн үүр, Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлөөс 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон Дипломд хүндэт нөхөр ****** танд МАХН-ын 19-р их хурлын шийдвэрийг ажилдаа бүтээлчээр хэрэгжүүлэн нэгдлийн үйлдвэрлэлийн даалгавараар өгөгдсөн төлөвлөгөөг давуулан биелүүлж өндөр амжилт гаргасан тул сумын залуу аварга малчин цол, диплом мөнгөн шагналаар шагнажээ.

- Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут хэсгийн намын хэсгийн зөвлөлөөс 1988 оны 02 дугаар сарын 18-ны өдөр малчин ********** МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэл дээр гарч ажилласан хугацаандаа хариуцсан малаа 100% онд оруулж, нэгдлийн үйлдвэрлэлийн даалгаварыг бүрэн биелүүлж, сумын хөдөлмөрийн заоуу аврагаар шалгарсан явдалд талархаж цаашдынхаа ажилд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгажээ.

- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд Тус шүүхийн архивын тасагт архивт хадгалагдаж буй 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 133/ШШ2023/00214 дугаартай шийдвэртэй хэрэгт нэхэмжлэгч ********** гаргаж өгсөн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлээс *********** 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт үзлэг хийв.

Уг дэвтэрт сайдын 1988 оны сарын тоот тушаалаар 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн цэргийн албанд нас бие тэнцсэн учир татав гээд Говь-Алтай аймгийн гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсийн тамга дарсан, 013-р ангийн захирагчийн 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 286 тоот тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс цэргийн албаны хугацаа дууссан тул бэлтгэлээр халав гээд Говь-Алтай аймгийн гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсийн тамга дарсан бичилтүүд хийгдсэн. 1986 оны 08-12, 1987 оны 01-12, 1988 оны 01-10, 1990 оны 11-12 дугаар саруудад цалин хөлс олгосон бичилтүүд хийгдэж гарын үсэг зурсан байна гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 133/ШШ2023/00214 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ********* Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэрт цалингийн бичилт хийгдсэн боловч тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй, *********** 479363 дугаар МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэхэд цалингийн бичилт хийгдсэн боловч хаана ямар ажил хийж байсныг тодорхойлох боломжгүй тул нотлох баримтаар үнэлээгүй шийдвэрлэж байсан боловч нэхэмжлэгч нь тухайн хэрэгт цалин хөлсний лавлагааг гаргаж өгөөгүй байсан байна.

Улмаар нэхэмжлэгч ******** нь шинээр нотлох баримт бүрдүүлж, дахин шүүхэд хандсан байна. Дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 1986-1987 оны цалингийн бичилтүүд нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 252 дугаартай архивын лавлагааны цалингийн бичилтүүд нь тохирч байна.

4. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 133/ШШ2023/00214 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт:

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 232 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн ******** төрснийг бүртгэх анкетад Хүүхдийн овог нэр ******* гэж бүртгэсэн боловч ХААТР-1, ХААТР-21, иргэний хаягийн хуудас №7 маягтуудад нэр *********** болж бүртгэгдсэн, түүнчлэн дээрх баримтуудад бичигдсэн төрсөн огноо, регистрийн дугаар, гэр бүлийн гишүүдийн мэдээлэл нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 238201000904 дугаар ********* төрсний бүртгэлийн лавлагаа, *******, ******** нарын төрсний бүртгэлийн лавлагаанууд, ******, ******** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэн нэхэмжлэгчийн мэдээлэлтэй тохирч байх тул Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 49, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2413 дугаар лавлагаанууд, ******** 1992-1993, 1995-1998, 2004-2007 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2928 дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаанд бичигдсэн ********* нь нэхэмжлэгч ********* ****** мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт хийжээ.

Улмаар дээрх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч ********1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багт мал маллаж байсныг болон 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн 013 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Иймд хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут бригадад багийн 1986-1987 онуудын цалин хөлсний лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, баярын бичиг, дипломд нэхэмжлэгч ***** нэрийг ******* гэж тусгасан байх боломжтой гэсэн дүгнэлтийг дахин нотлохгүй.

5. Иймд ******** 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ныг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн Галуут бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******** 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ныг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн Галуут бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ