| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03514/И |
| Дугаар | 183/шш2024/03150 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 183/шш2024/03150
2024 оны 07 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2024/03150 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Богджавзандамбын гудамж, 54-р байр, 13 тоотод оршин суух, Билүүт овогт Д.И/РД:000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Богджавзандамбын гудамж, 54д-р байр, 9 тоотод оршин суух, М/РД:0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн сургалтын төлбөрийн тал хувь болох 7 686 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: И,
Хариуцагч: М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Инь хариуцагч Мод холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрийн тал хувь болох 7 686 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2014 онд М бид 2 шүүхийн журмаар албан ёсоор салсан. Үүнээс хойш би хүүхдийн тэтгэмж аваагүй. Ганцаараа өдийг хүртэл хүүхдийнхээ төлбөр, зардал бүгдийг нь төлөөд явж байгаа. Эцэг Мод хүүхдийн асран хамгаалах үүрэг нь байгаа. Энэ үндэслэлээр сургалтын төлбөр, дугуйлан, секцэд явсан зардлуудын 50 хувийг эцэг нь гаргаач гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа. Хариу тайлбар дээр 7 000 000 төгрөг, 1 800 000 төгрөг, 6 500 000 төгрөг төлсөн гэж байгаа. 7 000 000 төгрөгийн тухайд байрыг 4 хуваагаад би хариуцагчид 56 000 000 төгрөг өгөхөөр шүүхийн шийдвэр гарсан байсан. Хүүхдийн 16 нас хүртэлх тэтгэмжийг нэмсээр байгаад 7 000 000 төгрөг болгосон. 1 800 000 төгрөг нь миний дансыг битүүмжлээд данснаас татагдсан мөнгө байгаа. Үүнээс өмнө хүүхдийн өдөр өнжүүлэх, сургалтын төлбөрт төлөгдсөн нийт 13 000 000 төгрөгийн 50 хувийг хариуцагчаас гаргуулах шүүхийн шийдвэр гараад 6 500 000 төгрөг төлөхөөр болсон. Түүнээс хариуцагч нэг ч төгрөг миний гар дээр тавиагүй. Миний хариуцагчид өгөх 56 000 000 төгрөгөөс хасаад ийм дүнг гаргасан байгаа. Хариуцагч төлөөд би авсан зүйл байхгүй байгаа. гэжээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа математикийн сургалтын төлбөр, IELTS хэлний шалгалт өгөхөд зарцуулсан зардлын 50 хувь болох 1,580,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 9,266,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 онд шүүхийн шийдвэрээр салсан. Миний хүү н.Билгүүнтулгыг эхийнх нь асрамжид үлдээж, дагавар охин н.Ариунаагийн үрчлэлтийг хүчингүй болгож, И56 000 000 төгрөгийг надад олгох талаар тохирсон. Өмнө нь хүүхдийн 16 нас хүртэлх тэтгэмжийг бодсон байгаа. 56 000 000 төгрөг дээр маргах зүйл байхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Игоос 56 000 000 төгрөг авлаг авахаар ажиллаад өнөөг хүртэл хэрэгжүүлж явж байгаа. 2014 оноос 10 жил өнгөрсөн байна. Би энэ хугацаанд 6 жил ажилгүй байсан. Би хүүхдийн тэтгэлгийг тухайн үед сар болгон 150 000 төгрөг, 500 000 төгрөг төлж байсан. Гэтэл Ишууд миний 56 000 000 төгрөгийг өгөх ёстой байсан. Тэр үеийн 56 000 000 төгрөг бол өнөөдрийн 100 000 000 гаруй төгрөг байгаа. Би 56 000 000 төгрөгийг шаардаж, ямар нэгэн байдлаар дарамталсан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өндөр дүнтэй төлбөр байна гэж нэхэмжлээд Иг мөнгийг түрүүлж төлөхийг шаардсан. Өнгөрсөн оны 12 дугаар сард шүүхийн шийдвэр дээр Игийн хүсэлтээр эвлэрлийн гэрээ хийсэн. И12 дугаар сараас хойш сар болгон 1 000 000 төгрөг хийж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тооцоолж эвлэрлийн дүнг гаргасан. Түүнд 18 нас хүртэлх хүүхдийн тэтгэлэг, өмнө шаардаж байсан сургалтын төлбөр зэргийг бүгдийг нь тооцож дуусгавар болгосон. Үүнээс хойш Исар болгон 1 000 000 төгрөг төлж явж байгаад гэнэт нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр дээрх үүргээ зөрчсөн асуудал үүссэн. Арван жилийн туршид надад өгөөгүй байсан 56,6 сая төгрөгөөс Инь 5 сая төгрөг төлсөн, тэрээр улаанбуудай, төмс хүнсний ногоо тариалдагмИЧка ХХК-аас үүсгэн байгуулагчийн тогтмол орлоготой байдаг, гэтэл би ажлаас халагдаж, орлогогүй байсан. 2024 оны 2 сард хамт амьдарч байсан хүү Т хий зүйл харах сэтгэцийн өвчин сэдэрч намайг олон удаа хутгалж, орон байраа галдан шатааснаас сэтгэл санаа, хөдөлмөрлөх чадвараа алдсан,. Би эрүүл мэнд хөдөлмөрийн чадвараа алдсан, орон сууц шатсанаас санхүүгийн хүнд нөхцөлд байгаа, мөн хүү Бын 18 нас хүртэлх тэтгэлэг, нэмэлт тэтгэлэг нийт 35,4 сая төгрөг Ид төлсөн, сэтгэцийн өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй хүү Төг, өндөр настаы ээж Тайван нараа асарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. гэв.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1991/х дугаартай шийдвэрийн хуулбар, Игийн иргэний үнэмлэхийн хуулбар, Амгалан-Оргил-Өрх ББН өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын Оном сургуулийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/061 дугаартай тодорхойлолт, хүү Бын төлбөрт төлсөн баримтуудын жагсаалт, дүн, Хурд центрийн 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэмүү өртгийн албан татварын баримт, Хаан банкны 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн орлогын мэдүүлгийн хуулбар, Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн орлогын мэдүүлгийн хуулбарууд, Хаан банкны 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 243 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Удвал медикал группийн төлбөрийн баримт, Дэрэн-хөлбөмбөг спорт клуб ТББ-ийн тодорхойлолт, Дэрэн-хөлбөмбөг спорт клуб ТББ-ийн 2022 он, 2023 оны санхүүгийн баримт, Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн орлогын мэдүүлэг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн, 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн, 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн гүйлгээний мэдэгдлийн хуулбар, Бос Аз ХХК-ийн орлогын баримт, Игийн Худалдаа хөгжлийн банкны 406107722 тоот дансны 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дансны хуулгын хуулбар, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн, 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн, 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн гүйлгээний мэдэгдлийн хуулбарууд зэрэг баримтыг гарган өгөв.
Хариуцагч талаас хариу тайлбар, Удирдлагын академийн багшийн гүйцэтгэсэн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, захиргааны ажлын цагийн тооцоо, Хавдар судлалын үндэсний төвийн эрүүл мэндийн хуудас, хавсралтын хамт, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгийн хуулбар, М, Инарын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Банкны төлбөр барагдуулах газарт гаргасан хүсэлтийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/185 дугаартай тогтоол зэрэг баримтыг гарган өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Инь хариуцагч Мод холбогдуулан хүүхдийн нэмэлт зардалд нийт 9,266,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.
2. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 5,146,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 4,120,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов:
3.1. Зохигч нарын дундаас 2007 оны 11 сарын 05-ны өдөр хүү Б төрсөн байна (хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа).
3.2. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 сарын 03-ны өдрийн 1991/х дугаартай шийдвэрээр М, Инарын гэрлэлтийг цуцалж, хүү Бэх Игийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн байна (хэргийн 5 дахь тал).
3.3. Хүү Б нь нэхэмжлэгч Игийн асрамжид байдаг байна (зохигчдын тайлбар).
4. Нэхэмжлэгч нь хүү Бтай холбоотойгоор хүүхдийн зуслан, хөлбөмбөгийн клуб, математикийн сургалтын төв, англи хэлний сургалтын төлбөр, төгөлдөр хуурын сургалтын төвд хамруулсан зардал, хэлний шалгалт өгөхөд бүртгүүлсэн хураамж, зөөврийн компьютер худалдан авахад зарцуулсан төлбөр, хөлбөмбөгийн тэмцээнд явуулсны замын зардал, ерөнхий боловсролын сургалтын төлбөр, шүдний эмчилгээ хийлгэхэд зарцуулсан төлбөрт нийт 18,532,000 төгрөг төлсөн, үүнийхээ тавин хувийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
5. Гэр бүлийн 48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26.1.Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр, 26.2.1-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх үүрэгтэй байхаар зохицуулсан.
6. Гэр бүлийн тухай хуульд нэмэлт зардлыг гаргуулж болох онцгой нөхцөл байдлыг нэрлэн зааж өгсөн байх ба үүнд сургуульд орсон, эмчилгээ хийлгэсэн үндэслэлийг оруулжээ.
7. Хүү Б нь Нийслэлийн ерөнхий боловсролын Оном сургуульд суралцдаг байх ба нэхэмжлэгч нь 2019 оны 04 сарын 14-ний өдрөөс 2024 оны 05 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд сургалтын төлбөрт нийт 9,950,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Оном сургуулийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн тодорхойлолт, Оном сургуульд сургалтын төлбөр шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлгийн баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна (хэргийн 8-23 дахь тал). Түүнчлэн хүү Бын шүдний эмчилгээ хийлгэхэд 342,000 төгрөг зарцуулсан болох нь Удвал медикал групп ХХК-ийн төлбөрийн баримтаар тогтоогдож байна (хэргийн 28 дахь тал).
8. Хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд суралцуулахад гарсан зардал, шүдний эмчилгээ хийлгэхэд гарсан зардал нь Гэр бүлийн тухай хуулийн 48.1-д заасан хариуцагчаас зардлыг хариуцуулах онцгой нөхцөл байдалд хамаарах тул нийт гарсан 10,292,000 төгрөг (9,950,000+342,000)-ийн тал хувийг буюу 5,146,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
9. Харин үлдэх хүүхдийн зуслан, хөлбөмбөгийн клуб, математикийн сургалт, англи хэлний сургалт, төгөлдөр хуурын сургалтын төвд хамруулсан зардал, хэлний шалгалт өгөхөд бүртгүүлсэн хураамж, зөөврийн компьютер худалдан авахад зарцуулсан төлбөр, хөлбөмбөгийн тэмцээнд явуулсны замын зардал нийт 8,240,000 төгрөгийн тавин хувь болох 4,120,000 төгрөгийн шаардлагын хувьд Гэр бүлийн тухай хуулийн 48.1-д заасан тэжээн тэтгүүлэгчид үүссэн онцгой нөхцөл байдалд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр зардлууд нь хүүхдийг нэмэлтээр хөгжүүлэхэд чиглэгдсэн зардлууд байх ба хариуцагчаас шаардах зардалд орохгүй.
10. Хариуцагч талаас шүүхийн шийдвэрийн дагуу гарсан төлбөрийг төлсөн, эрүүл мэнд, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 48.1-д зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсоноос үүдэлтэй зардлыг хуваарилахад хамааралгүй юм.
11. Түүнчлэн хариуцагчийн татгалзаж буй үндэслэлээр тэжээн тэтгүүлэгчид гарсан зардлыг багасгаж тогтоох эрх хэмжээ шүүхэд байхгүй. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 38.7-д Тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно гэж заасан нь зөвхөн тэтгэлэгтэй холбоотой асуудалд хамаарах бөгөөд хэргийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 48.1 Хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах агуулгын хүрээнд нэгэнт гарсан зардлыг хариуцагчаас шаардах нэхэмжлэгчийн эрхэд хамаарах ялгаатай зохицуулалт юм. Иймд шүүхээс хариуцагчийн эрүүл мэнд, санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж онцгой тохиолдлын зардлын хэмжээг багасгаагүй болно.
12. Нэгтгэн дүгнэвэл, Гэр бүлийн тухай хуулийн 48.1-д заасны дагуу хариуцагчаас хүүхдийн нэмэлт зардалд 5,146,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, нэхэмлэлийн үлдэх 4,120,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,126 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 97,286 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 48.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч хариуцагч Моос 5,146,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,120,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,126 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 97,286 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ