Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2024/00344

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ********* нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд ногоочин, үйлчлэгч, бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие ****** өдөр төрсөн. Одоо ********* настай. Би 1987 оноос эхлэн Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд ногоочин, үйлчлэгч, бэлтгэгч, ажилчнаар 1990 оны 10 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр боловсон хүчнээс өгөөгүй тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд 4 жил ногоочин, үйлчлэгч, бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Фото зураг

-Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03-10/4223 дугаартай 1989 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт ********** 1987-1990 оны цалин хөлсний цэс,

- Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестийн даргын 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 146 дугаартай түр ажилчид томилох тухай тушаал

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч *************** нь 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд ногоочин, үйлчлэгч, бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

3. Нэхэмжлэгч ***********г нь 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд ногоочин, үйлчлэгч, бэлтгэгчээр ажиллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд ногоочин, үйлчлэгч, бэлтгэгчээр ажилчин байсан **********г нь 1987 оны 02, 10-11, 1988 оны 10-11, 1989 оны 01-06, 09, 11-12, 1990 оны 01-06, 08, 10 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлжээ.

Уг архивын лавлагааны эх сурвалж нь Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд ногоочин, үйлчлэгч, бэлтгэгчээр ажиллаж байсан *********** 1987-1990 оны цалин хөлсний цэсний нотлох баримтаар батлагдаж байна.

Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестийн даргын 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 146 дугаартай түр ажилчид томилох тухай тушаалд ногооны зооринд туслах ажилчнаар ажиллах хүмүүсийг 1-р хавсралтаар баталсугай. Уг тушаалын хавсралтын 22-рт ************* гэжээ.

Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03-10/4223 дугаартай 1989 оны хүн ам тооллогын архивын лавлагаанд Говь-Алтай аймгийн Алтай хотод оршин суух өрхийн тэргүүлэгч *********, 21 настай, эрэгтэй, дүү ***********, 20 настай, эмэгтэй гэж бүртгэгджээ.

4. Иймд *********** 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд ногоочин, үйлчлэгч, бэлтгэгчээр ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Харин 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд ногоочин, үйлчлэгч, бэлтгэгчээр ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч ******** 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд ногоочин, үйлчлэгч, бэлтгэгчээр ажиллаж байсныг үгүйсгээгүй бөгөөд уг үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *********** 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд ногоочин, үйлчлэгч, бэлтгэгчээр байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд ногоочин, үйлчлэгч, бэлтгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ