Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/54

 

                                               Н.Н-т холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонбаатар,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч С.Оюунчимэг, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/723 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Н-т холбогдох эрүүгийн 2109 00000 0658 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Н.Н, ял шийтгэлгүй, /РД: ............... /,

Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ........... дүгээр байрны 211 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч А.Б-г эрхлэн явуулдаг бизнесийн бараа бүтээгдэхүүн эвдэрсэн байна гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар А.Б-н “маргалдахаа зогсооё, унтаж амаръя” гэсэн шаардлагыг эсэргүүцэж, бага насны төрсөн хүү Б.Э-н дэргэд зодож, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай, дэлбэн, чамархайн суурийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зүүн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн хөмсөгний дотор хэсгийн шарх, цус хуралт баруун хөмсөгний дээд хэсгийн хуйхны дотор гадаргуугын цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, зүүн тохой, шуу, баруун өвдөгний зулгаралт, баруун бугалганы зулгаралт цус хуралт, баруун өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Н-г онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Н-т 17 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н-н цагдан хоригдсон 160 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа амь хохирогч А.Б-н хувцас эд зүйл, мөн хэргийн газраас хураагдан ирсэн эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Н.Н-н өмсөж байсан хувцас, эд зүйлүүдийг түүнд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Н.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Миний бие талийгаачийг зодож, цохисон зүйл байхгүй. Бид хоёр том өрөөнд зууралдаад талийгаачийг маажаад байхаар нь “намайг яах гэж ингэж байдаг юм бэ, одоо больё” гэж хэлсэн. Тэгээд би явах гэтэл талийгаач араас зууралдаад байсан. Бид хоёр коридорт зууралдаж нэг удаа унасан. Талийгаач над дээр унасан. Тэгээд том өрөөнд ороод “би явлаа” гэсэн гэтэл талийгаач надаас зуураад байсан. Би түлхтэл талийгаач хойшоо унасан. Тэгээд эргээд хартал талийгаач босож байх шиг байсан. Тэгээд би угаалгын өрөөнд ороод тамхи, асаагуураа аваад тэндээс шууд гарсан гэж 2 удаа мэдүүлэг авахад нь үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Хэргээ үнэн зөвөөр мэдүүлж санамсар болгоомжгүй үйлдсэн гэмт үйлдлээ ухамсарлан маш их харамсаж гэмшиж байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх зүйлчлэлийг эс хүлээн зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Мөн миний хүү 11 настай Э-с талийгаач бид хоёрын дунд болсон хэрүүл маргаан болон түлхэж унагаж байгаа үйлдлийг харсан мэт мэдүүлгийг мөрдөн байцаах явцад хөтлөн мэдүүлэг авсан. Хүү Э нь хэрэг болж байх үед өрөөнөөсөө огт гараагүй, хараагүй болно.

Иймд миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдож санамсар болгоомжгүй үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Би талийгаачтай ханилж амьдраад 20-н жил хамт амьдарч, дундаасаа 11 настай нэг хүүтэй бөгөөд талийгаачийн минь охидууд төрсөн эцэг нь биш ч гэсэн эцэг, аав гэж хүлээн зөвшөөрч 20-н жил хамт амьдарсан билээ. Иймд 3-н хүүхдүүдийг минь харгалзан үзэж, цаашид амьдрах итгэлийг өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Н-н өмгөөлөгч О.Алтанчулуу давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Гэм буруугийн талаар ... шүүгдэгч Н.Н нь эхнэр А.Б-н өөрийн төрсөн хүү бага насны хүүхэд буюу 11  настай Б.Э-н нүдэн дээр алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Б.Э-н мэдүүлэг болон гэрч Ц.Г нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд прокуророос Н.Н-н дээрх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна. ...” гэж үзсэн нь 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 буюу “онц харгис хэрцгий аргаар” гэх шинжийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоолд тайлбарлаж тусгагдсантай зөрчилдсөн гэж үзэж байна. Учир нь, тус тайлбарт ойр дотнынх нь хүмүүсийнх нь дэргэд алж, тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулна гэж заасан. Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Х, хохирогчийн төрсөн хүү Б.Э нар нь энэ талаар гомдол гаргаж сэтгэл санааны хохирлын талаарх дүгнэлт гаргуулаагүй, насанд хүрээгүй гэрч Б.Э нь хаалганы цоожны нүхээр харсан гэж мэдүүлдэг боловч энэ талаар шалгаж тогтоосон зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “онц харгис хэрцгийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож, мөн оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 Шүүгдэгч Н.Н-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Н.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, онц харгис хэрцгийгээр хамтран амьдрагч А.Б-г өөрийн бага насны хүүхэд Б.Э-н дэргэд зодож алсан гэж үзсэнийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Э-н “би хаалганы завсраар харж байсан”, “хаалганы завсраар харж байхад энэ үйл явдал болсон” гэх мэдүүлэг тогтмол харагдах бөгөөд уг мэдүүлгээ сэтгэл зүйчийн дэргэд өгсөн. Гэтэл хүүхдийн дэргэд хүн алах гэдэг нь гэм буруутай этгээд тухайн зовоосон, шаналгасан үйлдлээ ойр дотны буюу гэр бүлийн хүний хажууд үйлдэх аргыг сонгож авсан байхыг шаардана. Энэ хэрцгий үйлдлээ ойр дотны хүнд үзүүлэх аргыг сонгож, түүнийг сэтгэл зүйн хувьд зовиур, шаналал үүсгэхэд уг аргыг урьдчилан сонгосон байж тухайн зүйлчлэлээр зүйлчлэгдэнэ. Гэтэл хүүхэд хаалганы завсраар харж байсан гэдэг. Тэгэхээр хамтран амьдрагч А.Б-г зодож буй үйлдлээ бага насны хүүхдэд үзүүлж, сэтгэл санааны шаналал зовиур, айдас төрүүлэх зорилго агуулаагүй болох нь тодорхой харагдана. Шийтгэх тогтоолд хохирогчоос нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Хэдийгээр шүүхээс гэм буруутайд тооцогдож ийм харамсалтай хэрэгт холбогдсон ч эцэг байх эрхийг нь хасаагүй. Иймд Н.Н-т холбогдох хэргээс онц харгис хэрцгийгээр бусдыг санаатай алсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг шалгах явцад шүүгдэгч нь урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь нотлогдсон. Энэ тухай хамтран амьдарч А.Б-н төрсөн хүүхэд буюу хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Х, хөндлөнгийн гэрч С нар мэдүүлдэг. Мөн хэрэг гарах цаг хугацаанд бага насны хүүхэд болох төрсөн хүү Б.Э нь бүх үйл явдлыг харсан байдаг. Тэрээр эцэг, эх хоёр нь архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хоорондоо маргалдаж, улмаар төрсөн эхийг нь зодож алсан нөхцөл байдлыг харсан. Тухайн үйл явцыг төрсөн эгч Х-д удаа дараа утасны дуудлага хийж мэдэгдэж байсан. Үүнийг прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тул ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдэхэд “үйлдлийн арга” байх ёстой гэж тайлбарлаж байна. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн дэргэд үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгий аргаар гэх шинжийг хангасан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

         ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ........... дүгээр байрны 211 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч А.Б-г эрхлэн явуулдаг бизнесийн бараа бүтээгдэхүүн эвдэрсэн байна гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар А.Б-н “маргалдахаа зогсооё, унтаж амаръя” гэсэн шаардлагыг эсэргүүцэж, бага насны төрсөн хүү Б.Э-н дэргэд зодож, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай, дэлбэн, чамархайн суурийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зүүн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн хөмсөгний дотор хэсгийн шарх, цус хуралт баруун хөмсөгний дээд хэсгийн хуйхны дотор гадаргуугын цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, зүүн тохой, шуу, баруун өвдөгний зулгаралт, баруун бугалганы зулгаралт цус хуралт, баруун өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Х-ны “... 2021 оны 5 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн орчим манай дүү Э “аниа, намайг ирээд аваач” гэж утсаар залгасан. Юу болсон талаар асуухад “аав, ээж хоёр зодолдоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “аниа нь цагдаа дуудаадахъя” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би өөрийн утсаар 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Дуудлага нь очих байх гэж бодоод байж байтал дахин над руу залгаад “бөөн юм болоод байна” гээд уйлахаар нь хурдан очих боломж байна уу гэж цагдаа руу дахин залгасан. ... Цагдаа удахгүй очлоо гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай ээжийн эгчийн нөхөр Г ах над руу залгасан, би согтуу байгаа байх гэж бодоод аваагүй. Тэгээд 3 дахь дуудлагыг авсан. Тэгтэл Г ах юм ярихгүй цаашаа Н-тай маргалдаж байгаа нь сонсогдсон. ... Цагдаагаа дахин залгаад хаалгаа тайлж өгөхгүй байна гэхээр нь дүү рүүгээ залгаад цагдаа ирсэн байна Ганаа ахыгаа хаалгаа онгойлгоод өгчих гэж хэлсэн. Гэтэл манай дүү “Ганаа ах ээжийн толгойг бариад ээжийг халамжлаад байж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь дүүгээсээ юу болсон талаар асуухад “ээжийн толгойноос цус урсаад байна” гэж хэлсэн. ... Би утсаа таслаад ээжийн дүү Батзориг руу залгаад та машинтай очоод өгөөч гэж хэлсэн. ...” /1 хх 88-90/,

гэрч Ц.Г-н “... Би өчигдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үеэс хойш баз хүргэн Н.Н, Б хоёртой хамт архи уусан юм. ... Бид гурав уг архийг уугаад ажил ярьж байгаад архи дууссан. Бид гурав унтахаар болж өглөө ажилтай гэж ярьж байсан. Тэгээд гэрт Жак даннел нэртэй виски байсан юм. Түүнээс нь Н бид хоёр нэг нэг татчихаад унтъя гэж санаа гаргасан. ... Тухайн үед Б, Н хоёр архи ууж эхлэхээс л ажлаас болоод маргаад болиод байсан. Согтоод иртэл хэрүүл эхэлсэн. Талийгаач одоо хоёулаа унтаж амаръя гээд Н-г өрөөндөө аваад амрахаар орсон. ... Тэгээд унтах гээд утасныхаа цэнэглэгч залгуураа орныхоо өмнө дөхүүлж байтал нөгөө өрөөнд маргалдаж байсан Н, Б хоёр зодолдоод байх шиг чимээ гарахаар нь би хаалгыг нь онгойлгоод ороход Н, Б хоёр орон дээрээсээ боссон хоёр талд зогсчихсон хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл Н эхнэрээ алгадсан. Тэгэхээр нь би салгах гээд дундуур нь орсон. Н бид хоёр барилцаад авахад Б, Н-ыг “чи боль” гээд салгах гэтэл Н Б-н нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэр цохилтонд нь А.Б нэг унаад босож ирсэн. Тэгээд тэдний гэрт байдаг хуванцар сандлыг Н.Н аваад А.Б рүү шидсэн. Нөгөө сандал эвдэрсэн. Тэгтэл Н.Н дахиад гэртээ байдаг цагаан өнгийн модон сандлыг аваад Б-г цохих гэсэн. Тэгэхээр нь би голоор нь ороод уг сандлыг нь барьж авсан. Уг сандал Б-г оноогүй гэж бодож байна. Харин намайг оносон. Мөн уг зодоон болж байхад Б газарт унаад босож ирээгүй. Тэгээд Н.Н хувцасаа өмсөөд гарсан. Миний бодлоор бол А.Б-г өшиглөөд унагаасан байх гэж бодсон. Тэр унаснаас хойш А.Б босож ирээгүй хурхираад байх шиг амьсгалаад байсан. Тэгэхээр нь би “босоорой А.Б ээ” гээд таттал босохгүй байсан. Тэгтэл толгойноос нь цус гарсан байсан. Тэгэхээр нь би Б-н хүүхэд Э-г дуудаад “алчуур аваад ир, ээжийн чинь толгойноос цус гарсан байна” гэж хэлсэн. Тэгээд түүнийг хүлээлгүй би өөрөө босоод алчуур аваад нойлын өрөө орж норгоод толгойг нь дарсан. Тэр үед хаалганы хонх дуугараад хоёр цагдаа орж ирсэн. ...” /1 хх 91-93/,

насанд хүрээгүй гэрч Б.Э-н “... Орой намайг ээжтэй хамт гэртээ байж байтал гаднаас аав Н, ах Г хоёр ирээд тэр гурав нэг шил архи уусан. Тэгээд энэ чинь юм болохгүй юм байна гэж хэлээд дахин нэг шил архи уусан. Архиа уусны дараа ажлын талаараа яриад хэрэлдээд байсан. Тэгтэл Г ах аав, ээж хоёрыг “та хоёр одоо унтаач, хажуу айл уурлана ш дээ” гэж хэлээд өрөөнд нь оруулсан. Тэгээд хэсэг байж байтал аав, ээж хоёрын өрөөнд түс, тас гэсэн чимээ гарсан. Тэгснээ аав, ээж хоёр өрөөнөөс гарч ирээд том өрөөнд бие биенээ цохилцож нүдэлцээд байсан. Би өөрийн өрөөний хаалганы завсраар харж байхад ээж газарт унаад толгой хавиас нь цус гарсан. Тэгтэл Г ах манай аав хоёр хоорондоо зодолдоод байх шиг байсан. Би Х эгч рүү залгаад “цагдаа дуудаарай, ээж энэ хэд хоорондоо зодолдоод байна, ээж ухаан алдаад уначихлаа” гэж хэлсэн. ... Аав зодолдож байгаад гараад явсан. ... Аав ээжийн нүүр толгой хэсэгт нэлээд хэдэн удаа цохисон, тэгэж байгаад ээж амьсгаа нь давхцаж байгаа бололтой доош тонгойгоод зогсож байтал аав ээжийг түлхсэн. Ээж арагш саваад миний өрөөний хаалганы хажуугийн өрөөний хананы буланг мөргөөд толгойноос нь цус гарч эхэлсэн. Ээж аав руу дахин дайрахад дахиад хоёр удаа газарт унагасан. Тэгээд ээж шалан дээр хэвтэж байхад тас, тас гээд хоёр дуу гарсан. Тэгтэл Г ах “чи нүүрэн дээр нь дэвсчихлээ ш дээ, яаж байгаа юм” гэж хэлж байхыг сонссон. Би бол аавыг ээжийн толгой дээр дэвсэж байхыг хараагүй. ... Г ах ээжийг зодоогүй. ...” /1 хх 129-131/,

гэрч О.Б-н “... 2021 оны 5 дугаар сарын 20-ны шөнө 02 цаг 40 минутын үеэс хойш нэг чимээ гарч юм эвдэрч байгаа юм шиг байхаар нь сонсож байгаад чимээгүй болохгүй байхаар нь гэрээсээ гарч доод давхарт буусан. Доор буухад 211 тоот айлаас чимээ гарч, дотор нь хэдэн эрэгтэй хүмүүс яриад байх шиг байсан. ... нэг хүнийг алгадаж байгаа юм шиг чимээ гараад хаалганы хонхоор нь харах гэхээр харагдахгүй байсан. ...” /1 хх 97-98/,

гэрч С.Б-н “... шөнийн 03 цагийн орчим байхаа гэнэт пижигнэх чимээ гарч эмэгтэй, эрэгтэй хүмүүс орилолдоод юм шидэж байгаа юм шиг чимээ гараад байсан. Тухайн хэрүүл, маргааны чимээ 30-40 орчим минут үргэлжилсэн. ...” /1 хх 100/,

гэрч Ч.А “... Өглөө үүрээр унтаж байхад хаалга нүдээд байхаар нь сэрээд хаалгаа онгойлготол Н нэг хүний хамт ирсэн. Хамт ирсэн хүн нь таксины жолооч гэсэн ... би өөртөө байгаа 10.000 төгрөгөө шавхаж өгсөн. Тэгээд Н гараа боосон байхаар нь “гараа яасан юм” гэхэд “тороос шувтраад гэмтлийн эмнэлэг орж оёулсан, гэмтлийн эмнэлгээс такси бариад ирсэн” гэж надад хэлсэн. ...” /1 хх 109-110/,

шинжээч О.Болороогийн “... Хатуу хальсан доорх цусан хураа аалзан хальсны доорхи голомтлог цус харвалт нь дагзны хуйхны шархтай хамт нэг удаагийн үйлчлэлээр үүссэн ба уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний дотор хэсгийн шарх, цус хуралт хамрын нурууны зулгаралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...дээрх хүнд гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба унах болон дагзны хэсгээр мөргөх үед аль алинд нь үүсэх боломжтой.  ...” /1 хх 158-161/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулайн дэлбэн, чамархайн суурийн хатуу хальсан доорх цусан хураа /100 гр/, баруун дух, зүүн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, дагзны хуйхны язарсан шарх, хуйхны дотор гадаргуугын цус хуралт, зүүн хөмсөгний дотор хэсгийн шарх, цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсгийн хуйхны дотор гадаргуугын цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, зүүн тохой, шуу, баруун өвдөгний зулгаралт, баруун бугалганы зулгаралт, цус хуралт, баруун өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас уртавтар тархи дагзны том нүх рүү шаантаглаж улмаар төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. ...” гэх 948 дугаартай дүгнэлт /1 хх 143-148/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Н.Н-н биед баруун алганд шарх, хүзүү, зүүн шуунд зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 4312 дугаартай дүгнэлт /1 хх 206-207/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “... Н.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх 464 дугаартай дүгнэлт /2 хх 84/, 

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 29-30/, энэ ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 31-33/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 15-22/, уг ажиллагааг гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлт /1 хх 23-28/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хх 34-35, 36/

Дуу бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэл “... 19 удаагийн дуудлагын бичлэг нь Н.Н-т холбоотой байв. ...” /1 хх 65-67/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Н-г хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгчийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Н-г гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч А.Б-г бага насны хүүхэд болох Б.Э-н дэргэд алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтуудад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Н.Н-г хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг хохирогчийн эсрэг үйлдэж хүнийг алсан үйлдлийнхээ үр дагаварт гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсаныг болон гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, хэргийн зүйлчлэл болон уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхээс түүнд 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Н.Н-т оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Шүүгдэгч Н.Н-с “... хүү Э нь хэрэг болж байх үед өрөөнөөсөө огт гараагүй, үйл явцыг хараагүй. Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдож, санамсар болгоомжгүй үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,

түүний өмгөөлөгч О.Алтанчулуугаас “... анхан шатны шүүхийн онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэснийг хэрэгсэхгүй болгож, мөн оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Н.Н нь талийгаачийн амь насыг хохирооход чиглэсэн буюу толгойн хэсэгт цохих, түүнийг түлхэх үйлдэл хийхэд хохирогч ар дагз хэсгээрээ савж унасан, уг үйлдлийн улмаас А.Б нас барсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд түүний үйлдэл, талийгаачийн үхэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хохирогчийн толгой руу цохих, түлхсэний улмаас савж унах боломжтой, үүний улмаас үхэлд хүрэл аюултай гэдгийг мэдсээр байж хохирогчийг цохиж, зодож байгаа үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...онц харгис хэрцгийгээр алах...” гэдэгт ойр дотны хүний дэргэд алж, сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан нөхцөл байдлыг хамааруулан ойлгох бөгөөд хэргийн үйл баримтаас дүгнэн үзэхэд бага насны Б.Э нь эцэг, эхийнхээ хэрүүл, маргааны улмаас айдас түгшүүрт автаж, удаа дараа эгч Э.Х руу утасдаж тэр талаар мэдэгдэж байснаас гадна төрсөн эх амь хохирогч А.Б нь Н.Н-т хэрхэн зодуулж, гэмтэл авч байгааг шууд харсан байдал нь түүний сэтгэл санааны хувьд зовиур шаналал учраагүй гэж үзэх боломжгүй юм.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэрэг учрал болох үед гэрч Ц.Г нь согтуу байсан хэдий ч тэрээр болсон явдлыг учир зүйн дараалалтайгаар мэдүүлсэн, мөн насанд хүрээгүй гэрч Б.Э нь тухайн үйл явцыг өөрийн үзсэн харсан хэмжээнд мэдүүлсэн байх бөгөөд уг хоёр гэрчийн мэдүүлэг тохирч байхаас гадна дээрх мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  948 дугаартай /1 хх 143-148/ дүгнэлтээр давхар нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Э-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусгана...” гэсэн зохицуулалтын хүрээнд мэдүүлэг авсан байх ба уг ажиллагааг хууль бус гэж үзэх, насанд хүрээгүй гэрчийг хөтөлж асуусан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Н-н гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн шинж зэргээс үзэхэд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ тохирсон байхаас гадна шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Н-н 2021 оны 10 дугаар сарын 28ы өдрөөс хойш нийт 75 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/723 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 11ий өдрийг хүртэл нийт 75 /далан тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                ШҮҮГЧ                                                            М.АЛДАР