Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2024/02553

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ***** оршин суух, Б*******ын О******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ******* оршин байрлах, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,217,872 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Н******* хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.О*******ийг Баянзүрх дүүргийн Засаг дарга 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б40 дугаартай захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас халсан. Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05130 дугаар шийдвэрээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажил албан тушаал эрхлэгчээр эгүүлэн тогтоож, 2022 оны 4 дүгээр сарын 01-ээс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан. Нийслэлийн Боловсролын газраас 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б172 дугаартай тушаалаар Б.О*******ийг эгүүлэн ажил албан тушаалд нь томилсон. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Боловсролын ерөнхий хууль гэдэг шинэ хууль гараад Б.О*******ийг эгүүлэн ажилд нь томилох эрх Нийслэлийн Засаг даргад шилжсэн. Гэхдээ анх ажлаас үндэслэлгүй халсан этгээд нь Баянзүрх дүүргийн Засаг дарга тул ажилгүй байсан хугацааны цалинг уг этгээд хариуцах ёстой гэж үзэж байгаа. Иймд бид Нийслэлийн Боловсролын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан. Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05130 дугаар шийдвэрийг Баянзүрх дүүргийн Засаг дарга сайн дураар биелүүлэхгүй, албадаж биелүүлж байгаа. Иймд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс Б.О*******ийг ажилд нь эгүүлэн томилсон 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт ажлын 238 хоног байна. Шүүхийн шийдвэрээр Б.О*******ийн нэг өдрийн цалин хөлсийг 72,344 төгрөг болохыг тогтоосон. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 17,217,872 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш Б.О******* ажилдаа орох талаар дүүргийн албан тушаалтнуудтай ерөөсөө уулзалт зохион байгуулаагүй, ажлаа хийж эхлэх талаар хүсэлт гаргасан зүйл байхгүй байдаг. Хуульд өөрчлөлт ороод цэцэрлэгийн эрхлэгчийг Нийслэлийн боловсролын газраас томилох болсон. Үүний дагуу дүүргийн Засаг дарга, ажилтан, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлууд томилдог, чөлөөлдөг эрх хэмжээ байхгүй болсонтой холбоотойгоор нэхэмжилж байгаа энэ ажилгүй байсан хугацааны цалинг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан байхад ажилгүй байсан хугацааны цалингаа 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн * дугаар хорооны тодорхойлолт, Нийслэлийн боловсролын газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/172 тоот тушаал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ***** дугаар шийдвэр, БЗДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******аас гаргасан бичгийн хүсэлт, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ****** дүгээр хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ***** дугаар хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2022/22111 дүгээр хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ***** дугаар захирамж, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ****** дугаар хүсэлт хэлэлцэж, татгалзах тухай захирамж,

3.2 Хариуцагчаас гаргасан Нийслэлийн боловсролын газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаар дүгнэлт гаргуулах тухай албан бичиг, баталгааны маягт, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн **** тоот албан бичиг, Нийслэлийн боловсролын газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн **** тоот тушаал, Б.О*******ээс гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О******* нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Боловсролын газарт тус тус холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,217,872 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.О******* нь хариуцагч Нийслэлийн Боловсролын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,217,872 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргаас гаргуулахаар шаардсан.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3. Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ***** дугаар шийдвэрээр Б.О*******ийг урьд эрхэлж байсан буюу Баянзүрх дүүргийн 128 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,970,656 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,509,934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Уг шүүхийн шийдвэрт талуудын хэн аль нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй болохоо тайлбарласан, дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3.1 Дээрх шүүхийн шийдвэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/40 дугаар тушаалаар Б.О*******ийг 128 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болон ажилтаны нэг өдрийн цалин хөлс 72,344 төгрөг болох үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

4. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас гаргасан ...Боловсролын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт зааснаар нийслэлд харьяалагдах цэцэрлэгийн эрхлэгчийг ажилд нь томилох эрх Нийслэлийн Боловсролын газарт шилжсэн тул Б.О*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцахгүй гэх татгалзал үндэслэлгүй байна. Тодруулбал,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.2.6 хэргийн оролцогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Боловсролын Ерөнхий хуулийг шинэчлэн найруулсантай холбоотойгоор цэцэрлэгчийн эрхлэгчийг ажилд томилох, чөлөөлөх эрхийг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлсэн байна.

Энэ хугацаанд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж, Б.О*******ийг 128 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажилд нь томилох боломжит хугацаа 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл байсан байна.

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн **** дугаар тушаалаар Б.О*******ийг *** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд уг өдрөөс томилжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын үндэслэлгүйгээр ажилтан Б.О*******ийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн хууль бус шийдвэрийн үр дагаврыг хожим хуулийн дагуу ажилд нь эгүүлэн томилсон Нийслэлийн Боловсролын газарт хамааруулах үндэслэлгүй.

4.1 Мөн хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас ...Б.О******* нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орох талаар ирж уулзаагүй гэх татгалзал үндэслэлгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргад Б.О*******ийг *** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн байхад хариуцагч нь өөрөө уг шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

4.2 Хариуцагчаас ...шүүхийн шийдвэр 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гарсан байхад одоо нэхэмжилж буй цалинг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш тооцож шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр ажилтан Б.О*******ийн ажилгүй байсан хугацааны цалинг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тооцсон байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.О*******ийг ажлаас чөлөөлж, тэрээр 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажилгүй байсан үйл баримт тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт ажлын 238 өдрөөр тооцон шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж, 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж тус тус заасан.

Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 17,217,872 /1 өдрийн цалин 72,344 төгрөг х 238 өдөр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О*******д олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлөхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 314,240 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 17,217,872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О*******д олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлөхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 314,240 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ