| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 204/2021/00044/э |
| Дугаар | 2021/ДШМ/44 |
| Огноо | 2021-11-04 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2021/ДШМ/44
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Д.Эрдэнэбаяр
Шүүгдэгч ******* /цахимаар/
Шүүгдэгч *******ий өмгөөлөгч Г.Гандөш
Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******ий өмгөөлөгч Г.Гандөшийн гаргасан гомдлоор Д.Дашлонжид, ******* нарт холбогдох эрүүгийн 2027001660054 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Тайжууд овогтой ******* /*******/,
Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Цэрэн овогтой ******* /*******/.
******* нь 2019 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Соёлын төвд номын санчаар түр тушаалтай ажиллаж байсан *******гаас албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 500 000 төгрөгийг авсан,
Соёлын төвийн номын санч *******аас 2020 оны 04, 05 дугаар сарын үед албан үүргээ хэрэгжүүлсэний хариуд мөнгө өгөхийг шаардаж 500 000 төгрөгийн хахууль авсан,
******* нь Соёлын төвийн үйлчлэгч ажилтай *******ын ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн урамшуулалт цалингаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 11,12 дугаар сарын үед 300 000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Дашлонжидод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Тайжууд овогтой *******ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Цэрэн овогтой *******ийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар Д.Дашлонжидыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Д.Дашлонжид, Ж.Хүнхүний нар нь оногдуулсан 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Дашлонжидод авсан хувийн баталгаа гаргах, гэрч *******, *******, *******, нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ий өмгөөлөгч Г.Гандөш давж заалдсан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 08 сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “ ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь ... хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-т ...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэж,
2-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ..., 6.5 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал: ...Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж тус тус заажээ.
Дээрх заалтуудтай холбогдуулан хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүгдэгч Д.Дашлонжид, ******* нарт холбогдох хэргийн дараахь нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа төсөв захирагчийн даалгаснаар нярав *******ад урамшуулал бодон гаргуулж, байгууллагадаа шинэ жилийн гацуур мод худалдан авсан тул өөртөө болон бусдад давуу байдал бий болгоогүй, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан эсхүл нягтлан бодох бүртгэлийн хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй гэдэг байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байсан. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэм буруутайд тооцсоны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч тайлбараа өгч байсан. Шүүгдэгч хохирол төлбөргүй буюу хохирогч ******* гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж удаа дараа тайлбар хэлсэн байдаг. Мөн шүүгдэгч нь зан байдлын хувьд төлөв даруу, хүнд тусархуу, ажилч хичээнгүй, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтуудыг өмгөөлөгчийн зүгээс шинжлэн судалсан.
Мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал ажиглагддаг. Анхан шатны шүүхээс дээр дурьдсан хуульд заасан зарчмуудыг анхаарч үзэлгүйгээр, үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлбөргүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг гол нөхцөл шаардлагыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 төгрөгөөр торгох ялаар ...” гэснийг өөрчилж, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар ...” гэж хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.
Прокурор Д.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Соёлын төвийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа үйлчлэгч *******ын ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн урамшуулалт цалингаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 11,12 дугаар сарын үед 300 000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээхгүй, Д.Дашлонжид үүрэг өгсөн гэдэг байдлыг ярьдаг байсан. Анхан шатны шүүхээр гэм буруутайд тооцсоны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг. Анхан шатны шүүхээс *******ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэргийг харгалзан үзэж 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 төгрөгөөр торгох, нийтийн албан тушаалд томилогдох хугацааг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч *******ий өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс *******д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглээгүй шийдвэрлэсэнд гомдол гаргасан. Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тухайн үед шинэ жилийн гацуур мод байгууллагын санхүүгийн байдлыг зохицуулаад ав гэсэн даалгаврыг төсөв захирагч буюу соёлын төвийн эрхлэгч өгсний улмаас гацуур мод худалдаж аваад үйлчлэгч ******* гэх хүний нэр дээр урамшууллын мөнгө гаргаж авсан гэж тайлбарладаг. Энэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа.
Мөн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нэмэгдэл ялыг 2 жил болгож багасгаж, торгох ялыг тухайн заалтад заасан хамгийн доод хэмжээгээр шийтгэж шийдвэрлэж өгнө үү. *******ий нь хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй гэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Соёлын төвийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг. Тухайн үед Д.Дашлонжид, ******* болон соёлын төвийн ажилчидтайгаа нийлээд шинэ жилийн гацуур мод авах шаардлагатай байна гээд намайг ажлын байран дээрээ Далайсүрэн гэдэг Соёлын өв хамгаалах ажилтнаараа дуудуулсан. Намайг очсон чинь шинэ жилийн гацуур мод худалдаад авчихсан. Тэрийг зааландаа чимэглээд тавьчихсан энийг Нямлхагвынхаас авлаа мөнгийг нь чи зохицуулж өгөөрэй гээд *******, Мөнхтуяа, Очирбат гээд бид нарыг бүгдийг нь байхад хэлсэн. Тэгэхээр нь би үүний мөнгийг яаж өгөх юм гэхэд оны эцэст нэг арга олоод шийдэж өгөөрэй, одоо бол зайлшгүй шинэ жилийн гацуур мод хэрэгтэй байна гэсэн. Тэр модыг худалдан авах ажлыг ******* бид хоёрт даалгасан. *******ын няравын ажил хавсарсны нэмэгдэл болох 300 000 төгрөгийг эрхлэгч өөрөө мэдэж байгаа. Тэрүүгээр мод авах гэж байгаагаа *******даа хэлсэн хэрнээ надад үнэн зөвөөр хэлээгүй. Энэ хэрэг прокурорт шилжих хүртэл би өөрийгөө гэмт хэрэгт холбогдсон гэдгээ мэдээгүй, мэдүүлэг өгч байна гэж л бодож байсан. Дашлонжид тэр шинэ жилийн мод авсан, урамшууллын мөнгө авсан зэргийг бүгдийн өөрөө зохион байгуулсан. Нярав ******* нь Д.Дашлонжидийн бэр нь бөгөөд нэг хашаанд амьдардаг. Тэр талаараа хэрэгт үнэн зөв мэдүүлээгүй байсан. ******* нь улирлын 40 хувийн урамшуулал гээд байгаа мөнгийг надад орлого гэж 300 000 төгрөг хадгалуулснаа шинэ жилийн бэлэгт тараах гэж байгаа гээд буцаагаад аваад явсан. Дараа нь тэрийгээ буцаагаад өгөхөөр нь тэр мөнгөө буцааж өгч байна гэж бодоод Нямлхагва гэдэг дэлгүүрийн хүнд модны мөнгө гэж 300 000 төгрөгийг өгсөн. Тэр мөнгийг би өөртөө аваагүй. ******* нь худал мэдүүлэг өгсөн байсан. Би энэ байгууллагын ажилчин биш үйл ажиллагаанд нь тогтмол оролцдоггүй. Соёлын төвийн санхүүгийн үйл ажиллагаа болон гүйлгээг нь хийж өгдөг. Намайг ийм байдалд хүргэсэнд нь гомдолтой байна.
Иймд надад анхан шатны шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэснийг 2 жил болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч *******ий өмгөөлөгч Г.Гандөшийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
******* нь 2019 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Соёлын төвийн номын санчаар түр тушаалтай ажиллаж байсан *******г хахууль өгөхийг удаа дараа шууд шаардаж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд *******гаас 500 000 төгрөгийг авсан,
мөн *******г ажлаас нь халсаны дараа тус Соёлын төвийн номын санчаар ажилд авсан *******аас 2020 оны 04, 05 дугаар сарын үед албан үүргээ хэрэгжүүлсэний хариуд мөнгө өгөхийг шаардаж 500 000 төгрөгийн хахууль авсан,
******* нь тус Соёлын төвийн үйлчлэгч ажилтай *******ын ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн урамшуулалт цалингаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 11,12 дугаар сарын үед 300 000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Баттулга, Д.Очирбат, *******, *******, , Д.Лхамноров нарын мэдүүлгүүд болон Төрийн банк, Хаан банкны дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Дашлонжидыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Харин шүүгдэгч *******ий өмгөөлөгч Г.Гандөшийн ...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болсон нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан нэмэгдэл ялыг багасгаж өгөхийг хүссэн гомдлыг хүлээн авч *******ий нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж анхан шатны шүүхээс шийдвэрлэснийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтад шүүгдэгч *******ий нэрийг Ж.Хүнхүний гэж бичсэнийг зөвтгөх нь зүйтэй байна. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
а/ 2 дахь заалтын “ ... *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж” гэснийг “ ... *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж” гэж;
б/ 3, 4 дэх заалтын “...Ж.Хүнхүний” гэснийг “...*******” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.