Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2024/02833

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ****** оршин суух, Э*******ын Э******* /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ****** оршин суух, Ч*******ийн Б******* /рд:*******/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э*******, хариуцагч Ч.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дө******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2017 онд Ч.Б*******тай танилцаж, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 02 дугаар сарын 18-нд охин болох Б******* овогтой А******* төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2023 оны 9 дүгээр сараас тусдаа амьдрах болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин А*******г миний асрамжид үлдээж, Ч.Б*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эвлэрэхгүй, эвлэрэх хугацаа хэрэггүй... гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охиноо эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаангүй... гэв

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 3-9-р тал.

Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: Байхгүй.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт байхгүй.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч Э.Э******* хариуцагч Ч.Б*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.

Гэрлэгчид 2017 онд танилцаж 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин Б.А******* төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б.А*******гийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн тайлбараар тогтоогдож байна. 

Гэрлэгчид 2023 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа гэж хэн аль нь тайлбарлаж, маргахгүй байх ба нэхэмжлэгчийн ... Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2023 оны 9 дүгээр сараас тусдаа амьдрах болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, эвлэрэх хугацаа шаардлагагүй... гэх, хариуцагчийн ...гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Эвлэрэх хугацаа авах шаардлагагүй... гэх тайлбарууд, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 404 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрлэгчдийн хэн аль эвлэрэх талаар идэвх санаачилга гаргахгүй байгаа зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэн, гэрлэлтийг цуцлав.

Охин Б.А*******г эхийн асрамжид үлдээхийг хариуцагч зөвшөөрч байх тул шүүх охиныг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг байна.

  Хүүхдийг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй.

  Охин Б.А*******г эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь эцэг Ч.Б*******ын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүний хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Э.Э******* саад болох учиргүйг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг дурдъя.

Нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ч*******ийн Б******* /рд:*******/, Э*******ын Э******* /рд:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 02 дугаар сарын 18-нд төрсөн охин Б*******ын А******* /рд:/-г эх Э.Э*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б*******ын А*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Б*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах М.Бишдарьд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ