Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2016/0228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газар, Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулах комисст холбогдох Ашигт  малтмалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комиссын 01 тоот дүгнэлт, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн М******* ХХК-д олгосон ******* дугаарын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, Сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас дээр зохих журмын дагуу үнэлэхгүй байгаа Сонгон шалгаруулалтын комиссын хууль бус үйлдлийг тогтоож, журмын дагуу үнэлж дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст даалгах шаардлага шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: М******* ХХК /РД:/.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, .

Хариуцагч: Ашигт малтмалын газар,

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулах комисс.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Ашигт малтмалын газраас 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр "СШ-1-8 дугаартай Энгэр толгод талбайд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг битүүмжилсэн байдлаар зохион байгуулсан. Тус үйл ажиллагаанд Э******* ХХК, М******* ХХК,  Э******* XXК, М******* ХХК-иуд оролцсон.

Сонгон шалгаруулалтын үнэлгээг Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ийг баримтлан хийсэн.

Үнэлгээний комисс нь үнэлгээ хийхдээ дараах алдааг гаргасан:

1.  Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалын 2 дугаар хавсралт "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас" -ийн 3 дугаар хэсэгт "Монголын  геологи  хайгуул,  уул  уурхайн  салбарт  3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан бол 10 оноо" үнэлэхээр заасан байдаг.

М******* ХХК нь "Уул уухайн зөвлөх үйлчилгээ"-ний чиглэлээр 2007онд үүсгэн байгуулагдсан ба Аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээр тодорхой бичигдсэн нь сонгон шалгаруулалтын материалд орсон. Уг хэсэгт буруу үнэлснээс үүдэн 20 оноо дутуу авсан байна.

2.  Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалын 2 дугаар хавсралт "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас" -ийн 4 дүгээр хэсэгт "Тус компанид МУ-ын зөвлөх болон мэргэшсэн геологич ажиллах тохиолдолд 10 оноо" үнэлэхээр заасан байдаг.

М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Д******* нь 1971 оноос хойш тасралтгүй 43 жил Монголын геологи уул уурхайн салбарт ажиллаж байгаа Монгол Улсын зөвлөх геологич цол зэрэгтэй хүн ба зохих сертификат зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын материалд оруулсан байтал зохих үнэлгээг үнэн зөв хийгээгүйгээс дахин 14 оноог дутуу авсан байна.

Улмаар Сонгон шалгаруулалтын үнэлгээний комисс нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 01 дугаартай дүгнэлтийг гаргаж 85,2 оноогоор М******* ХХК-ийг сонгон шалгаруулалтад 1 дүгээр байр эзэлсэн, М******* ХХК нь 84,5 оноо авч 0,7 оноогоор ялагдлаа хэмээн зарласан.

Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Оролцогч нь сонгон шалгаруулалтын комиссыг энэхүү журамд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл, оролцогч энэ тухайгаа мэдсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах бөгөөд гомдолд нотлох баримтыг хавсаргана" гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын даргад 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15/74 тоот албан бичгээр М******* ХХК-ийн зүгээс "Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа зохих журмын дагуу явагдаагүй тул үнэн бодитоор үнэлж өгөөч" хэмээн гомдол гарсан.

2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Ашигт малтмалын газрын 2/6085 тоот албан бичгээр "М******* ХХК-ны гомдолд Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот дүгнэлт үндэслэлтэй байна" гэсэн хариуг шуудангаар илгээснийг бид 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан билээ.

Дээр дурдсан нүдэнд харагдахуйц, шууд тооцож болох алдааг гаргаж үнэлсэн нь журам зөрчиж байгаа ба манай компани оноог бууруулж тооцсоноор 0,7 оноогоор ялагдсан. Мөн комиссын зарим гишүүдийн үнэлгээний хуудсанд М******* ХХК-д өгсөн оноог 86,7 гэж байсныг 81,7 болгож дарж бичиж зассан нь үнэлгээний материалтай танилцуулахад харагдаж байсан.

Манай компанийн зүгээс үнэлгээг зохих журмын дагуу үнэлсэнгүй, дахин үнэлж өгнө үү гэж хүсэлт гаргасан ч Ашигт малтмалын газар нь дээрх дүгнэлтийг үндэслэн М******* ХХК-нд ХV-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Иймд зохих журамд заасан аргачлалаар үнэлгээг хийгээгүй Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дүгээр дүгнэлт, түүнд үндэслэн гаргасан эрх бүхий албан тушаалтны шийдвэр, уг шийдвэрт үндэслэн гаргасан ХУ-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлдээ М******* ХХК-ийн сонгон шалгаруулалтын материал дотор "Монгол Улсын Зөвлөх инженерийн сертификат", "Аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээр Уул уурхайн зөвлөх үйлчилгээ эрхлэх гэсэн заалт" байсаар байтап сонгон шалгаруулалтын үнэлгээнийт хуудас дээр зохих журмын дагуу үнэлэхгүй байгаа Сонгон шалгаруулалтын комиссын хууль бус үйлдлийг тогтоож, сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас дээр зохих журмын дагуу үнэлж, сонгон шалгаруулалтын дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгах шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Нотлох баримт цуглуулах ажлын хүрээнд "Монгол Улсын Зөвлөх инженерийн сертификат", "Уул уурхайн зөвлөх үйлчилгээ эрхлэх гэсэн заалт бүхий аж ахуйн нэгжийн гэрчилгээ" зэрэг нь М******* ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалд орсон тухай болон сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас дээр эдгээрийг үнэлээгүй тухай нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудсыг зохих хууль, журамд заасны дагуу гаргахгүй байгаа Сонгон шалгаруулалтын комиссын үйлдэл нь Мингорес ХХК-ийн эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Алтанширээ сумын Энгэр толгод нэртэй талбайд зохион байгуулсан сонгон шалгаруулалт нь сонгон шалгаруулах журмын дагуу явагдаж явагдсан материалыг бүрдүүлж компаниуд материалаа ирүүлсэн байна.

Энэ нь Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 тоот тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам болон Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/26 тоот тушаалаар батлагдсан "Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний баримт бичгийг зөрчөөгүй. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний баримт бичгийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн оролцогч нь саналаа бэлтгэхдээ дараах зүйлийг баримтлана. Үүнд:

1.  Тухайн талбайд тавигдсан босго үнэ, санал болгосон үнийг төлөх чадвартай байх, түүнийг нотлох банкны баталгааг хавсаргах,

2. Тухайн талбайд геологи хайгуулын ажил явуулах төрлийн баримт бичгийг үнэн бодитойгоор мэргэжлийн төвшинд боловсруулсан байна.

3. Хайгуулын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн боловсон хүчний талаар тодорхой дурдах, нотлох зэрэг бичиг баримтын бүрдлийн шаардлагыг хангасан байна.

Хайгуулын үйл ажиллагааг явуулах техник тоног төхөөрөмж, ажлын аргачлалын талаар тодорхой дурдах гэж заасан.

Үнэлгээний баримт бичигт ийнхүү заасны дагуу тухайн сонгон шалгаруулалтад оролцсон Э******* ХХК, М******* ХХК, Э******* ХХК-иуд нь холбогдох бичиг баримтын бүрдлийг хангаж өгсөн байсан.

М******* ХХК нь Геологи хайгуулын ажил явуулах төслийн баримт бичгийг бодитойгоор, мэргэжлийн түвшинд боловсруулсан гэж үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэж гишүүд үнэлгээг өгч дүгнэсэн байна.

Тиймээс Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 29 тоот тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комисс нь холбогдох журмын дагуу ажилласан, М******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.

Мөн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар батлагдсан "хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох, үнэлгээний бичиг баримт"-ын 7 дугаар зүйлийн 7.2-д "...Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалыг үндэслэл шалгарсан оролцогчдод сонгон шалгаруулалтад шалгарсан тухай, харин бусад оролцогчдод шалгараагүй тухай үндэслэлийн хамт ажпын 3 өдрийн дотор албан бичгээр мэдэгдэнэ ..." гэсэн заалтыг баримтлан мэдэгдэл өгсөн нь баримтаар нотлогдсон.

"М*******" ХХК-иас Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн а/29 дүгээр тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын үнэлгээний комиссын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгнэлт, уг шийдвэрт үндэслэн ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр Миллениумстром ХХК-д олгосон ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ашигт малтмалын газраас,12015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус газрын вэб хуудсанд нэр бүхий 8 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан.

Манай компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын нутаг дэвсгэр Энгэр толгод нэртэй газарт орших 4811,56 гектар талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцохоор үйлчилгээний хөлс 250.000 төгрөгийг төлж "Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт"-ыг хүлээн авсан.

Манай компаниас Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхайн сайдын 2015 оны  01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлсэн.

Хүсэлтээ "Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт"-д заасан нөхцөл, журмын дагуу гаргаж, хавсаргах материалуудын хамт Ашигт малтмалын газарт өгсөн.

Ийнхүү сонгон шалгаруулалт явагдаж манай компани сонгон шалгаруулалтад оролцон шалгарсан оролцогч болсон ба Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 332 дугаар шийдвэрээр манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Энэ талаар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 6/3317 болон 6/3319 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Манай компани нь хууль болоод журамд заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцож Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 4811,56 га бүхий Энгэр толгод нэртэй талбайд олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор хөндөгдөх нөхцөл байдал үүсээд байна.

"М*******" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Сонгон шалгаруулалтын комиссоос үнэлгээ хийхдээ журамд заасны дагуу хийгээгүйгээс авах ёстой оноог дутуу авснаас сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэсэн үндэслэлээр маргажээ. Уул уурхайн сайдын 2015 оны 10 тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас"-т "Монголын геологи хайгуул, уул уурхайн салбарт 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан бол 10 оноо"-оор үнэлэхээр заасан байна.

Нэхэмжлэгч компанийн тухайд 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан гэж байгаа боловч улсын бүртгэлийн гэрчилгээнд уул уурхайн зөвлөгөө үйл ажиллагааны чиглэлийг хэзээ нэмэгдүүлсэн нь тодорхойгүй байна. Иймээс уг компанийг геологи хайгуул, уул уурхайн салбарт 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан гэдэг байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс "Тус компанид Монгол Улсын зөвлөх болон мэргэшсэн геологич ажиллах тохиолдолд 10 оноогоор үнэлэхээр заасан байтал ... үнэлгээг үнэн зөв хийгээгүйгээс 14 оноог дутуу авсан" гэсэн нь ойлгомжгүй юм. Учир уг үзүүлэлтээр дээд тал нь 10 оноо авах ёстой байтал ямар үндэслэлээр 14 оноо алдсан гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Ийнхүү манай компаниас хууль болоод журамд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад шударгаар оролцож шалгарсан оролцогч болсон юм.

Сонгон шалгаруулалтын үнэлгээний комисс нь Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 8 дугаар зүйлийн 8.1-т "Сонгон шалгаруулалтын саналыг нээж үзсэний дараа сонгон шалгаруулах комисс-ын шаардлага хангасан сонгон шалгаруулалтын санал тус бүрт үнэлгээ өгнө" гэж заасны дагуу үнэлгээ өгөх үүрэгтэй байна. Тус журмын 8.2-т сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийн санал өгөхдөө шалгуур үзүүлэлт болгох хэд хэдэн үзүүлэлтүүдийг тусгасан бөгөөд сонгон шалгаруулалтын комисс уг шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн үнэлгээ өгөх ёстой буюу үнэлгээг үүний дагуу хийх нь зохих журмын дагуу хийгдсэн гэж үзэх үндэслэл болох юм. Иймээс үнэлгээний комиссоос сонгон шалгаруулалтын материалыг зохих журмын дагуу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Маргаан бүхий талбай буюу Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын нутаг дэвсгэр Энгэр толгод нэртэй газарт орших 4811.56 гектар талбайд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн Сонгон шалгаруулалтын комиссоос нэгэнт хууль болоод журамд заасны дагуу үнэлгээ хийгдсэн. Энэ нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын санал дүгнэх маягтаар нотлогдож байгаа юм. Энэхүү үнэлгээ нь ямар нэгэн байдлаар хууль бус гэж үзэх үндэслэлгүй байгаа тул үүнийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэгэнт үнэлгээ хийгдэж шалгарсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгогдсон байтал тус сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, дүгнэлт гаргах нь сонгон шалгаруулалтын дагуу шударгаар тусгай зөвшөөрөл эзэмшиж буй манай компанид илт хохирол учруулах үйл ажиллагаа болох юм.

Нэхэмжлэгч "М*******" ХХК-д Ашигт малтмалын газраас 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 6/3324 дүгээр албан бичгээр тус компанийг сонгон шалгаруулалтад шалгараагүй талаар мэдэгджээ. Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан журмын 13 дугаар зүйлийн 13.1, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар батлагдсан Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний баримт бичгийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу "оролцогч нь сонгон шалгаруулалтын комиссыг энэхүү журамд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл, оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах бөгөөд нотлох баримтыг хавсаргана" гэж заажээ. "М*******" ХХК нь Ашигт малтмалын газарт 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 15/74 тоот албан бичгээр гомдол гаргасан байна. Энэ нь гомдол гаргах хугацаа өнгөрөөд 6 хоногийн дараа гаргасан байна. Иймээс нэхэмжлэгч компанийг гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

М******* ХХК-ийн захирал Ш.Д******* Ашигт  малтмалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комиссын 01 тоот дүгнэлт, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн М******* ХХК-д олгосон ******* дугаарын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, Сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас дээр зохих журмын дагуу үнэлэхгүй байгаа Сонгон шалгаруулалтын комиссын хууль бус үйлдлийг тогтоож, журмын дагуу үнэлж дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Шүүх хуралдаанд гуравдагч этгээд Милленумсторм ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүх хуралдааны бусад оролцогчдын хүсэлтээр тэднийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

М******* ХХК гадаад худалдаа, уул уурхайн зөвлөгөө өгөх, зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2014 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн газраас 9011081098 дугаарын гэрчилгээ авч шинээр  бүртгүүлжээ.

Ашигт малтмалын газраас 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг 4811.56 га бүхий Энгэр толгод нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлаж М******* ХХК материалаа ирүүлж өрсөлдсөн байна.

Харин М******* ХХК-ний захирал Ш.Д******* Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын үнэлгээний комисс үнэлгээ хийхдээ:

1.Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалын 2 дугаар хавсралт Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас-ийн 3 дугаар хэсэгт Монголын геологи хайгуул, уул уурхайн салбарт 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан бол 10 оноо, Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас-ийн 4 дүгээр хэсэгт Монгол улсын зөвлөх болон мэргэшсэн геологич ажиллах тохиолдолд 10 оноо  өгөхөөр тус тус заасан байхад комиссын гишүүд үнэлгээг буруу ойлгон үнэлснээс дутуу оноо авч өөр компани ялсныг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ыг баталсан бөгөөд энэ журмын 2 дугаар хавсралтаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас-ийг батлан мөрдүүлжээ.

Нэхэмжлэгч энэхүү үнэлгээний хуудасны Геологи хайгуулын ажлын туршлага гэсэн хэсгийн Монголын геологи хайгуул, уул уурхайн салбарт 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан гэсэн үзүүлэлтийг үндэслэн 10 оноо өгөх боломжтой байхад, Геологи хайгуул, уул уурхайн салбарт ажилласан туршлагагүй хэдий ч бусад салбарт 10-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан гэсэн 2 дахь үзүүлэлтээр 5 оноо өгсөн, Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал, тэдгээрийн туршлага, чадвар гэсэн хэсгийн Тус компанид Монгол улсын зөвлөх болон мэргэшсэн геологич ажиллах тохиолдолд гэсэн үзүүлэлтийг үндэслэн 10 оноо өгөх боломжтой байхад, Геологич мэргэжлийн үндсэн ажилтантай тохиолдолд гэсэн 2 дахь үзүүлэлтээр 8 оноо өгч энэ сонгон шалгаруулалтад ялсан М******* ХХК-иас 0.7 оноогоор дутсан нь үнэлгээг буруу өгсөнтэй холбоотой гэж маргажээ.

Шүүх Ашигт малтмалын газрын даргын тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын үнэлгээний комисс дараах үндэслэлээр М******* ХХК-ийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын баримт бичгийг хууль, журмын дагуу үндэслэлтэй үнэлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т заасан Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно. гэснийг үндэслэн, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар ..ялган багцалж... Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг Энгэр толгод нэртэй газар /талбай/-т хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлажээ.

Сонгон шалгаруулалтад 4 аж ахуйн нэгж саналаа ирүүлсний дотор М******* ХХК оролцохоор материалаа ирүүлсэн байна.

Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн материалуудыг шалгаж, сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн бичиг баримтад үнэлгээ өгч Э******* ХХК -69.5, М******* ХХК-85.2, М******* ХХК- 84.5 оноо авсан тухай 2015 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн Сонгон шалгаруулалтын комиссын 01 дүгээр дүгнэлтээр танилцуулжээ.

Сонгон шалгаруулалтын комиссын  М******* ХХК- д 84.5 оноо өгч, энэ сонгон шалгаруулалтад ялсан М******* ХХК-(85.2 оноо авсан)-аас 0.7 оноогоор дутсан нь комиссын гишүүд үнэлгээг буруу үнэлсэнтэй холбоотой гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Сонгон шалгаруулах комиссын гишүүн Ашигт малтмалын газрын эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Дашдаржаа, Уул, уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Мэндбаяр, Уул, уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гэрчээр оролцож тайлбарлахдаа:

1.Уул, уурхайн сайдын  2015 оны 10 дугаар тушаалын 2 дугаар хавсралт Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас-ийн Геологи хайгуулын ажлын туршлага гэсэн 3 дугаар хэсэгт  М******* ХХК-ийн захирал Ш.Д*******г геологийн чиглэлийн зөвлөх инженер биш, харин бичиг баримтад ирүүлсэн Батламж нь уул, уурхайн чиглэлээр мэргэшсэн зөвлөх байна, харин шинээр үүсгэн байгуулагдсан компани биш гэж үзээд 5 оноо өгсөн бөгөөд үнэлгээний хуудсын шалгуур нь геологийн мэргэшсэн инженер байхыг шаардсан байсан.

2.Үнэлгээний хуудсын Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал, тэдгээрийн туршлага, чадвар гэсэн 4 дүгээр хэсэгт М******* ХХК-ийн ирүүлсэн бичиг баримтаас үзэхэд мэргэшсэн геологич, геологи, уул, уурхайн хайгуулын лиценз байгаагүй, тоног төхөөрөмжийн нотлох баримтууд ирүүлээгүй байсан тул 8 оноо өгсөн, үнэлгээний хуудсын шалгуур нь геологи хайгуулын чиглэлээр боловсон хүчинтэй байхыг шаардсан байсан гэжээ.

Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтын шалгуур нь геологийн хайгуулын туршлага-ыг чухал гэж үзсэн бөгөөд уул, уурхайн чиглэл нь илүү шинжлэх ухаан ч талаасаа техникийн чиглэлтэй байдаг бол геологийн судалгаа нь байгалийн чиглэл давамгайлсан бөгөөд энэ талаар тусгай сургалтаар мэргэших шаардлагатай байдаг тул энэ онцлогуудыг харгалзан үнэлсэн гэсэн гэрчүүдийн тайлбар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас-ийн шалгуултай нийцсэн байна

Ийнхүү маргаан бүхий үйл баримтыг үнэлсэн Сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээ, дүгнэлт нь тухайн сонгон шалгаруулалтыг явуулахад баримталсан Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ын холбогдох зохицуулалттай нийцсэн байна гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл М******* ХХК-ийн сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн бичиг баримтын Геологи хайгуулын ажлын туршлага, Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал, тэдгээрийн туршлага, чадвар гэсэн хэсэгт өгсөн комиссын гишүүдийн үнэлгээг үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Тодруулбал Ашигт малтмалын газраас 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг 4811.56 га бүхий Энгэр толгод нэртэй талбайд зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцсон М******* ХХК-д өгсөн сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээ, дүгнэлт хууль журам зөрчөөгүй байна.

Иймд Ашигт  малтмалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комиссын 01 тоот дүгнэлт, Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтсийн М******* ХХК-д олгосон ******* дугаарын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, Сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас дээр зохих журмын дагуу үнэлэхгүй байгаа Сонгон шалгаруулалтын комиссын хууль бус үйлдлийг тогтоож, журмын дагуу үнэлж дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1.1, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комиссын 01 тоот дүгнэлт, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн М******* ХХК-д олгосон ******* дугаарын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, Сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас дээр зохих журмын дагуу үнэлэхгүй байгаа Сонгон шалгаруулалтын комиссын хууль бус үйлдлийг тогтоож, журмын дагуу үнэлж дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст даалгах шаардлага бүхий М******* ХХК-ийн захирал Ш.Д*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР