Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 257

 

Д.О, С.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч О.С, шүүгдэгч нарын өмгөөлөгч  З.Цэнгэнбаяр, Д.Ганбат, Б.Билгүүн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 641 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 249 дүгээр магадлалтай, Д.О, С.Б нарт холбогдох 2015260000904 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч  З.Цэнгэнбаяр, Д.Ганбат, Б.Билгүүн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, соёлын менежер, дуу хөгжмийн багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, З овогт Д-ийн О,

2.Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 25а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жил 4 сар хорих ял шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиаар суллагдсан,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 33а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Б овогт С-ийн Б  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох”  гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Д.О, С.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Д.О, С.Б нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.О-т 7 жил хорих ял, С.Б-д 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбат, З.Цэнгэнбаяр нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Билгүүн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.О, С.Б нарт оногдуулсан ялын төрөл хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ” гэж дүгнэсэн байна. Шүүгдэгч Д.О нь гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 373,093,500 төгрөгийн хохирлоос 201,649,500 төгрөгийг сайн дураар төлж барагдуулсан зэргийг харгалзан үзээгүй. Үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн болно. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 3 хүүхэдтэй бөгөөд тэднийг харгалзах хүнгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг багасгаж өгнө үүү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Д.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч С.Б- нь өөрийн үйлдсэн гэм бурууг ойлгож хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргаагүй болно. Мөн өөрийн үйлдсэн хэргийн хохирогч нарт учруулсан хохирлоо сайн дурын үндсэн дээр дангаараа бүрэн төлж барагдуулсан. Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд бүх хохирогч ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон. Хувийн байдлын хувьд энэ удаагийн хэргийг үйлдсэнээс хойш гэр бүлийн хүн нь салж явсан учир өрх толгойлсон эмэгтэй болсны дээр бага насны охин Н.Э-гээ хамт амьдардаг. Мөн найман нэрийн хүнсний дэлгүүр, малын эмийн сан ажиллуулж үйл ажиллагаа нь тогтворжсон. 2014 оноос хойш сумандаа 4-5 хүнийг ажлын байраар хангаж ажиллуулж байсан. Биеийн эрүүл мэндийн хувьд хөхний хорт хавдартай байсан тул хагалгаа хийлгүүлж 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан эмч нарын комиссын магадлагаатай. Дээрхи баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаарх баримтууд хангалттай тогтоогдсоор байтал уг баримтуудыг огт үнэлэхгүйгээр 2009, 2013 онд тус тус ял шийтгүүлж байсан байдалд нь илүү анхаарч, ял шийтгэлийг хүндрүүлэх тал дээр илүү ач холбогдол өгч шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдлыг халсан бөгөөд уг үндэслэлээр ял шийтгэлийг хүндрүүлэх заалт тусгагдаагүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн нөхцөл байдлыг анхаараагүй. Д.О-ийн хятадаас мах бэлтгэн нийлүүлэх их хэмжээний мөнгө орж ирнэ гэсэн түүний үгэнд итгэн хохирогч нараас мөнгө урьдчилгаа хэлбэрээр авсан нийт 65,000,000 төгрөгөө Д.О-т өгч өөрөө энэ мөнгөнөөс нэг ч төгрөг авч ашиглаагүйгээс гадна уг мөнгөн дүнд нь шүүгдэгч С.Б, түүний нөхөр Наранбаатар нарын 15,000,000 төгрөг байсан. Өөрөөр хэлбэл С.Б нь нэг талаасаа хохирогч болсон нөхцөл байдлыг огт үнэлээгүй. Д.О-ийн авч үрэгдүүлсэн нийт мөнгийг С.Б дангаараа төлсөнд дүгнэлт хийж, уг мөнгийг иргэний журмаар Д.О-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдахын оронд гэмт хэргийн замаар олсон мөнгөө “шүүгдэгч өөрөө хэрхэн, яаж зарцуулах нь тухайн хүний өөрийнх нь асуудал” хэмээн хэт туйлширсан дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иймд шүүгдэгч С.Б-д оногдуулсан 4 жил хорих ялыг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэл хөнгөрүүлэхэд нөлөөлөх нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлэх эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хорих ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О-тэй залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй. С.Б нь бусдыг яаж хуурсан, ямар зохиомол байдлыг зориудаар бий болгосон, ямар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан, бусдын итгэлийг яаж урвуулан ашиглаж тэдний эд хөрөнгийг шилжүүлэн авсан зэрэг асуудлууд зүй ёсоор тавигдаж байна. Эдгээр асуудлуудад шүүх нарийвчлан бодож нэг бүрчлэн дүгнэлт хийлгүй, шууд хийсвэрээр ялласан.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх С.Б-г ганцаараа нэр бүхий 3 иргэдээс 21,150,000 төгрөгийг, шүүгдэгч Д.О-тэй бүлэглэн нэр бүхий 5 иргэдээс 62,075,000 төгрөгийг залилан мэхэлсэн гэж хохирлыг хооронд нь нэмж нэгтгэн нийт дүнг тавьж, хуулийг буруугаар тайлбарлан хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар буюу шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан “Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”-ээс өөрөөр дүгнэлээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, С.Б нь шүүгдэгч Д.О-тэй бүлэглэн “9911, 9909-өөр эхэлсэн гар утасны дугаар хямд олж өгнө, “Ниссан Патрол” автомашинуудыг хямд зарна, хүүхдийн цэцэрлэг байгуулж хамтран ажиллуулъя” гэх хэргүүдийг огт үйлдээгүй байна. Гэтэл С.Б-г дээрх хэргүүдийг Д.О-тэй бүлэглэн үйлдсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь илтэд буруу байх бөгөөд түүний хийгээгүй хэргийг хийсэн мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчжээ.  Нэр бүхий иргэдээс С.Б нь нийт 83,225,000 төгрөгийг залилан авсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. С.Б-гийн удаа дараагийн үйлдлээр учруулсан гэх хор уршгийг нэмж нэгтгэн нийт 83,225,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь илтэд буруу болжээ. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг хэрэг үйлдсэнд тооцно”, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д “Их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” зэргээс үзэхэд С.Б-гийн үйлдэл бүрийг учруулсан гэх хохирлоор тооцож үзвэл түүнд холбогдох хэргийн зүйлчлэл их хэмжээний хохирол учруулсанд хамаарахгүй, харин Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарагдаж болох юм гэж үзэж байна. Ер нь С.Б-г бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж яллаж шийтгэж байгаа нь буруу байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар буюу шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б-г гэм буруутайд тооцохдоо “...Шүүгдэгч С.Б, Д.О нарын тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг нарийвчлан зааглаж гаргаагүй нь учир дутагдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Б нь О-тэй залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй” гэж үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх”-ээр тус тус заажээ. Өөрөөр хэлбэл С.Б-д холбогдох прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг нотолно гэснийг тодруулалгүй орхигдуулжээ. Шүүгдэгч С.Б-д бусдыг залилах санаа зорилго, ийм төрлийн гэмт хэрэг үйлдэх гэмт хэргийн сэдэлт байгаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-тэй залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзлээ. Гэмт хэргийг хэд хэдэн шүүгдэгч үйлдсэн бол тэдгээр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтран, эсхүл өөрт оногдох хувийн алинаар хариуцахыг тодорхой заах ёстой. Өөрөөр хэлбэл гэмт хэргийг хамтран үйлдэж хохирол учруулсан этгээдүүд хамтарсан хариуцлага хүлээнэ. Энэ хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг С.Б ганцаараа төлж барагдууллаа. Тэрээр хэдэн төгрөгийн хохирол барагдуулсан тухайгаа давж заалдах гомдолдоо тодорхой дурдсан. О гэмт хэрэг үйлдсэн атлаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтран хариуцах ёстой байтал хариуцсангүй. Шүүх О-ийг төлбөр төлүүлэхгүйгээр шийдвэрлэж, хуулийг ноцтой зөрчлөө. Зүй нь Б-г иргэний нэхэмжлэгчээр тогтоож, О-ээс хохирлыг нэхэмжлэх эрхтэйг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасангүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч С.Б-гийн хувьд урьд “залилах” гэмт хэрэгт шийтгүүлж байсан гэх хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. С.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “Хохирогч нарт учруулсан хохирлыг төлж, төлбөрийг бүрэн барагдуулснаас гадна О-т хууртагдаж, эд зүйлийн болон сэтгэл санааны маш их хохирол амсаж, хорих ял шийтгүүлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг анхаараагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар буюу шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг хуульд заасан шаардлагыг хангаж тусгасангүй. Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Мөн шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Г, З.Ц нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан нэр бүхий иргэдээс 53,000,000 төгрөгийг авсан үйлдэл нь шүүгдэгч Д.О-т залилуулсан нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд ... хохирогч Л.Г, Ч.Г, Б.Ч нараас мөнгийг нь залилан авсан болох нь тогтоогдож байна. Харин шүүгдэгч С.Б нь 53,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.О-т залилуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Энэ тухай дурдвал, С.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр прокурорт гаргасан өргөдөлдөө “Д.О нь миний “Г” ХХК-ийн мах экспортлох тусгай зөвшөөрөлтэй, бизнесийн үйл ажиллагааны чиглэлийг олж мэдээд Хятадын компаниас нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт олж өгч, “Махны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хамтарч ажиллана” гэсэн. Ингээд үйл ажиллагааны зардалд эхлээд 10 хувь буюу 100 сая төгрөг надаас нэхэхэд би бүтэхгүй гэсэн. Гэтэл 50 хувь буюу 50 сая төгрөг олж өг гэсний дагуу түүнд 2015 оны 8 дугаар сард 50 сая төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн. Д.О нь 50 сая төгрөг авах үедээ “хамтран ажиллана, гадны хөрөнгө оруулалт оруулна” гэж хэлчихээд хэл чимээгүй алга болсон. Дээрх 50 сая төгрөгт Г-ын өгсөн 8,1 сая төгрөг, Г-ийн өгсөн 26,5 сая төгрөг, Ч-ны өгсөн 4,3 сая төгрөг, миний өөрийн 11,3 сая төгрөг орж байгаа юм. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  “С.Б, Д.О нарыг Б.Ч-д 4,300,000 төгрөгийн, Л.Галд 8,175,000 төгрөгийн, Ч.Г-д 26,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс хохирлыг нэмж тооцоолбол, 38,975,000 төгрөг болж, хуульд заасан их хэмжээний хохиролд хүрэхгүй байхад “их хэмжээний хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар ял шийтгэж байгаа нь буруу байна. С.Б-гийн зүгээс Д.О-т өгсөн 11,325,000 төгрөгийг О залилж авсан байхад энэ үйлдэлд ял сонсгосонгүй, гэм бурууг нь хэлэлцэлгүй орхилоо. Түүгээр ч барахгүй С.Б нь өөрийнхөө 11,325,000 төгрөгийг залилсан болж байна уу гэдэгт хариу өгсөнгүй. Прокурорт хандахад С.Б-г 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Түүнд залилуулсан тул 50 сая төгрөгөө нэхэмжилнэ гэдгээ хэлсэн. Д.О нь мөнгө авсан тухай баталгаа бичиж өгсний дагуу нотариатаар батлуулсан. Мөн Б-гийн О-т мөнгө зээлдүүлсэн тухай зээлийн гэрээ, банкны баримт бичиг зэрэг зүйлүүд бүгд хэрэгт хавсаргагджээ. Мөрдөн байцаалтын шатанд С.Б-г иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосныг шүүх, прокуророос хэрэгсэхгүй болгоогүй. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлийн 1.9, 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б-гийн хуульд заасан эрхийг нь эдлүүлэлгүй, бүр эрх чөлөөг нь хасаж гэмт хэрэгтэн болгон шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргаад байхад шийдвэрлэлгүй хуулийг ноцтой зөрчлөө. Б нь тухайн үед ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхдүүдээ асарч хүмүүжүүлж байсан. Одоо тодорхой хэмжээгээр цагдан хоригдсон, эрүүл мэндийн байдлын хувьд сайнгүй, хорт хавдраар өвчилсөн, бусдаас авсан /ажил төрлийн шугамаар/ мөнгөө бүгдийг төлсөн, дахин ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдохгүй гэдгээ андгайлдаг. С.Б нь холбогдож буй хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэтэл түүний мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, үндэслэлтэй үнэн зөв шийдвэрлээгүй. Иймд дээрх үндэслэлээр хууль зөрчигдөж байгаа тул С.Б-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.О, С.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон. Шүүх тэдний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үндэслэлтэй тогтоосон. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч  З.Цэнгэнбаяр, Д.Ганбат, Б.Билгүүн нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.О, С.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.О нь 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд удаа дараагийн давтан үйлдлээр дангаараа нэр бүхий 16 иргэдээс 311,018,500 төгрөгийг, шүүгдэгч С.Б-тэй бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нэр бүхий 5 иргэдээс 62,075,000 төгрөгийг,

Шүүгдэгч С.Б нь дангаараа 2015 оны 07 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нэр бүхий 3 иргэдээс 21,150,000 төгрөгийг,  шүүгдэгч Д.О-тэй бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нэр бүхий 5 иргэдээс 62,075,000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.О, С.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэдэнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэхгүй гэсэн үндэслэлээр  хөнгөрүүлэн хэргийн зүйлчлэлийг 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.О, С.Б нарын тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ зэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоож, хохирол төлсөн байдлыг харгалзан шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэв.  

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Д.Ганбат, Б.Билгүүн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 641 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 249 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Д.Ганбат, Б.Билгүүн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН