Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0706

 

                                                        “Ч-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                          захиргааны хэргийн тухай

           Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 596 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ч-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 596 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ч-Э” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн “Ч-Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/ нь “Очирууд” ХХК-иас алт олборлох тусгай зөвшөөрлийг банкны барьцаанаас чөлөөлж “Ч-Э” ХХК-д шилжүүлж өгөхдөө 300.000 гаруй ам долларын өрийг нь төлүүлж гадаадын хөрөнгө оруулагчийн мөнгийг л авахдаа урьтал болгосон болохоос биш, нөхөн сэргээлт, ТЭЗҮ, байгаль орчин нөхөн сэргээлт, Монгол Улсын оршин суух хаяггүй этгээд, захиргааны шийдвэрийг төлөөлөн хүлээн авах этгээдийг нэрлэн заагаагүйгээс үүсэх эрх зүйн харилцаа зэрэг хуульд заасан хийвэл зохих зүйлийг огт хийлгүй шилжүүлж луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулсан нь эцсийн эцэст энэхүү шүүхийн маргаанд хүргэсэн. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд захиргааны шийдвэрийг төлөөлөн хүлээн авах этгээд гэсэн зүйлийн 18.1, 18.2, 18.3-д тодорхой заасан байхад хариуцагч тал нь энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврын талаар оролцогчид урьдчилан мэдэгдэлгүй, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тусгай зөвшөөрлийн цуцлах нөхцөл бүрдсэн 7/4558 дүгээр мэдэгдлийг өмнөх тусгай зөвшөөрлийг худалдсан этгээдэд буюу н.Ганбатад гардуулан өгч уг этгээд нь зориуд санаатайгаар БНХАУ-д хэвтэн эмчлүүлж байсан Янь Ён Минд дуулгалгүй мэдэгдэх хуудсыг нуун дарагдуулсныг үнэн зөвийг тогтоолгүй энэ талаар анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н миний гаргасан “Д.Ганбатыг Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 7/4558 дугаар албан бичгийг хүлээн авах эрх бүхий албан тушаалтан мөн эсэхийг тогтоолгох” тухай хүсэлтийг хүлээн авалгүй захирамж гарган татгалзсан хэрнээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ашигт малтмалын газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдлийг Д.Ганбат өөрийн шуудангийн хайрцгаараа хүлээж авсан нь тогтоогдож байна..” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, 43.5, 43.6, 43.7, 43.8-д заасан заалтуудын алийг нь ч биелүүлээгүй бөгөөд энэ талаар хүлээх үүргээ Ашигт малтмал, газрын тосны газар хэрхэн биелүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхээс гаргуулахыг хүссэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 7/4558 дугаар мэдэгдлийг нийтэлсэн мэдээллийн хэрэгслийн нотлох баримтыг хавтаст хэрэгт авахуулах хүсэлтийг үл ойшоож нөхцөл байдалд зөв дүгнэлт хийлгүй хэргийн оролцогчийн мэтгэлцэх бололцоог хангасангүй.

Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.4а, 8.1.4б, 8.1.4г, 7.1.3 дахь заалтуудад Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг хугацаанд нь төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаан мөнийг тодорхой заасан бөгөөд уг хуулинд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, хилийн чандад байсныг хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэснээс биш өвчний хүнд хөнгөн талаарх оношийн талаар заагаагүй болно.

Тэгээд ч уг компани нь 1 гишүүнтэй, хөрөнгө оруулагчтай хамтран ажилсан түншүүд 1 жилийн гэрээгээ дуусгаад БНХАУ руу явсныг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагддаг юм.

Иймд Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлээд 20-иод хонож байхад захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа огт хийгээгүй, тусгай зөвшөөрөл цуцлах мэдэгдлээ хуульд заасан мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй, мэдэгдлийг хүлээн авсан Д.Ганбат “Ч-Э” ХХК-д огт хамааралгүй этгээд болохыг нотлуулах хүсэлт гаргаад байхад хангалттай нотлох баримтыг хавтаст хэрэгт авахуулах бололцоо олгоогүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж бидний зөрчигдсөн эрхийг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 (2012 гэсэн бичиглэлийн алдаатай) оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр “Очирууд” ХХК-ийн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дахь Хадагтайн нэртэй 203.15 гектар талбай бүхий MV-002449 дүгээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ч-Э” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр “Ч-Э” ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д “Энэ хуулийн 18.1-д заасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 18.2.1-д “тухайн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг”, 49 дүгээр зүйлийн 49.4-д “Энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 49.4.3-д “тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч байгууллага Ашигт малтмал, газрын тосны газартай албан ёсоор харилцах хаягаа өөрөө тодорхойлж өгөх үүрэгтэй бөгөөд төрийн захиргааны байгууллага хууль зүйн үр дагавар бүхий асуудлаар нэхэмжлэгч хуулийн этгээдтэй албан ёсны хаягаар нь харилцах үүрэгтэй байна.  

“Ч-Э” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай үүсгэн байгуулах шийдвэрээр нэхэмжлэгч компанийн оршин суух хаягийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 хороо, 15 хороолол, 65-21 тоот, шуудангийн хаягийг 51/40 тоот байхаар тус тус тогтож, Улсын бүртгэл болон Ашигт малтмалын газарт бүртгүүлжээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Ч-Э” ХХК-д тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэхээр 6/4558 дугаар албан бичгийг дээрх хаягаар хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгийг Д.Ганбат 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авчээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах гомдолдоо “...тусгай зөвшөөрөл цуцлах мэдэгдлээ хуульд заасан мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй, мэдэгдлийг хүлээн авсан Д.Ганбат нь “Ч-Э” ХХК-нд огт хамааралгүй этгээд...” гэж дурдсан ба “Ч-Э” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай үүсгэн байгуулах шийдвэрээр Д.Ганбат нь тус компанид менежер ажилтай байсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талаарх мэдээллийн санд байгаа нэхэмжлэгчийн албан ёсны харилцах хаяг хэмээн тодорхойлж өгсөн “Ч-Э” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “... заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл ... тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн MV-002449 дугаартай тусгай зөвшөөрлийн дараа жилийн төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй, энэ хугацааг алданги төлсний үндсэн дээр 30 хүртэл хоногоор хэтрүүлэх хууль зүйн боломжтой бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ашигт малтмалын тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй байна.

 “Ч-Э” ХХК-ийн хувьд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 2017 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой байсан бөгөөд нэхэмжлэгч компанийн үүсгэн байгуулагч Ён Янь Минь /Yang Yaming/ нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд “Вирусийн гаралтай зүрхний булчингийн хурц үрэвсэл” гэх оноштойгоор Өвөр Монгол Эрээн хотын Шилийн дүүргийн Эрүүл мэндийн үйлчилгээний төвд мөн Монгол Улсад 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Очирваань эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөн “Ён Янь Минь /Yang Yaming/ Өвөр Монгол Эрээн хотын Шилийн дүүргийн Эрүүл мэндийн үйлчилгээний төвийн хэвтэж эмчлүүлэгчийн өвчний түүх нүүр хуудас, ...101 өдөр хэвтэн эмчлүүлсэн” гэх 2 хуудас баримт нь түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлох хангалттай нотлох баримт биш гэж үзэх нь зүйтэй байна.      

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч компани нь нэг үүсгэн байгуулагчтай бөгөөд хөрөнгө оруулагч нар нь нутаг буцсан тул үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа...” гэж дурдсан байх бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно”, 7.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна” гэх заалттай нийцэхгүй тайлбар байна.

Иймд “Ч-Э” ХХК ээлжит тусгай зөвшөөрлийн төлбөрөө нэгэнт хугацаандаа төлөөгүй болох нь тогтоогдсон, 2016 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд төлбөрийг, алдангийн хамт 51 хоногийн дараа төлсөнөөр тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                ШҮҮГЧ                                                               Ц.ЦОГТ

                               ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

                              ШҮҮГЧ                                                                 Ц.САЙХАНТУЯА