| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/04859/И |
| Дугаар | 183/ШШ2024/02588 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2024/02588
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2024/02588
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .......тоотод оршин суух, М овогтой Л-гийн Мөнхтөр /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........тоотод оршин суух, О овогтой Ж-аны С /РД:........./-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгсэлд төлсөн төлбөр болох 12.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.М, хариуцагч Ж.С, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Мнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.М нь фэйсбүүк зарын дагуу иргэн Ж.С-ай анх холбогдсон.Ж.С нь өөрийн фэйсбүүк хаягт...шинээс өөрцгүй, суудлын зориулалтаар унасан, хийсэн юм ихтэй, бүгд сүүлийн үеийн, хийх юм юм ч байхгүй... гэсэн утгатайгаар машинаа зарна гэсэн зар оруулсан байсан. Ингээд Ж.С-лын дээрх гар утасны дугаараар холбогдож ТЭЗ-3-ийн ард байрлалтай Эрчим хотхоны машин зогсоол дээрээс очиж Nissan маркийн NV200 маркийн авто машиныг очиж нүдээр үзсэн. Ж.Снь надад хэлэхдээ... бараг унаагүй, шинэ шахуу машин байгаа юм.Хийх юм байхгүй, эвдрэл гэмтэл байхгүй сайхан машин байна... нь түүний үгэнд шууд итгэн, ямар нэгэн байдлаар авто засварын газар болох мэргэжлийн хүнээр үзүүлэлгүй шууд худалдаж авсан. Машин худалдаж авах үед би эхнэрийнхээ машинтай очиж үзсэн болохоор тухайн үед Ж.С-ын харилцах банкны данс руу өөрийн Хаан банкны болон Голомт банкны дансаар 2 хувааж 12.500.000 төгрөгийг гэрээ байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Машиныг худалдаж авах үед миний зүгээс авч байгаа машинаа асааж шалгаж үзээгүй.Машиныг асааж галгаж үзье гэтэл Ж.С нь ... машиины бинзен дуусчихна, хүн болгон ирээд асааж үзээд байхаар бинзен нь дуусчих гээд байна, бинзен бага байгаа болохоор асаалгамааргүй байна.Найдвартай машин юмаа ах... гэж хэлэхээр нь миний зүгээс залуу хүн байна, намайг хуурчихгүй байлгүй дээ гэж бодоод итгээд мөнгөө шилжүүлсэн юм. Ингээд миний бие эхнэрийн машиныг өөрийн гэрийн гадаа очиж зогсоолд байршуулан тавиад буцаад худалдаж авсан машин дээрээ ирсэн. Ингээд ирээд машинаа асааж үзтэл машин хянах самбар дээр анхаарлын шар тэмдэгүүд ассан.Машины хойд талд юу ч юм бэ мэдэхгүй салж унах гэж байгаа тачигнасан дуу гарсан. Ингээд тухайн өдрөө тэр дор нь буцааж Ж.Сайнжаргал гар утас руу өөрийнхөө гар утаснаас чинь миний дуудлагыг авахгүй байсан.Маш олон удаа залгасан.Гэвч миний дуудлагыг аваагүй. Ингэхээр нь тухайн үед би найз Д.Гантөмөртэй явж байсан учраас найз Д.Г-ийн 000 дугаараас Ж.С руу залгатал дуудлагыг авсан.Ингээд миний бие машинд үүсч байгаа дээрх нөхцөл байдлыг хэлсэн.Гэтэл Ж.С-ын зүгээс надад хандан ... машин авсан бол авсан, буцаах асуудал байхгүй, мөнгийг чинь хүүхдийнхээ сургалтын төлбөрт хийсэн, мөнгө байхгүй, чаддаг юм бол цагдаа шүүхээрээ яваад аваарай...гэж хэлсэн. Миний зүгээс машин худалдан авсан 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойг 16, 17,18 зэрэг өдрүүдэд Ж.С руу залгаж мөнгө авмаар байна, надад асуудалтай машин өгсөн байна, ирж энэ машинаа үз, эсхүл би хаана байгаа газар чинь аваачихж өгье гэж хэлтэл өөдөөс согтуугаар чамайг ална хядна, чаддаг юм бол шүүхээрээ яваад аваарай гэж басамжилсан.Миний бие хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуугийн группт байдаг. Миний бие ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй учир арай хийн цуглуулж, өр тавьж хуримтлуулсан 12.500.000 төгрөгөө ингээд алдмааргүй байна. Нэгэнэт Ж.Снь мөнгийг буцааж өгөхгүй, машины эвдрэл гэмтлээ засварлахгүй, машинаа очиж үзэхээс татгалзаж, чанрын догодолтой, эвдрэлтэй машиныг надад нийлүүлсэн учир бидний хооронд байгуулсан 01-53УНГ улсын дугаартай Тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, машины төлбөрт шилжүүлсэн 12.500.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ж.С нь миний бие нэхэмжлэгч Л.М-ийн гаргасан нэхэмжлэлийн хүлээн авч танилцан дараах хариу тайлбарыг гаргаж байна.Миний бие өөрийн эзэмшлийн0000 УНГ улсын дугаартай Nissan NV-200 авто машиныг Фэйсбүүк хаягаар худалдахаар зар оруулсан байсан ба иргэн Л.М зарын дагуу ирж үзэж харан гурван автомашинаас сонгож уг машиныг онцлон сонгож, хамгийн доод үнээ л хэлчих, ах нь хийх юм байвал өөрөө хийчихнэ, хийх юмныхаа үнийг хасаад хамгийн доод үнээ л хэлчих гэж шалсаар байгаад 14.000-с 12.500.000 төгрөг хүртэл хямдруулж худалдан авахаар болж улмаар нотариат дээр очин 2023 оны 09 сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж миний хаан банкны данс руу 2 таслаж нийт 12.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний бие нь өөрөө өрх толгойлсон 4 хүүхэдтэйгээ амьдардаг аав хүн, Тухайн үед охины минь сургалтын төлбөр нэхэгдэхээс гадна, бэлэн мөнгөний хэрэгцээ байсан тул ахыг гуйгаад байсан болохоор хамгийн доод үнээ 12.500.000 төгрөг болгож өгсөнөөс энэ хүнийг залилаж мэхэлж, хуурсан асуудал байхгүй.Миний бие уг машины төлбөрийг аваад охин А-ийг сургалтын төлбөрт шилжүүлж, бага насны тэрсхэн 4 хүүхэдтэй тул тэднийхээ хэрэглээ, хэрэгцээнд болон цэцэрлэг, сургуулийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлдэх, хувцас хунар авч өгөхөөс өгсүүлээд хэрэгцээндээ зарцуулаад дууссан. Худалдан авагч Л.М нь өөрөө хүүхэд багачуудтай л байх. Гэтэл 2023 оны 9 сарын 16-нд залгаж машинаа буцаая, ах нь арай яараад түргэдээд авчихаж ээ, яг иймэрхүү машин 11.500.000 гэж байна. Ах нь тэрийг авахаар боллоо, мөнгөө буцааж авъя гэсэн.Би тухайн үед юу гэсэн үг вэ надад буцаах боломжгүй мөнгийг чинь хүүхдийн сургалтын төлбөр болон хэрэгцээндээ зарцуулаад танд өгөх бэлэн мөнгө байхгүй.Та эсвэл энд байгаа 2 машинаас нь сонгоод сольж авч болно гэж учир байдлаа хүртэл хэлсэн. Мөн Л.М нь согтуу байсан, хэл амаар доромжилсон гэжээ. Миний бие нь Л.-ийг хэл амаар доромжилсон, ална тална гэсэн зүйл байхгүй.Миний бие архи уудаггүй, тамхи ч татдаггүй. 3-8 насны 4 хүүхдүүдийг өгсөн хүмүүжүүлэх, цэцэрлэг сургуульд нь зөөх, хувцас хунарыг угааж бэлдэх, хооллож ундлах, идэж уух хоол хүнсийг нь бэлдэх гээд 4 хүүхдийнхээ төлөө гэж явсаар архи ууж наргиж цэнгэж, зугаацах зав байдаггүй ээ. Мөн нэхэмжлэлдээ шалгаж үзүүлээгүй гэж бичсэн байна. Асааж үзээд гурвын гурван машинаас сонголт хийж унаж авч явчихаад, асааж үзүүлээгүй чирээд, ачаад аваад явсан бол өөр хэрэг ээ. Шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ шал өөрөөр бичсэнд гайхаж байна.Иргэн Л.М бид 2-ын хооронд хийсэн худалдах худалдан авах гэрээ нь ИХ-ийн 39.1, 40.1-т заасан хүчин төгөлдөр хэлцэл юмаа. Иймд нэхэмжлэийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.09.15-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Ж.С-ын иргэний үнэмлэх,2023.09.15-ны өдрийн дансны хуулга, чат, зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: Нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Шүүхийн журмаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.М хариуцагч Ж.С-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгсэлд төлсөн төлбөр болох 12.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч тухайн үед өөрөө автомашинаа үзэж хараад авсан, зарах байсан үнийн дүнг буулгаад аваад явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Л.Мөнхтөр 2023 оны 9 сарын 15-ны өдөр 1484 бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулж, 0000000 арлын дугаартай, Ниссэн ванетте маркын 2010 онд үйлдвэрлэгдсэн, саарал өнгийн, У000НГ улсын дугаартай суудлын автомашиныг 12.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг тус өдрөө бүрэн шилжүүлж, ж.С тус автомашиныг Л.-д хүлээлгэн өгчээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Л.М тухай автомашиныг худалдан аваад асаахад хянах самбар дээр гэрлүүд ассан, машины хойд талд юу нь мэдэгдэхгүй салж унах гэж байгаа тачигнасан дуу гарсан тул тэр дороо Ж.С руу залгасан боловч утасны дуудлага авахгүй, өөр утсаар залгаад хэлэхэд машин авсан бол авсан, буцах асуудал байхгүй, мөнгийг чинь хүүхдийнхээ сургалтын төлбөрт хийсэн, мөнгө байхгүй гэсэн гэх бөгөөд хариуцагч нь гэрээний 4.1-д зааснаар худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй тээврийн хэрэгслийг шилжүүлэх үүрэгтэй гэж заажээ.
Х ХК-ийн 2024.02.26-ны өдрийн дүгнэлтээр 01-53 УНГ улсын дугаартай Ниссан ванетте маркын тээврийн хэрэгсэлд хойд гэрлийн бүрхүүл хагарсан, зүүн хойд хаалганы цоож гацсан, тооромзны АВС систем гэмтсэн, бүхээгний хөргөлтийн систем ажилладаггүй, хойд амортизатор дуу гардаг гэмтэлтэйг дурдсан байна.
Үүнээс үзэхэд худалдагч нь эд хөрөнгийн доголдолгүй тээврийн хэрэгслийг худалдана авагчид шилжүүлж өгөх үүрэгтэй ба Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу Л.Мөнхтөр доголдолтой эд хөрөнгөтэй холбоотой гэрээг цуцлах тухай шаардах эрхтэй байна.
Хариуцагч тухайн автомашин гэмтэлтэй байсныг нэхэмжлэгч мэдэж байсан гэх бөгөөд энэ байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан бөгөөд Л.М автомашины доголдлын талаар 6 сарын дотор мэдсэн байна.
Эдгээр үндэслэлээр хариуцагч Ж.Сайханжаргалаас 12.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Мөнхтөрд олгох нь хуульд нийцнэ.
Иймд 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 12.500.000 төгрөгийг хариуцагч Ж.С-аас гаргуулж, нэхэмжлэгч Л.М-т буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-т заасныг баримтлан 2023 оны 9 сарын 15-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Ж.С-аас 12.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.М-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 285.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.С-аас 285.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.М-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО