Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2016/0152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, шүүгч Ц.Одмаа, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ц өмчлөгчдийн холбоонд олгосон дүгээр гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн М.А, С.О*******, Т.Ш******* нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.Ууганжаргал, иргэдийн төлөөлөгчөөр Д.Д, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд С.Сарант******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 16 хороолол, "Ө" компани ашиглалтанд оруулсан. Баянзүрх дүүргийн 16 хороолол, 16-р хорооны 66с байрны Цэгц" Сууц Өмчлөгчдийн Холбоог байгуулахад оршин суугчдын санал, гарын үсэг хуурамчаар зуруулсан, мөн насанд хүрээгүй оршин суугчдаас гарын үсэг зуруулсан зэрэг хууль бус үйлдэл хийсэн нь Цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоосон. "Цэгц" Сууц өмчлөгчдийн Холбооны зарим ажилтнууд хууль бус ажиллагаа явуулж оршин суугчдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг удаа дараа ноцтой зөрчиж бидний СӨХ байгуулах, өөр СӨХ-д нэгдэх эрх, эрх чөлөөг зөрчиж байна.

СӨХ хууль бусаар байгуулагдснаас хойш ажлаа хийхгүй байснаас саяхан ашиглалтанд орсон орон сууц маань өнгө алдаж хуучирсаар байна. Эхнээсээ орцонд ариун цэвэр байхгүй, хогоор дүүрсэн, ая тухтай амьдрах боломж огт бүрдэхгүй байгаа билээ.

СӨХ байгуулсан гол этгээд болох н.Сарант******* нь манай байранд оршин суудаггүй. Тэрээр энд тэнд СӨХ байгуулж явдаг тул оршин суугчдын мөнгийг зориулалтын дагуу зарцуулна гэдэгт оршин суугчид эргэлзээтэй байгаа. Эдгээр хүмүүс СӨХ байгуулахдаа анхнаасаа оршин суугчдын хурал хийгээгүй, насанд хүрээгүй хүүхдээр гарын зууруулсан, оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар зурсан.

Тухайн үед үл таних хүн амралтын өдрөөр хаалга тогшиж элдэв юм ярьж хүчээр гарын үсэг зуруулах гэж байсан бөгөөд эдгээр хүмүүст арга хэмжээ авч өгөхийг бид "Ө" ХХК-ний удирдлага, хамгаалалтын албанд хандаж байсан. Энэ талаар оршин суугчид хурал хийж Цэгц СӨХ-д 66С байрыг шилжүүлэхгүй байхыг хүссэн. Бид анхнаасаа СӨХ-г хүлээлгэн өгөх асуудалд эсэргүүцэж байгаа юм.

Энэ Сууц өмчлөгчдийн холбоог Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн төв Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн байна. Энэхүү "Цэгц" СӨХ нь илт хууль бусаар байгуулагдсан байх тул Улсын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг бидний хүсэлтийн дагуу Өгөөмөр монгол ХХК нь Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв. Дээд шатны албан тушаалтан болох Засаг даргад хандсан боловч хуулийн хугацаанд хариу өгөөгүй болно.

Оршин суугч С.О******* би болон оршин суугчид бид "Цэгц" Сууц Өмчлөгчдийн Холбоог байгуулахад оролцоогүй бөгөөд ямар нэг гарын үсэг зураагүй, гэтэл зарим суугчдын гарын үсгийг дуурайлган зурсан, бидний үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Миний бие болон СӨХ байгуулахад идэвхитэй оролцож, байгуулах хуралд оролцож санал бодлоо хэлэх хүсэл сонирхолтой байтал ийнхүү хууль бус үйлдэл хийсэнд их гомдолтой байна, Хууль бусаар байгуулагдсан Цэгц СӨХ-г байгуулсан н.Сарант******* нь энэ байранд оршин суудаггүй хүн байх тул цаашид энэхүү байрны оршин суугчдын болон манай гэр бүлийн оршин суух, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлнэ гэдэг нь эргэлзээтэй байна. Энэхүү хууль бусаар байгуулагдсан Цэгц СӨХ-ны бүртгэлийг хүчингуй болгосноор оршин суугчид нь өөрсдөө хурлаа хийж хууль ёсны дагуу СӨХ-гоо байгуулах боломж бүрдэнэ.

Цэгц" Сууц Өмчлөгчдийн Холбоог Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн Холбооны бүртгэлд бүртгэсэн бүртгэл, тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: "Ө" ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны бүртгэлд бүртгэгдсэн дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга нь "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн
байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд
хөрөнгийн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д "Холбоог зохион байгуулах
хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар холбоог
бүртгэх" гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16
дугаар хороолол, Да хүрээ гудамжны 66с байрны оршин суугчдын СӨХ байгуулах
тухай хурлын тэмдэглэл, тогтоол зэргийг үндэслэн "Цэгц" СӨХ-г бүртгэж
дугаар бүхий гэрчилгээг олгосон байна.

"Ө" ХХК-д Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас
2013 оны 09 сарын 03-ны өдрийн 7/209 дугаар албан бичиг хүргүүлж "СӨХ-н үйл
ажиллагааг оршин суугчид дундаас байгуулагдсан албан ёсны СӨХ-нд өнгөрсөн
хугацааны санхүүгийн тайланг тавин, тооцоог нийлж хүлээлгэн өгөхийг үйл
ажиллагааг нь шилжүүлэх" тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж
байсан байна. Мөн Цэгц СӨХ-ноос Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт
"Өгөөмөр монгол" ХХК-д холбогдуулан гаргасан гомдлын дагуу "Шударга
өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн
7/160 дугаар албан бичгээр "Ө" ХХК-д 2013.09.03-ны 7/209 дугаар
улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, СӨХ-ны үйл ажиллагаа явуулж
байсныг таслан зогсоосон тухай болон "Цэгц" СӨХ нь үүсгэн байгуулагдаж, эрх
бүхий байгууллагад бүртгэгдсэн тул үйл ажиллагаа явуулахад ямар нэг
хязгаарлалт үүсээгүй болно" гэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Ө" ХХК нь хууль
бусаар СӨХ-н үйл ажиллагааг явуулж байгааг тогтоож Цэгц СӨХ-г хуулийн дагуу
байгуулагдсан гэдгийг тодорхой тусгасан байна гэж үзэж болохоор байна

Мөн "Ө" ХХК нь 66с гэх байрыг барьж ашиглалтанд оруулж
өгсөн байдаг ба энэ нь 3 жил уг байрын эвдрэл гэмтэлийг гүйцэтгэгч байгууллага
хариуцна гэсэн "Барилгын тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.4 дэх заалт зэргийг үндэслэн "Ө" ХХК нь одоо болтол уг үүргийг хэрэгжүүлж явж байна. Гэтэл уг үүргээ хэрэгжүүлэх нэрээр СӨХ-ны үйл ажиллагаа явуулж иргэдээс СӨХ-ны мөнгө хураан авч түүнийгээ өөрийн компанид хэрэглэж байгаа нь чанарын баталгаат хугацаа буюу 3 жилийн турш иргэдээс мөнгө залилаж өөрсдийн хийх ажлыг иргэдийн хөрөнгө мөнгө ашиглан хийх гэсэн бусармаг үйлдэл юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн талйар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасны дагуу оршин суугчдын СӨХ байгуулахтай холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцож шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэлгүй.

Оршин суугчдын СӨХ байгуулах хуралд нээлттэй оролцож саналаа хэлэх эрхээ эдэлж чадахгүй байна гэж нэхэмжлэлд дурьдсан байгаа нь үндэслэлгүй бөгөөд удаа дараа оршин суугчдын хуралд оролцож,оршин суугчдад тайлбар хийж, өөрийгөө тус барилгын компанитай гэрээ байгуулсан харуул хамгаалалтын албаны дарга гэж танилцуулан санаатайгаар компанийн ажилчидтай нийлэн хурал үймүүлж тараадаг байсан нь хурлын протоколуудад тэмдэглэгдсэн байгаа болно. Иймд нэхэхжлэлийн шаардлага нь үндэслэгүй гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Д гаргасан дүгнэлтэндээ: Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзээд, хариуцагчийн шүүх хуралдаанд хийж буй тайлбараас дүгнэхэд СӨХ-г бүртгэх үйл ажиллагаа алдаатай, бичиг баримтуудыг сайн хянан шалгаагүй байна. Иймд СӨХ-ны бүртгэлийг түдгэлзүүлж, нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх иргэн М.А, С.О*******, Т.Ш******* нарын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ц өмчлөгчдийн холбоонд \цаашид СӨХ гэх\ олгосон дүгээр гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгчид нарын гаргасан тайлбар, мэтгэлцээн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний дагуу хариуцагчаас нөхцөл байдлыг тодруулан шинэ акт гартал Цэгц СӨХ-г бүртгэсэн бүртгэл болон дүгээр гэрчилгээг түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Учир нь:

Нэхэмжлэгч М.А, С.О*******, Т.Ш******* нар нь маргаан бүхий бүртгэлтэй СӨХ-нд хамаарах Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, 16 дугаар хороо Да хүрээ гудамжны 66С байранд орон сууц өмчилдөг болох нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 6/712 дугаар албан бичиг болон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд тус бүрээр нотлогдож байгаа тул эдгээр иргэд нь дээрх шаардлагын хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд байна.

2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, 16 дугаар хороо Да хүрээ гудамжны 66С байрны оршин суугчид хурал хийж 5 асуудал хэлэлцсэний нэг нь тус байрны СӨХ-г байгуулах асуудал байжээ. Байрны оршин суугчдын хурлын протоколоор СӨХ байгуулахыг 98 орон сууцны оршин суугчид дэмжин санал асуулгын хуудсанд гарын үсгээ зурцгаасан байна. Уг 66С байр нь 180 орон сууцтай бөгөөд ийнхүү 98 орон сууц эзэмшигч буюу 54.4%-ийн саналаар СӨХ байгуулах саналыг дэмжиж, бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсон, хуралд оролцсон оршин суугчдын олонхийн саналаар СӨХ-г байгуулахаар болжээ. Мөн уг хурлаар СӨХ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон хяналтын зөвлөлийн гишүүдийг тус тус сонгосон байна.

Цэгц СӨХ нь Баянзүрх дүүргийн хөгжлийн төвд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 01 тоот албан бичгээр хүсэлт гаргаж, шаардлагатай баримтууд болох бүх гишүүдийн хурлын протокол, санал асуулгын хуудас, Төлөөлөн удирдах зөвлөлийн 5 гишүүний анкет, хяналтын зөвлөлийн 3 гишүүний анкет, гүйцэтгэх захирлын анкет, СӨХ-ны дүрэм зэрэг баримтуудыг хавсралтаар хүргүүлжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх гэж заасны дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Цэгц СӨХ-г бүртгэж, дүгээр гэрчилгээ олгосон байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг  захиран зарцуулах эрх бүхий этгээдийг, 5 дугаар зүйлийн 5.3-т Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачлагаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачлагаар хуралдуулна, 5.6-д Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна, 18 дугаар зүйлийн 8.1.1-д холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх гэж тус тус заажээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх дүүргийн Хөгжлийн төв нь Цэгц СӨХ-г бүртгүүлэхээр ирүүлсэн материалуудыг бүрэн эсэхийг хянахаас гадна СӨХ-г байгуулахаар санал өгсөн иргэд нь тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхтэй буюу өмчлөгч мөн болохыг нягтлан шалгах үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, СӨХ-г байгуулах санал өгч буй иргэд нь саналаа өгч буй орон сууцны өмчлөгч болохоо зохих баримтаар нотолсон байх шаардлагатай байсан боловч хариуцагч энэхүү нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримт болох СӨХ, орон сууцны контортой холбоотой асуудлыг дэмжсэн оршин суугчид гэх санал асуулгын хуудсаар нотлогдож байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу Цэгц СӨХ-г үүсгэн байгуулахаар санал өгсөн иргэдийг тухайн орон сууцаа захиран зарцуулах буюу өмчлөх эрхтэй эсэхийг нэг бүрчлэн шалган үзэж, Цэгц СӨХ-г бүртгэсэн бүртгэл, дүгээр гэрчилгээг үндэслэлтэй олгосон эсэхийг тогтоож, уг бүртгэлийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх эсэх талаар дахин шинэ акт гаргах хүртэл уг актыг түдгэлзүүлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.3, 5.6, 18 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг баримтлан иргэн М.А, С.О*******, Т.Ш******* нарын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ц өмчлөгчдийн холбоонд олгосон дүгээр гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Засаг даргаас Цэгц сууц өмчлөгчдийн холбоог бүртгэсэн бүртгэл болон бүртгэлийн 2014 оны дүгээр гэрчилгээг тус тус хариуцагчаас нөхцөл байдлыг тодруулан шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй.

2.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 021 дүгээр шийдвэрээр Т.Г, М.А, Д.Т*******, Д.Т*******, Н.А*******, Н.О*******, Г.Д*******, Т.Ш*******, Н.Б*******, Б.Ц*******, С.О******* нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргээс С.О*******, Т.Ш*******, М.А нарын нэхэмжлэлтэй гурван иргэний нэхэмжлэлд холбогдох захиргааны хэргийг тусгаарласантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэсэн болохыг дурдасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ

ШҮҮГЧ Ц.ОДМАА

ШҮҮГЧ Д.ОЮУМАА