| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/03547/И |
| Дугаар | 183/ШШ2024/02519 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2024/02519
2024 оны 06 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2024/02519 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ....... тоотод байрлах, С ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ...... тоотод оршин суух, И-ийн П /РД:......./-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2.720.474 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Са ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн И.П нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр С ББСБ-тай ......... тоот зээлийн гэрээ байгуулж, 2.699.900 төгрөгийг жилийн 34.8 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай IPHONE 11 гар утас худалдан авах хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж нийт 1.424.000 төгрөг төлсөн ба 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр С ХХК-д 2023/04/07 тоот шаардах эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу шилжүүлэн өгсөн болно. Зээлийн гэрээний 5.1.10 зээлдэгч нь нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээлийн төлөлтийг зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй /хуваарийг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн үндсэн төлбөрийг гаргуулахаар шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах. Зээлдэгч И.П нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2.046.351,45 төгрөг, төлөх ёстой хүү 618.090,08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42.532,71 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг. Нийт 2.720.474 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч И.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С ХХК-ийн нэхэмжлэлтэй И.П-д холбогдох иргэний хэрэгт зээлийн гэрээний үүрэгт 2.720.474 төгрөг гаргуулах тухай хүлээн зөвшөөрч дараах байдлаар төлж барагдуулна. 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 544.094,8 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 544.094,8 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 544.094,8 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 544.094,8 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 544.094,8 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК зээлийн гэрээний үүрэгт 2.720.474 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг И.П-д холбогдуулан шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч И.П нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариу тайлбар ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С ХХК-ийн нэхэмжлэлтэй И.П-ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.720.474 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч И.П нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58.477,58 төгрөгөөс 29.238,79 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 29.238,79 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч И.П-аас 29.238,79 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО