Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/382

 

                                                             Н.У-д  холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч П.Сарантуяа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Б.Батсайханы бичсэн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр Н.У-д  холбогдох эрүүгийн 1702 00254 0285 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

            овгийн Н.У, ..................., /РД: ...................../;

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 599 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Н.У нь НОБ-н газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах ...” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...” гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно ...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014, 2016 онуудад онцгой байдлын үед хэрэглэх аврах багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдан авах мэдээллийг ашиглан,

            НОБ-н газарт “үйлчлэгч, цахилгаанчин, туслах ажилтан, орчуулагч”-аар ажиллаж байсан Б.Насантогтохын нэр дээр “ТД” ХХК-ийг 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Галын машин, механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, аялал жуулчлал”-ыг эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулан, гүйцэтгэх захирлаар бүртгүүлж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тендер сонгон шалгаруулалтанд өөрөө бичиг баримтыг нь бүрдүүлэн тус компанийг оролцуулж, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10/639 дугаартай албан бичгээр ой хээрийн түймэр унтраах 2 ширхэг автомашиныг нийлүүлэх шууд гэрээг “ТД” ХХК-тай байгуулах саналыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр НХААГ-14/0028 дугаартай 200.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх гэрээг” байгуулж, Бүгд Найрамдах Солонгос улсын “Hanso Precision Industry” /Хансо Прэсишн Индастри/ ХХК-иас 2 ширхэг тээврийн зардал, татвар орсон 188.662.614 төгрөгийн ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлж, өөртөө давуу байдал бий болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 200.000.000 төгрөгийн,

   мөн үргэлжилсэн үйлдлээр 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 10/318 дугаартай              “... “ТД” ХХК нь 2014 онд ой хээрийн түймэр унтраах 2 ширхэг автомашиныг хугацаанд нь нийлүүлж байсан” талаар дурдсан албан бичгийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах НОБ-нгазарт 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр НОБГ-16/01 дугаартай 340.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх гэрээг” байгуулж, Бүгд Найрамдах Солонгос улсын “Hanso Precision Industry” /Хансо Прэсишн Индастри/ ХХК-иас 2 ширхэг тээврийн зардал, татвар орсон 211.571.428,76 төгрөгийн ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлж, өөртөө давуу байдал бий болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт нийт 540.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   Нийслэлийн прокурорын газраас: Н.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

    Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Н.У-д  холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Н.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-д  оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн хохирлын 129.765.957,24 төгрөгөөс 88.350.308 төгрөгийг хасч тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.У-с 41.458.649,94 төгрөгийг гаргуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгож, прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 93 дугаартай тогтоолоор шүүгдэгч Н.У-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон, Махатма Ганди гудамжны 59 дүгээр байрны 41 тоотод байрлах 2 өрөө 54 м2 орон сууц битүүмжилснийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Батсайхан бичсэн эсэргүүцэлдээ: “... шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүгдэгч Н.У нь НОБ-нгазрын даргаар ажиллаж байхдаа өөрөө “ТД” ХХК-ийг үүсгэн байгуулж нийт 540.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй 2 удаагийн тендер сонгон шалгаруулалтад бичиг баримтыг бүрдүүлэн оролцуулж, мөн тус компанийг дэмжиж байгаа гэх утгатай албан бичгийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, өөрөө гэрээ байгуулан 2014 оны тендер сонгон шалгаруулалтаас 11.337.386 төгрөгийн, 2016 оны тендер сонгон шалгаруулалтаас 118.428.571,24 төгрөг нийт 129.765.957,24 төгрөгийг компанийн данснаас авч ашигласан үйл баримт тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасны дагуу Н.У-с гаргуулж, хохирогч байгууллагад олгуулах саналыг яллах дүгнэлтэд дурдаж, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог хийж хэрэгт хавсаргасан байхад нотлох баримтаар үгүйсгэж, няцаасан дүгнэлт хийлгүйгээр хохирлоос 88.350.308 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, хавтаст хэрэгт хасч тооцсон 88.350.308 төгрөгтэй холбоотой санхүүгийн баримт буюу нотлох баримт байхгүй байхад хохирогч байгууллагын эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх нь ... нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

2. Шүүхээс Н.У-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгосон атлаа өөрчлөх болсон үндэслэл, хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй нь шүүхийн тогтоол ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн заалттай нийцэхгүй байна.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Н.У-г 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнд оногдуулсан ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан суурь зарчмууд, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзээгүй байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна, Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж байгаа. Хохирлоос 88.350.308 төгрөгийг хасаж тооцсон нь нотлох баримтыг үндэслээгүй шийдвэр гарсан. Мөн зүйлчлэлийг өөрчилсөн үндэслэлээ шийтгэх тогтоолд бичиж өгөөгүй. Түүнчлэн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан хамгийн хөнгөн ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөгч болон прокурорт 88.350.308 төгрөгийн баримт гаргаж өгөөд 2 жил болж байна. Нийт 129.765.957,24 төгрөгийн тайлбарыг шүүх хурал дээр прокурорт гаргаж байсан. Надад байгаа баримт нь 88.350.308 төгрөгийн баримт байсан. Үүнд Солонгос руу явах зардал, нэмэгдэл тоноглол хийлгэсэн зардал орж байгаа юм.  Гэхдээ мөрдөн байцаалтад буцаахад үүн дээр бодитойгоор шалгалт явуулаагүй гэж би үзэж байгаа. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхийн шийдвэрт заагдсан хохирлыг бүгдийг нь төлж барагдуулна. Ийм баримттай зүйл дээр прокурор эсэргүүцэл гаргаж байгаа нь надад хэцүү байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.У-н өмгөөлөгч П.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэргийг прокурорын шатанд байхад нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Бид шүүгдэгч Н.У-н ярьсан 88.350.308 төгрөгийн хохирлыг шалгаад өгөөч гэж мөрдөн байцаагч болон прокурорт 2 удаа хандсан. Хандах бүрд “бид хасахгүй шүүх хасна, шүүхэд эрх хэмжээ нь байгаа” гэсэн тайлбарыг өгдөг. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд буцахад эрх бүхий албан тушаалтнууд Нийслэлийн шүүхийн магадлалыг биелүүлээгүй мөн анхан шатны шүүхийн захирамжийг биелүүлээгүй. Шүүгдэгчийн гаргаад байгаа нотлох баримт үндэслэлтэй эсэхийг шалгаж өгөөч гэхэд шалгаж өгөөгүй. Прокурорын эсэргүүцлийн эхний хэсгийг дээр дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүгч захирамждаа ойлгомжтой, тодорхой дурдсан тул прокурорын эсэргүүцлийн 2 дугаар үндэслэлийг мөн зөвшөөрөхгүй байгаа. Ийм зүйлийг ойлгохгүй байгаад нь прокурорыг их гайхаж байгаа. Батсайхан прокурортой нүүр нүүрээ харж ярилцмаар байсан боловч өнөөдөр ирээгүй учир харамсалтай байна. Батсайхан прокурор “шүүх хасаад өгөх байх, мөрдөгч бас шалгасан” гэж хэлсэн ч мөрдөгч нь шалгахдаа зөвхөн шүүгдэгчийг техник хэрэгсэл авч байсныг нь мэдэх үү гэж хүмүүсээс асуусан. Тэнд ажиллаж байсан зарим хүмүүс мэдэхгүй учир мэдэхгүй гэдэг хариултыг өгсөн байдаг. Үнэн бодитоор нь үр дүнтэй шалгасан бол энэхүү 88.350.308 төгрөг нь хуулийн дагуу нотлогдох байсан. Миний үйлчлүүлэгч тухайн үедээ хууль мэдэхгүй байсан одоо хуулийн хуудас сөхөөд үзэхэд хийсэн үйлдэл нь яах аргагүй албан тушаалаа урвуулан ашигласан болж байгаа юм. Энэ үйлдлээрээ миний үйлчлүүлэгч өөрийгөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ санаа зорилго, сэдлийн хувьд гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар өөртөө хөрөнгө завших эсвэл шунахайн сэдлээр энэ үйлдлийг хийгээгүй. Энэ байгууллага нь өөрөө онцгой байгууллага. Миний үйлчлүүлэгчийн удирдлага дор ажиллаж байгаа олон залуус хүний эд хөрөнгө, амь насыг аврахын тулд тэмцэж мөн гэмтэж байгаа. Дээр үед их хэцүү байсан гал унтраах ангийнхан усаа саваар зөөдөг байсан тухай миний үйлчлүүлэгч ярьдаг. Энэхүү байдлыг хараад миний үйлчлүүлэгч байгууллагадаа ажилчдынхаа ажлыг хөнгөвчлөх, зориулалтын техник хэрэгслийг авах л санаатай байсан. Гэтэл хуульд өөртөө давуу байдал үүсгэсэн гэж авч үзээд байдаг. Миний үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар өөртөө давуу байдал үүсгээгүй. Шүүхийн шийдвэр төлүүлэхээр заасан 41.458.649,94 төгрөгийн хохирлыг аргагүй нотлох баримт нь байхгүй байсан учир нотолж чадаагүй. Мөн төсвөөс илүү гарсан 88.350.308 төгрөгийн хохирлоос гадна Солонгостоо 4 ширхэг байдаг Монгол төгрөгөөр 1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй машиныг Монголд оруулж ирсэн. Золзаяагийн бичсэн өргөдөлд дурдагдсан 18 аймгаар явж буй жижиг тэрэгнүүдийг оруулж ирсэн. Эндээс үзэхэд миний үйлчлүүлэгч тэр мөнгийг идэх битгий хэл Солонгосоос Монгол руу хэрэгтэй техникийг авчраад байгаа юм.  Тендер зохион байгуулахдаа 2016 оны 1 дүгээр сарын А10 гэсэн Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу, өөрт нь эрх олгогдсоны үндсэн дээр зохион байгуулсан. Тухайн үед энэхүү тендерт оролцох сонирхолтой хувь хүн, албан байгууллага байгаагүй бөгөөд сонинд 2 ч удаа зарлагдахад нэг ч хувь хүн, албан байгууллага ороогүйг гэрчүүд баталдаг. Миний үйлчлүүлэгч онцгой объектыг техникжүүлсэн хүн. Түүнийхээ хариуд тэтгэвэртээ гараад гавьяагаа эдлэх ёстой байтал ялтан болоод явж байгаа нь шударга бус гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Прокуророос Н.У-д  холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх гэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэж шийдвэрлэхдээ ингэж хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон нотлох баримтын агуулга тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл болон прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлийн дүгнэлтээ хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтуудын шаардлагыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн тодорхойлох хэсэгт /шийтгэх тогтоолын 8 дугаар хуудас/ “...шүүгдэгч Н.У-г Нийслэлийн Засаг даргын тамгын газарт нийт 540,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь ... зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон...”гэж дүгнэсэн атлаа хэргийн зүйлчлэлийг чухам ямар үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчилсөн нь тодорхойгүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Мөн шийтгэх тогтоолоор гэмт хэргийн хохирлын талаарх нотлох баримтын дүгнэлтгүйгээр хохирлын нэхэмжлэлээс 129.765.957.24 төгрөгөөс 88.350.308 төгрөгийг хасч, 41.415.649.94 төгрөгийг Н.У-с гаргуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж, яагаад хохирлыг багасгах болсон талаархи дүгнэлтгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д хэсэгт заасан “... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл...”-ийг тусгасан байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

            Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

Иймд прокурор Б.Батсайханы “...шүүх Н.У-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх болсон үндэслэл, хохирлыг хэрхэн хасч тооцсон талаар хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй...” гэсэн хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд эдгээр асуудлыг нөхөн дүгнэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Н.У-д  холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.У-д  урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг дахин анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.У-д  холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Н.У-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР