| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/02705/И |
| Дугаар | 101/ШШ2024/02754 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2024/02754
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***** оршин суух, Д*******ийн Х******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ****** оршин байрлах, “А*******” ХХК /рд:*******/-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Х******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр **** тоот “Орон сууцны урьдчилсан гэрээ”-г байгуулж УБ хот БЗД, *-р хороонд Б.Д*******ийн гудамжинд баригдаж буй ***** орших 45.32 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв үнийг 1.450.000 төгрөг нийт 65.714.000 төгрөгөөр тохирч гэрээний төлбөрийг бүрэн төлж гэрээгээр орон сууцыг 2020 оны 11 дүгээр сарын 01- ний өдөр орон хүлээлгэн өгч гэрчилгээг гаргаж өгөхөөр тохирсон болно. Гэвч орон сууц гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрээг ахин шинэчилж үнийн дүн хэвээр харин орон сууц ашиглалтад орох хугацааг 2022 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулан өмчлөх эрхийг гэрчилгээг олгохоор тохирсон болно. Үүнээс хойш 2023 онд багтан нэхэмжлэгчийн зүгээс орон сууцанд нүүн ******* амьдарч байх ба уг байранд маргаан үүсээгүй боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д*******ийн Х*******ийг **** орших 45.32 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү.
1а. Зохигчид 2020.7.22-нд орон сууцны урьдчилан гэрээ байгуулсан. Нийт 65,714,000 төгрөгөөр тохирч бүрэн төлсөн. Гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй тул гэрээг шинэчилж хугацааг сунгасан. Улмаар 2023 оны намар орон сууцыг хүлээн авч амьдарч байх боловч гэрчилгээ гаргаагүй. Иймд өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Хороо нь ** дугаар хороо болсон гэв.
2.Хариуцагчийн төлөөлөгч Н.Болормаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Бидний хооронд байгуулагдсан 2022.05.20-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу Д.Х******* нь БЗД-н *-р хороо, Д*******ийн гудамж, Цэргийн хотхон, ****, 45.32 м.кв, 2 өрөө орон сууцны үнэ 65,714,000 төгрөгийг бүрэн төлж, тухайн орон сууцандаа амьдарч байгаа тул түүнийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй болно гэжээ.
3.Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Бэлэн мөнгөний орлогын баримт /хх4/, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх5-9/, төлбөр төлөлтийн хүснэгт /хх14/, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх16-19/, “А*******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт /хх36
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Х******* нь Баянзүрх дүүрэг, ***** хаягт байрлах, 45,32 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “Алагхайран бугат” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.
3а. Хариуцагчийн төлөөлөгч Н.Болормаа нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан болох нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын утсаар ярьсан тэмдэглэлд тусгагдсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
4. Зохигчид 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан гэх боловч гэрээ байгуулсан хэсэгт хариуцагчийн тэмдэг дарагдаагүй тул шийдвэрийн үндэслэл болохгүй. /хх5-9/
Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаж буйгаар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай 65,714,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан. /хх16-19/
Гэрээний 1.1-т зааснаар хариуцагч нь орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж, хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөхөөр тохиролцжээ.
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.
5. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь Баянзүрх дүүрэг***, 45,32 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц байх бөгөөд энэхүү орон сууц нь нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, 2 дугаар / шинээр 30 дугаар / хороо, ******, 45,32 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц мөн болох талаар зохигчид хэн аль нь зөвшөөрсөн.
6. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 65,714,000 төгрөг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, төлбөр төлөлтийн хүснэгт, “А*******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт, хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдсон. /хх4, 14, 36, 40/
Хариуцагчаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг төлөөлөгч Н.Болормаад олгожээ.
Иймд нэхэмжлэгчийг гэрээний дагуу тохиролцсон төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.
8. Гэрээний 5.1.2, 5.2.2-т зааснаар төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон байна.
9. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Х*******ийг Баянзүрх дүүрэг, *** хороо, Цэргийн хотхон, *** хаягт байрлах, 45,32 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 486,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А*******” ХХК-с 486,520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД