Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/383

 

                                                                    Г.Т-т холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Билгүүжин,

            нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

    Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцлээр Г.Т-тхолбогдох эрүүгийн 2109010850280 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Г.Төгөлдөр, ................, /РД:.................../;

Г.Т нь 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шар усны хоолой” гэсэн газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр 21.3654 грамм жинтэй өвч гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хүртэл Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр 21.3654 грамм жинтэй өвч гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын газрын орчим өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Адуучин овогт Ганболдын Төгөлдөрийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ганболдын Төгөлдөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1,7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, дээрх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “цэвэр 21.3654 гр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, АО2507912 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт” /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Г.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар Г.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж, Г.Т-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эрдэмбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т-тхорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнд оногдуулсан ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан суурь зарчмууд, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзээгүй байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын Үндэстний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэх 4 үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. (Шүүгдэгчийн үйлдэл нь “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан авсан гэх 2 шинжийг агуулсан байхад шүүх шүүгдэгчид ямар үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх болсон үндэслэл, шалтгаан нөхцөлийн талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, дүгнээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгах” гэсэн заалтыг зөрчсөн) гэж үзнэ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Т-тхолбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын хувьд сөрөг нөлөө ихтэй онцлогтой гэмт хэрэг юм. Шүүгдэгч Г.Т нь сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн, хадгалсан тухайн цаг хугацаанд 4 хүнтэй хамт хэрэглэж байсан. Уг 4 хүнд хэрэглэхийг сурталчилсан нь дээр дурдсан онцлог шинжийг илтгэж байгаа юм. Мөн шийтгэх тогтоолд мөнгөн дэвсгэртийг устгахаар заасан байгаа нь зохимжгүй. Монгол улсын мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлдэг практик тогтож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокурорын газраас шүүгдэгч Г.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т-тэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй, их сургуульд суралцдаг, хувийн байдлыг...” гээд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч Г.Т Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шар усны хоолой” гэсэн газраас 21.3654 грамм жинтэй өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын газрын орчим 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хүртэл хугацаанд өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэд хэдэн шинжээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.

Монгол Улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэт нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид 2008 онд тус тус нэгдэн орсон бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хариуцлага хүлээдэг.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэнцэх үндэсний хөтөлбөр /2017-2021/ батлагдан хэрэгжиж байна.     

Прокурорын эсэргүүцэл бичсэн “...Г.Т-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ...ямар үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх болсон үндэслэл, шалтгаан нөхцөлийн талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, дүгнээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй...” гэсэн үндэслэл бүхий эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Т-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Т-т холбогдох эрүүгийн хэргийг дахин  хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

             2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Т-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

       3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОЧМАНДАХ  

    ШҮҮГЧ                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                  ШҮҮГЧ                                                     М.АЛДАР