Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан, 

            улсын яллагч Г.Энхмаа,

            шүүгдэгч Б.Баянмөнх нарыг оролцуулан Төв аймгийн Заамар сумын хурлын  танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

            Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баянмөнхөд холбогдох 1734002160105 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын  03-ны  өдөр хүлээн авч 2017 оны 11 сарын 23-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, "Их алт" ХХК-ийн манаач ажилтай, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт оршин суух хаягтай, Боржигон овгийн Барьдайгийн Баянмөнх, /Регистрийн дугаар: УЕ67072470/ гэв.

           

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.Баянмөнх нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Их Алт" ХХК-ийн уурхайн манаачаар ажиллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 75квт-ын хөдөлгүүр, 200мЗ хүчин чадал бүхий насосс зэрэг эд зүйлийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бусдад зарж борлуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт

 

 

 

 холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

        Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад:

           

            Шүүгдэгч Б.Баянмөнх нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Их Алт" ХХК-ийн уурхайн манаачаар ажиллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 75квт-ын хөдөлгүүр, 200мЗ хүчин чадал бүхий насосс зэрэг эд зүйлийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бусдад зарж борлуулан завшсан болох нь:

            Шүүгдэгч Б.Баянмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад: "...Би Зоригоо гэх залууг танихгүй бөгөөд анх над дээр миний зүс таних Заамар сумын Жамъянсүрэн гэх залуутай хамт 2017 оны 08 дугаар сарын 02-ноос хэд хоногийн өмнө манай уурхай дээр ирээд эксковатор түрээслэх үү танайх үйл ажиллагаа явуулахгүй техник тоног төхөөрөмжөө зарж байгаа юмуу гэж ирсэн. Тэгэхээр нь би тиймээ манай компани үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа гэхдээ түрээслэхгүй зарж байгаа гэж хэлсэн. Тэгтэл тэр 2 хашаанд орж үзчихээд энэ нацосыг зарах уу гэхээр нь би зарна гэхдээ орных нь нацосыг авч ирж өгчихөөд аваарай 1,500,000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. ...тухайн үед мөнгөө авахдаа Туулны гүүрний Мөнхөөгийн хүрэн дэлгүүрийн дансанд мөнгө хийлгүүлж авсан. Нийт 1,500,000 төгрөг шилжүүлж авсан ба ...1,300,000 төгрөгийг өөрийн эхнэр Ц.Даваасүрэнгийн данс руу шилжүүлчих гэж хэлчихээд үлдсэн 185,000 төгрөгийг бэлнээр авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/

 

            Хохирогч П.Батсүхийн мөрдөн байцаалтад: " Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах "Их алт" ХХК-ны уурхайгаас 75 кв-ийн хөдөлгүүр, 200м3 нассосын хамт 2017 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө хулгайд алдсан. ...манайх үйл ажиллагаа явуулж байхдаа харуул хамгаалалтын компанитай гэрээгээр ажиллаж байгаад үйл ажиллагаагаа түр зогсоогоод тэгээд манай уурхайд гагнуурчнаар ажиллаж байсан Баянмөнхтэй гэрээ байгуулан хамгаалагчаар ажиллуулсан. ...дээрх асуудалд холбон манай уурхайн манаач Баянмөнхийг сэжиглэж байна" гэх мэдүүлэг/хх-ийн 18-20-р хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Зоригтбаатарын мөрдөн байцаалтад: "...манай уурхайн усны нацос, мотор эвдэрсэн болохоор урьд уулзсан мотор зарна гэж байсан Их алт уурхайн манаач хөгшин санаанд ороод тухайн моторыг нацосын хамт 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/

 

             Гэрч Ө.Жамъянсүрэнгийн мөрдөн байцаалтад: "...манай найз жижиг Зоригоо гэх залуугийн хамт ...эксковатор олох санаатай явж байгаад ...үйл ажиллагаа нь зогссон тэгээд техник хэрэгслээ зарж байгаа мөн түрээслэдэг уурхай байгаа сургаар Туулын гүүрнээс урагш 4 орчим километрт байх Их алт уурхай дээр очсон. Тэгээд эксковатор байгаа эсэхийг манаач гэх ахаас асуухад байхгүй бүгдийг нь зарсан гэж хэлсэн тэгэхээр нь нацос, мотор 2 байхаар нь энэ эд зүйлээ зарах уу гэж асуухад манаач ах зарна 1500000 төгрөг авч ирээд ав гэж хэлэхээр нь тэгээд бид 2 тэндээс яваад өгсөн. Удалгүй 2-3 хоногийн дараа нөгөө уурхай дээрээ очоод манаач ахтай уулзаж 1500000 төгрөгийг тэр ахын Хаан банкны дансны дугаараар явуулаад тэгээд нацос, мотор хоёрыг ачиж аваад явсан" /хх-ийн 27-28-р хуудас/гэх мэдүүлэг,

 

            Гэрч Ц.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад: "...Охины сургуулийн төлбөр нэхэгдээд байхаар нь хүү Мөнхнямаас гуйсан чинь манай нөхөр намайг чи түр хүлээж бай би мөнгө явуулнаа дансаа явуул гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5749724119 гэсэн дансны дугаарыг явуулсан удалгүй 1,300,000 төгрөг миний дансанд орсон. Би нөхрөөсөө юун мөнгө юм бэ гэж асуухад чи дуугүй байж ба би мэдэж байна гэж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 29-31, 74-р хуудас/

            - "Хан үнэлэмж" ХХК-ийн үнэлгээний тайлангаар Б.Баянмөнхийн бусдад зарж борлуулсан эд зүйлийг нийт 7,380,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 35-39-р хуудас/

             - "Их Алт" ХХК-иас Б.Баянмөнхөд уурхайн сэлбэг материал, эд хэрэглэл хүлээлцсэн акт /хх-ийн 53-60-р хуудас/

- "Их Алт" ХХК Б.Баянмөнхтэй харуул манааны үүрэг гүйцэтгүүлэхээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбарууд /хх-ийн 63-67-р хуудас/  зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч насоссийг буцаан өгч иргэний нэхэмжлэгч Б.Зоригтбаатарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

       

            Иймд шүүгдэгч Б.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар Б.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас чөлөөлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд иргэний нэхэмжлэгч Б.Зоригтбаатарт 1500000 төгрөгийн хохирол төлөх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авахаар хянан шийдвэрлэв.

 

Хохирогч П.Батсүх нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Баянмөнхөөс нацос худалдан авсан үнэ 1500000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Зоригтбаатарт олгохоор шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Б.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Боржигон овгийн Барьдайгийн Баянмөнхийг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Барьдайгийн Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Баянмөнх нь хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах, үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баянмөнхөөс 1500000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Зоригтбаатарт олгосугай.

             5. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, Б.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай

 

            6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

            7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

            8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  Б.Баянмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЖАРГАЛ