Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/02753

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, **** оршин суух,  овог Б*******ын Ө******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ***** оршин байрлах, “А*******” ХХК /рд:*******/-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н******* нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Б.Ө******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр **** тоот “Орон сууцны урьдчилсан гэрээ”-г байгуулж УБ хот БЗД, *-р хороонд Б.Д*******ийн гудамжинд баригдаж буй ***** 25.23 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв үнийг 1.189.000 төгрөг нийт 30.000.000 төгрөгөөр тохирч гэрээний төлбөрийг бүрэн төлж гэрээгээр орон сууцыг 2020 оны 11 дүгээр сарын 01- ний өдөр хүлээлгэн өгч гэрчилгээг гаргаж өгөхөөр тохирсон болно. Гэвч орон сууц гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрээг ахин шинэчилж үнийн дүн хэвээр харин орон сууц ашиглалтад орох хугацааг 2022 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулан өмчлөх эрхийг гэрчилгээг олгохоор тохирсон болно. Үүнээс хойш 2023 онд багтан нэхэмжлэгчийн зүгээс орон сууцанд нүүн ******* амьдарч байх ба уг байранд маргаан үүсээгүй боловч тухайн байрны өөр тоотод нэг байранд хэд хэдэн хүнтэй давхардуулан гэрээ байгуулж маргаан үүсэх болж мөн өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна.

Иймд Б*******ын Ө*******-г УБ хот БЗД, *-р хороо **** орших 25.23 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү.

1а. Хариуцагчийн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх санал гаргасан тул хурлыг үргэлжлүүлье. Талууд 2020.6.17-нд гэрээ байгуулж, орон сууцыг 30 саяар тохирч төлбөрийг бүрэн төлсөн. 2020.11.1-нд хүлээлгэн өгч гэрчилгээг гаргаж өгөхөөр тохирсон. Улмаар 2022 онд хугацааг сунгаж дахин гэрээ байгуулсан. Улмаар 2023 онд орон сууц ашиглалтад ******* амьдарч байгаа бөгөөд зарим тоотод захиалагч давхардаж маргаан үүссэн. Улмаар гэрчилгээ гаргаагүй тул нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно. Нэхэмжлэгч нь 2023 оны намраас хойш одоог хүртэл тухайн орон сууцандаа амьдарч байгаа юм. Нэхэмжлэгчийн 18 тоот дээр маргаан байхгүй харин өөр тоотууд дээр маргаан байдаг юм. Харин хороо нь нэхэмжлэл гаргаснаас хойш 30 дугаар хороо болсон байгаа юм гэв.

2.             Хариуцагчийн төлөөлөгч Н.Б******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Б.Ө*******гийн нэхэмжлэлтэй танилцаад хариуцагчийн зүгээс энэхүү тайлбарыг гаргаж байна. 2022.05.23-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу Б.Ө******* нь БЗД, *-р хороо, Б.Д*******ийн гудамж, ***, 25.23 м.кв 2 өрөө орон сууцны үнэ болох 30,000,000 төгрөгийг бүрэн төлсөн тул түүнийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй болно гэжээ.

3.             Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх5-7/, орон сууцны урьдчилсан гэрээ /хх8-13/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

2.             Нэхэмжлэгч Б.Ө******* нь Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт байрлах, 25.23 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

3.             Хариуцагч “Алагхайран бугат” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

3а. Хариуцагчийн төлөөлөгч Н.Б******* нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан болох нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын утсаар ярьсан тэмдэглэлд тусгагдсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

4.             Зохигчид 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны урьдчилсан гэрээ байгуулсан гэх боловч гэрээ байгуулсан хэсэгт хариуцагчийн тэмдэг дарагдаагүй тул шийдвэрийн үндэслэл болохгүй.

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаж буйгаар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай 30,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан. /хх5-7/

Гэрээний 1.1-т зааснаар хариуцагч нь орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж, хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөхөөр тохиролцжээ.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.

5.             Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь Баянзүрх дүүрэг, ****, 25.23 м.кв талбайтай,**** орон сууц байх бөгөөд энэхүү орон сууц нь нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, 2 дугаар / шинээр 30 дугаар / хороо, ***** хаягт байрлах, 25.23 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц мөн болох талаар зохигчид хэн аль нь зөвшөөрсөн.

6.             Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 30,000,000 төгрөг төлснийг хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбараараа зөвшөөрсөн. /хх34/

Хариуцагчаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг төлөөлөгч Н.Б*******д олгожээ.

Иймд нэхэмжлэгчийг гэрээний дагуу тохиролцсон төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

7.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

8.             Гэрээний 5.1.2, 5.2.2-т зааснаар төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон байна.

9.             Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

10.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ө*******г Баянзүрх дүүрэг, ***** хороо, **** хаягт байрлах, 25.23 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А*******” ХХК-с 307,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД