Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 358

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Г.Энхмаа,

шүүгдэгч Л.Отгонбаатар, түүний өмгөөлөгч П.Буманзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэл, түүний өмгөөлөгч Х.Гансүх,

шинжээч Г.Энхбаатар,

иргэдийн төлөөлөгч Ш.Цэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Лувсандоржийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201419000281 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороо, 34 байр 56 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Лувсандоржийн Отгонбаатар, /РД:МЖ80032714/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.Отгонбаатар нь ялтай байхдаа, согтуугаар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг  Өгөөмрийн 3-17 тоот хашаанд Ц.Цэнд-Аюушийг цээжин тус газарт нь хутгалж, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

-Шүүгдэгч Л.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: "       2014 оны 5 сарын 23-ны өдөр Төв аймгийн Заамар суманд очоод ажилд гарах гээд ажлын багаж дутаад Алтан-Оргилын хамт дэлгүүр рүү явсан. Дэлгүүрт ороод хотын такси руу утсаар яриад 12 цагаас өмнө өгөөд явуулчих 12 цагт такси явна гэж яриад мөнгө төгрөгийн шилжүүлээд буцаж яваад Сүхээ болон тэнд байсан хүмүүс хашааныхаа гадаа зогсож таарсан. Миний байсан айл тэрний цаана байсан тул би хажуугаар нь өнгөрч таараад  мэндлээд тэгсэн манайд орьё гэхээр нь орсон. Тэгээд уулзаагүй удсан нутгийн дүү гээд гэрт нь ороод хоол унд идээд 1 шил архи уучихаад зөрүүлж нэг шил архи авч өгөөд би 12 цаг болчихлоо одоо явахгүй бол болохгүй ажилтай гээд гарах гэтэл талийгаач сууж байгаад гарч явчхаад гаднаас орж ирэхдээ 1 шил архи авч орж ирээд танилцсаных гээд үүнийг уучихъя гэхээр нь би одоо ажилтай явахгүй бол болохгүй гээд гарах гэтэл чи ямар сүртэй юм бэ би чамайг хүндэтгээд авчирсан гэхээр нь би буцаж суугаад хуваагаад ууж байтал талийгаач Отгонбаяртай маргалдаад байхад Сүхээ гэдэг залуу салгаад эвлэрүүлээд гайгүй болж байгаад талийгаач над руу агсарч эхэлсэн чи ямар ярвагар юм бэ надтай юм ярихгүй байна гэхээр нь би таньж мэдэхгүй хүнтэй юу ярих вэ дээ гэхэд намайг Алтангын хар бухай гэдэг чи асуугаарай гэсэн тэгэхээр нь би юуг нь асуухав дээ гэхэд намайг цохиод миний амнаас цус гарсан. Гэсэн Отгонбаяр Алтан-Оргил нар салгасан. Тэгээд би гарахдаа Алтан-Оргилыг гаръя гээд гарсан. Тэгтэл талийгаачийн хармаанаас хүрэн иштэй хутга унаж байна. Тэгээд би чи яахаараа намайг цохиж байгаа юм бэ гэхэд талийгаач би чамайг алнаа гэж байсан. Тэгээд би гараад явтал араас хөлийн чимээ гарахаар нь би Алтан-Оргилыг ирж байгаа юм болов уу  гээд эргээд хартал талийгаач миний араас нөгөө унаж байсан хутгаа барчихсан гүйж гарч ирээд шууд хутгатай гараа далайгаад над руу дайрсан нөгөө гараараа миний майкны захаас татаад урагдсан байсан. Би хутгатай гарыг нь түлхтэл майкнаас зуураад довжоон дээр талийгаач гишгэдэл алдаад унахад нь би хөлд нь тээглээд тонгойгоод ойчсон. Тэгээд бостол талийгаачийн баруун эгэмний доор хугалагдсан байсан. Тухайн үед би их сандарч хутгыг сугалж авсан. Тэгээд Отгонбаяр ирэхээр нь би гайтай юм боллоо охин минь төрөөд 2-хон сартай би амьдрах гээд явж байсан ш дээ гэсэн чинь намайг тайвшир муу юм бодоод яахав эмнэлэг дуудчихлаа чи яваад тайвшир гэхээр нь яваад байж байсан чинь Отгонбаяр нөгөө хүн чинь нас барьчихлаа гэхээр нь би өөрөө цагдаа дээр ирээд бүх зүйлийг үнэнээр нь ярьсан.” гэв.

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: "01 сарын 23-ны 00 цагт анх мэдээг сонссон. Надад үнэхээр хэцүү байсан би талийгаачийн төрсөн дүү. Би сүүлд явсан замын зардлаа нэхэмжилж байгаа. Оршуулгын зардалд 11.800.000 төгрөгийг авсан. Удаа дараа хэрэг хийгээд хүний амь нас хохироочхоод мал нядалж байгаа биш цусалж алчхаад өршөөгөөч гэж байгаад үнэхээр их гомдолтой байна. Одоо замын зардал 678400 төгрөгийг нэхэмжилнэ. Хуулийн дагуу ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр яллах болон цагаатгах талын хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн "..Талийгаач нь хувь хүнийхээ хувьд уг дуу цөөтэй даруу төлөв зантай, хүн ялгаж харьцдаггүй их нийтэч зантай, хааяа нэг архи уудаг байсан сүүлийн хэдэн жил архи уудаггүй байж байгаад сүүлийн үед хааяа нэг уугаад байдаг болсон тамхи татдаг байсан. Их ажилсаг, цэвэрч нямбай хүн байсан. Би маш их гомдолтой байна. Хэрэг хийсэн хүмүүст зохих ялыг нь эдлүүлэх хүсэлтэй байна. Оршуулгын зардлыг нэхэмжилнэ. Баримтаа цуглуулж авчирч өгнө .../хх29-31/, мөн ... би оршуулгын болон бусад зардлаа нийлүүлээд 11041450 төгрөг нэхэмжилж байгаа ба хохирлын баримтуудыг бүгдийг нь гаргаж өгч хавтаст хэрэгт хавсаргуулсан байгаа, одоогоор ямар ч хохирол төлөгдөөгүй байгаа ... гэх мэдүүлэг /хх-32/,

 

"... Надад яллагдагч Л.Отгонбаатарын зүгээс хохиролд 11.800.000 төгрөг төлөгдсөн бөгөөд 3.000.000 төгрөгийг нь бэлнээр өгч, 8.800.000 төгрөгийг нь дансаар шилжүүлсэн. Надад хохиролд нэмж гаргах баримт материал байхгүй. Би гомдолтой байна хуулийн дагуу шийдүүлэх хүсэлттэй байна нэхэмжилж байгаа хохирлыг төлж барагдуулсан." гэх мэдүүлэг / 2 дугаар хх-207/,

 

-гэрч Ч.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "..Би 2014 оны 3 сард Төв аймгийн Борнуур суманд байж байгаад Л.Отгонбаатартай танилцсан юм. Түүнээс уулзаагүй байж байгаад өчигдөр буюу 2014 оны 5 сарын 23-ны өдөр уулзсан. Тэгээд утасны дугаараа солилцож авалцсан. Би Л.Отгонбаатарыг бол сайн танихгүй. ... Баянмөнх Улаанбаатар хот руу явах такси дуудсан байсан учир удалгүй такси Баянмөнхийн гэрийн гадаа ирээд бид хоёр таксинд суугаад хөдлөх гэтэл хутгалуулдаг залуу Баянмөнхөд хандан замдаа хоол унд авч идээрэй гээд 40 000 төгрөг өгсөн. Тэгээд бид хоёр өдөр 13 цагийн алдад шууд хөдөлсөн ба таксины жолооч Туулын гүүрэн дээрээс нэг зорчигчоо авна гээд бид нар шууд Туулын гүүр орсон. Тэгээд Туулын гүүр орчихоод шууд Улаанбаатар хот руу замдаа гарсан. Бид нар Атарын гуанзан дотор хоолоо идээд байж байсан чинь 1 цагдаа орж ирээд бичиг баримт шалгасан. Тэгээд гадаа гарахад бид нарын сууж байсан таксиг цагдаа шалгана гээд саатуулсан байсан. Тэгээд бид нар Атарын Цагдаагийн хэсэг дээр очсон. Тэндээ байж байгаад Заамар сум Сов руу шууд явсан. Би тэр талаар мэдэхгүй. Учир нь Баянмөнх бид хоёр Улаанбаатар хот руу явах ажилтай байсан болохоор гэрээс хамаагүй эрт гараад явсан. Түүнээс хойш гэрт юу болсон талаар мэдэхгүй. Бид нар замдаа Хар бухын гүүрэн дээр явж байхад Баянмөнхийн утас руу эмэгтэй хүн залган танай гэрт хүн амины хэрэг гарсан байна аа, чи хаана байгаад байгаа юм бэ гэж байсан. Тэгэхээр нь бид хоёр тоглож байгаа юм байх гэж бодоод итгээгүй.." гэх мэдүүлэг /хх 39-40/

 

-гэрч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн "...би такситай Хар бухын голын гүүрний наахна талд явж байхад миний утас дуугарсан. Тэгэхэд Сэлэнгээс Мөнх-Эрдэнийн ах нь гэх Мөнхбат гэдэг хүн 99220427 гэдэг утсаар залгаад Бухаа чинь хүнд алуулсан юм биш үү, та нар хаана байгаа юм бэ, мэдсэн үү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би сая зүгээр байсан шүү дээ би хот руу явж байна гэж хэлсэн. Мөн над руу Уянгаа гэдэг хүүхэн 95781591 дугаарын утсаар бас хэрэг гарсан юм биш үү гэж хэлсэн. Тэгээд би Сувдаа, эсрэг талын айл Эрдэнээ гэдэг залуу руу утсаар залгаж асуухад тэр хоёр танай хашааны гадна цагдаа нар ирсэн байна, Бухаа ахыг Сэлэнгийн Оогий хутгалсан юм шиг байна гэж хэлсэн ..." гэх /хх41-42/,

 

-гэрч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "..Би 2014.05.23-ны өдөр өглөө 11 цагийн орчим гэрээсээ гараад Баянмөнх ахын гэрийн ойролцоо явж байхад Баянмөнх ах Ганболдынд очиж цонх ачилцаад өгөөч гэсэн тэгээд би болон манай найз нар Ганболд ахынд очиж цонх хана ачиж байгаад 12 цагийн орчим дууссан ... ХААН банк ороод ойролцоогоор 14 цагийн үед буцаад очиход Баянмөнх ахын хашааны гадна талд цагдаагийн машин ирсэн цагдаа нар орж гараад байсан. Тэгээд би юу болсон талаар сураглахад нэг нэгнийгээ хутгалсан байна гэсэн яриа гарсан байсан..." гэх мэдүүлэг/хх-43/,

 

-гэрч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн "...14 цаг болж байсан байх. Тэгээд би Баянмөнхийн гэр лүү орох гэтэл талийгаач дээшээ харчихсан, гараа алдалсан, цээжнээс цус урсан гарсан байдалтай, байшингийн гадна талд хаалганы тэнд газар хэвтэж байсан. Хажуу талд нь нэг танихгүй залуу шанагатай ус барьчихсан цээжийг нь арчаад байж байсан. Тэр танихгүй залуугаас гадна миний таньдагаас бүдүүн Отгоо, Оргио нар байсан. Тэгээд би тэр гуравт хандан яагаад ийм юм болчихвоо, юу болсон юм, хэн ингэсэн юм бэ гэсэн чинь тэр гурав ямар нэгэн үг хэлээгүй. Тэгээд талийгаачийг гэр лүү оруулахаар болсон. Тэгээд Оргио, бүдүүн Отгоо бид гурав хамжиж өргөөд гэрт оруулчихаад би буцаж гүйн машины бүхээгнээс хоёр ширхэг хөнжил авч ирэн нуруун доор нь хийж дэрлүүлэн дээлийг нь өндийлгөсөн ... Миний бодлоор байшингийн гадаа талийгаачийг хэвтэж байхад хажууд нь зогсож байсан танихгүй залуу байх гэж таамаглаж байсан. Гэхдээ бүдүүн Отгоо ах 2014 оны 5 сарын 23-ны өдрийн орой 18 цагийн алдад Сэлэнгийн Оогий талийгаачийг хутгалсан гэж надад хэлсэн ...Намайг сэрэхэд танихгүй хоёр залуу мөн Маам, бүдүүн Отгоо нар байсан. Өөр ямар нэг хүмүүс байгаагүй ... ойр орчимд нь хутга харагдаагүй. Талийгаачид бор өнгийн модон иштэй, жижиг хутга байсан. Тэр хутга нь байнга машиных нь кабинд байдаг байсан ..." гэх мэдүүлэг/хх44-45/,

-гэрч Х.Уянгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн "...2014.05.22-ны орой Дарханаас Отгонбаатар, Оргио нар ирсэн юм. Тэгээд би Март гэдэг айлд байсан болохоор тэд Мартынд ирж хоносон ... Тэгээд би хойшоо айлд очоод өдөр буцаад Мартын хашааны гадаа ирэхэд гудамжинд Оргио, Отгонбаатар хоёртой таарсан. Тэгэхэд намайг ийшээ ороод үзээдэхээч энд хүний бие муу байна гэсэн. Тэгэхээр нь би Түлэнхий Сүхээгийнд ороход хаалга нь онгорхой шалан дээр нэг хүн нуруунд нь юм ивсэн байдалтай байсан. Тэгээд би хөөе гээд түлхэж үзэхэд хөдлөхгүй байсан. Тэгээд харахад цээжин хэсэг нь цус болсон байдалтай байхаар нь айгаад шууд гараад эмнэлэг явсан..." гэх мэдүүлэг /хх 46-47/,

 

-гэрч Т.Алтан-Оргилын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн "...2014.05.22-ны өдөр орой 17 цагийн орчим Отгонбаатарын хамт Дархан-Уул аймгаас энд ирсэн юм. Тэгээд Март гэдэг айлд хоносон юм. Тэгээд өглөө 11 цагийн орчим Отгонбаатар энд манай нутгийн нэг ах байгаа гээд намайг дагуулаад энэ хэрэг болдог айлд орсон ...Тэгээд бид тавуулаа үлдээд архиа ууж байтал талийгаач гэнэт Отгонбаатарын нүүрэнд нь хэд хэд цохих шиг болсон. Тэгэхээр нь бид нар салгасан. Тэгэхэд Отгонбаатар гадагшаа байшингаас гарсан, тэгтэл талийгаач араас нь гүйгээд гарсан. Тэгэхээр нь би араас нь гарахад Отгонбаатар талийгаачийн дээр нь гараад суусан, баруун гартаа хутга барьсан байдалтай, хутгатай гар нь нил цус болсон байсан. Тэгэхээр нь би Отгонбаатарыг холд гэж хэлээд хажуу тийш болгоод талийгаачийн цусыг нь арчаад цээжнээс нь гарч байсан цусыг нь тогтоохоор фудволкоор нь дарсан. Тэгтэл цус нь тогтохгүй байсан. Тэгээд цээжнээс нь өргөхөд гарч байсан цус нь арай бага болж байхаар нь босоогоор нь байлгах гээд гэр лүү өргөж оруулсан. Гэрт оруулаад цээжин доор нь хөнжил ивсэн ... Биднийг архи ууж байхад талийгаачийн халааснаас нь хутга унаж байсан. Отгонбаатарт хутга байхгүй байсан. Тийм болохоор талийгаачийн хутгаар хутгалсан байх. Отгонбаатар хутгалсан, Отгонбаатар талийгаачийн дээр нь гараад гартаа хутга барьсан муу пизда энэ тэр гээд хараалын үг хэлээд байсан. Тэгэхэд талийгаачийн эгэмнийх нь доохно талаас цус гараад тогтохгүй байсан ба Отгонбаатарын хутгатай гар нь цус болсон байсан. Отгонбаатар цагаан өнгийн майктай, саарал өнгийн өмдтэй улаан хүрэн өнгийн ботинкон гуталтай, саарал өнгийн кэпкин малгайтай байсан ... баруун гар нь цус болсон бас хутга нь цус болсон байсныг харсан юм ... гэх /хх-48-49/... Отгонбаатар талийгаачийг хутгалах үед хажууд нь хэн ч байгаагүй. Хутгалчихаад талийгаачийн дээрээс хутгаа бариад хоёр гар нь цус болчихсон босч байхад нь би гарч харсан ...Нэг харахад л талийгаач Отгонбаатарын дээр нь гарчихсан цохиж байхаар нь бид нар очиж салгасан. Отгонбаатарыг байшингаас гарахад талийгаач араас нь гүйж гараад гадаа ноцолдож байгаад Отгонбаатарт цээжиндээ хутгалуулсан..." гэх мэдүүлэг /хх 50-52/,

 

-гэрч Ж.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн "...Хамгийн эхлээд талийгаач Бүдүүн Отгоо бид хоёр луу агсраад байсан тэгээд бид хоёр уучлаарай гэж хэлээд гар барьсан тэгээд зүгээр болсон. Түүний дараа нь Сэлэнгийн Отгоогийн нүүр лүү нь цохисон. Түүнээс өөр ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион болоогүй юм. Талийгаач байшингийн хаалганы харалдаа толгой нь урд зүгт харсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгэхэд талийгаач цагаан футволктой цээжнээс нь цус гарсан хэвтэж байсан ...энэ хутга бол талийгаачийн хутга байна. Энэ хутгыг талийгаач биедээ авч явдаг байсан. Би яг хэн хутгалсныг нь хараагүй. Бодож үзэхэд бид нар тавуулаа байшинд байж байгаад Сэлэнгийн Отгоо түрүүлээд гадагшаа гарсан, араас нь талийгаач Цэнд-Аюуш гарсан, байшинд Оргио, Бүдүүн Отгоо бид гурав үлдсэн. Тэгэхээр гадаа талийгаачтай байсан. Сэлэнгийн Отгоо хутгалсан. Өөр хүн байхгүй байсан болохоор түүнээс өөр хутгалах хүн байхгүй юм ..." гэх мэдүүлэг /хх 53-54/,

 

-гэрч Н.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ... Баянмөнхийн гэрт Маам хочтой Эрдэнэбаатар, Сэлэнгийн Отгоо гэх Отгонбаатар, Оргио, талийгаач Бухаа, Шоовко гэх танихгүй залуу нар байсан. Тэгээд Улаанбаатар гэдэг архи ууж байсан. ... Тэгж байхад талийгаач Бухаа Маам бид хоёр руу агсарсан, тэгээд бид нар гар бариад Бухаа гайгүй болсон. Тэгээд байж байтал Бухаа гэнэт Сэлэнгийн Отгоо руу агсараад 2 удаа гараараа ам хэсэгт нь цохих шиг болсон. Тэгэхээр нь бид нар тэр хоёрыг салгасан. Тэгтэл Сэлэнгийн Отгоо Бухаад намайг яалаа гэж ингэж байгаа юм бэ гээд гомдолын үг хэлээд байсан. Тэгээд Сэлэнгийн Отгоо гадагшаа гараад явсан. Тэгээд араас нь бухаа удалгүй гарсан. Тэгэхэд байшин дотор маам орон дээр хэвтсэн байсан, Оргио бид хоёр сууж байсан. Тэгэхэд Оргио гадагшаа гарснаа гэнэт намайг дуудсан тэгэхээр нь би гараад харахад байшингийн хаалганы урд талд Бухаа газарт унасан байдалтай цээжнээс нь цус гарч байсан. Тэгэхэд Сэлэнгийн Отгоо хашааны хаалганы орчим цээж нүцгэн зогсож байсан. Тэр үед Мөнх-Эрдэнэ машинаас бууж ирээд юу болсон яачихваа гээд дотогшоо орж Маамыг дагуулаад гарч ирсэн. Тэгэхэд Оргио цээжин дээр нь даавуугаар дараад цусыг нь арчаад байсан. ... гэх мэдүүлэг /хх 56-57/,

-гэрч М.Хорлоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн "...2005 оны 5 дугаар сард Дархан-Уул аймгийн Шарын гол суманд танилцаж байсан. 2006 онд Дархан-Уул аймагт суурьшиж гэр бүл бодсон. Гэр бүл болоод хоёр охинтой болсон бөгөөд том нь одоо 8 настай, бага охин одоо 7 сартай,

...Яагаад ийм хэрэгт холбогдох болсныг их гайхаж байна. 2014 оны 5 сарын 23-ны орой 22-23 цагийн үед надруу танихгүй дугаараас залгаад би цагдаа руу явж байна. Надад санаа зоволтгүй шүү гэж хэлж байсан өөр зүйл хэлээгүй. Надтай суусныхаа дараа нэг хүний нүд сохолсон хэргээр шалгагдаж байгаад гарч байсан. Надтай суухаасаа өмнө бол хэрэгт холбогдож байсан гэсэн тэр хэргийг нь би мэдэхгүй байна. Ийм зүйл болсонд харамсаж байна. Арай ийм хэрэг хийхээр хүн биш гэж бодож байна." гэх мэдүүлэг /хх 58-59/,

 

...Отгонбаатарыг байшингаас гарахад талийгаач араас нь гүйж гараад гадаа ноцолдож байгаад Отгонбаатарт цээжиндээ хутгалуулсан гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /хх 50-52/,

 

-гэрч Ж.Гүнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2014 оны 05 сарын 23-ны орой 17-18 цагийн орчим байх хүн хутгалуулсан гэх дуудлаганд явсан. Намайг цагдаагийн машин ирж аваад явсан ба намайг очиход нас барсан байна гэж хэлээд намайг оруулаагүй цагдаагийнхан хамгаалсан байсан. Тэгээд би эргээд эмнэлэг дээрээ хүрээд ирсэн. Тухайн газарт хашаан дотор байшингийн харалдаа урд талд эрэгтэй хүнийг цээжин дор нь юм ивсэн байдалтай тавьсан байсан би алсаас хараад эргэж явсан. Би тухайн үед анзаарч хараагүй ямар ч байсан зузаан хувцас өмсөөгүй нимгэн хувцастай харагдсан. Намайг очиход түрүүлээд цагдаа нар оччихсон байсан.." гэх мэдүүлэг /хх-190/,

 

-гэрч О.Болороогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Л.Отгонбаатарын биед зүүн доод үүдэн шүдний хугарал, доод уруулын салстын язрал, баруун сарвууны гадна хэсэгт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд улайлт гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсаниом... гэх мэдүүлэг/ 2 дугаар хх-100-101/, .... Уг шарх нь хутганы үзүүр чигээрэй орж үүссэн байсан ба ир үзүүр нь доод талдаа үүссэн байсан бөгөөд хаанаас ямар байрлалтай байхад нь хутгалсаныг тогтоох боломжгүй... Дээрх гэмтлүүдээс талийгаач Цэнд-Аюушийн цээжний баруун дээд шарх, ар нурууны зулгаралт зэрэг гэмтэл бол шинэ гэмтэл байсан ба бусад гэмтлүүдийг хэзээ ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй ер нь мохоо зүйлийн ир үзүүргүй зүйлээр үүссэн байсан.... гэх мэдүүлэг / 2 дугаар хх-114-115/,

 

Бусад бичгийн нотлох баримтууд:

-Хэрэг учрал болсон гэх газар үзлэг хийсэн 2014 оны 5 сарын 24-ний өдрийн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /ххб-7, хх10-21/,

-Цогцосны гадна биед үзлэг хийсэн 2014 оны 5 сарын 24-ний өдрийн тэмдэглэл /хх-8/,

-Хувцсанд үзлэг хийсэн 2014 оны 5 сарын 24-ний өдрийн тэмдэглэл /хх-9/,

-2014 оны 5 сарын 24-ний өдрийн хутганы схем зураг /хх-26/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2014 оны 5 сарын 24-ний өдрийн тэмдэглэл /хх-27/,

-шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2014 оны 5 сарын 28-ны өдрийн 36 дугаартай актаар тогтоосон

1.Талийгаач нь дээрх цээжний баруун дээд хэсгийн шархны улмаас баруун эгмэн доорхи хураагуур судас бүрэн бус таслагдаж улмаар хурц цус алдалтанд орж нас баржээ.

2. Талийгаачийн биед цээжний баруун дээд хэсгийн шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөрийн цус хуралт, хамрын угалз, ар нуруу, баруун, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх шарх гэмтэл нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаачийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.

6. Талийгаач нь АВО системээр О /1/ бүлгийн цустай байжээ гэх /хх82-83/,

 

-шинжээчийн 2014 оны 5 сарын 24-ний өдрийн 40 дугаартай дүгнэлтээр тогтоосон 1 .Шинжилгээнд ирүүлсэн зүйлсээс 6 ширхэг гарын мөр ирүүлж №2, 3, 4, 5, 6 гэсэн дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй харин №1 гэсэн дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн №2 гэсэн дугаартай гарын мөрнүүд папилон санд байгаа дардаснуудтай ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байгаа боловч хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна гэх /хх 86-87/,

 

-шинжээчийн 2014 оны 6 сарын 20-ны өдрийн 5262 дугаартай дүгнэлтээр тогтоосон

1 .Шинжилгээнд ирүүлсэн пүүзэн хос гутал, захтай цагаан шаргал өнгийн футволк, цагаан шаргал өнгийн футволк, хөх өнгийн эрэгтэй дотоож, ногоон эрээн өнгийн даавуун өмд, тэлээ, шинжилгээнд авсан гэх гялгар ууттай хүрэн өнгийн хатсан зүйл, хутган дээр цус илэрсэн.

2. Захтай шаргал өнгийн футволк, цагаан шаргал өнгийн футволк, ногоон эрээн өнгийн даавуун өмд, тэлээ, шинжилгээнд авсан гэх гялгар ууттай хүрэн өнгийн хатсан зүйл дээрх цус нь АВО системээр О /1/ бүлгийн харьяалалтай байна.

3. Пүүзэн хос гутал, хөх өнгийн эрэгтэй дотоож, хутган дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй.

4. Шаргал өнгийн хос оймсон дээр цус илрээгүй гэх /хх-89/,

 

-шинжээчийн 2014 оны 06 сарын 17-ны өдрийн 2956 дугаартай дүгнэлтээр тогтоосон 1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал цамцанд зүсэгдсэн уранхай ир, мөртэй хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна. Зүсэгдсэн уранхай шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно. Ногоон эрээн өмдөнд гогодсон уранхай, хөх саарал дотоожинд сэмэрсэн цоорхой, бор шаргал зүүн гутлын их биеийн дотор талд сэмэрсэн цоорхой, гогодсон уранхай гарсан байна. Бусад хувцас уранхайгүй байна гэх /хх 90-91/

 

-шүүх сэтгэц эмгэг судлалын 2014 оны 6 сарын 19-ний өдрийн 542 дугаартай дүгнэлтээр тогтоосон

1. Л.Отгонбаатар нь үнэн зөв мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадвартай байна гэх /хх-109/,

-шинжээчийн 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 63 дугаартай актаар тогтоосон

1.. Талийгаачийн биед үүссэн шарх нь давхралдаж унах үед үүсэх боломжтой, Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. гэх / 3 дугаар хх 59/,

-О.Анужин, О.Үүрийнтуяа нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 140-141/

-Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 10 сарын 21-ний өдрийн 158-а дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх 153-154/,

-Л.Отгонбаатарын зан байдлын 2001 оны 10 сарын 20-ны өдрийн тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тэмдэглэл /хх-155/ зэргийг тус тус шинжлэн судлав.

        

              Төв аймгийн Прокурорын газрын 2017 оны 6 сарын 12-ны өдрийн 103 дугаартай яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь:

шүүгдэгч Л.Отгонбаатарыг ялтай байхдаа, согтуугаар, Ц.Цэнд-Аюушийг цээжин тус газарт нь хутгалж, санаатай алсан… гэж дүгнэлт хэлж шүүх хуралд мэтгэлцэж байгаа ч уг яллах дүгнэлтийн үндэслэл болгож байгаа бичгийн нотлох баримтууд болох гэрч Т.Алтан-Оргилын “би араас нь гарахад Отгонбаатар талийгаачийн дээр нь гараад суусан, баруун гартаа хутга барьсан байдалтай, хутгатай гар нь нил цус болсон байсан” гэх мэдүүлэг, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 461 тоот дүгнэлтэд “шинжээч эмч И.Ганболорын гаргасан 63 тоот дүгнэлт үндэслэл муутай байна…, …уг шарх нь бага зэрэг дороос дээш чиглэлтэй, хурц ир ирмэг бүхий хэсэг нь доод талдаа, 7 цагийн байрлалтай байх тул зүүн гартаа хутга барьсан хүний гараар цээжний баруун дээд хэсэгт бага зэрэг дороос дээш чиглэлтэй, 7 цагийн байрлалтай шарх үүсэх боломж муутай байна.” гэх, …дээрх дүгнэлтийг үндэслэн туршилтын ажиллагаагаар тогтоогдсон байрлалаар давхарлаж унасан тохиолдолд уг хутганы шарх үүсэх боломж муутай.” гэх, “талийгаач Цэнд-Аюушийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь биеийн урд талаас босоо, хэвтээ аль ч байрлалд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт, шинжээч Г.Энхбаатар, О.Болороо нарын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/, /3 дугаар хавтаст хэргийн 217-218 дугаар хуудас/ зэргээр нотлогдсон гэж байгаа боловч

-дээрх бичгийн нотлох баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шинжээч Г.Энхбаатарын: “Баруун эгэмийн шарх нь доороосоо дээш чиглэлтэй шарх байсан. Хүний өөрийн гар хүрэх боломжгүй шархыг боломжтой гэж үзсэн байгаа хүний гар хүрэх боломжгүй ар нуруу ч юм уу байвал шарх үүсэх боломжгүй гэж дүгнэж болно. Хүн өөрөө өөрийгөө хутгалахад ямар нэгэн хүч үйлчлээд 7 цагийн байрлал дээр гар мушигсан тохиолдолд үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад мэдүүлсэн шинжээч И.Ганболорын “тухайн хэргийн тухайд далайж хутгалах гэсэн хутгатай гарыг нь мушгиж цээжний баруун хэсэгт хүрсэн мөн хутганы ажлын хэсэг бүгд орж дарагдсан байгаа нь уг шарх нь давхардаж унах үед үүсэх боломжтой ба харин давхралдаж унахад үүссэн хутганы шарх нь ямар цагийг заадаг, заах ёстой талаар нарийн тайлбарласан тайлбар үндэслэл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 60-р хуудас/, шинжээчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5261 тоот “Л.Отгонбаатарын гэх 15 ширхэг хумсан дээр цус илрээгүй” гэх дүгнэлт 1 дүгээр хх-ийн 106 дугаар хуудас/, 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 10 минутад эхэлж, 14 цаг 20 минутад дуусгаж “Шинжилгээнд хүргүүлэхээр гарын хумс авсан тухай тэмдэглэл” /1 дүгээр хх-ийн 105, 107 дугаар хуудас/ шүүгдэгч Л.Отгонбаатарын анх саатуулж баривчлах байранд оруулахад түүний биед гэмтэл байгаа эсэхийг магадласан “Баривчлах цагдан шийдвэрт заасан этгээд мөн эсэхийг хоригдогчийг хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан хамтран магадласан тэмдэглэлд “ духанд шинэ шалбархай, хүзүүнд боолгосон зулгаралттай. Зүүн гарын шуунд шинэ шалбархай” гэж  тэмдэглэгдсэнээр /3 хавтас хх-93 тал/, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны архивт хадгалагдаж байгаа 2014 оны гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийн дүгнэлтийн 183 тоот хавтсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “ “ Л.Отгобаатарын биед шинжээч томилсон тогтоол, түүний ард талын хуудсанд Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч О.Болороогийн Л.Отгонбаатарын биеийг үзэж гаргасан 198 тоот шинжээчийн дүгнэлт байсныг хуулбарлан авав.” гэснээр/3 хавтас хх-95 тал, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн 198 тоот дүгнэлт /3 хавтас хх-97,98 тал/ зэргээр няцаагдаж байна.

 

Мөн улсын яллагчийн нотолгооны эх сурвалж болгоод байгаа гэрч Т.Алтан-Оргилын “...баруун гартаа хутга барьсан байдалтай, хутгатай гар нь нил цус болсон байсан… гэх мэдүүлэг нь шинжээчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5261 тоот дүгнэлтээр,

 

3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 461 тоот дүгнэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт урьд гаргасан дүгнэлтээ үгүйсгэсэн шинжээч Г.Энхбаатарын мэдүүлэг,

мөн 2017 оны 3 сарын 26-ны өдөр гэрч Т.Алтан-оргилын:“... талийгаач дөнгөж гараад араас нь гарсан тэгэхэд л талийгаач дээшээ хараад унасан Отгонбаатар дээрээс нь өндийж байсан ба би бол цохиж зодох зууралдах хугацаагүй хурдан араас нь гарсан юм.” гэх мэдүүлэг /3 хавтас хх-193 тал/ зэргээр няцаагдсан, гэрч Т.Алтан-Оргил нь анх өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй зэрэг болно.   

 

         Иймд шүүгдэгч Л.Отгонбаатарт Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Л.Отгонбаатарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байгаа боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Отгонбаатарыг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэвч шүүгдэгч Л.Отгонбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул түүнд холбогдох хэргийг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих зүйл, заалтад хамруулах нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасан ...эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр 1 удаа өршөөлд хамааруулна... гэсэн хуулийн агуулгатай нийцнэ гэж үзсэн болно.

 

         Шүүгдэгч Л.Отгонбаатарыг ялтай байхдаа, согтуугаар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Заамар сум, Хайлааст 3 дугаар баг, Өгөөмөрийн 3-17 тоот хашаанд болгоомжгүй Ц.Цэнд-Аюушийг цээжин тус газарт нь хутгалж алсан болох нь:

Шүүгдэгч Л.Отгонбаатарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн . "...би талийгаачийг алъя гэж бодоогүй, талийгаач зүүн гартаа хутга бариад, баруун гараараа миний майкнаас заамдаж байсан. Би хутгатай гарыг нь өөрөөсөө холдуулах гээд түлхтэл миний майкнаас зуураад арагшаа ойчсон. Би хөлд нь тээглээд дээрээс нь дарж унахад хутгалагдсан байсан ..." гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шинжээч Г.Энхбаатарын “баруун эгэмийн шарх нь доороосоо дээш чиглэлтэй шарх байсан. Хүний өөрийн гар хүрэх боломжгүй шархыг боломжтой гэж үзсэн байгаа хүний гар хүрэх боломжгүй ар нуруу ч юм уу байвал шарх үүсэх боломжгүй гэж дүгнэж болно. Хүн өөрөө өөрийгөө хутгалахад ямар нэгэн хүч үйлчлээд цагийн байрлал дээр гар мушигсан тохиолдолд үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад мэдүүлсэн шинжээч И.Ганболорын тухайн хэргийн тухайд далайж хутгалах гэсэн хутгатай гарыг нь мушгиж цээжний баруун хэсэгт хүрсэн мөн хутганы ажлын хэсэг бүгд орж дарагдсан байгаа нь уг шарх нь давхардаж унах үед үүсэх боломжтой ба харин давхралдаж унахад үүссэн хутганы шарх нь ямар цагийг заадаг, заах ёстой талаар нарийн тайлбарласан тайлбар үндэслэл байхгүй” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Алтан-оргилын:“... талийгаач дөнгөж гараад араас нь гарсан тэгэхэд л талийгаач дээшээ хараад унасан Отгонбаатар дээрээс нь өндийж байсан ба би бол цохиж зодох зууралдах хугацаагүй хурдан араас нь гарсан юм.” гэх мэдүүлэг /3 хавтас хх-193 тал/

 

Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны архивт хадгалагдаж байгаа 2014 оны гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийн дүгнэлтийн 183 тоот хавтсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “ “ Л.Отгонбаатарын биед шинжээч томилсон тогтоол, түүний ард талын хуудсанд Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч О.Болороогийн Л.Отгонбаатарын биеийг үзэж гаргасан 198 тоот шинжээчийн дүгнэлт байсныг хуулбарлан авав.” гэснээр/3 хавтас хх-95 тал, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн 198 тоот дүгнэлт 3-р хх-ийн 60-р хуудас/,

 

...шинжээчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5261 тоот …Л.Отгонбаатарын гэх 15 ширхэг хумсан дээр цус илрээгүй… гэх дүгнэлт, 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 10 минутад эхэлж, 14 цаг 20 минутад дуусгаж “Шинжилгээнд хүргүүлэхээр гарын хумс авсан тухай тэмдэглэл болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан “шүүгдэгч Л.Отгонбаатарын анх саатуулж баривчлах байранд оруулахад түүний биед гэмтэл байгаа эсэхийг магадласан “Баривчлах цагдан шийдвэрт заасан этгээд мөн эсэхийг хоригдогчийг хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан хамтран магадласан тэмдэглэлд “ духанд шинэ шалбархай, хүзүүнд боолгосон зулгаралттай. Зүүн гарын шуунд шинэ шалбархай” гэж  тэмдэглэгдсэнээр /3 хавтас хх-93 тал/, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны архивт хадгалагдаж байгаа 2014 оны гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийн дүгнэлийн 183 тоот хавтсанд үзлэг хийсэн тэмдэглэлд:“ Л.Отгонбаатарын биед шинжээч томилсон тогтоол, түүний ард талын хуудсанд Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч О.Болороогийн Л.Отгонбаатарын биеийг үзэж гаргасан 198 тоот шинжээчийн дүгнэлт байсныг хуулбарлан авав.” гэснээр/3 хавтас хх-95 тал, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн 198 тоот дүгнэлт /3 хавтас хх-97,98 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон,  шүүгдэгчийн мэдүүлэг дээрх бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заасан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хохирлын талаар:

Мөрдөн байцаалтад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэл 11041450 төгрөгийн хохирол /хх-160/ нэхэмжилсэн ба шүүгдэгч Л.Отгонбаатар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэлд 11800000 төгрөг төлсөн байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь замын зардал  678400 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч Л.Отгонбаатар нь мөрдөн байцаалтад түүний нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 758550 төгрөгийг илүү төлсөн байх тул түүний шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 678400 төгрөгийн нэхэмжлэлийг төлөгдсөнд тооцож, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “ Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар саарал өнгийн футволк 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэг, ногоон алаг өнгийн дисант даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн бүс /цэрэг бүс/ 1 ширхэг, хөх өнгийн цагаан судал бүхий дотоож 1 ширхэг, шаргал өнгийн оймс 1 хос, шар оруулгатай хар өнгийн пүүз 1 хос /хх-22/ болон бор өнгийн иштэй хутга 1 ширхэг /хх-24/-ийг тус тус устгах, туршилт хийх ажиллагааны бичлэг бүхий си ди 2 ширхэг, Л.Отгонбаатарын дахин байцаалтын си ди 1 ширхэгийг тус тус хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Отгонбаатар нь 2014 оны 5 сарын 23-ны өдрөөс эхлэн 2015 оны 8 сарын 17-ны өдөр хүртэл нийт 451 хоног цагдан хоригдсон болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Боржигон овогт Лувсандоржийн Отгонбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Лувсандоржийн Отгонбаатарыг бусдыг болгоомжгүй алах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3.Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Боржигон овогт Лувсандоржийн Отгонбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. үүгдэгч Боржигон овогт Лувсандоржийн Отгонбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй  болгосугай.

 

5.Шүүгдэгч энэ хэрэгт Л.Отгонбаатар нь 451 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэлд 11800000 төгрөг төлсөн, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар саарал өнгийн футволк 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэг, ногоон алаг өнгийн дисант даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн бүс /цэрэг бүс/ 1 ширхэг, хөх өнгийн цагаан судал бүхий дотоож 1 ширхэг, шаргал өнгийн оймс 1 хос, шар оруулгатай хар өнгийн пүүз 1 хос болон бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг устгахыг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, туршилт хийх ажиллагааны бичлэг бүхий си ди 2 ширхэг, Л.Отгонбаатарын дахин байцаалтын си ди 1 ширхэг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргасугай.

 

7 .Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус даалгасугай.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Л.Отгонбаатарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                                             ШҮҮГЧИД                               Ш.ГАНДАНСҮРЭН

 

                                                                                                       Ю.ЭНХМАА