| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/01410/И |
| Дугаар | 183/ШШ2024/02950 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2024/02950
2024 оны 07 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2024/02950 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, Олимп **, Цэлмэг тауэр, *** тоот хаягт байрлах “Ү******* ББСБ” ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Х******, * дүгээр байр, * тоот хаягт оршин суух Ө**** бэйл овогт З*******ийн Э******* (РД:**********)-нд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 117,914,471.68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,
“Ү******* ББСБ” ХХК-тай байгуулсан 20** оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *******, дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б*******,
Хариуцагч З.Э*******,
Хариуцагчийн өмгөөлөгч О.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 117,914,471.68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.З.Э*******тай 20** оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* дугаар зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 20** оны 05 дугаар сарын 06-ны өдөр ******* дугаар зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд түүний үргэлжлэл болгон 20** оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээг байгуулж тус зээлийн гэрээгээр 31,242,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэй олгосон.
1.2.20** оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* дугаар зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд түүний үргэлжлэл болгон 20** оны 12 дугаар сарын 30-ны өдөр дугаар зээлийн гэрээг байгуулж, 27,914,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэй олгосон. З.Э******* нь тус зээлийг Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд байрлах гөлтгөний уурхайн эргэлтийн хөрөнгөнд зарцуулахаар авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг компанийн үйл ажиллагааны орлогоос төлөхөөр хүсэлт гаргаж авсан бөгөөд гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу эргэн төлөлт огт хийгээгүй. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 59,156,000 төгрөг, зээлийн хүү 49,407,091.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,351,380.48 төгрөг, нийт 117,914,471.68 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийг барьцаалан “Ү******* ББСБ” ХХК-аас 20** оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* дугаар зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөг, 20** оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээл авч, зориулалтын дагуу компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Ковид-19 болон бусад шалтгааны улмаас зээлийг төлөөгүй нь үнэн. Гэвч нэхэмжлэгч нь миний төлөөгүй зээлийн хүүг дахин капиталжуулж 20** оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээгээр 19,753,000 төгрөгийн зээл олгосон болгож бэлэн мөнгөний орлогын баримтад гарын үсэг зуруулсан. Үүгээр зогсохгүй 20** оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөгдөөгүй зээлийн хүүг дахин капиталжуулж 21,458 дугаар гэрээгээр 31,242,000 төгрөг, мөн ****** дугаар гэрээгээр 27,194,000 төгрөгийн зээл олгосон болгож бэлэн мөнгөний баримтад гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан “Ү******* ББСБ” ХХК-тай байгуулсан оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *******, дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, Монголбанкны ерөнхийлөгчийн 20** оны А/203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 5.5-д иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглосон байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “Ү******* ББСБ” ХХК-тай байгуулсан оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *******, дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
4.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
4.1.Харилцагч тухайн гэрээнүүдэд гарын үсэг зурж, нотариатчаар батлуулсан тул хүчинтэй. оны 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү нь хуримтлагдаж явсаар онд тооцоолол гаргаж 4 хувийн хүүтэй зээлийн 3.2 хувь болгон харилцан тохиролцсон. Хүүгээс хүү тооцсон хэлбэр биш гэв.
5.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “Ү******* ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *******, оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *******, оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *******, дугаар зээлийн гэрээ, оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *******, оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн дансны хуулга, 20,000,000 төгрөг, 15,000,000 төгрөг, 31,242,000 төгрөг, 27,914,000 төгрөгийн зээл олгосон тухай баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагч талаас оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар зээлийн гэрээ, зээлийн мэдээллийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Ү******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч З.Э*******ы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 117,914,471.68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ З.Э*******тай байгуулсан оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *******, оны 05 дугаар сарын 06-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээний үргэлжлэл болгон оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээг байгуулж тус зээлийн гэрээгээр 31,242,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэй, оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ******* дугаар зээлийн гэрээний үргэлжлэл болгон оны 12 дугаар сарын 30-ны өдөр дугаар зээлийн гэрээг байгуулж, 27,914,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэй олгосон боловч хариуцагч нь тус зээлийг төлөөгүй гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ өмнөх зээлийн хүүг капиталжуулж дахин зээл олгосон мэтээр гэрээ байгуулж байгаа нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Талуудын хооронд оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлэх ******* дугаар зээлийн гэрээ,
оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлэх ******* дугаар зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан. (хавтаст хэргийн 11-14, 19-22 дахь тал)
4.2.Хариуцагч нь дээр дурдсан *******, ******* дугаар зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүй, улмаар оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл үндсэн зээл, хүүг нэгтгэн тооцож 31,242,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай олгох ******* дугаар, ******* дугаар зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл үндсэн зээл, хүүг нэгтгэн тооцож 27,914,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай олгох дугаар зээлийн гэрээ байгуулсан. (хавтаст хэргийн 15-18 дахь тал)
4.3.Хариуцагч нь дээр дурдсан *******, дугаар зээлийн гэрээний дагуу ямар нэг төлбөр огт төлөөгүй талаар маргаагүй.
5.Зохигч талууд оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд уг зээлийн гэрээнүүдийн гол нөхцөлөөс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” байгуулагджээ.
6.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж зааснаар талуудын хооронд оны 12 дугаар сарын 30-ны өдөр 31,242,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх ******* дугаар зээлийн гэрээ байгуулагдсанаар оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ (*******), оны 12 дугаар сарын 30-ны өдөр 27,914,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх дугаар зээлийн гэрээ байгуулагдсанаар оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ (*******) дуусгавар болсон гэж үзнэ.
7.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч талууд өмнөх зээлийн гэрээний үүргийг солихоор харилцан тохиролцсон нь хууль зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн гаргасан “Ү******* ББСБ” ХХК-тай байгуулсан оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *******, дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзлээ.
8.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхтэй.
9.Зээлдэгчийн зүгээс оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 20** оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 772 хоногийн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү огт төлөөгүй байх тул ******* дугаар зээлийн гэрээний хувьд үндсэн зээл 31,242,000 төгрөг, зээлийн хүү 25,807,141.7 (31,242,000₮*0.107%*772хоног=25,807,141.7₮) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,161,428.3 (25,807,141.7*20%=5,161,428.3₮) төгрөг, дугаар зээлийн гэрээний хувьд үндсэн зээл 27,914,000 төгрөг, зээлийн хүү 23,058,080.6 (27,914,000₮*0.107%*772хоног=23,058,080.6₮) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,611,616.1 (23,058,080.6*20%=4,611,616.1₮) төгрөг төлөх үүрэгтэй байна.
10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээл 59,156,000 төгрөг, зээлийн хүү 48,865,222.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,773,044.4 төгрөг, нийт 117,794,266.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, “Ү******* ББСБ” ХХК-тай байгуулсан оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *******, дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 817,723 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 611,680 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 817,723 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч З.Э*******аас 117,794,266.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ү******* ББСБ” ХХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 120,204.98 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч З.Э*******ы оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *******, дугаар зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Э******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл түүний өмчлөлийн улсын дугаартай улбар шар өнгийн Beiben ND3313 D41J, өөрөө буулгагч ачааны автомашин, улсын дугаартай ногоон өнгийн LCTQG21Z чиргүүл, улсын дугаартай цагаан өнгийн Beiben ND4251 В34J, зүтгүүр, улсын дугаартай ногоон өнгийн LCT 9403 XXY чиргүүл, улсын дугаартай цагаан өнгийн Mercedes Benz E300 маркийн суудлын автомашин зэргээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 817,723 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 611,680 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Э*******аас 817,121.3 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ү******* ББСБ” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД