| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 182/2021/03345/И |
| Дугаар | 183/ШШ2024/02399 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2024/02399
2024 оны 05 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2024/02399 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 15 дугаар хороо, ******* *******, 56 дугаар байр, 31 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 11 дүгээр хороо, ******* гудамж, 53 дугаар байр, тоот хаягт оршин суух, овогт //-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: дүүрэг, 7-р хороо, тоот хаягт байрлах ХХК /5610788/,
Барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, гэрээний үүрэгт 31 337 860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч //,
Хариуцагч Ц.,
Хариуцагчийн өмгөөлөгч //,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.д холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, гэрээний үүрэгт 31 337 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н.******* 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Ц.тай харилцан тохиролцсон. Шүүгчийн уншиж сонсгосон гэрээг байгуулаад 80 248 000 төгрөгийг Ц.гийн данс руу шилжүүлснээр Ц. ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Гэрээнд заасан хугацаандаа гүйцэтгээгүй, зарим нэг доголдлууд гарсан дээр асуудал үүссэн учраас Н.******* эхлээд гэрээнээс татгалзаад мөнгөө авах байр суурьтай нэхэмжлэл гаргасан. Гэвч хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүхийн захирамжийн дагуу томилогдсон шинжээч болон өөрсдийн хийлгэсэн яг ямар ажил гүйцэтгэсэн юм бэ гэдгийг тогтоолгохоор барилгын гүйцэтгэлийн төсөв нь 48 910 140 төгрөг гэсэн. Ингээд нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөд нэгэнт 80 248 000 төгрөгийн урьдчилгаа өгөөд тодорхой хэмжээний ажил хийсэн төсөвт өртөг нь 48 000 000 төгрөг байгаа учраас гэрээгээ цуцлаад, илүү шилжүүлсэн төлбөр болох 31 337 860 төгрөг нэхэмжилсэн. Талуудын хооронд иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Зэсэн ундарга ХХК-тай гэрээ хийсэн, Зэсэн ундарга ХХК нь би хариуцна гэж байгаа боловч Зэсэн ундарга ХХК-тай гэрээ байгуулснаас өөр байдлаар оролцоогүй. Зэсэн ундарга ХХК-ийн нээлттэй мэдээллийн санд байгаа мэдээллээр ч гэсэн иргэн Ц. нь Зэсэн ундарга ХХК-тай гүйцэтгэх захирал ч юм уу, хувьцаа эзэмшигч юм уу ямар нэгэн хамааралгүй, ах дүүс юм шиг байгаа юм. Компаниар гэрээ хийгээд хувь хүн л барилга барьсан ийм харилцаа үүссэн. Тэгэхээр талуудын хооронд иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ямар харилцааг зохицуулдаг вэ гэхээр тодорхой ажлын үр дүнг хариуцагч нь хүлээлгэж өгөх, үүний үнэ хөлсийг гүйцэтгүүлэгч төлөх харилцаа юм. Гүйцэтгүүлэгч буюу Н.*******ын хувьд илүү төлбөр төлсөн, харин гүйцэтгэгч Ц.гын хувьд гүйцэтгэсэн ажил нь дутуу дулмаг, ажлын үр дүнг гүйцэт хүлээлгэж өгөөгүй. Тийм учраас Ц.гаас зөрүү төлбөр болох 31 337 860 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Би анх гэрээг байгуулаад барилгын ажилд орсон. Барилгын ажлын бүх процессыг зургаар баримтжуулаад авч байсан. Чанартай материалыг ашигласан. Цар тахлын үе байсан болохоор материал хомсдох асуудлууд байсан. Гэ*******ээ аль болох хугацаа алдахгүйн үүднээс хичээж гэрээнийхээ дагуу ажлаа хийж явсан. Гэрээгээр модон угсралтаа дуусгаад дараагийн санхүүжилт 25 хувийг авах заалттай байсан боловч гэрээний заалтын дагуу Н.******* нь мөнгөө өгөөгүй. Чи дээврээ хийчих тэгвэл мөнгийг чинь өгье гэхээр нь би дээврээ хийсэн. Дотор дулаалга, гипс, гадна террас гэх мэт бүх ажлыг хийсэн. Мөнгөө өгөх байх гэж найдаад өөрөөсөө болон компаниас мөнгө гаргаад хийсэн. Барилгын ажил огт хийгдээгүй гэж яриад байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Зураг дээрээс харахад харагдана. Барилгын дотор 90 хувьтай, замаск татах, паркет хийх хэмжээнд бэлэн болсон байсан. Гүйцэт төлбөрөө өгөхгүй байснаас болж маш их хугацаа алдсан. Энэ асуудлаас болоод компанид ажиллаж байсан миний цалинг одоог болтол өгөөгүй байгаа. Миний бодлоор үүнийг компани хариуцах ёстой асуудал юм. Захирал чи төлөөлөөд зохицуулчих гээд тэр үед захиралтай би байнга мэдээлэл холбоотой байдаг байсан. Дансаа яах вэ гэхэд чи хувь дансаараа авчих гэж хэлж байсан. Дансны хуулга дээр хүртэл харагдаж байгаа. Орсон мөнгийг нь бүгдийг нь барилга руугаа хийсэн. Тухайн үед материал хомс бага байсан ч гэсэн хийгээд л байсан. Нэхэмжлэгч энэ нь ийм байна үүнийг ингэж хий гээд би хэлсэн болгоноор нь хийж байсан. Тухайн үед гэрээнийхээ дагуу санхүүжилтээ авсан бол арай өөр байх байсан. 80 000 000 төгрөг өгсөн байхад 40 000 000 төгрөгний ажил гүйцэтгэсэн гэж хэлж байна. Материал нь гэхэд 70 000 000 гаруй төгрөгийн материал авсан нь баримтаараа байж байна. Хүмүүсийн цалин өгсөн 10 000 000 гаруй төгрөгийн баримт байгаа. Эксватор түрээсэлсэн 800 000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 1 300 000 төгрөг өгсөн. Худгийн хүн олж худгийн зардлыг нь хүртэл өгсөн. Бүх зүйлийг нь хийж өгсөн. Сүүлдээ би ямар ч мөнгөгүй болсон. Дансны хуулгыг харахад сүүлдээ 20 000 төгрөг ч байхгүй болсон. Аль болох өгчих байх гэж найдаж байсан боловч өгөөгүй бөгөөд эцэс сүүлд нь ийм асуудал үүссэн. Хэлэх үг олдохгүй байна. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, тодорхой төлбөр гаргуулах шаардлага гаргасан. Уг шаардлагад хэд хэдэн үндэслэлүүдийг дурдсан байдаг. Нэгдүгээрт, чанаргүй барилга барьсан. Хоёрдугаарт, хугацаа хэтрүүлсэн. Хугацаандаа хангалтгүй хийж гүйцэтгэсэн гэх байдлаар тодорхойлдог. Хугацаа алдсан асуудал бол гэрээг харахад маш ойлгомжтой байгаа. Гэрээний 11 дүгээр зүйлд талуудын тохиролцсон санхүүжилтын талаар байгаа. 80 200 000 төгрөг гэж ярьж байгаа төлбөр нь гэрээний 70 хувийн гүйцэтгэлийн төлбөр байгаа юм. Нэг л удаа төлбөр өгөөд дахин ямар ч төлбөр ороогүй. Гэрээний 11 дүгээр зүйлд юу гэж заасан бэ гэхээр захиалагч нь гэрээний хавсралт 3-т заасны дагуу барилгын ажлыг хэсэгчлэн гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрт 70 хувийг төлнө. Үлдсэн төлбөрийг барилгын ажил 50 хувьтай гүйцэтгэхэд 25 хувийг өгнө. Үлдсэн 5 хувийг барилгын ажил 100 хувь болоход өгнө гээд тохиролцсон. Зэсэн ундарга ХХК-ийн зүгээс тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгээд модон карказыг 15 хоногийн дотор босгосон. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт барилгын ажил хэдэн хувь нь ямар байх вэ гээд талууд тохиролцсон. Барилгын 50 хувь гэдэгт барилгын хана бүрэн баригдаж дууссан байхыг ойлгоно гээд заасан. Барилгын ажил эхлээд явж байхад анхны мөнгөнөөсөө өөр ямар ч мөнгийг төлөөгүй. Хавтас хэрэгт барилгын зураг авагдсан байгаа. Хэн ч харсан барилга бол 90 хувиас доош хувь байх ямар ч боломж байхгүй. Дотор байгаа хэдэн хаалгыг нь хийгээд ороход бэлэн болсон байгаа. Тэгэхэд нэхэмжлэгчийн зүгээс одоо ийм ажил хийчих гээд өнөөдөр мөнгө өгөөгүй улмаас барилгын ажил зогсох нь үүнээс болсон гэж хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс тайлбарладаг. Гэрээнээс харахад тодорхой байгаа. Тухайн үед ковид цар тахлын үе байсан. Зэсэн ундарга ХХК-ийн зүгээс канад технологиор чанарын өндөр түвшинд Монгол Улсдаа танигдсан мэргэшсэн цөөхөн хэдэн инженерүүдийн нэг юм. Ц.гын инженер технологи ур ухаанд суурилж тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг юм. Материалын тухайд Монгол Улсад байдаг мод, банз биш юм. Шинжээчийн дүгнэлт дээр тодорхой байгаа. Тусгай материалаар хийдэг. Тухайн үед бараа материал олдохгүй ийм нөхцөл байдал үүссэн. Олдож байгаа цөөхөн хэдэн материал нь өндөр үнэтэй болсон. Анх гэрээ хий*******ээ материалын судалгаа хийгээгүй орсон бас алдаа байгаа. Тухайн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг худалдааны төвүүд дээр захиалга өгөөд захиалгаа хүлээж хугацаа алдсан зүйл байгаа. Монгол Улсад борооны үе буюу зуны улирал байсан учраас бороо орсны улмаас 7,8 хоног алдсан гэж гуравдагч этгээд тайлбарласан. Яагаад бороо орохоор ажил нь зогсдог вэ гэхээр тухайн барилга нь уулсын энгэр дээр байдаг. Бараа материалыг дээшээ машинаар зөөх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Гуравдагч этгээдийн зүгээс 106 000 000 гаруй төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэсэн төсвөө гаргаж өгсөн. Шинэ талаар Шинжлэх ухаан технологийн профессорын дүгнэлт хэрэгт авагдсан. Тийм учраас барилгын ажлыг цаашид гүйцэтгээгүй 30 000 000 төгрөгийг гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн зүгээс Ц.г хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй юм. Компанитай гэрээ байгуулсан. Гэрээнээсээ татгалзаж орж ирж байгаа. Иргэн Н.*******, Зэсэн ундарга ХХК нарын хоорондох асуудал байгаа. Энэ талаар гуравдагч этгээдийн зүгээс тодорхой тайлбарыг ирүүлсэн. Ажлаа хийж гүйцэтгээгүй асуудлыг Зэсэн ундарга ХХК хариуцна. Ц.гын зүгээс зөвхөн компанийг төлөөлж гарын үсэг зурсан. Инженерын хувьд мэргэжлийн ажлаа нэхэмжлэгчид тайлагнаад явсан. Энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зэсэн ундарга ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Манай компани Канад технологоор Канад хаусыг мэргэжлийн өндөр түвшин барьж, гүйцэтгэж ирсэн. Иргэн Н.*******тай 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулж 70,6 м.кв талбайтай байшинг 114 600 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Миний бие гэрээ байгуулахаас 7 хоногийн өмнө Дархан 14 хоногийн хугацаатай томилолтоор ажиллаж байсан тул Ц.д компанийн төлөөлж гэрээ хэлцэл хийх, компанийн захиралаар үлдээсэн байсан тул Ц. компанийг төлөөлж гарын үсэг зурсан. Мөн компанийн данснаас зарлага гаргахад миний бие өөрөө байнга банк дээр очих зэрэг хүндрэлтэй байсан тул Ц.гийн дансаар Н.*******ын гүйцэтгэлийн төлбөрийг хүлээж авсан. Гэрээ байгуулах бүхий л явц Ц. нь надад тайлагнаж, надаас зөвшөөрөл авч хийсэн тул 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг захиалагчийн өмнө Зэсэн ундрага ХХК хариуцах ба мөн гүйцэтгэгчийн шаардах эрхийг эдлэх тул энэхүү гэрээтэй холбоотой гэрээний үүрэг, хариуцлага, гэрээнээс учирсан хохирол, гэрээ цуцлагдсан, хүчингүй болсноос үүсэх бүхий л асуудал Ц.д хамааралгүй, гагцхүү манай компанид хамааралтай асуудал болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Нэхэмжлэгч гүйцэтгэгчийн барилгын ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн, хугацаандаа хийж гүйцэтгээгүй гэж буруутгасан байна.
Барилгын ажил гйүцэтгэх гээд ажил эхлүүлмэгц дараах хүндрэл бэршээлүүд биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас үүссэн. Үүнд:
1. Гэрээний 10.1 дүгээр зүйлд заасны дагуу барилгын ажил 50 хувьтай болмогц нийт төлбөрийн 25 хувийг гүйцэтгэгч талд төлөхөөр тохиролцсон байсан боловч захиалагчийн зүгээс гэрээний дагуу санхүүжилт олгоогүй улмаас барилгын ажил удааширч эхэлсэн. Грээний 6.1.3.2-т зааснаар барилгын ажил 50 хувь гэдгийг модон карказ босож ханын хийцэл хийгдэж дуусахыг ойлгохоор заасан. Бидний зүгээс ханын хийцлийг 15 хоногийн дотор хийж гүйцэтгэсэн.
2. Ковид цар тахлын улмаас манай технологоор барьж гүйцэтгэж байгаа байшинд орох барилгын материал Монгол улсад байхгүй, олдохгүй, захиалагчтиэй анх тохиролцсоноос хэд дахин үнэтэй байсан. Ингээд барилгын материалын худалдааны төвүүдэд захиалга өгч, тухайн захиалгыг хүлээж хугацаа алдсан. Энэ талаар өдөр бүр, тухай бүр захиалагчид мэдэгдэж шалтгаан нөхцөлөө тайлбарлаж байна.
3. Цаг агаарын нөхцөл байдлаас болж хоног хугацаа алдсан. Тухайн гэрээний хугацааны 30 хувьд бороо орсон. Тухайн барилга нь уулын энгэрт буюу өндөрлөг хэсэг байрладаг байсан тул бороо орсоны дараа машинаар материал зөөвөрлөж өгсөн ямар ч боломжгүй байсан.
Дээрх шалтгаануудын улмаас хугацаа алдсан. Барилгын ажилыг хийж гүйцэтгэсэж дуусах хангалттай боломжтой байсан боловч захиалагч санхүүжилтээ зогсооссоноос бүх асуудал үүсч, бид өөрсдийн санхүүжилтаар 10 гаруй сая төгрөгийг хүртэл гаргаж ажилласан. Нэхэмжлэгч маш их хэрүүлтэй, байнга дарамталж, тайван ажил хийлгүүлэхгүй санхүүжилтээ гэрээнд зааснаар шаардахад дээвэр хийчвэл өгье гэхээр нь бид өөрсдийн санхүүжилтээр дээвэр хийсэн боловч өгөөгүй, мөн дахин гадна пасад хийчвэл санхүүжилтийг чинь өглөө гэхээр нь мөн л хийгээд өгсөн боловч санхүүжилт өгөөгүй. Энэ маягаар захиалагчийн арга залинд автаж дотор дулаалга, цахилгаан, гипсан хавтан, таазны рек, гадна террас гэх мэтээр явсаар барилгыг 90 хувьтай гүйцэтгэсэн боловч санхүүжилтээ өгөөгүй. Энэ барилгын ажлаас ямар ч ашиг олоогүй, харин 20 орчим сая төгрөгийн алдагдалтай ажилсан. Энэ мөнгийг бид баримтаа бүрдүүлж Н.*******аас нэхэмжлэх болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс: 2021.11.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.05.17-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх тоот гэрээ, 2021.08.11-ний өдрийн Гэрээний нэмэлт өөрчлөлт, 2021.11.08-ны өдрийн 1741 дүгээр итгэмжлэл, 2021.05.17-ны өдрийн шилжүүгийн мэдээлэл, Н.*******ын дансны хуулга, 2021.10.05-ны өдрийн Ди лайн ХХК-ийн 01.01 дугаар дүгнэлт хийсэн нь албан бичиг, зарлагын баримт, шилжүүлгийн мэдээлэл, 2021.08.25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, универсал-авто комплекс ХХК-ийн баримт, шилжүүлгийн мэдээлэл, Н.*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн Н.*******ын 70 м.кв амины орон сууцны гүйцэтгэлийн зураг, 2021.10.22-ны өдрийн Барилга, хот байгуулалтын сайдын 228 дугаар тушаал, 2023.10.12-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1хх 2-9, 40-42, 46-52, 109-121, 245-250, 2хх 6 тал/
5. Хариуцагчаас: Ц.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2021.05.17-ны өдрийн гэрээний тооцоолол бүхий баримт, төсөвт өртгийн товчоо, фото зургууд, Ц.гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.05.02-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний төлбөрийн тооцоо нийлсэн акт, 2021.05.17-ны өдрийн гэрээний үлдэгдлийн хүснэгт, зусланд баригдсан 70,6 м.кв Канад технологийн модон араг бүтээцтэй амины орон сууцны барилгын дүгнэлт, ХХК-ийн Бэлхийн зусланд барьсан барилгад хийсэн дүгнэлт, барилга угсралын ажлын төсөв, зарлагын баримтууд, төлбөр төлсөн баримтуудыг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1хх 16, 23, 24, 140-214, 2хх 14-18, 27-101 тал/
6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022.04.05-ны өдрийн 10/2858 дугаар албан бичиг, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн, түүнчлэн эзэмших эрхийн 0346648 дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар бүхий дүүргийн 18 дугаар хороо, зуслан нутаг дэвсгэрт байрлах газарт 70.6 м.кв талбайтай байшин, 23 м.кв террастай барилгын гүйцэтгэлийн хувь хэмжээг вакуум цонх, гадна хаалга, гадна террасны шалыг тооцсон байдлаар болон тооцоогүй байдлаар тодорхойлох, барилгын суурыг зохих ёсоор бэхэлсэн эсэх, барилгыг цаашид хэвийн ашиглах боломжтой эсэх зэрэг асуултанд хариулахаар Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан болно /1хх 59-61, 66-107 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.д холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлын гүйцэтгэлээс илүү төлсөн 31 337 860 төгрөг гаргуулахаар шаардаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагч Ц. нь гэрээний үүргээ зөрчсөн, гүйцэтгэсэн ажил доголдолтой байсны улмаас бусдаар хийж гүйцэтгүүлсэн тул ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй. Шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэсэн ажлын төсөв 48 910 140 төгрөг болсон нь тогтоогдсон тул ажлын гүйцэтгэлээс илүү төлсөн 31 337 860 төгрөгийг гаргуулна. Гэрээг Зэсэн ундарга ХХК-тай байгуулсан үйл баримтын тухайд маргахгүй хэдий ч тус компанийг төлөөлөн гэрээнд Ц. гарын үсэг зурсан, гэрээний төлбөрийг Ц.гийн данс руу шилжүүлсэн нь хэргийн баримтаар нотлогдох тул хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээ нь Н.******* болон Зэсэн ундарга ХХК нарын хооронд байгуулагдсан тул Ц. нь гэрээний оролцогч биш гэх үндэслэлээр гэрээний цуцалсны улмаас учирсан хохирлыг хариуцахгүй. Захиалагч төлбөр төлөх хуваарийг зөрчиж, хуваарийн дагуу 25 хувийн төлбөрөө төлөөгүйн улмаас ажил гүйцэтгэх гэрээний хугацааг хэтрүүлэх үр дагавар бий болсон. Нөгөөтэйгүүр гүйцэтгэсэн ажлын төсвийг 48 910 140 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд илүү зардал гарсан гэж маргаж байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зэсэн ундарга ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ Зэсэн ундарга ХХК болон Н.******* нарын хооронд байгуулагдсан тул гэрээний үр дагаварыг Ц. хариуцах үндэслэлгүй. Ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн хэдий ч захиалагч гэрээний 10.1 дүгээр зүйлд заасны дагуу барилгын ажил 50 хувьтай болмогц нийт төлбөрийн 25 хувийг гүйцэтгэгч талд төлөх үүргээ биелүүлээгүй. Ковид цар тахлын барьж байгаа байшинд шаардлагатай барилгын материалын хомсдол үүсч үнэ өссөн. Гэрээт хугацааны 30 хувь нь бороо орж, уулын замд тээвэр хийх боломжгүй нөхцөл үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарласан.
5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4, 5, 6 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1 2021.05.17-ны өдөр Н.*******, Зэсэн ундарга ХХК нар Барилгын ажил гүйцэтгэх дугаар гэрээг байгуулж, Н.*******ын эзэмших эрхийн 0346648 дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар бүхий дүүргийн хороо зуслан нутагт дэвсгэрт байрлах газар дээр 70,6 м.кв талбайтай байшин, 23 м.кв террастай 114 640 000 төгрөг бүхий барилгыг 2024.05.19-ний өдрөөс эхлэн 42 хоногийн хугацаанд Зэсэн ундарга ХХК нь барихаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, /1хх 2-5 тал/
5.2 2021.05.17-ны өдөр Нанскашимер ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны тоот данснаас Ц.гийн Хаан банкны тоот данс руу 80 248 000 төгрөгийг *******-с төлбөр гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, /1 хх 8 тал/
5.3 2021.08.11-ний өдөр Н.*******, Зэсэн ундарга ХХК нар 2021.05.17-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх дугаар гэрээний 4.1, 4.2, 4.4, 5.1, 5.3.4, 5.4, 7.1, 7.1.1, 7.1.2, 7.1.4, 13 зүйлүүд дээр харилцан тохиролцон нэмэлт өөрчлөлт оруулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, /1хх 6 тал/
5.4 2021.10.05-ны өдөр Ди лайн ХХК-ийн 01.01 тоот дүгнэлтээр дүүрэг, Бэлх зусланд байрлах 70 м.кв зуслангийн байрыг иргэн Н.*******ын хүсэлтээр 2021.09.29-ний өдөр танилцаж, барилгын ажлын явцыг 40 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн, /1хх 40 тал/
5.5 Н.******* нь вакум цонхыг 7 900 000 төгрөгөөр, ган хаалгыг 1 750 000 төгрөгөөр, террасны шалыг 2 349 000 төгрөгөөр тус тус худалдан авсан, /1хх 46-52 тал/
5.6 2022.06.22-ны өдрийн Бэсгэ ХХК-ийн 22/0015 дугаар шинжээчийн дүгнэлтээр зуслангийн байшингийн барилга угсралтын ажлын дүнг 48 910 140 төгрөг, барилга угсралтын нийт ажлын төсвийг 60 909 140 төгрөг болохыг тус тус тодорхойлсон, /1хх 68-107 тал/
5.7 2022.09.02-ны өдөр Зэсэн ундарга ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргасан, /1хх 137 тал/
5.8 2024.05.27-ны өдрийн Зэсэн ундарга ХХК-ийн Бэлхийн зусланд барьсан барилгыг Монгол улсын зөвлөх инженер, Канадын модон каркасан барилгын технологийг нэвтрүүлэх олон улсын төслийн удирдагч, доктор, ШУТИС-ийн профессор Ц.Энхбаатар нь Канадын модон каркаса барилгын технологийн дагуу баригдсан гэх дүгнэлт гаргасан, /2хх 35 тал/
5.9 Зэсэн ундарга ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдээр Ц.Цэндзэсэн бүртгэлтэй зэрэг үйл баримт тогтоогдож байна. /1хх 60 тал/
6. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй, харин гэрээ цуцалсан үндэслэл, гэрээ цуцалсны улмаас учирсан хохирлыг хэн хариуцах, гүйцэтгэсэн ажлын төсөв үндэслэлтэй эсэхэд маргаантай.
7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Маргаан бүхий 2021.05.17-ны өдрийн Н.*******, ХХК нарын хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх дугаар гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх ба Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байхаар, 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Учир нь:
Хэргийн баримтаас үзэхэд 2021.05.17-ны өдөр захиалагч талыг төлөөлж Н.*******, ХХК-ийг төлөөлж Ц. нар байгуулсан байх тул маргаан бүхий гэрээний оролцогч нь хариуцагч Ц. биш гэх татгалзал үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.
Хэдийгээр маргаан бүхий гэрээнд Зэсэн ундарга ХХК-ийг төлөөлж Ц. гарын үсэг зурж, гэрээний төлбөр 80 248 000 төгрөгийг хариуцагч Ц.гийн хаан банкин дахь дугаарын дансаар хүлээн авсан үйл баримт тогтоогдох боловч Зэсэн ундарга ХХК-ний гүйцэтгэх захирал Ц.Цэндзэсэнгийн эрх олгосноор хариуцагч Ц. барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний төлбөрийг хүлээн авсан болох нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зэсэн ундарга ХХКийн итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд зохигчдын хооронд үүргийн харилцаа үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.
8. Зохигчдын хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэж дүгнэснээр талуудын маргаантай үйл баримт буюу гүйцэтгэсэн ажлын хэмжээ, гэрээг цуцлахаар шаардах эрхтэй эсэх, гэрээний хугацаа хэтрүүлсэн явдалд гэрээний аль тал нь буруутай зэрэг бусад үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч овогт //-д холбогдох барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний төлбөрт илүү төлсөн 31 337 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ