| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/01352/И |
| Дугаар | 101/ШШ2024/02469 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2024/02469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***** хаягт оршин суух С*******ын Н******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ***** хаягт оршин суух Д*******ийн О******* /рд:*******/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 6,924,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н*******, хариуцагч Д.О*******, иргэдийн төлөөлөгч А.Т*******, гэрч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Н******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Г*******, өмгөөлөгч Л.Н******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЗД, **** иргэн С.Н******* миний гэрт дээд айлаас “** тоот” 2023.11.14-2024.01.26 өдөр хүртэл ус алдаж миний хөрөнгөд ноцтой хохирол учруулсан. Хохирлыг “” ХХК газраар үнэлгээ хийлгэхэд хохирлын дүн 476,500 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 48,000 төгрөг болсон. Миний бие өөрийн орон сууц болох 44-р байр 79 тоотыг түрээсэлдэг байсан. Түрээслэгч ус алдсаны улмаас түрээсийн гэрээг 2024.01.27 өдөр цуцалсан бөгөөд түрээсийн төлбөрийг сар бүр төлдөг байсан. Тэр түрээсийн алдагдал 1,600,000 нэг сарын төлбөр нийт 4 сарын төлбөр болно. Нийт нэхэмжилж буй төлбөр 6,924,500 төгрөг болно.
1а. Нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд 2023.11.14-2024.1.26 хүртэл ус алдаж хохирол учруулсан. Хохирлыг үнэлгээчин засварын зардлыг гаргасан. Нэхэмжлэгч нь орон сууцыг бусдад түрээсэлж байсан ба ус алдсанаас болж гэрээг цуцалсан. Иймд засварын зардалд 476,500 төгрөг, үнэлгээний хөлс хөлс 48,000 төгрөг, олох байсан орлого нь 6,400,000 төгрөг, нийт 6,924,500 төгрөг гаргуулна. 2023.12.26 хариуцагчид ус алдаж байгаа талаар мэдэгдсэн боловч гэртээ оруулахгүй байснаас болж хугацаа алдсан юм.
1б. 2024.11.24-с хойш таазнаас ус нэвчиж 2 сар гаруй болсон. Тухайн түрээслэгч нь 1 жилээр гэрээ хийсэн байсан. Нэхэмжлэгч нь бага насны хүүхэдтэй түрээсийн төлбөр нь орлогын эх үүсвэр байсан. Улмаар орлогогүй болсон. 4 сарын түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч нь тал хувиар эвлэрэн хэлэлцэх боломжтой талаар тайлбарласан. Шал болон бусад зүйлийн хохирлыг нэхэмжлээгүй гэв.
2. Хариуцагч Д.О******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны хавар 79 тоотоос настай эмэгтэй доошоо ус алдаад байна гэж орж ирээд Г орон сууцны конторын слесарь ирж манай ванны өрөөний плитаг эвдэж үзээд ус гоожсон юм байхгүй байсан. Тэгээд манайх хохироод л үлдсэн. 79 тоотын айл засаж өгнө гээд алга болсон. Гэтэл 2023 оны 12 сарын сүүлээр дахин ус гоожсон энэ тэр гээд олохгүй байсан. Дээврээс ус гоожсон магадлалтай гээд л байсан. Тэгээд л зүгээр болчихлоо. Дарга Гантөмөр нь мэдэж л байгаа. Тэгээд цагаан сарын өмнө 1 сарын 29-нд 86 тоот, манай хоёрыг коридорыг ухсан, дээвэр дээр бас ухаад л байсан тэгээд манай ванны өрөөний шал ванны арын тавиур плитаг эвдэж ухаад 2013 онд ашиглалтад орсон байрны шалан доогуур зочпушка цоорсон байна гэж дүгнэлт гарсан. Манайх санаатайгаар ус алдаагүй. Яг энэ үед 79 тоотын эмэгтэй согтуу юм уу ямар байсан юм хашхирч орилж орж ирээд дайрч доромжлоод байсан. Цагдаа дуудсан ийм л юм болсон. Үүнийг СӨХ-н дарга О Г слесарь бүгд харсан. Эцэст нь хэлэхэд манай санаатай болон санамсаргүйгээр ус алдаж энэ айлыг хохироогоогүй. Хэн ч мэдэх боломжгүй сантехникийн далд шугамаас ус шүүрч гоожиж байсныг ОС конторын ажилчид олж тогтоож арга хэмжээ авсан. Тиймээс Н******* гэдэг хүний нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
2а. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Өмнө нь засварын зардлыг төлнө гэсэн боловч миний буруу биш тул одоо зөвшөөрөхгүй. 2023 оны 12 сард ус алдаад байна гэж хэлсэн. Гэмтлийг манайд хайгаад олоогүй юм. Гийн хүн ирээд их хайсан. Тэгээд ус алдахаа больчихсон. Гэтэл дахиад алдлаа гээд хажуу айл, коридорыг ухсан. Тэгээд шалыг хуулаад гэмтлийг олсон юм. Маш олон удаа явсан. Заримдаа болиод байсан тул борооноос юм уу гэж хайсан. СӨХ хүртэл оролцож хайсан. Миний бие усаа нээж орхиод алдаагүй. Гэхдээ би буруугүй ч гэсэн засварын мөнгийг өгье гэхэд авахгүй бүтнээр нь авна гэсэн юм. Ус алдаж байхад бид бүгдээрээ хайсан. Уг байр нь 2013 онд ашиглалтад орсон. Шугамын элэгдэл болсон байх. Маш багаар дусалж байсан юм. 12 сарын 26-нд манайх хүнгүй байсан ба СӨХ-с мэдээд 30-нд ирээд СӨХ-г оруулсан. Хэдэн жилийн өмнө бас ингээд зүгээр болж байсан юм. Манайхан ээлжийн ажилтаа ихэвчлэн байдаггүй юм. Мөн Гийнхэн орж үзсэн. Зүгээр болчихдог байсан тул бороожуулагч гэж оношилж байсан. Ванныг доодох таглааг хагалж үзэхэд хуурай байсан юм. 2024.1.28-ны өдөр манайд орж үзээд шалыг хуулж үзээд гэмтлийг олсон. Эвлэрэх боломжгүй. Миний буруутай үйл ажиллагаа байхгүй. Нэгэнт далд шугам юм чинь эвлэрэхгүй гэв.
3. Гэрч П.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г компанид инженерээр ажилладаг. 12 сарын 21-нд орцны шалыг хуулсан. 87 тоот эзэнгүй байсан. Дуудахад ирэх боломжгүй байна гэсэн. 2024.1.23-нд 87 тоотод ороод ил гоожсон зүйл байгаа эсэхийг шалгасан. Ил гоожсон зүйл байгаагүй. Усыг 1 өдрөөр хаасан боловч ус алдалт тогтоогүй. Тэгэхээр нь 87 тоотын шалыг хуулж үзэх гэсэн боловч татгалзсан. Тэрний дараа 2024.1.28-нд шалаа хуулуулахыг зөвшөөрсөн. Засварыг слесарь хийсэн би байгаагүй. Слесарь ус алдаж байгаа газрыг олоод заслаа гэж хэлсэн. 2023.11.21-ны өдөр 79 тоотоос дуудлага өгсөн. 79 тоотод ороход хана нэлээн ус нэвчсэн цахилгаан гэмтсэн байсан. Ус алдалт 20 орчим хоног зогссон. Орж үзэхэд шарлаад хатчихсан байсан тул өөр таамаг дэвшүүлж байсан. Гэвч дахиад гоожиж эхэлсэн тул шал хуулах шаардлагатай болсон. Гэмтлийг зассаны дараа 79 тоотод орж үзээгүй. Доод айл уруу далд буюу шалан доогуур байдаг салбар шугамаас ус алдсан. Салбар шугам нь айлдаа хамаардаг. Шалан доогуурх шугамаас ус алдаж байгааг айл нь мэдэх боломжгүй. Гэхдээ энэ айл оруулахгүй цаг алдуулсан. Ус холболтоос алдсан байсан. Шалан доогуур явсан шугам тул гаднын механик үйлчлэл үүсэхгүй юм гэв.
4. Иргэдийн төлөөлөгч А.Т******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ус алдсан шалтгаан нь хариуцагчид хамааралгүй байна. Ус алдсаныг мэдэх боломжгүй. Үнэлгээний мөнгийг мөнгийг төлөх ёстой. Засварын зардлыг контортой хувааж 20-30 хувийг төлөх ёстой. Түрээсийн төлбөр нь хариуцагчид хамааралгүй байна гэв.
5. Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
5а. Нэхэмжлэгчээс үнэлгээний тайлан /хх4-8/, зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх9-10/, орон сууц хөлслөх гэрээ /хх11-13/, орон сууцны гэмтэл тогтоосон акт /хх15/, төлбөрийн баримт /хх25/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх26/
5б. Хариуцагчаас орон сууцны гэмтэл тогтоосон акт /хх31/, 7 ширхэг гэрэл зураг /хх43-46/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 514,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.Н******* нь гэм учруулсны хохиролд 476,500 төгрөг, үнэлгээний хөлс 48,000 төгрөг, олох байсан орлого 6,400,000 төгрөг, нийт 6,924,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Д.О******* нь ус алдсан нь өөрийн буруугаас болоогүй гэж маргасан.
4. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 44 байр, 79 тоот хаягт амьдардаг болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Хариуцагч нь дээрх 79 тоотын харалдаа дээд давхарт 87 тоотод оршин суудаг. Улмаар хариуцагчийн орон сууцны шалан дор байрлах халуун усны буцах шугамаас ус алдагдаж, нэхэмжлэгчийн орон сууц уруу нэвтэрч хохирол учирсан. Дээрх үйл баримтын талаар маргаагүй. /хх26/
5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд сэргээх, эсхүл мөнгөн хэлбэрээр төлөх үүрэг хүлээнэ.
6. Хариуцагчийн орон сууцны шалан дор байрлах далд шугамын холболтын гэмтлээс болж ус алдсан болох нь осол гэмтэл тогтоосон актаар нотлогдож байна. /хх15, 31/
Энэхүү гэмтэл гарсан шугам нь шалан дор байрлах тул хариуцагч уг гэмтлийг мэдэх боломжгүй талаар гэрч мэдүүлсэн. Түүнчлэн гэрчийн мэдүүлгээр шугамын холболтын хэсэгт бага хэмжээгээр цоорсны улмаас ус бага багаар алдагдаж байсан гэж тайлбарлаж байх тул хариуцагч нь үүнийг мэдэх боломжгүй юм. Харин ус алдаж байгаа талаар нэхэмжлэгч, СӨХ болон орон сууц нийтийн аж ахуйн “Г” ХХК-ийг мэдэгдсээр байхад гэмтлийг засварлахад дэмжлэг үзүүлээгүй хугацаа алдсан болох нь гэрчийн “ус алдаж байгаа талаар мэдэгдэхэд ирэх боломжгүй гэсэн, шалыг хуулж шалгах гэтэл татгалзсан” гэх агуулга бүхий мэдүүлэг, хариуцагчийн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлгийг нотолж гаргасан тайлбараар тогтоогдсон. Хариуцагчийн энэхүү эс үйлдэхүй нь Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчсөн гэм буруутай байна. Тодруулбал, дээрх хуульд зааснаар орон сууцны инженерийн шугам сүлжээнд гэмтэл гарсан тохиолдолд тухайн орон сууцыг эзэмшигч нь мэргэжлийн байгууллагад гэмтлийг засахад бүхий л талаар туслалцаа үзүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч нь гэмтэл гарсан, шалгах шаардлагатай байгааг мэдсэн боловч тухайн цаг хугацаанд үзлэг, засвар хийх боломж олгоогүй байна. Үүнээс үзэхэд ус алдаж гэм хор учрахад хариуцагчийн шууд санаатай болон болгоомжгүй үйлдэл байхгүй боловч гэмтлийг засварлахад туслалцаа үзүүлээгүйгээрээ гэм буруутай гэж үзнэ.
7. Нэхэмжлэгчийн орон сууцанд ус алдсаны улмаас учирсан гэм хорыг арилгах буюу засварлахад 476,500 төгрөг шаардлагатай болох нь “” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон. /хх4-8/
Энэхүү үнэлгээг гаргахад нэхэмжлэгч нь 38,000 төгрөг төлсөн болох нь дээрх үнэлгээний тайлан болон төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /хх25/
Дээрхээс үзэхэд хариуцагч нь ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учрахад гэм буруутай байх тул засварын зардал 476,500 төгрөг, үнэлгээ хийсэн хөлс 38,000 төгрөг, нийт 514,500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
8. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.
9. Нэхэмжлэгч нь өөрийн олох байсан орлогыг нотлох зорилгоор зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, орон сууц хөлслөх гэрээг шүүхэд ирүүлжээ. /хх9-10, 11-13/
Гэвч дээрх гэрээ нь бодитоор хэрэгжсэн, хөлс төлөгдөж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу санхүүгийн анхан шатны болон татвар төлсөн баримтаар нотлоогүй.
Мөн гэрээ цуцлагдсан гэх тэмдэглэгээг хэн үйлдсэн нь тодорхойгүй байна.
10. Шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн ус алдсан шалтгаан нь хариуцагчид хамааралгүй байна. Ус алдсаныг мэдэх боломжгүй. Үнэлгээний мөнгийг мөнгийг төлөх ёстой. Засварын зардлын контортой хувааж 20-30 хувийг төлөх ёстой. Түрээсийн төлбөр нь хариуцагчид хамааралгүй байна гэх дүгнэлтийг харгалзан үзэв.
11. Эдгээр үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд хариуцагчаас засварын зардал 476,500 төгрөг, үнэлгээний хөлсний зарим хэсэг болох 38,000 төгрөг, нийт 514,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх үнэлгээний хөлсний үлдэх хэсэг 10,000 төгрөг, олох байсан орлого 6,400,000 төгрөг, нийт 6,410,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.О*******ээс 514,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Н*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,410,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,085 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ
Б.УНДРАА