| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2202000060024 |
| Дугаар | 2022/ДШМ/442 |
| Огноо | 2022-04-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2022/ДШМ/442
А.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүжин,
шүүгдэгч А.Х-н өмгөөлөгч Ж.Гантулга,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/408 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжин 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн А.Х-д холбогдох эрүүгийн 2202000060024 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн А.Х, ........................., /РД: ..................../;
А.Х нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байрны 0 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1,5783 грамм бодис, 0.4319 грамм шавар зэрэг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: А.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Х-г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Х нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “1” гэж дугаарласан цэнхэр өнгийн цахилгаантай картны сав, “1-4” гэж дугаарласан “Худалдаа Хөгжлийн” банкны картан дээр наалдсан 0.4319 грамм цэвэр жин бүхий шавар, “1-7” гэж дугаарласан тугалган цаас, “1-8” гэж дугаарласан улаан өнгийн асаагуур, шинжээчийн 5639 дугаартай дүгнэлтээр “2” гэж дугаарласан цагаан өнгийн цаасанд ороосон 1.3277 грамм ногоон өнгийн өвс мэт зүйл, шинжээчийн 5640 дугаартай дүгнэлтээр “3” гэж дугаарласан ногоон өнгийн төмөр сав, шинжээчийн 5642 дугаартай дүгнэлтээр “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, шинжээчийн 5643 дугаартай дүгнэлтээр “6” гэж дугаарласан тоос мэт зүйлээр бохирдсон хар өнгийн шилэн оймс, “1-5” гэж дугаарласан прётканы хугархай төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “1-1” гэж дугаарласан АВ4789875 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “1-2” гэж дугаарласан АН0022324 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “1-3” гэж дугаарласан А118197745 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “1-6” гэж дугаарласан АР9545899 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “3-1” гэж дугаарласан АJ1262025 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “3-2” гэж дугаарласан АO1379311 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “3-3” гэж дугаарласан NZ7563485 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “3-4” гэж дугаарласан АL3275734 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “3-5” гэж дугаарласан АN3534239 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “3-6” гэж дугаарласан NZ2549389 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “3-7” гэж дугаарласан АК6843340 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, шинжээчийн 5641 дугаартай дүгнэлтээр “4” гэж дугаарласан РS0301586 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг нийт 12 ширхэг мөнгөн дэсвгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Банкинд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан байхад А.Х-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй, ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзан үзээгүй байна.
Учир нь, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай юм.
Шүүгдэгчийн үйлдэл нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэх шинжийг агуулсан байхад шүүх ямар үндэслэлээр шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж дүгнээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х нь “урьд 2 жилийн өмнө мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байсан” талаар мэдүүлсэн ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг нь санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд анхан шатны шүүхээс дээрх байдлаар дүгнэлт хийсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/408 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч А.Х-н өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх ямар үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг шийтгэх тогтоолд тусгаагүй гэсэн байна. Шийтгэх тогтоолын 3 дугаар талд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн харицулага хүлээлгэх хууль зүйн үндэслэлээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хувийн байдлыг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагын зорилтыг биелүүлэхээр зорчих эрхийг 1 жилээр хязгаарлах ялыг оногдуулсан нь үндэслэл бүхий гарсан. “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байдаг. Уг зорилтод нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал болон өндгөвчний хагалгаанд орсон эрүүл мэндийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь үндэслэл бүхий буюу хуульд нийцсэн байна гэж үзэж байна. Түүнчлэн улсын яллагчаас шүүгдэгчийн “урьд 2 жилийн өмнө мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байсан” гэх мэдүүлгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна гэсэн байна. Шүүгдэгч тухайн үед эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, гэмт хэрэг анх удаа үйлдэж буй энэ баримтад хяналтын прокурор эсэргүүцлээ хууль зүйн үндэслэлтэй бичээгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч А.Х нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байрны 0 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1,5783 грамм бодис, 0.4319 грамм шавар зэрэг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
Шүүгдэгч А.Х-н яллагдагчаар өгсөн: ... Би 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байсан санагдаж байна. Гэртэй байж байгаад хог хаяхаар гараад хогийн цэгний хажуу талаас цагаан цэнхэр гялгар ууттай зүйл харсан. Тэрэн дотор баахан мөнгөн дэвсгэртүүд харагдахаар нь гадаа хог ухаад яахав гэж бодоод ууттай нь аваад гэртэй оруулсан. Маргааш өглөө нь гэртэй ирээд нөгөө ууттай зүйлийг гаргаж үзэхэд нилээд хэдэн хуйлсан мөнгөнүүд байхаар нь эхлээд 500 төгрөгийн дэвсгэрт болон хэдэн ширхэг 100 төгрөгийн дэвсгэртийг угаагаад тэнийлгэж өөрийн хэтэвчиндээ хийсэн. Үлдсэн мөнгөн дэвсгэртүүд нь бохир болсон байхаар нь тэр хуйлсан чигээр нь хүжний төмөр ногоон саванд хийгээд номын тавиар дээр тавиад уутаа ахиж үзэхэд цэнхэр өнгийн цахилгаантай дөрвөлжин даавуун сав байхаар нь онгойлгож үзтэл дотор нь карттай шавар гэх зүйл, хар шилэн трикотой өвс байсан. Шууд задлаж үзэхэд асгарсан болохоор гаран дээрээ өвсийг нь тавиад трикоог шууд нойлын өрөө рүү шидсэн. Өвсөө цаасанд боогоод орхисон. Тэрнээс хойш мартсан байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 29-ний орой гэртэй ганцаараа байж байгаад пиво уумаар санагдаад 2 шил пиво уусан. Тэгээд нилээд халсан. Ширээний доогуур харсан чинь нөгөө цэнхэр савтай зүйл байхаар нь нэг хэрэглээд үзчихдэг юм билүү гэж бодоод авч задалж онгойлгоход уг картан дээр шавар байсан картны цаана притка байхаар нь гар хөлөө зүсчиж магадгүй гээд гал тогтооны тавиур дээр тавьсан. Тэгээд би тугалган цаас гаргаж ирээд хоёр удаа шууд цэг тавиад галаар төөнүүлж, хүжний саван дотроос хуйлсан мөнгө аваад хоёр цэгээ сороход ямар нэгэн мэдрэмж төрөөгүй учир унтсан юм. Маргааш нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагаас ажилтай байсан учир яараад гарах гэхэд урдаас энгийн хувцастай цагдаагийн албан хаагч орж ирээд нэгжлэг хийж цагдаад баригдсан юм. Би 2-3 жилийн өмнө нэг удаа шавар хэрэглэж байсан. Тэрнээс хойш нэг удаа газ сорж үзэж байсан. ...” /хх 113-115/ гэсэн мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5639 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “2” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “2” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлд Делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно. 3.4 Шинжилгээнд ирүүлсэн “2” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2.4625 грамм, цэвэр жин нь 1.5783 грамм шинжилгээнд дээж авч, үлдсэн жин нь 1.3277 грамм болов. ...” /хх 24-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5640 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “3-2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн АO1379311 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, “3-3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн NZ7563485 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, “3-5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн АN3534239 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, “3-6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн NZ2549389 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, “3-7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн АК6843340 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс Делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно.
“3” гэсэн хаягтай төмөр сав, “3-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн АG1262025 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, “3-4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн АL3275733 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Бодисны жинг тогтоох боломжгүй байна. ...”/хх 29-31/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 5637 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “А.Х СЛ02262204 11.30” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. ...” /хх 42-43/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 5641 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. РS0301586 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс Делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. РS0301586 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийн шаралж бохирдол үүссэн хэсгээс арчдас авч шинжилгээ хийсэн ба жинг тоггоох боломжгүй. /хх 47-48/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5638 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. 1 гэж дугаарласан цэнхэр өнгийн цахилгаантай картны сав, 1-1 гэж дугаарласан АВ4789875 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 1-2 гэж дугаарласан АН0022324 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 1-3 гэж дугаарласан АU8197745 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 1-4 гэж дугаарласан шавар мэт зүйл наалдсан TDB гэсэн бичиглэлтэй виза карт, 1-5 гэж дугаарласан шавар мэт зүйлээр бохирлогдсон притканы тал хэсэг, 1-6 гэж дугаарласан АР9545899 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 1-8 гэж дугаарласан улаан өнгийн асаагуур тус бүрээс Делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. “1-7” гэж дугаарласан тугалган цааснаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. “1-4” гэж дугаарласан TDB гэсэн бичиглэлтэй виза картан дээр наалдсан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.4319 грамм байсан ба шинжилгээнд 0.05 граммыг шинжилгээнд зарцуулав. ...” /хх 52-54/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5642 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн мөнгөлөг цааснаас Делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. Бодисны жинг тогтоох боломжгүй. /хх 61-62/,
Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1042 дугаартай “...А.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. А.Х нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Х эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.Х нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...” /хх 66-67/ гэсэн дүгнэлтүүд,
эд мөрийн баримтаар тооцох тухай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 338 дугаартай мөрдөгчийн тогтоол /хх 121-122/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Х-г хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч А.Х-н хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Прокурор Г.Билгүүжингийн “...Шүүгдэгчийн үйлдэл нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэх шинжийг агуулсан байхад шүүх ямар үндэслэлээр шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ...ял хөнгөдсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Анхан шатны шүүх нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан сонгох ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэсэн сонгох санкцтай.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч А.Х-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй байна гэж буруутгах үндэслэл болохгүй гэж үзнэ.
Иймд прокурор Г.Билгүүжингийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны 2022/ШЦТ/408 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны 2022/ШЦТ/408 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР