Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О овогтой Згийн /РД:ХН61051271/

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Гуравдагч этгээд: Монголын бурханы шашинтны төв Г /РД:90/,

Нэхэмжлэлийн шаардлага: Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл шашны байгууллага байгуулахаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтэд хариу өгөхгүй байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх бурхны шашны үйл ажиллагаа явуулах байгууллагын зөвшөөрөл олгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, түүний өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл байгуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан хүсэлтэд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх бурхны шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх бурхан шашны байгууллагыг шинээр санаачлан байгуулж, Монгол Улсад одоогийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу бичиг баримтуудаа бүрдүүлэн өргөдөл гаргаж, 5 сар гаруй хугацаа өнгөрсөн боловч ямар нэгэн хариу аваагүй тул 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Ад өргөдлийнхөө хариуг авахаар дахиж хандсаны дагуу Шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих Ажлын албаны дарга Б.Бын гарын үсэгтэй 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02/619 тоот албан бичгээр хариу авсан. Дээрхи тоотод Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн боловсруулж Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Иймд дээрх журмын төсөл батлагдсаны дараа шинээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах шашны байгууллагуудын өргөдөл, хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх чиглэлтэй байгаа болно гэжээ.

Гэтэл бидэнд дээрхи утга агуулгатай татгалзсан хариу өгсөнөөс хойш буюу 2018 оны эхний 7 сарын байдлаар Нийслэлд шинээр шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Христэд итгэгчдийн Х, Б Г, С зэрэг христийн болон католик шашны байгууллагуудад олгосон нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шашны байгууллагад зөвшөөрөл олгохдоо гадны байгууллагын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Манай төр захиргааны байгууллага гадны шашны байгууллагуудын хүсэлтийг дэмжиж ирсэний уршгаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй гадны шашны байгууллагууд сүүлийн таван жилийн байдлаар тасралтгүй өссөөр иржээ. Тухайлбал:

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдал статистикийн 2012 оны 10 дугаар сарын танилцуулгаар Нийслэлд үйл ажиллагаа нь тогтмолжсон сүм хийдүүдийг шашны төрлөөр нь авч үзэж гаргасан судалгаагаар ихэнх нь буюу 140 христийн шашин эзэлж байгаа бол 81 хувь нь буддын, ислам 2, 6 католик шашны төлөөлөл байсан бол сүүлийн таван жилд буюу 2017 оны байдлаар христ 180, будда 136, сүүлийн үед лалын шашинтны байгууллага 21 болж өссөн нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд гадны шашны байгууллагын тоо эрс өсч байгаа нь бидний уламжлалт шашны ёс заншил алдагдахад шууд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн нэг нь яахын аргагүй мөн гэж хувьдаа бодож явдаг. Бидний байгуулах гэж буй шашны байгууллага шинээр байгуулагдсанаар Монголд үйл ажиллагаа явуулж буй будда бурханы шашны байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах, төр засгийн хэмжээнд хүсэл зоригоо тууштай илэрхийлэн одоогийн нийгэмд хурцаар шүүмжлэгдэж буй сүм хийдэд шавилан суулгаж байгаа бага насны хүүхдүүд зохих ёсны боловсрол эзэмшиж чаддаггүй, бэлгийн дарамтанд өртдөг зэрэг хүүхдийн хүчирхийллийн эсрэг болон бусад холбогдох хууль тогтоомжийн заалтууд зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд дорвитой алхам хийх, цаашлаад будда шашныхаа уламжлалт ёс журмыг дэлгэрүүлэн бэхжүүлэх талаар дорвитой ажлуудыг хийх санаа зорилго маань төр захиргааны албан тушаалтны журмыг шинэчлэн боловсруулж Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн хэзээ хуралдаж шийдвэр гаргах нь тодорхойгүй байдлаас шууд хамааран бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монголын Будда Бурханы Шашинтны Төв Зөвлөл байгуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гарсан хүсэлтэд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх бурхны шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Шашны байгууллагыг хувьцаат компани гэх нэрийдлээр байгуулж, захирамж гаргасан. Энэ талаарх нотлох баримт байгаа. Гэтэл манай байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүй эс үйлдэхүй гаргаж эхэлсэн.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал аваагүй. Яагаад би өгөөгүй вэ гэвэл Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хянагдаж байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтийн 1-д Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д Монгол Улсын буддын болон мусульман, бөө мөргөлөөс бусад шашны номлол, сургалт сурталчилгаа шашны сүм хийдээс гадуур байхыг хориглоно, 9 дүгээр зүйлийн 9.2-т Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулах бол Монгол Улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал, дүгнэлтийг авах шаардлагагүй, Үндсэн хууль зөрчсөн гэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс энэ албан тодорхойлолтыг заавал өгөх ёсгүй. Мөн санхүүгийн хэмжээний талаарх тодорхойлолтыг материалд хавсаргаж өгсөн.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгсөн тогтоолд будда гэсэн үг байхгүй нь техникийн алдаа гарсан байх гэж бодож байна. Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл-ийн дүрэм нь Монголын бурхан шашны төвийн 1991 оны дүрмийг хүчингүй болгож шинэчлэн баталсан дүрэм. Гтэгчэнлэн хийд бол төв байгууллага биш. Хууль бус байгууллага. Монголын будда бурхны шашинтны төв зөвлөл бол шашны дээд байгууллага биш, шашинтны байгууллага юм. Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хувийн байгууллага, санхүүжилт байхгүй, олон нийтэд зориулсан байгууллага бөгөөд харин байгуулагдвал буяны ажил зохион байгуулна. Энэ байгууллага бол хувийн, үүсгэн байгуулагч нь би. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар ийм нэртэй байгууллага байгуулсан тухайгаа бусад хүмүүст зарласан. Монголын бурхан шашны төв Гтэгчэнлин хийдийн 1991 оны дүрмийн дагуу Монголын бурхан шашны төв гэснийг нь салгаад шинээр өөр байгууллага байгуулсан гэж ойлгож болно.

Хуульд зааснаар Гтэгчэнлин хийдээс тодорхойлолт авах шаардлагагүй. Мөн би хүсэлт гаргасан ч Гтэгчэнлин хийдээс тодорхойлолт өгөхгүй.

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар Монголын бурхан шашны төвийн дүрмийг хүчингүй болгож Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөлийг байгуулж, дүрмийг шинээр баталсан.

Хуулиас давсан журам гэж байхгүй. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д сүм, хийд байгуулах тухай заасан байдаг. Нэг заалтад нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан юм. Харин нөгөө хэсгийг нь 1994 онд хүчингүй болгосон. Сүм, хийд нь өөрийн гэсэн дүрэмтэй байна гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...Иргэн З.ийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл байгуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан хүсэлтэд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх бурхны шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам-ыг шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага үүссэн. Журмын төслийг боловсруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шашны асуудал хариуцсан ажилтнууд, холбогдох төрийн байгууллагууд болон шашны байгууллага, сүм хийдийн төлөөллүүддийг оролцуулан Нийслэлийн нутаг дэвсгэрт шашны байгууллага, сум хийд байгуулах, зөвшөөрлийн хугацаа сунгах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих журам-ын танилцуулга, хэлэлцүүлгийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу журмын төслийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын www.citycouncil.mn цахим хуудаст байршуулж, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Иргэний танхим-д шашны байгууллага, сүм хийдийн төлөөлөл, иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгуулж ажилласан. Дээрх хэлэлцүүлэгт нийт 17 иргэн, аж ахуйн нэгжээс давхардсан тоогоор 54 санал ирүүлсэн бөгөөд санал, зөвлөмжийг судалж, хуульд нийцэх зарим саналуудыг журмын төсөлд тусгаж ажилласан.

Мөн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Гадаадын иргэн, харьяатын газрын төлөөлөлтэй, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөлтэй тус тус уулзалт зохион байгуулж, саналыг холбогдох газруудад хүргүүлэн, уулзалтын хүрээнд гарсан саналыг нэгтгэн журмын төсөлд мөн тусган ажиллаж байна. Нэхэмжлэлд дурдсанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс ажлын хэсгийн чиглэлийн дагуу шинээр нэг ч шашны байгууллагад олгоогүй болно. Дээрх журмын төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж байгаа тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлж батлуулсны дараа шинээр үйл ажиллагааны зөвшөөрөл авах шашны байгууллагуудын өргөдөл, хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай байгууллага зөвшөөрөл олгохгүй гэж хэлээгүй. Журам шинэчлэн батлагдсаны дараа бүртгэлийн ажиллагаа хийх боломжтой гэсэн хариуг өгсөн. Тэр үед бид З.ийн бүрдүүлж өгсөн материалтай танилцаагүй байсан. Ийм өргөдөл бичиг хэргийн ажилтанд бүртгэгдэхгүйгээр шууд хуваарилагддаг, шалгах хугацаагаар хязгаарлах боломжгүй. Материалыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгдөггүй. Бүх хууль, хяналтын байгууллага оролцсон ажлын хэсэг байгуулагддаг. Ингээд ажлын хэсгийн дүгнэлтээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулдаг.

Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа шалгаад материалын бүрдэл дутуу байна гэсэн хариуг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээр нэхэмжлэгчийн өргөдөлдөө болон нэхэмжлэлдээ заасан хаягаар явуулсан боловч хаягтаа байхгүй, хаягийн зөрчилтэй гээд шуудангаас буцсан байгаа. Үүнийг хэрэгт өгсөн. Материалаа бүрдүүлээд дахин манай байгууллагад хандах боломжтой. Шинэ байгууллага байгуулж байгаа бол үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь түр олгохгүй. Журам шинэчлэн батлагдсаны дараа олго гэсэн чиглэл Хууль зүй, дотоод хэргийн яам болон Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн. Албан бичгээр чиглэл өгдөггүй. Би ажлын хэсэгт байдаггүй учраас ямар байдлаар чиглэл өгсөн талаар сайн мэдэхгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: Шашны байгууллага нь бусад хуулийн этгээдээс онцлогтой. Шашны байгууллагуудыг төрийн тусгай байгууллагууд шалгадаг. Шалгалтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2013 онд гаргасан судалгаагаар шашны байгууллагууд нэлээн өндөр түвшинд байсан. Өөрөөр хэлбэл шашны байгууллага байгуулах зөвшөөрөл болгоныг олгохоос илүү Монгол Улс төрийн бодлогын хүрээнд зөвшөөрөл олгох ажиллагааг хуулийн хүрээнд шийдвэрлэ гэж төрийн байгууллагуудад тусгайлан чиглэл өгсөн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулийн хэлтэс болон холбогдох хүмүүстэй нь миний бие уулзаад З.ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү гэж асуухад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариуг өгсөн.

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд шашны асуудал эрхэлсэн тусгай зөвлөл гэж байдаг. 2018 онд хэдэн шашны байгууллага шинээр байгуулагдсан талаар судалгаа гаргаж шашны байгууллага болгонд зөвшөөрөл олгохгүй, эрх зүйн орчин нь шинэчлэгдэж байгаа тул боломжгүй гэсэн чиглэл өгсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан. Шашны байгууллагын зөвшөөрлийг олгохын тулд хэдэн хүмүүс хуралдаж байгаад шийдвэр гаргадаггүй. Хууль зүй, дотоод хэргийн яам, хуулийн байгууллагууд, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс тодорхой чиглэлүүд өгдөг. Ерөнхийдөө тухайн байгууллагыг шалгадаг. Энэ хүрээнд иргэн З.ийн гаргасан хүсэлтийг шалгахад хэд хэдэн нөхцөл байдлууд тогтоогдсон. Үүнд нийслэлийн хэмжээнд шашны байгууллагуудыг бүртгэх журмыг шинэчлэхийн тулд дахин журмын төсөл баталсан. Мөн Шашин эс шүтэх, шүтэх тухай хуулийн төсөл гаргасан. Төрийн байгууллагууд энэ талаар мэдээллээ солилцож хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ чиглэлийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас З.ид боломжгүй гэсэн хариуг өгсөн.

 

Нэхэмжлэлийн шаардлага 2 агуулгатай. Өөрөөр хэлбэл шашны байгууллага хоорондын маргаан уу эсвэл иргэнээс шашны байгууллагын талаар төрийн захиргааны байгууллагад өгсөн санал хүсэлтийг шийдвэрлээгүй маргаан уу гэдгийг тодорхойлох ёстой. Монголын бурхан шашны зохион байгуулалт буюу Монголын бурхны шашны төв гэсэн байгууллагын зохицуулалтын талаар яригдах ёстой. Хариуцагч байгууллага хуулиар хүлээсэн эрх хэмжээгээ хэрэгжүүлсэн эсэхийг тодруулах ёстой. Мөн холбогдох дүрэм журам болон Захиргааны ерөнхий хуульд заасан эрх үүргийн талаар яригдана. Нэхэмжлэгч Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг тайлбартаа хэлсэн. Монгол Улсын Үндсэн Хуулийн 9 дүгээр зүйлд шашны асуудал, төр шашны байгууллагын ямар үйл ажиллагаанд хуульд заасны хүрээнд оролцох, шашны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд ямар асуудлыг зохицуулах вэ гэдэг талаар тусгайлан зохицуулсан. 1993 оны Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд илүү нарийвчилсан зохицуулалтууд бий. Сүм, хийд, лам санваартны асуудлыг шийдвэрлэхээс өмнө хуулиар ямар эрх, үүрэг хүлээсэн бэ гэдгийг судлах ёстой. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, с******* иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй, 5-д Сүм хийд, лам санваартан нар Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэн үзэж биелүүлнэ, 7-д Шашны нэр хүнд, хүн амын сүсэг бишрэлийг улс төрийн нам, байгууллага, албан тушаалтны эрх ашигт нийцүүлэн ашиглах, шашныг гаднаас зохион байгуулалттайгаар нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн байгуулсан шашны төв зөвлөл гэдэг байгууллага нь хувь хүний асуудал уу эсвэл сүсэг бишрэлээрээ нэгдсэн хүмүүсийн асуудал уу гэдгийг тодруулах шаардлагатай. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-т Сүм хийд бие дааж буюу удирдах төвөөрөө уламжлан төрийн аль ч шатны байгууллагад асуудлаа тавих, харилцах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл төвөөрөө дамжуулж харилцах ёстой. Энэ хуулийг батлах үед Монголын Бурхан шашны төв байгууллага Гтэгчэнлэн хийдийн асуудал яригдсан байдаг. Гэтэл иргэнээс шашны төв байгууллага байгуулсан тогтоолыг баталж шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна. Иргэн шашны байгууллага байгуулах гэж байгаа бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүртгүүлэх үүрэгтэй. Харин шашны байгууллагууд бүгд нэгдэж дээд байгууллагаа байгуулах гэж байгаа асуудлыг хуулиар зохицуулах уу эсвэл шашны хэм хэмжээгээр зохицуулах уу гэдгийг тогтоох шаардлагатай болно.

Чуулганы тогтоолоос харахад шашны төв байгууллага байгуулсан нь Монгол Улс дахь шашны төв байгууллагын эрхийг хөндсөн. Иргэн шашны төв байгууллага байгуулах нь бурхны шашны байгууллагууд нэгдээд удирдлагаа сонгосон агуулга бүхий хүсэлт гаргасан байдаг. Тиймээс байгуулсан төв байгууллага хуульд нийцсэн эсэх нь эргэлзээтэй. Гуравдагч этгээдийн зүгээс шашны эрх зүйн баримт бичгийг хэрэгт хавсаргаж өгсөн. Хуульд заасны хүрээнд захиргааны байгууллагын гаргаж буй шийдвэр нь шашны байгууллага хоорондоо нэгдэх, тусгаарлах асуудлыг хуулиар зохицуулаагүй тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд огт хамааралгүй юм. Нэхэмжлэгч эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч байгууллагад гаргаж өгсөн баримт бичигт Монголын бурхан шашинтны төв зөвлөл гэсэн нэртэй байдаг. Уг баримт бичгүүд нь хуульд заасан хэд хэдэн шаардлагыг зөрчсөн. Бие дааж үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагууд нэгдэж төв зөвлөлөө байгуулах нь өөрсдийн дотоод хэм хэмжээгээр зохицуулагдана.

Хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан хүсэлтүүдэд төв зөвлөл байгуулах эрх нь байхгүй гэдэг хариуг 7-8 байгууллага өгсөн байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ асуудлын талаар судлахад холбогдох хүмүүс нь хүлээн зөвшөөрөөгүй. Хэргийн 144 дүгээр хуудсанд авагдсан баримтаар Монголын бурхан шашны төв байгууллага бол Гтэгчэнлэн хийд гэж улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлсэн үйл ажиллагаа явуулсан уу эрх хэмжээгээ хэрэгжүүлсэн үү гэдэг дээр тайлбар хэлмээр байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Олгосон зөвшөөрлийг үндэслэн сүм хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ гэж заасны дагуу шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог. Энэ зохицуулалтаас харвал өргөдлийг хянан үзэж шийдвэрлэх бие даасан эрхийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон. Энэ хуулийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 74 дүгээр тогтоолын дагуу зөвшөөрөл олгох болон үйл ажиллагааг нь журамласан журмыг баталсан. 74 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлд бичиг, баримт бүрдүүлэх тухай тусгайлан заасан.

Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргаж өгсөн хүсэлтэд холбогдох бичиг, баримтууд дутуу байсан гэдэг нь нотлогддог. Журмын 2 дугаар зүйлийн 2.8-д зааснаар санхүүгийн ямар нэг баримт бичгийг хавсаргаж өгөөгүй. Мөн тухайн нутаг дэвсгэрийнхээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас санал, Гтэгчэнлэн хийдээс тодорхойлолт аваагүй. Энэ талаар Үндсэн Хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн. Үндсэн Хуулийн Цэцээс энэ асуудлыг хуулиар зохицуулах боломжгүй, шашны байгууллагын дотоод үйл ажиллагаатай хамааралтай гэж үзэн уг заалтыг хүчингүй болгосон. Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт ямар ч цахим сайтад байгаа үзэж болно. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэнээс гаргасан хүсэлтийг хянах эрхтэй гэж ойлгож байна. Хүсэлтийг хянаад мөрдөж буй журам нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шинэ хуулийн төсөл, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн саналын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас журмаа шинэчилж байхад гаргасан иргэдийн хүсэлтийг хүлээн аваад журам шинэчлэн батлагдсаны дараа шийдвэрлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Иргэн З. хэрэгт нотлох баримт байхгүй ч гэсэн энэ асуудлаар уйгагүй хөөцөлдсөн байдаг.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална гэж заасан. Мөн энэ хуулийн 20 дугаар зүйлд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг зохицуулсан байгаа. Шашны байгууллага бусад аж ахуй нэгжээс онцлогтой юм. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас явуулсан судалгаагаар Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1000 гаран шашны байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулж буй журмууд нь зарим талаар хийдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасан чиг үүргийнхээ дагуу дээрх үндсэн зарчмыг хангаж ажилласан гэдгийг хэлмээр байна.

Иргэн З.ийн өгсөн хүсэлтэд бичиг баримтын бүрдэл дутуу байсан тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх боломжгүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ гэж заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэний гаргасан хүсэлтэд эрх зүйн зохицуулалт өөрчлөгдөж байгаа үед хариу өгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох тухай үүргийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлсэн. Сүм, хийд лам санваартны үнэмлэхүй тоог тогтооно гэсэн хуулийн зохицуулалт байвал иргэдийн өргөдөл болгонд зөвшөөрөл олгоно гэсэн үг биш юм. Иргэн З. хүсэлт гаргахдаа бичиг баримтын бүрдэл дутуу байсан. Ингээд түүнд татгалзсан хариуг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр албан бичгээр өгсөн. Хэргийн 74, 75, 80 дугаар хуудсанд төслийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх нотлох баримтууд авагдсан байгаа. Нэхэмжлэгч шашны удирдах дээд байгууллага байгуулах гэтэл Гтэгчэнлэн хийдээс хүлээн зөвшөөрдөггүй.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн өргөдөлд 2018 оны 07 дугаар сарын 17, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр албан бичгээр тус тус хариу өгсөн. Үүнээс үзвэл эс үйлдэхүй байхгүй юм. Нэхэмжлэл гаргасан хаяг руу нь уг албан бичгийг хүргүүлсэн боловч байхгүй гэсэн хариу ирсэн. Бичиг баримтын бүрдэл хангаагүй, дутуу бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөл олгох ямар ч боломжгүй юм.

Гэрчүүдийн хувьд ч гэсэн яг ямар байгууллага байгуулсан гэдэг ойлголт муутай, чуулганы тогтоолд дугааргүй болон ерөнхийлөгч гэсэн мөртлөө энэ талаар нотлох баримт байдаггүй. Тиймээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Иргэн З.ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монголын бурханы шашинтны төв Гтэгчэнлин хийдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэн гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

З. нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг нэр бүртгэж өгөхгүй эс үйлдэхүй гаргалаа гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Монголын будда бурханы шашинтны төв гэх нэрийг 1944 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Улсын бага Хурлын Тэргүүлэгчдийн 34 дүгээр тогтоолоор (гтэгчэнлин хийдийг дахин сэргээсэн үеэс) хэрэглэж ирсэн бөгөөд 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Монголын хүрээ хийдийн лам нарын анхдугаар чуулга уулзалтаар дахин бататгаж төвөөр өргөмжилсөн.

Мөн 1947 оны 5 дугаар сард бүтээсэн Гтэгчэнлин хийдийн тамган дээр бурханы шашинтны төв гэсэн бичээс байдаг бөгөөд энэ нь Монголын бурханы шашны төв нь Гтэгчэнлин хийд гэсэн баталгаа мөн билээ. Монголын бурханы шашны түүхэн цаг хугацааны явцад уламжлагдан ирсэн нэгдсэн удардлага зохион байгуулалтыг алдагдуулах гэсэн З.ийн энэхүү үйлдэлийг манай хийдийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.

З.ийн нэхэмжилж буй Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл-ийг бүртгүүлэхийн тулд юуны өмнө тухайн байгууллагыг эхлээд байгуулсан байх шаардлагатай. Бурханы шашинтны төв байгууллага байгуулж байгаа тохиолдолд Монголын хүрээ хийдүүдийн лам нар оролцсон байх, тэд энэхүү байгууллагыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Гэтэл З.ийн байгуулсан гээд байгаа энэхүү байгууллага нь үнэн хэрэгтээ хууль ёсоор байгуулагдаагүй, оролцох ёстой хүмүүс нь оролцоогүй бусдын нэрийг ашиглаж хоёр гуравхан энгийн хүмүүс цуглуулаад өөрөө өөрийгөө өргөмжилсөн үйл явдал болсон. Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл гэх нэр нь Англиар The Central Council of Buddha Buddhists of Mongolia гэж орчуулагдана. Энэ нь Монголын Бурханы шашинтны тэргүүн лам нарын зөвлөл гэсэн нэрний Англи орчуулгатай /The Council of Head monlcs Mongolia/ харьцуулан үзэхэд ижил түвшний хоёр байгууллагатай гэж харагдахаар байна. Ижил түвшний хоёр байгууллага байгаа нь хийдийн гадаад болон дотоод харилцаанд нөлөөлөх, хооронд нь хольж солих андуурах явдал бий болно. Мөн энэхүү Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл нь Монголын бурханы шашинтны тэргүүн лам нарын зөвлөлийн логог хуулбарлан ашиглаж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм. Иймд З.ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: Иргэн З. нь 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны байгууллага эс үйлдэхүй гаргасан гэж нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Иргэн З. бүтэн 5 сар хүлээсний эцэст ямар ч хариу аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч байгууллагаас захиргааны актыг гаргах боломжгүй гэсэн. Өөрөөр хэлбэл журам шинэчлэн батлагдаж гарсны дараа захиргааны актыг гаргах ёстой гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн. Үүнээс үзвэл захиргааны байгууллага эс үйлдэхүй гаргаагүй. Энэ хариуг хүлээж аваад 30 хоногийн дотор буюу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэн З. шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс эс үйлдэхүй гаргасан гэдэг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн даалгах шаардлагыг хангахын тулд шүүхэд гаргасан нэхэмжлэл нь урьдчилсан нөхцөл, болзол журмыг хангасан байх ёстой. Энэ журмыг хангаагүй талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа хэлсэн. Өөрөөр хэлбэл баримт бичгийн бүрдэл дутуу, Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох тухай журам-ын 3 дугаар зүйлийн 3.3-т Буддын шашны сүм хийд, дацан, төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс үйл ажиллагааны талаар тодорхойлолт авсан байна гэж тусгайлан заасан. Энэ журам хүчин төгөлдөр хэвээр байгаа. 1991 оны Монголын бурхан шашинтны төвийн дүрмийн дагуу байгуулагдсан Монголын бурхан шашинтны төв Гтэгчэнлэн хийдээс Монголын бурхан шашинтны төвийг салгасан гэдэг. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг тусгаарлах гэнэ гэж заасан. З.ийн байгуулсан Монголын Будда, бурхны шашны төв зөвлөл-ийг Гтэгчэнлэн хийдээс тусгаарлаж, шинээр байгуулан тогтоол гаргасан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, 20.1.4-т шилжүүлэх акт /нийлүүлсэн, нэгдсэн/ гэж заасан шаардлагуудыг хангасан байх ёстой. Шашны болон олон нийтийн байгууллага хамтын зарчмаар тухайн байгууллагыг байгуулж, байгуулагдсан байгууллага нь олонхийн саналаар дүрмээ баталж, удирдах зөвлөл, тэргүүнээ батламжилдаг. Гэтэл Монголын будда, бурхны шашны төв зөвлөл-ийг хуульд заасныг дагуу үүсгэн байгуулаагүй. Баримт, бичгийн бүрдэлд ч ийм байдаг. Монголын бурхан шашинтны төв Гтэгчэнлэн хийдээс энэ хуралд нэг ч төлөөлөгч ирж оролцоогүй. Гтэгчэнлэн хийдээс төлөөлөгч оролцохгүйгээр өөр бусад хийдийн лам нар хуралдаад тухайн байгууллагын дүрмийг өөрсдийн дураар өөрчилж болохгүй. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж заасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийг өөрчлөн байгуулж бүртгэх талаар бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт тусгайлан зохицуулсан байдаг.

Дээрх чиг үүргийн дагуу хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх урьдчилсан нөхцөл шаардлагыг хангаагүй байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргаж батлуулах гэсэн нь үндэслэлгүй юм. Энэ байгууллага 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдахдаа Монголын бурхны шашны төв зөвлөл гэсэн нэртэй байсан. Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл гэсэн нэрээр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан. Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжид Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл гэсэн шаардлагын хүрээнд мэтгэлцэж байгаа. Анх Будда гэсэн үг огт ороогүй байсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс нэрийн баталгаажуулалтын хуудас авахад Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг зөрчсөн эхэлсэн тул Будда гэдэг үгийг нэмсэн. Үүний дагуу үүсгэн байгуулах бичиг баримтад дахиад өөрчлөлт оруулах ёстой байсан.

4 гэрчийн мэдүүлэг, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралд оролцсон тэргүүлэгчдийн тодорхойлолтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Энэ өдөр Эрдмийн зөвлөлийн хурал болж Монгол бурхан шашны ирээдүйн талаар хэлэлцүүлэг явагдсан гэдэг нь тодорхой байдаг. 2 гэрч нь ямар нэг санал хураалт болоогүй, шинэ байгууллага байгуулсныг мэдээгүй гэдэг. Харин гэрч Б.С******* ямар нэг байгууллага байгуулсан, гэхдээ ямар байгууллага байгуулсан гэдгийг мэдээгүй гэдэг. Ямар байгууллага байгуулснаа мэддэггүй тэргүүлэгч гишүүн гэж байх боломжгүй. Харин гэрч Т.А******* нь тус байгуулсан байгууллагыг Монголын бурхан шашинтны төв Гтэгчэнлэн хийдээс өөрчлөн байгуулж, тусгаарласан зүйл огт байхгүй, шинээр шашны байгууллага байгуулсан гэж мэдүүлэгтээ хэлсэн. Үүнээс үзвэл гэрч нар бүгд ойлголтын зөрүүтэй, тухайн байгууллагыг байгуулж буй этгээдийн хүсэл зориг давамгайлж, хамтын зарчмаар баталсан тогтоол нь хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон боловч иргэний эрх зүйн үүсэх эрх үндсэн нөхцөлийг хангаагүй байна. Үүнээс үзвэл энэ хурал болоогүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Соён гэгээрүүлэгч ТВ-ийн бичлэг хэрэгт нотлох баримтаар авагдсан. Энэ бичлэгээс харахад санал хураалт явуулж, энэ байгууллагыг байгуулсан үйл баримт байдаггүй.

Мэтгэлцээний явцад 2 зүйл тодорхой болсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан гэж үзэж байна. Үүнтэй холбоотой Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т үндсэн 2 гипотез заасан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно, 37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тус тус заасан. З. нь захиргааны байгууллагаас татгалзсан хариу аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх захиргааны хэрэг үүсгэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 55.1-д заасан ажиллагааг хийсэн. Үүнээс үзвэл эс үйлдэхүй гаргасан гэдгийг тогтоох боломжгүй юм. Нэхэмжлэгч захиргааны байгууллагаас хариу авсан гэдэг нь захиргааны байгууллага ямар нэг үйлдэл хийсэн.

Нэхэмжлэгч өөрийгөө үгүйсгэсэн тайлбаруудыг хэлсэн. Учир нь анх энэ байгууллагыг байгуулахдаа тогтоол гаргасан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг зөрчсөн. З. ганцаараа энэ байгууллагыг байгуулсан бол шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл энэ тогтоолыг дэмжсэн иргэдийн нэг ч идэвхитэй үйлдэл байдаггүй. Иргэний хуульд зааснаар Монгол бурхан шашны төв байгууллага Гтэгчэнлэн хийдээс тусдаа шинээр байгууллага байгуулж үүнийг нь улсын бүртгэлийн байгууллага бүртгэвэл Монгол Улсад буддын шашны 2 дээд байгууллагатай, 2 хамбатай болно. Харин З. нь ямар нэг байгууллагаас тусгаарлахгүйгээр бие даасан байгууллага байгуулсан бол Гтэгчэнлэн хийдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байсан. Нэхэмжлэлийн даалгах шаардлага нь хуульд заасан нөхцөлийг хангаагүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Гэрч Б.Эрдэнэбилэг /номын нэр Л/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Гтэгчэнлэн хийдийн дэргэдэх Гунгаачойлин дацанд ном хурдаг лам. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хүүхдийн урлан бүтээх төвд болсон Монголын бурхан шашинтны чуулганд З. ламын урилгаар бие төлөөлөгчөөр нь оролцсон. З. лам намайг та хамгийн ахмад настай нь байна гээд надад урилга өгсөн. Уг урилгын дагуу очиж оролцсон.

Олон хувраг, лам нар илтгэл, санал тавьж байсан. З. лам мөн их сургуулийн багш нар лекц уншсан. Шашны байгууллага байгуулахаар шийдвэр гаргаагүй. Шашны үйл хэргийг, баталгаажуулах талаар л ярилцаж байсан. Миний чих бага зэрэг хатуу болохоор зарим зүйлүүдийг нь сонсож чадаагүй. Шашны байгууллага байгуулахаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн талаар би сайн мэдэхгүй байна. Чуулганы төгсгөлд З. ламын уншсан тогтоолыг баталж байна гээд гараа өргөцгөөсөн. Монголын бурхан шашинтны төв Гтэгчэнлэн хийд гэж нэрлэдэг. Гунгаачойлин дацан Гтэгчэнлэн хийдэд харьяалагддаг. Би чуулганд Гтэгчэнлэн хийдийг төлөөлөөгүй. Монголын бурхан шашинтны төв Гтэгчэнлэн хийдийн дүрмийн талаар сонсож байсан. Чуулганд Монголын бурхан шашинтны төв Гтэгчэнлэн хийдийн дүрмийг дагаж мөрдөх, өөрчлөх талаар яриагүй. Би сайн мэдэхгүй байна. Хурлын үед хэлэлцсэн асуудлын талаар ямар нэг баримт бичиг дээр гарын үсэг зуруулаагүй байх, одоо сайн санахгүй байна. гэв.

 

Гэрч Ч.П /номын нэр Г/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Буддист эмэгтэйчүүдийн Б ТББ-ын тэргүүний албыг хашдаг. Ямар нэг хийдэд харьяалагддаггүй. Мөн манай холбоо хийд биш бие даасан төрийн бус байгууллага юм. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болсон хуралд оролцсон. Надад н.Б гэх хүн урилга өгсөн. Тэр хүний урилгаар очиж оролцсон. Урилга өгсөн хүн маань та ирсэн үү, ийшээ ор л гэж хэлсэн.

Тухайн хуралд намайг Г гэх нэрээр оролцсон гэж бичсэн байсан. Би өөрийнхөө нэрийг бурхан шашинтай хүмүүс мэдэх байх гэсэн учраас шүүхэд тодорхойлолтдоо Г гэх нэрээр бичсэн. Мөн надад урилга өгсөн хүн бол н.Б гэх лам байсан. Нэхэмжлэгч З.ийг Шар ордны хийдийн тэргүүн гэдгээр нь л мэднэ.

Тэр хурлын дараа ямар ч байсан нэг байгууллага байгуулагдах юм байна гэж ойлгосон. Дараа нь Гтэгчэнлэн хийдийн хүмүүстэй тааралдахад та тодорхойлолт бичиж өгөх нь зүйтэй, учир нь таны нэр байна гэсэн. Үүний дагуу би тодорхойлолт бичсэн, харин тодорхойлолтыг Гтэгчэнлэн хийдийн хуульч надаас ирж авсан. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болсон хуралд би бага зэрэг хоцорч очсон. Нэг их удахгүй гэж бодож байсан тул үүд хавьцаа нь суусан юм. Бага хүн байгаагүй. Мөн их ч хүн байгаагүй. Би тоог нь сайн мэдэхгүй байна.

Тухайн хуралд эрдэмтэд сууж байсан. Гэхдээ би танихгүй. Харин З. лам эрдэмтэд, зочид төлөөлөгчдийг танилцуулж байх шиг байсан. Гтэгчэнлэн хийдээс миний таньдаг ямар хүмүүс байсныг сайн санахгүй байна. Харин таних хүмүүсээс Их сургуулийн ганц нэг судлаач нар сууж байсан. Гэхдээ ихэнх нь танихгүй лам нар ирсэн байсан.

Хурлын үеэр З. гуай цөөн лам нарыг индэр дээр урьж байсан. Мөн индэр дээр эрдэмтэд байсан, одоо нэрийг нь сайн санахгүй байна. Хурал дээр бурхны шашин танин мэдэхүйн талаар ярилцсан. Монголын бурхан шашинтны төв Гтэгчэнлэн хийдийн эсрэг, эсвэл хэн нэгнийг муулсан яриа яригдаагүй. Шашны байгууллагуудыг хагалган бутаргах зүйл болоогүй гэж ойлгож болно. Танин мэдэхүйн чиглэлийн ярилцлага болсон. Миний хувь тэр хуралд удаан суугаагүй. Ямар нэг шашны байгууллага, төв зөвлөл байгуулъя, байгуулах шаардлагатай байна гэсэн зүйл яригдаагүй. Тухайн хурал дээр ямар нэг дүрмийн талаар хэлэлцээгүй. гэв.

 

Гэрч Б.С******* /номын нэр Л*******/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Төмөр замд байдаг Пунцаглан хийдэд харьяалагддаг. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болсон хуралд очсон. Би Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл-ийн тэргүүлэгч гишүүн мөн. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болсон хуралд шашны байгууллагыг хагалган бутаргах талаар ямар нэг сөрөг зүйл яриагүй. Хурлаар Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл байгуулах, Бурхан шашинтны төвийн дүрмийг өөрчлөн батлах талаар яригдаагүй.

Хурлын төгсгөлд З. лам Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл гэсэн байгууллагыг байгуулахаар болсон. Нэрээ өгөөрэй гэсэн. Иргэний үнэмлэхээ хуулбарлаж өгсөн. Хурлаар Бурхан шашинтны төвийн дүрмийг өөрчлөх талаар хэлэлцээгүй. Саяхан байгуулагдсан болохоор тэргүүлэгч гишүүний үүргийг сайн мэдэхгүй байна. Ямар үйл ажиллагаа явуулахыг мэдэхгүй. Тэргүүлэгчээр сонгоход холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан санагдаж байна. Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл өөрийн гэсэн дүрэмтэй байх гэж бодож байна. Дүрэмтэй нь танилцаагүй. Тэр хурлаар Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл-ийн дүрмийг батлаагүй. Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл-ийн тэргүүлэгч гишүүд хуралдаж дүрмээ батлаагүй. Гандагтэгчэнлэн хийд бол Монголын бурхан шашинтны төв байгууллага. Тухайн шашны асуудлыг удирдах дээд байгууллага. Монголын бурхан шашинтны төв Гандагтэгчэнлэн хийд, Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл адилхан чиг үүрэгтэй гэж бодож байна.

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар Монголын бурхан шашинтны төвийн дүрмийг өөрчилж, Гандагтэгчэнлэн хийдээс тусдаа Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл гэж нэрийг нь өөрчилж бие даасан хараат бус байгууллага болгох тухай тогтоол, шийдвэр гараагүй.

Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл ямар үйл ажиллагаа эрхлэхийг би сайн танилцаагүй байгаа тул мэдэхгүй. Хурлаас Монголын бурхан шашинтны төвийн 1991 оны дүрмийг өөрчилж, Гандагтэгчэнлэн хийдээс тусдаа Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл-ийг байгуулах тухай тогтоол баталсан. Ийм тогтоол гарсан. Сайн санахгүй байна. Хүмүүсийг дэмжиж байгаа нь гараа өргө гээд байсан.

Шинээр байгуулсан төв зөвлөл Гтэгчэнлин хийдийн урд байдаг Шар ордонд байрладаг. Өмчийн хэлбэр, санхүүгийн талаар мэдэхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурал эрдмийн чуулган гэхээр нь би очсон. Дараа нь л тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон гэдгээ мэдсэн. Хурлын үеэр гарыг нь өргүүлж хэлэлцсэн асуудлыг баталсан байх. Тухайн хурлаар Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл-ийг байгуулсан уу? эсвэл дүрмийг нь баталсан уу? үнэхээр мэдэхгүй байна. гэв.

 

Гэрч Т.А******* /номын нэр *******/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Их хүрээ хийд буюу З. ламын хийдэд харьяалагддаг. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл гэх байгууллагыг байгуулсан. Чуулган болно гэж зарлаад Хүүхдийн урлан бүтээх төвийн зааланд болсон. Монголын бурхан шашинтны төв Гтэгчэнлэн хийдийг үгүйсгэсэн зүйл байхгүй. Харин нэрний хувьд маргаантай байгаа байх. Тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. Харин яаж сонгосон гэдгийг З. лам болон бусад хүмүүс мэдэж байгаа байх. 5 хүнийг тэргүүлэгч гишүүнээр сонгосон. Хуралд ирсэн лам нар болон иргэд хоорондоо хэлэлцэж байгаад сонгосон. Хоорондоо зөвлөлдөж байгаад намайг тэргүүлэгч гишүүнээр сонгосон. Түүнээс биш гараа өргөж санал, хураалт явуулаагүй.

Шинээр байгуулагдсан Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл-ийн үндсэн зорилго нь Бурхны шашныг хөгжүүлэх, шашны журмаар бусад өөрийн болон гадаад улсын сүм, хийдүүд харилцах гэсэн зорилготой. Монголын Будда, бурхны шашинтны төв зөвлөл нь Монголын бурхан шашинтны дээд байгууллага биш. Бусад хийдүүдтэй харилцах л зорилготой. Дээд байгууллага нь Монголын бурхан шашинтны төв Гтэгчэнлэн хийд юм. Түүнээс биш хуваагдсан зүйл огт байхгүй. Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл-өөс Монголын бурхан шашинтны төвийг тусгаарлан байгуулж дүрмийг нь баталсан зүйлгүй. Харин дүрэмдээ тодорхой тусгасан зүйлүүд байгаа байх гэж бодож байна. Дүрмийг хуралд ирсэн лам болон сүсэгтэн олон хоорондоо ярилцаж байгаад баталсан. Хүмүүсийн гарыг нь өргүүлж санал хураасан. Ингээд олонхийн саналаар дүрмийг баталсан. Шинээр байгуулсан Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл-ийн дүрэм нь 1991 онд баталсан Монголын бурхан шашинтны төвийн дүрмийг өөрчилсөн зүйл байхгүй. Харин 1991 оны дүрмээс авах шаардлагатай гэсэн ерөнхий заалтуудыг нь иш татаж авсан байх. 1991 онд баталсан Монголын бурхан шашинтны төвийн дүрмийг өөрчилсөн зүйл байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар 1991 онд баталсан Монголын бурхан шашинтны төвийн дүрмийг хүчингүй болгоогүй. Манай шинээр байгуулагдсан төв зөвлөл тусдаа дүрэмтэй байх ёстой. Бурхны шашны үйл ажиллагаа явуулна. Бурхны шашны дээд байгууллага биш. Дүрэмд бурхны шашны дээд байгууллага гэсэн байж болно.

Монголын бурхан шашинтны төв Гтэгчэнлэн хийдийг үгүйсгэж дүрмээ баталсан зүйл байхгүй. Монголын бурхан шашинтын Шинэ төв-д би харьяалагддаг. З. лам өмнө нь байгуулж байсан. Би тэргүүлэгч гишүүнээр ажилладаг. Монголын бурхан шашинтын Шинэ төв болон Монголын Будда, бурхан шашинтны төв зөвлөл гэсэн 2 байгууллага хоорондоо ялгаатай зүйл байхгүй. Монголын бурхан шашинтны Шинэ төв нь хуучин дүрмээр, Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл нь шинэчилсэн дүрмээр үйл ажиллагаа явуулж байгаагаараа л ялгаатай байх. Миний бодлоор нэг байгууллагыг л өөрчилсөн гэж бодож байна.

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар 1991 онд баталсан Монголын бурхан шашинтны төвийн дүрмийг өөрчилсөн зүйлгүй. Монголын бурхан шашинтны төвийг Монголын бурхан шашинтны төв зөвлөл гэж нэрийг нь сольж Гтэгчэнлэн хийдээс тусдаа хараат бус, бие даасан байгууллага болгоогүй. Шинээр байгуулагдсан төв зөвлөл нь өөрийн дүрмээ л шинээр баталсан. Монгол Улсад байгаа бурхны шашны сүм хийдүүдийн хамгийн дээд байгууллага нь одоогоор бол Гтэгчэнлэн хийдийг л төв байгууллага гэдэг. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З. нь Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх шашны байгууллага байгуулахаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтэд хариу өгөхгүй байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх бурхны шашны үйл ажиллагаа явуулах байгууллагын зөвшөөрөл олгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

З. нь Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх шашны байгууллага байгуулах тухай хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монголын бурханы шашинтны төв зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тогтоол, чуулганы хуралдааны тэмдэглэл, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 18******* дугаартай Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх шашны байгууллагын хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, Монголын их хүрээ хийд шашны байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн 0000******* дугаартай гэрчилгээ, тус байгууллагад шашны үйл ажиллагааны зориулалтаар 315 м.кв газар эзэмшүүлсэн 0231324 дугаартай гэрчилгээ, Бурхны шашны удирдлагын академи ТББ-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийнҮ-2205******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн 0004******* дугаартай гэрчилгээ, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын Бурхны шашны удирдлагын академи ТББ үйл ажиллагаа явуулж байгаа талаарх тодорхойлолт зэргийг хавсарган нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан байна.

З. нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өргөдлийн хариуг шаардсанаар 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга 02/619 тоотоор ... журмыг шинэчлэн батлагдсаны дараа өргөдлийг шийдвэрлэх агуулгатай хариу өгчээ.

Нэхэмжлэгч Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх шашны байгууллага байгуулахыг хүсэж, зөвшөөрөл хүссэн байх бөгөөд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд сүсэгтэн олны шашин номын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдаж, шашны зан үйл, хурал ном, боловсролын ажлыг эрхлэн гүйцэтгэж буй албан ёсны зөшөөрөл бүхий хийд, сүм, дацан, төв болон тэдгээрийн удирдах байгууллагыг /цаашид энэ хуульд сүм хийд гэх/ шашны байгууллага хэмээн тодорхойлсон, сүм хийд байгуулах зөвшөөрлийг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д зааснаар иргэдээс гаргасан өргөдөл, дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэж, ийнхүү олгосон зөвшөөрлийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээр байна.

Мөн зүйлийн 3 дахь хэсэгт сүм хийд дүрэмдээ юуг тусгахыг зааж, сүм хийдийн дүрэм, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Монгол Улсын хууль тогтоомжид харшлахаар бол сүм хийд байгуулах зөвшөөрөл олгохгүй буюу олгосон зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохоор мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан байна. Тухайлбал сүм хийд дүрэмдээ нэр, хаяг, шашны харьяалал, бүтэц, үйл ажиллагаа эхлэх үеийн бүрэлдэхүүний байдал, үйл ажиллагааны хамрах хүрээ, хэлбэр, шашин номын хэрэгслийн хангамжийн байдал, үйл ажиллагаа явуулах, өргөжин бэхжих хөрөнгө санхүүгийн бодит боломж, анхдагч хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээд болох үндэслэл зэргийг тусгахаар байна.

З. нь сүм хийд байгуулах зөвшөөрөл хүссэн өргөдлөө Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх нэрээр гаргаж, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг мөн энэ нэрээр авсан ч уг шашны байгууллагыг байгуулж дүрмийг баталсан гэх 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы тэмдэглэл, чуулганы тогтоол, тухайн чуулганаар баталсан гэх сүм хийдийн дүрэмд Монголын бурханы шашинтны төв зөвлөл хэмээх нэрээр бичигдсэн, өөрөөр хэлбэл сүм хийдийн зөвшөөрөл хүссэн, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт авсан нэрээс байгуулсан гэх шашны байгууллагын дүрэмд тусгагдсан нэр зөрүүтэй буюу Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх шашны байгууллага байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байна.

Тодруулбал зөвшөөрөл хүссэн шашны байгууллагын нэр, материалд хавсаргасан үүсгэн байгуулах баримт бичигт тусгагдсан шашны байгууллагын нэрээс зөрүүтэй байна.

Түүнчлэн өргөдөлд хавсаргасан Монголын бурханы шашинтны төв зөвлөл шашны байгууллагын 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр баталсан гэх дүрэмд Монголын бурханы шашинтны төв зөвлөл нь ... сүм хийдүүдийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах үүрэг бүхий Монгол Улсын бурханы шашинтны дээд байгууллага мөн. гэж заасан байх бөгөөд энэхүү дүрэм бүхий сүм хийдэд зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлээгүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 02/184 тоотоор баримтын бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр бүрдүүлбэрийг хангаж дахин өргөдөл гаргах боломжтой талаар хариу өгсөнийг буруутгахааргүй, өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гэж үзэх, эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч З.ийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар Монголын бурхан шашны төвийн 1991 оны дүрмийг хүчингүй болгож Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл-ийг байгуулж, дүрмийг шинээр баталсан. гэх тайлбар, мөн зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө ... чуулганаар Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн үндэслэлээр 1991 онд батлагдсан Монголын бурханы шашинтны төвийн дүрмийг хүчингүй болгох тогтоолын төслийг баталж, Монголын будда, бурхны шашинтны төв зөвлөл болгон нэрийг нь өөрчилж, Гтэгчэнлин хийдээс тусдаа үйл ажиллагаатай, бие даасан, хараат бус байгууллага болгон ... шинэчлэгдсэн дүрэм боловсруулж мөрдөн ажиллахаар шийдвэрлэсэн ... гэж дурдсан, өргөдөлд хавсаргасан 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы Монголын бурханы шашинтны төвийн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолд ... Монголын бурханы шашинтны төвийн дүрмийг шинэчлэн өөрчилж батлан, Монголын бурханы шашинтны төвийг Монголын бурханы шашинтны төв зөвлөл болгон нэрийг нь өөрчилж, Гтэгчэнлин хийдээс тусдаа үйл ажиллагаатай байгууллага болгон ... баталсан, уг чуулганаар шинэчлэн баталсан гэх Монголын бурханы шашинтны төв зөвлөл-ийн дүрэмд ... сүм хийдүүдийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах үүрэг бүхий Монгол Улсын бурханы шашинтны дээд байгууллага мөн ... гэж тусгасан зэргээс үзвэл З. нь Монгол Улс дахь бурханы шашинтны дээд байгууллагыг байгуулсан, ингэхдээ Монголын бурханы шашинтны төвийн 1991 оны дүрмийг шинэчлэн баталсан, Монголын бурханы шашинтны төвийн нэр болон зохион байгуулалтыг өөрчилсөн гэж ойлгогдохоор байна.

Тэгвэл 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 6 бүлэг 29 зүйлтэй Монголын бурханы шашинтны төв Гтэгчэнлин хийдийн дүрмийг баталж[1], Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 60 дугаар тушаалаар Монголын бурхан шашинтны төв Гтэгчэнлин хийд шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэж[2], хуулийн этгээдийн улсын бүртгэлд Монголын бурхан шашинтны төв Гтэгчэнлин хийд 2009 онд бүртгэгдэж[3], 2014 оны 5 дугаар сарын 21-нд 1994 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дүрмийг бүртгүүлсэн, 2018 оны 6 дугаар сарын 19-нд дүрмээ шинэчлэн баталж, дүрэмд орсон өөрчлөлтөө 2018 оны 10 дугаар сарын 15-нд бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан бөгөөд Монголын бурхан шашинтны төв Гтэгчэнлин хийд энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож ... Бурханы шашинтны төв байгууллага байгуулж байгаа тохиолдолд Монголын хүрээ хийдүүдийн лам нар оролцсон байх, тэд энэхүү байгууллагыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. ... ижил түвшний хоёр байгууллагатай гэж харагдахаар байна. Ижил түвшний хоёр байгууллага байгаа нь хийдийн гадаад болон дотоод харилцаанд нөлөөлөх, хооронд нь хольж солих андуурах явдал бий болно. хэмээн тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл шашны байгууллагын зөвшөөрөл авч, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр Монголын бурханы шашинтны төв Гтэгчэнлин хийд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголын бурханы шашинтны төвийн дүрмийг шинэчлэн батлах, нэр болон зохион байгуулалтыг өөрчлөх эрх иргэн З.ид дангаар олгогдсон эсэх асуудал яригдах нь зүйн хэрэг.

1993 онд батлагдсан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, с******* иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. гэж заасан.

Гэрчээр 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы хуралдаанд оролцсон гэх этгээдүүдийг шүүх хуралдаанд асууж мэдүүлэг авсан, мөн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы үеэр хийгдсэн дүрст бичлэгийг судалсан бөгөөд гэрчүүдийн мэдүүлгүүд болон дүрст бичлэгийг судалсан шүүх хуралдааны тэмдэглэлээс Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх шашны байгууллага байгуулагдсан болох нь, түүний дүрмийг хэлэлцэн баталсан болох нь тэр дундаа Монголын бурханы шашинтны төвийн дүрмийг шинэчлэн баталж, нэр болон зохион байгуулалтыг өөрчилсөн болох нь тогтоогдохгүй байна.

Иймд холбогдох журмыг шинэчлэн батлах хүртэл энэ шашны байгууллагад зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхгүй гэж, бүрдүүлбэр баримт материал дутуу буюу Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан сүм хийдийн нэр, үйл ажиллагааны хамрах хүрээ, хэлбэр, шашин-номын хэрэгслийн хангамжийн байдал, үйл ажиллагаа явуулах хөрөнгө санхүүгийн бодит боломж, анхдагч хөрөнгийн хэмжээ зэргийг нотлох баримт дутуу гэж татгалзсан хариуцагчийн татгалзлыг буруутгахааргүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл шашны байгууллага байгуулахаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтэд хариу өгөхгүй байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх бурхны шашны үйл ажиллагаа явуулах байгууллагын зөвшөөрөл олгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай нэхэмжлэгч З.ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 3, 5 дахь хэсгийг баримтлан Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх шашны байгууллага байгуулахаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтэд хариу өгөхгүй байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх бурхны шашны үйл ажиллагаа явуулах байгууллагын зөвшөөрөл олгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай нэхэмжлэгч З.ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 168-173 дугаар хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтсын 217, 219 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 144-197, 2 дугаар хавтсын 2-59