Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/02962

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2024/02962 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 3 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 11 дүгээр хороо, ******* тоот хаягт оршин суух, овогт /РД:/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 153 900 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч С.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 153 900 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2019 онд Н.******* нь С.тай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 90 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Зээлийн гэрээний дагуу 90 000 000 төгрөгийг шилжүүлж өгсний дараа 5 дугаар сарын 03-ны өдрөөс 6 дугаар сарын дотор буюу сар бүр 3 150 000 төгрөгийг төлнө гээд нийт 6 сарын хүү гэж тогтоогоод 18 900 000 төгрөг болсон. Энэ мөнгийг өнөөдөр төлж барагдуулаагүй байна. Үндсэн төлбөр 90 000 000 төгрөгийг мөн төлж барагдуулаагүй. Үүнтэй холбоотойгоор удаа дараа шаардахад шилжүүлнэ гэж хэлдэг боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулж байгаагүй. 2019-2023 онуудад очиж уулздаг. Өнөөдрийг хүртэл төлж барагдуулна гээд хойшлуулсаар ирсэн. 2022 онд төлбөрийг төлж барагдуулна гэж ярьсан. Өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Үүний дагуу зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт заасны дагуу манайх зээлийн гэрээний алдангийг шаардаж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар мөн шаардаж байна. Зээлээ төлөөгүй 1467 хоног өнгөрсөн. 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл тооцож байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу манайх 45 000 000 төгрөгийг шаардаж байгаа. Нийт шаардлагын үнийн дүн бол 153 900 000 төгрөг, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Талууд зээлийн гэрээ байгуулан 90 000 000 төгрөгийг өгсөн, авсныг үгүйсгэхгүй. Үүнээс юуг хүлээн зөвшөөрөхгүй вэ гэхээр гэрээнээс хойш хариуцагчийн төлсөн мөнгө нь 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 3 750 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөгийг төлсөн. Нийт 4 750 000 төгрөгийг төлсөн. Үүнийгээ хасаагүй нэхэмжилсэн байна. Алданги, барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 2023.11.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, 2023.11.09-ний өдрийн итгэмжлэл, 2019.05.03-ны өдрийн зээлийн гэрээ, 2019.05.03-ны өдрийн барьцааны гэрээ, зээлдүүлэгч Н.*******т гаргасан С.ын хүсэлт, 2019.05.03-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, С.ын иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 3-11 тал/

 

4. Хариуцагчаас: 2024.02.06-ны өдрийн 0148 дугаар итгэмжлэл, 2024.04.05-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019.12.29-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, С.ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024.05.16-ны өдрийн итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 22, 37-38, 41-42, 51 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч С.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 153 900 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ 2019.05.03-ны өдөр 90 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алдангитай байх нөхцлөөр зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй. Иймд зээлийн үндсэн төлбөрт 90 000 000 төгрөг, хүү 18 900 000 төгрөг, алданги 45 000 000 төгрөг, нийт 153 900 000 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд 2019.05.03-ны өдрийн барьцааны гэрээний дагуу ******* дүүрэг, 3 дугаар хороо, , гудамж, в 1 давхарын хэсэг тоот хаягт байрлах 241,9 м.кв талбайтай үйлдвэр, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Зээлийн мөнгөн хөрөнгийг удаа дараа шаардаж байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдох тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2019.05.03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 90 000 000 төгрөгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрнө, 2019.07.05-ны өдөр 3 0150 000 төгрөг, 2019.12.29-ний өдөр 1 000 000, нийт 4 150 000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2019.09.03-ны өдөр дууссан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар шаардах эрхийн 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дууссан. Гэхдээ хариуцагчийн зүгээс авсан мөнгөө өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа тул үндсэн зээл 90 000 000 төгрөг, төлвөл зохих хүү 18 900 000 төгрөгөөс төлсөн 4 750 000 төгрөгийг хасаад, нийт 104 150 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хөөн хэлэлцэх хугацаа дуссан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Зохигч 2019.05.03-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 90 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлж, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 6 тал/

 

4.2 Зохигч 2019.05.03-ны өдөр Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019.05.03-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, С.ын өмчлөлийн ******* дүүрэг, 3 дугаар хороо, //, гудамж, в 1 давхарын хэсэг тоот хаягт байрлах 241,9 м.кв талбайтай үйлдвэр, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 7 тал/

 

4.3 Хариуцагч С. нь 90 000 000 төгрөгийн зээлийг хувийн шалтгаанаар өөрийн данс руу хүлээн авах боломжгүй болсон тул ийн Худалдаа хөгжлийн банкны тоот данс руу шилжүүлэх өгөхийг Н.*******аас хүсэж, ээс 90 000 000 төгрөгийг бэлэн мөнгөөр хүлээн авсан болохоо тодорхойлсон, /хх 8 тал/

 

4.4 2019.05.03-ны өдөр нь Н.*******аас С.ын хүсэлтээр өөрийн дансаар 70 000 000 төгрөг, бэлнээр 20 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөг хүлээн авсан болохоо баталгаажуулсан, /хх 9-10 тал/

 

4.5 2019.07.05-ны өдөр С. Хаан банкны өөрийн тоот данснаас тоот данс руу 2 000 000 төгрөг ob 1 гүйлгээний утгатайгаар, 1 150 000 төгрийг ob 2 гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн, /хх 42 тал/

 

4.6 2019.12.29-ний өдөр Хаан банкны өөрийн тоот данснаас Х.*******ийн тоот данс руу 1 000 000 төгрөгийг бямбадэлгэрийн эгчээс гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, /хх 41 тал/

 

4.7 2024.05.31-ний өдөр С. нь өөрийн төлөөлөгч , өмгөөлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 54 тал/

 

5. Зохигч, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, 90 000 000 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, хүү тохирсон зэрэг үйл баримтад маргаангүй, харин зээлийн хүүгээс 4 150 000 төгрөг төлөгдсөн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр алданги болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй эсэхэд маргаантай.

 

6. Зохигчдын хооронд байгуулагдсан 2019.05.03-ны өдрийн Зээлийн гэрээ, 2019.05.03-ны өдрийн Барьцааны гэрээ зэрэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны хувьд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д тус тус хамаарахаар байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж тус тус заасан байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд, зохигч 2019.05.03-ны өдөр 90 000 000 төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд С.ын өмчлөлийн ******* дүүрэг, 3 дугаар хороо, //, гудамж, в 1 давхарын хэсэг тоот хаягт байрлах 241,9 м.кв талбайтай үйлдвэр, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж, хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд гэрээний хугацаа 2019.11.03ны өдөр дуусгавар болжээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор тус тус заасан байна.

 

Зохигч шаадах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргаж, нэхэмжлэгч удаа дараа шаардаж, хариуцагч зээлийн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулж байсан нь гэрч ийн мэдүүлгээр нотлогдоно гэж, хариуцагч өөрөө уулзаж шаардаж байсан баримтгүй гэж мэтгэлцсэн.

 

Хэрэг хянан шийдвэрдэх ажиллагааны явцад гэрч ээс мэдүүлэг авсан бөгөөд гэрч нь надад хэлээд надаар дамжуулан шаардаж байсан гэх агуулгатай мэдүүлэг өгсөн нь нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргийг шаардаж, хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулж байсныг нотлохгүй гэж үзээд хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан гэж дүгнэв.

 

Гэсэн хэдий ч хариуцагч үндсэн зээлийн төлбөр болох 90 000 000 төгрөг, түүнд харгалзах зээлийн хүүгээс төлсөн 4 150 000 төгрөгийг хасч үлдэх хэргийг гүйцэтгэхэд татгалзахгүй гэж тайлбарласан тул хариуцагч С.аас үндсэн зээлийн төлбөрт 90 000 000 төгрөг, зээлийн хүү 18 900 000 төгрөг, нийт 108 900 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хариуцагч зээлийн хүүнд 4 150 000 төгрөг төлсөн гэх тайлбарын тухайд,

 

Хэргийн баримтаар 2019.07.05-ны өдөр С.ын эзэмшлийн Хаан банкин дахь тоот данснаас тоот данс руу 2 000 000 төгрөг ob 1 гүйлгээний утгатайгаар, 1 150 000 төгрийг ob 2 гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн, 2019.12.29-ний өдөр ийн эзэмшлийн Хаан банкин дахь тоот данснаас Х.*******ийн тоот данс руу 1 000 000 төгрөгийг бямбадэлгэрийн эгчээс гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь нотлогдох боловч энэ маргаан бүхий зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөр мөн эсэх нь нотлогдохгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг завсарлахаас өмнөх нэмэлт тайлбарыг шатанд уг дансны эзэмшигчийн талаарх мэдээллийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч уг баримт нь шүүх хуралдааны явцад шинээр шаардлагатай болсон баримтад хамаарахгүй, хариуцагч тухайнбаримтыг өөрийн татгалзлаа нотлох үүргийн хүрээнд гаргах боломжтой байсан гэж үзээд хүсэлтийг хангаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч хариуцагч С. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлэхгүй гэрээний үндсэн үүргийг гүйцэтгэхэд татгалзахгүй гэж тайлбарласныг үндэслэн, 2019.05.03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 90 000 000 төгрөг, зээлийн хүү 18 900 000 төгрөг, нийт 108 900 000 төгрөгийг хариуцагч С.Отгобаяраас гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгохоор шийдвэрлэв.

 

7. Харин алданги, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тул хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус зааснаар хариуцагч овогт /РД:/-аас 108 900 000 /нэг зуун найман сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД:*******/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 000 000 төгрөгийг болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 997 650 /927 450, 70 200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас 702 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ