Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/02834

 

 

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр                       Дугаар 183/ШШ2024/02834                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, **** , ** дүгээр байр, ** тоотод оршин суух хаягтай У****** овогт Б*******ийн Э******* (РД:*********)-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Ү*******, өөрийн байранд байрлах Н******* холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 20** оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй” гэж заасан зарчмыг баримтлаагүй, хөндлөнгийн гэрч нарт уг ажиллагаанд гэрчээр оролцож байгаа эрх, үүргийг нь тайлбарлан өгөөгүй, гэрчүүдийн санал, хүсэлтийг асууж тодруулаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүй байдлаас болоод хууль зөрчин тогтоол үйлдэж, улмаар өмчлөгч нарын эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

1.2.Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтлана”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна” гэж заасныг зөрчин хураах тогтоолыг үйлдсэн.

Учир нь гомдол гаргагч миний бие “Эд хөрөнгө хураах тогтоол”-ыг хөндлөнгийн гэрчээр оролцсон Л.Б*******, Б.Б******* нартай уулзах зорилгоор тогтоолд бичигдсэн хаягаар очиход тухайн хаягт гэрчүүд огт амьдарч байгаагүй, тухайн хаягт амьдарч байгаа иргэн уг хаягт 10 жил амьдарч байгаа гэсэн хариуг өгсөн.

1.3.Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна” гэж заасныг зөрчсөн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдвол миний эрх ашиг, өмчлөх эрх ноцтой зөрчигдөх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөр, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Төлбөр төлөгч Н.Б*******тэй 20** оны 08 дугаар сарын 24-ний өдөр уулзаж, эрх, үүргийг тайлбарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баталгааны маягт үйлдэж, хөрөнгийн мэдүүлэг авч, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Б*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, О /*****/, Туул гол гудамж, ** дүгээр байрны ** тоот хаягт байрлах 126.23 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 20** оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор битүүмжилж, 20** оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тогтоолоор хөндлөнгийн гэрч Л.Б*******, Б.Б******* нарыг оролцуулан хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-т заасны дагуу явагдсан гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20** оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 4-97/210, 20** оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар албан бичгүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20** оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” 183/ШЗ20**/0****, 20** оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” 183/ШЗ20**/0*****, 20** оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 183/ШЗ20**/***** дугаар захирамжуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Э*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.Б*******, Н.Б******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Н.Б*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20** оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэлийг буцаах тухай” 183/ШЗ20**/0***** дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20** оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” дугаар албан бичиг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангуулан,

Хариуцагч талаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ГХ20**/0***** дугаар гүйцэтгэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ20**/0***** дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20** оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 183/ШЗ20**/***** дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20** оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” 20** оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******** дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг”-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 20** оны 08 дугаар сарын 24, 20** оны 09 дүгээр сарын 21, 20** оны 12 дугаар сарын 06-ны өдрүүдийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл”-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 20** оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” ******* дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20** оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Үнийн санал ирүүлэх тухай” *** дугаар албан бичгүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Б.Э******* нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 20** оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” ********* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-т заасны дагуу явагдсан гэж тайлбарлаж байна.

 

4.Зохигчдын тайлбар, түүний үндэслэлээ тодорхойлсон байдлаас үзэхэд талуудын хооронд шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь төлбөр төлөгчийн хөрөнгийг хураах ажиллагаа хуульд заасан журмыг зөрчсөн буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгчийн хөрөнгийг хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулахдаа мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн талаар маргаантай байна.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” ******* дугаар тогтоолын дагуу Д.Б*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, О /17041/, Туул гол гудамж, 59 дүгээр байрны 13 тоот хаягт байрлах 126.23 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хураан авсан, тогтоолд шийдвэр гүйцэтгэгч Б.Энхсайхан, хөндлөнгийн гэрч Л.Б*******, Б.Б*******, байлцсан хураасан эд хөрөнгийг хадгалагч Н.Б******* нар гарын үсэг зурсан. (хавтаст хэргийн 53-54 дэх тал)

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус зааснаар төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг хураан авах бөгөөд хураан авах ажиллагаанд 2-оос доошгүй хөндлөнгийн гэрч байлцуулах журамтай.

 

8.Эд хөрөнгө хураах ажиллагаанд тухайн хураасан эд хөрөнгийг хадгалагч, төлбөр төлөгч Н.Б******* байлцаж эд хөрөнгө хураах тухай тогтоолд гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” ******* дугаар тогтоолын дагуу Д.Б*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, О /17041/, Туул гол гудамж, 59 дүгээр байрны 13 тоот хаягт байрлах 126.23 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хураан авах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Л.Б*******, Б.Б******* нар оролцсон үйл баримтын хувьд маргаангүй гэж үзлээ.

 

9.Харин эд хөрөнгө хураах ажиллаганд хөндлөнгийн гэрчээр оролцсон Л.Батсайха, Б.Б******* нарт уг ажиллагаанд гэрчээр оролцож байгаа эрх, үүргийг нь тайлбарлан өгөөгүй, гэрчүүдийн санал, хүсэлтийг асууж тодруулаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хууль зөрчин тогтоол үйлдэгдсэн, өмчлөгч нарын эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

10.Иймд хөндлөнгийн гэрчээр Л.Б*******, Б.Б******* нарыг оролцуулж, эд хөрөнгийг хадгалагч, төлбөр төлөгч Н.Б*******ийг байлцуулан эд хөрөнгийг хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах зорилгод нийцсэн гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

11.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД